Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00657

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00657

 

Б.О-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/00240 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-ы хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Суралцагчтай байгуулах гэрээ байгуулж, БНХАУ-ын Hunan мужийн Xiangtan хотын hunan university of Science and Technology-д сургуулийн тэтгэлгээр хэлний бэлтгэлтэй бакалаврын IT тэтгэлэгт инженер мэргэжлээр хамруулах /сургалтын төлбөр болон дотуур байр 5 жил үнэгүй, хэлний бэлтгэлд мөнгөн тэтгэлэг байхгүй, үндсэн ангиасаа cap бүр 1000 юаны тэтгэлэгтэй/, зуучлалын хөлс 15000 юань, урьдчилгаа 5000 юань /2 080 000 төгрөг/-ийн гэрээ хийсэн. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 2 080 000 төгрөгийг боловсролын төвийн данс болох Голомт банкны 1245114838 Н ХХК-ийн дансанд тушаасан болно. Одоог хүртэл Н ХХК-аас тодорхой шийд өгөөгүй, холбогдох боломжгүй байсан учраас өөрийн биеэр очиж уулзахад хүүхдүүдийн урилга ирээгүй гэж хэлсэн. Боловсролын яамнаас энэ талаар тодруулахад энэ жил Ковид-19-ийн улмаас гадаад явж байгаа оюутанд тэтгэлэг зарлаагүй гэсэн хариу өгсөн, мөн Хятад улсад суралцдаг оюутнаас лавлахад энэ жил хятадын талаас гадаад оюутан авахгүй, урилга олгохгүй гэсэн шийдвэр гарсан гэж хэлсэн. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн биеэр очиж мөнгөө буцааж авъя гэхэд гэрээнд заасны дагуу Хятадаас мөнгө буцаж ирсэн тохиолдолд 1 200 000 төгрөг өгнө гэсэн. Тухайн үед хүүхдийн сургуулийн төлбөр төлөх болчихсон байсан учраас 1 200 000 төгрөг буцааж өгнө гэдгийг зөвшөөрсөн. Гэтэл уг мөнгийг одоог хүртэл өгөөгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд Н ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу сургуульд бүртгүүлэх, сургуулийн урилга гаргах үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй. Орчуулгын зардал гэж тусдаа төлбөр төлөөгүй тул орчуулгын зардалд 80 000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй. Иймд хариуцагч Н ХХК-аас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О- нь зуучлалын хөлс 15 000 юань, урьдчилгаа 5 000 юань буюу 2 000 000 төгрөг, орчуулгын хөлс 80 000 төгрөгийг манай байгууллагын дансанд шилжүүлсэн. Анх гэрээ хийхдээ Ковид-19 цар тахлын үүднээс урилга 9 дүгээр сарын сүүлээр ирэх магадлалтай гэдгийг суралцагч тал сануулж хэлсэн. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр холбогдож урилгын талаар асуухад нь цар тахалтай холбоотойгоор БНХАУ гадаад оюутны суралцахад ямар нэг шийдгүй байгаа хичээлийг онлайн хэлбэрээр явуулах бөгөөд 1+4 хэлний бэлтгэлтэй бакалаврын хичээл 11 сараас орно гэсэн хариуг бид мэдээлсэн. Нэг сургуульд суралцахаар бүртгүүлсэн хүүхдүүдийн хэлний бэлтгэлийн онлайн хичээл 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс орж эхэлсэн. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр урилга авахгүй болохоо мэдэгдэж, гэрээг цуцлах хүсэлтээ мэдэгдсэн. Үүний дагуу Хятад талдаа мэдэгдэж урьдчилгааг буцаан олгохыг хүссэн. Хятад талаас бусад хүүхдүүдийн урилга гарсны дараа буцаан олголтыг өгөхөө мэдэгдсэн. Гэрээнд суралцагч тал гэрээг цуцлах хүсэлтээ гаргасан бол урьдчилгаа мөнгө буцаан олгохгүй гэж заасан ч цаг үеийн байдлыг хэлж Хятад талаас буцаан олголтыг өгөхөөр шийдвэрлэсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д заасны дагуу 1 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгогдоно. Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зөвшөөрч байсан. Мөн хүүхдийн материалын орчуулга хийхэд 80 000 төгрөгийн зардлыг буцаан олгогдохгүй болно. БНХАУ-ын шат шатны хичээлүүд онлайнаар орж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК-аас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхааралтай хянаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ талуудын байгуулсан гэрээний 4.6 дахь заалтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар болон дэлхий нийтээр гарсан цар тахлын нөхцөл байдал буюу нотлох шаардлагагүй үйл баримт зэргүүдийг харьцуулсны үндсэн дээр дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан би 1 200 000 төгрөгөө буцааж авахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг дээрх үйл баримтуудтай нэгтгэн дүгнэж үзвэл талууд харилцан тохиролцож гэрээг цуцлахдаа гэрээний 4.6-г баримталсан. Гэтэл шүүхээс гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон гэж зөв дүгнэсэн атлаа цар тахал гарсан, гэрээний талууд гэрээг цуцалж дуусгавар болгохдоо 1 200 000 төгрөг буцааж авахаар тохиролцсон буюу аль аль урилга гарсан талаар маргаагүй талаар анхаараагүйгээс хариуцагчийн эрх ашиг хохирч байна. Иймд шүүхээс хэргийн бодит байдлыг нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан зуучлалын хөлсөнд төлсөн 2 080 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 80 000 төгрөгөөс татгалзаж, 2 000 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Б.О-, Н ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1/13 тоот Суралцагчтай байгуулах гэрээ-гээр ГБ-ийг БНХАУ-ын Hunan мужийн Xiangtan хотын Hunan University of Science and Technology-д сургуулийн тэтгэлгээр хэлний бэлтгэлтэй бакалаврын тэтгэлэгт IT инженер чиглэлээр хамруулах, /сургалтын төлбөр болон дотуур байр 5 жил үнэгүй, хэлний бэлтгэлд мөнгөн тэтгэлэг байхгүй, үндсэн ангиасаа сар бүр 1000 юанийн тэтгэлэгтэй/ зуучлалын хөлс 15 000 юань, урьдчилгаа 5 000 юанийг гэрээ хийхдээ боловсролын төвд төлөх, үлдэгдэл 10 000 юанийн төлбөрийг /тухайн үеийн ханшаар/ урилга гарсны дараа Н ХХК-ийн Голомт банкны 1245114838 тоот дансанд тушаахаар харилцан тохиролцжээ. /хх3-5/

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Дээрх гэрээний 1.2-т заасан урьдчилгаа 5 000 юанийг төлөх үүргээ Б.О- биелүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тухайн өдрийн ханшаар тооцож 2 080 000 төгрөгийг Н ХХК-ийн Голомт банкны 1245114838 тоот дансанд шилжүүлсэн, уг үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх6/

 

Хариуцагч нь тухайн сургуульд суралцагчийг 2020 оны 4 сард бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсний дараа тухайн сургуулдвп очиж суралцах хүртэлх хугацаанд зохих мэдээлэл, бичиг баримтын бүрдүүлэлтийг хийх, оюутан хүлээн авах журамд өөрчлөлт орох тохиолдолд мэдэгдэх үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Зуучлагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул зуучлуулагч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Суралцагчтай байгуулах гэрээ-д талууд гэрээг дуусгавар болгох үндэслэл, хугацааны талаар заагаагүй бөгөөд Б.О- 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцлах талаар мэдэгдсэнийг хариуцагч эсэргүүцээгүй, 1 200 000 төгрөгийг Хятад талаас буцаасан тохиолдолд олгохыг зөвшөөрсөн талаар тайлбарласан.

 

Зуучлалын гэрээг дуусгавар болгох үндэслэл журмын талаар гэрээнд тодорхой нөхцлийг заагаагүй тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг дуусгавар болгож болно.

 

Иймд гэрээнээс татгалзсан зуучлуулагч нь Н ХХК-иас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Гэрээний 4.6-д төвөөс шалтгаалан урилга гараагүй тохиолдолд бүртгэлийн хураамж болох 2000 юанийг суутган бусад төлбөрийг буцаан олгоно гэж заасныг үндэслэн 800 000 төгрөгийг суутган авч үлдэнэ гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Учир нь зуучлагч гэрээний дагуу 800 000 төгрөгийн зардал гаргах хэмжээний үйлчилгээ үзүүлснээ баримтаар нотлоогүй бөгөөд гэрээний 4.6 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5 дахь гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн шаардах эрхийг өөртөө олгосон бол гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

.

Шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/00240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ