Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0542/З |
Дугаар | 221/МА2017/0890 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2017/0890
2017 оны 12 сарын 21 өдөр | Дугаар0221/МА2018/0890 | Улаанбаатар хот |
“Т-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч татварын улсын байцаагч А.Б, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2017/0719 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Т-И” ХХК-ийн захирал Ц.Ч 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
“Татварын улсын байцаагч нарын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0719 дүгээр шийдвэрээр:
“Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т-И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх уг хэргийг хянаж үзээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон захиргааны хариуцлага оногдуулахдаа хууль тогтоомж, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, татварын хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад актаар хариуцлага оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэнийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, мөн эрүүгийн хэрэг үүсгэснээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарах хүртэлх үеийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэсэн хуулийн заалтууд болон Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас ирсэн чиглэлийн дагуу зөвхөн дүгнэлтийн зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь хууль тогтоомжийг зөрчөөгүй.
Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
“Т-И” ХХК-ийн 2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд 2012 онд хяналт шалгалт хийж, нийт 1.111.494,2 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210012 дугаар дүгнэлт бичсэн ч, тус компанийн захирал Ц.Ч, нягтлан бодогч Ш.С нар дээрх зөрчлөө хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнтэй холбогдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 167, 174 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Гэвч дээрх төлбөрөөс 2013 оны 2 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 4-ний өдрийн хороонд 740.000.000 төгрөгийг улсын төсөвт төлж барагдуулсан, одоогоор 371.494.200 төгрөгийн татварын өртэй байна.
Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий акт гаргахаас өмнө татварын өр төлбөрөө бүрэн төлөөгүй, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “...дүгнэлтийг хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул төлөгдөөгүй төлбөрийн дүнгээр акт ногдуулах үндэслэлтэй.
“...Эрүүгийн хэрэг үүсгэснээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарах хүртэлх үеийн татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлтэй...” гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг буруутгах боломжгүй, энэ тохиолдолд дүгнэлтээр тогтоогдсон төлбөрийг нэхэмжлэгчээс бүрэн барагдуулахаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн тул төлөгдөөгүй татварыг нөхөн төлүүлэхийн тулд акт тогтоосон нь Татварын хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Гэхдээ өмнө нь нэгэнт төлөгдсөн 740.000.000 төгрөгийг оруулан, өөрөөр хэлбэл анхны дүгнэлтийн дүнгээр акт тогтоосон нь буруу байх тул актын төлбөрийн дүнг багасгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа өмнө нь шалгагдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад дахин акт үйлдсэн гэж хариуцагчийн буруутгахдаа Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад үндэслэсэн нь ойлгомжгүй болжээ.
Үндсэндээ “Т-И” ХХК-ийн 2010-2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилтээс үүдэлтэй татварын зөрчил, түүнд ногдох нөхөн татвар 2012 оны дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг ч нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн тул одоогийн тавигдсан акт нь дүгнэлтээр тогтоогдсон төлөгдөөгүй татварыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа хэтэрснээс хойш дахин хяналт шалгалт хийж буй хэрэг огт биш болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0719 дүгээр Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4-т заасныг баримтлан “Танан-Импекс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210022556 дугаар актаар тогтоосон төлбөрийг 740.000.000 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН