Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00628

 

 

 

 

 

                           

                             Б Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/00217 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б Т ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01768 дугаар шийдвэрээр Б Т ХХК-аас 541 066 032 төгрөг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Б Т ХХК нь 250 000 000 төгрөг төлж, 291 066 032 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Дэлхий даяар тархсан корона вирусийн халдвараас шалтгаалан хил хаагдаж компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсноор төлбөр төлөхөд хүндрэлтэй болсон. Тус компани нь өөрийн эзэмшлийн ... 28 243 м талбайтай аж ахуйн зориулалттай газраа 2 500 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэвч төлбөр авагч ХБ ХХКүнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж газрыг 1 996 952 500 төгрөгөөр үнэлж, энэ талаар 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Шинжээчийн уг үнэлгээг зах зээлийн бодит ханшаас хэт бага үнэлсэн гэж үзэж байна. Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар тогтоолд зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүсчлэлд хамаарах эд хөрөнгүүдтэй харьцуулан үнэлээгүй, харьцуулсан хөрөнгүүдийнхээ хамгийн өндөр үнэлгээ бүхий хөрөнгөөс доогуур үнэлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Төлбөр авагч ХБ ХХК 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийн үлдэгдэл 291 066 032 төгрөгийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг үндэслэн 19251029 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгчид төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Б Т ХХК-ийн эзэмшлийн барьцаа хөрөнгө ... 28.243 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгчөөс төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар үнийн санал авахад 2 500 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул Хөрөнгө эстимэйт ХХК-аар газрын үнэлгээг тогтоолгож, хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, гомдол гаргах болон бие даан худалдан борлуулах боломжтой талаар тайлбарлаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б Т ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан ... 28.243 м.кв талбайтай Аж ахуйн зориулалттай, эзэмших эрхтэй газрыг үнэлсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэргийн 66-75 тал дахь харьцуулсан байршлуудыг харахад хамгийн ойролцоо буюу манай компанийн газартай ижил төстэй газар ... 1 м.кв-ийн үнэ 93 300 төгрөг байхад манай газрын 1 м.кв-ийн үнэ 70 706 төгрөг байгаа нь бодит байдалтай буюу зах зээлийн үнэлгээг хэт багаар үнэлсэн. Гэтэл шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Манай газрыг үнэлгээний компаниас харьцуулсан хамгийн ойрын газрын 1 м.кв-ийн үнээр үнэлбэл 2 635 071 900 төгрөг байхаар байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164.1.4-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б Т ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01768 дугаар шийдвэрээр Б Т ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 541 066 032 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ... байрлах 28 248 м.кв талбайтай газар эзэмших эрх, ... 10 000 м.кв талбайтай газар эзэмших эрх, фидуцийн гэрээнд заасан 10 төрлийн 11 ширхэг хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх7-9/

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгө битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоохоор шинжээч томилох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулжээ. /хх24, 38-63/

Шинжээчээр “Хөрөнгө Эстимэйт” ХХК томилогдсон бөгөөд үнэлгээний тайланд үнэлгээг гаргасан үндэслэл тодорхой бус байна. Иймд төлбөрт хураагдсан ... 28.243 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газрыг 1 996 953 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй. /хх67-73/

Тодруулбал, хэргийн 67-73 дугаар талд авагдсан Үнэлгээний тайлангаас үзэхэд үнэлэгдэж буй хөрөнгөтэй харьцуулсан хөрөнгүүдийн үнийн дүн, талбайн хэмжээ зөрүүтэй байна. Шинжээч ... 28.243 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг /1 м.кв-ыг 70 706 төгрөг/ нийт 1 996 953 500 төгрөг гэж үнэлэхдээ газар эзэмших эрхийн үнийн дүн, байрлал, талбайн хэмжээ илт зөрүүтэй хөрөнгүүдтэй буюу ... 1 700 м.кв талбайтай, 130 000 000 төгрөгийн, ... 2 000 м.кв талбайтай, 150 000 000 төгрөгийн, .... 26 000 м.кв талбайтай, 1 350 000 000 төгрөгийн, ... 40 000 м.кв талбайтай, 1 600 000 000 төгрөгийн, ... 3 001 м.кв талбайтай, 280 000 000 төгрөгийн үнэ ханштай газартай тус тус харьцуулан дунджаар үнийг тодорхойлжээ.

Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоолын 3-р хавсралтад заасны дагуу уг газрыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, газрын үнэлгээний зэрэглэл, бүсчлэл, 1 га газарт ногдох суурь үнэлгээг хэрхэн гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн суурь үнийн аргаар гаргасан 2 767 181 400 төгрөгийн үнэлгээнд ач холбогдол өгөөгүй учир шалтгаан нь тодорхойгүй байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дах хэсэгт заасан журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй.  

Нэхэмжлэгчийн газрын үнэлгээг бодитой тогтоогоогүй гэх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/00217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн ... 28.243 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай, эзэмших эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                           А.МӨНХЗУЛ