Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2021/00012

 

М.Мын нэхэмжлэлтэй, С.Тд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 138/ШШ2021/00083 дугаар шийдвэртэй, М.Мын нэхэмжлэлтэй, С.Тд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15 604 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Тын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч С.Т, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 6 сарын 27-ны өдөр С.Тд тоот дансанд 9 400 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэвч Т нь гэрээнд заасан хугацааны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд С.Таас үндсэн зээл 9 400 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 165 350 төгрөгийг хамт гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч М.М нэмэгдүүлсэн шаардлагадаа: Би хариуцагч С.Тд 2019 оны 6 сарын 27-ны өдөр 10 сая төгрөгийг 5 сарын хугацаатайгаар, 8 хувийн хүүтэй, 2019 оны 8 сарын 27-ны өдөр 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2019 оны 9 сарын 9-ний өдөр 4 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээрээ тус тус гурван удаа хүүтэй мөнгө зээлж байсан. Т нь 2019 оны 8 сарын 27-нд авсан дээрх 1 сая төгрөгийн эхний сарын хүүг суутгуулж 910 000 төгрөгийг данс руугаа шилжүүлж авч байсан. Дараа нь дахин 9 сарын 9-ний өдөр 4 сая төгрөг хүссэн боловч өөрт байсан 3 998 000 төгрөгөө түүний дансанд шилжүүлсэн. Т нь 2019 оны 9 сарын 27-ноос 2019 оны 12 сарын 27-ныг дуустал 3 сарын хүү 300 000 төгрөг үндсэн зээл 1 000 000 төгрөгийг 2020 оны 01 сарын 01-нд шилжүүлж нийт 1 300 000 төгрөгөөр тооцож хаалгасан. Мөн 2019 оны 9 сарын 09-ний өдөр хүүтэй зээлсэн 3 998 000 төгрөгийг 2019 оны 9 сарын 09-нөөс 2020 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл 14 сарын хугацаанд нийт хүү 5 600 000 төгрөг, үндсэн зээл 4 000 000 төгрөгийн хамт 9 600 000 төгрөг надад төлөх ёстой байсан. Т нь дээрх хоёр 1 сая төгрөг, 3 998 000 төгрөгөнд 9 300 000 төгрөг төлсөн. Харин 2019 оны 6 сарын 27-ны өдөр авсан 10 сая төгрөгнөөс хүүг суутгуулж 9 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Т нь 8 сарын 28-ны өдөр 800 000 төгрөг, 9 сарын 27-ны өдөр 800 000 төгрөг өгсөн. Иймд 2019 оны 6 сарын 27-ны зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 9 400 000 төгрөг нэхэмжилж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2 сарын хүү 1 504 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг бүгд 15 604 000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Мын гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч М.М нь Таас зээлийн гэрээний үүргийн дагуу түүнд зээлдүүлсэн үндсэн мөнгө 9 400 000 төгрөг, зээлийн хүү 1 504 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг нийт 15 604 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч Т нь 2019 оны 6 сарын 27-нд 10 сая төгрөг, 2019 оны 8 сарын 27-нд 1 сая төгрөг, 2019 оны 9 сарын 9-ний өдөр 4 сая төгрөг зээлсэн. Эхний зээлээ гэрээ байгуулж 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай авсан. Дараагийн хоёр зээлийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Т нь эхний сарын хүүгээ суутгуулж зээлээ өөрийнхөө данс руу шилжүүлүүлдэг байсан гэдэг. Энэ хугацаанд хариуцагч Т нь 9 300 000 төгрөгийг дансаар шилжүүлж 600 000 төгрөгийг бараагаар өгч нийт 9 600 000 төгрөг өгснөөс түүний авсан 1 сая төгрөг, 3 998 000 төгрөгийг хүүгийн хамт тооцож авсан байдаг. Т нь нэхэмжлэгчтэй 2020 оны 7 сарын 27-ны өдөр гэрээгээ дүгнээд бараагаар өгсөн 600 000 төгрөгийг 10 сая төгрөгнөөс хасч үндсэн зээл 9 400 000 төгрөгөөр тооцож хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байдаг учир үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн байгаа. Иймд хариуцагч С.Таас 15 604 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маас 2019 оны 6 сарын 27-ны өдөр 5 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр 10 сая төгрөгийг зээлж эхний сарын хүүг суутгуулж 9 200 000 төгрөг авсан үнэн. М нь надад 9 200 000 төгрөгийг барьцаагүйгээр өгсөн. Би зээлийн хүүг төлөхдөө 9 200 000 төгрөгөөр тооцож сард 736 000 төгрөгийг 5 сарын хугацаанд 3 680 000 төгрөгийг төлсөн. Мын данс руу шилжүүлдэг байсан. Дараа нь М нь бараа болон бэлнээр 600 000 төгрөг төлсөн. Би Мд нийт 9 900 000 төгрөг төлсөн. Би Мд 12 880 000 төгрөг төлөх ёстой байснаас 9 200 000 төгрөгийн хүү 3 680 000 төгрөгийг хасч үлдэх 2 980 000 төгрөг төлөх ёстой гэж тооцсон. Би Маас 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр бодож дүүдээ авч өгсөн. М надад 910 000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Үүнийг 2019 оны 11 сарын 28-ны өдөр 910 000 төгрөгийн төлсөн. Мөн дүү маань байр авах болоод мөнгө дутаад байна гэхээр нь би Мыг тусалдаг болохоор нь хэрэг болох байх гэж бодоод дүүдээ Маас 4 сая төгрөг зээлдүүлээч гэхэд 3 998 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй шилжүүлсэн. Би Маас нийт 14 908 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би Мд 6 сарын 22-ны өдөр 2 сая төгрөг өгсөн. Мөн 2020 оны 2 сард 2 сая төгрөг өгсөн. Маас авсан 1 сая төгрөг, 3 998 000 төгрөгийг төлсөн. Миний хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас 2020 оны 1 сараас эхэлж хил хаагдсан. Би хувиараа бизнес хийж ар гэр үр хүүхдээ тэжээж яваа эмэгтэй. Надад өөр орлого байхгүй. Энэ үед би ганцаараа ч биш бизнес эрхэлдэг бүх хүмүүсийн орлого 80-90 хувиар буураад байгаа. Би энэ хүний мөнгөний хүүг сар бүр тогтмол өгч явсан. Би бүтэн жил ажил зогсолт хийгээд байна. Мын нэхэмжилж байгаа 15 604 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 138/ШШ2021/00050 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Таас Зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 832 000 / арван нэгэн сая найман зуун гучин хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 772 000 /гурван сая долоон зуун далан хоёр мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 279 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч С.Таас 11 832 000 төгрөгт ноогдох 204 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгож, ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Т давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, хүүгийн хугацаа дууссан зээлд хууль бусаар хүү, алданги тооцсон, мөн нэхэмжлэгч М.М үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа сүүлийн 2 зээлийг төлсөн гэж тайлбар өгсөөр байтал шүүх нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч С.Тд

1. 2019.06.27-ны өдөр 10,0 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, 8 хувиар

2. 2019.08.27-ны өдөр 1,0 сая төгрөгийг, 8 хувийн хүүтэй,

3. 2019.09.04-ний өдөр 4,0 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр тус тус 3 удаа хүүтэй мөнгө зээлж байсан гэж шүүхэд мэдүүлсэн. Гэхдээ нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа нэг болохоор нэхэмжлэлээ нэмэгдүүлэх, нөгөө талд нь тайлбар гаргах нь зөрүүтэй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад шүүх түүнийг харгалзаж үзэлгүй хүлээн авсанд гомдолтой байна. Шүүх төрийн албаны албан хэрэг хөтлөлтөнд нийцэхгүй нэхэмжлэл хүлээн авсан нь буруу гэж үзэж байна.

Би сүүлийн 2 зээлийг хүүгүй авсан. Бичгээр гэрээ хийгээгүй, бүрэн төлчихсөн. Нэхэмжлэгч М.М сүүлийн 2 зээлийг бүрэн төлсөн, одоо хариуцагч С.Тд сүүлийн 2 зээлд тооцоо байхгүй гэж тайлбараа гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний сүүлийн 2 зээлийг төлсөн гэдгийг баталж чадаагүй байхад шүүх үндэслэлгүй нэмэгдүүлэн тооцсон нь буруу байна. Хариуцагч С.Т би 2019.06.27-нд авсан 9,0 сая төгрөгийг 5 сарын хугацаатай авч хүүг эхний 5 сардаа байнга төлж байсан баримт нь хэрэгт байгаа учир би хүүгийн өр байхгүй гэж үзэж байна. Нэгэнт хүүгийн өр байхгүй учир алданги тооцож болохгүй гэж үзэж байна.

Шүүх нь нэхэмжлэгч М.Маас миний авсан 3 зээлийг ялгаж салгаагүй. Нэхэмжлэгч өөрсдөө тайлбартаа болон шүүх хурал дээр сүүлийн 2 зээл нь тооцоо дууссан гэж бичиж, яриад байхад эхний авсан зээлд хамруулан тооцож байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан гэж үзэж байгаа болно. Мөн шүүх нь хариуцагч С.Т үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги 3 944 000 төгрөгөөр тооцож шийдвэр гаргаж байгаа нь буруу юм. Би ямарч хүү, алдангийн тооцоо байхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж миний авсан гурван зээлийн хоёрт нь зээлийн гэрээ байгуулаагүй, түүнийг төлсөн болохыг нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн ба мөн шүүх хурал дээр энэ талаараа сүүлийн хоёр зээлийг төлсөн гэсэн миний тайлбарт ямар ч хариу өгөөгүй болно. Миний эхний 2019.06.27-ны өдрийн 9,0 сая төгрөгийг 5 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй авсан үндсэн зээлээс би үлдсэн 2,980,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Мд төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ талаарх баримт хэргийн материалд байгаа болно.

Шүүх үнэн зөвийг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж өгөхийг хүсэж байна. Шударга ёс ялна гэдэгт итгэлтэй байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Т гомдолдоо шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, шүүх нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан, анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж өгөхийг хүсэж, гуйсан, шаардсан гомдол гаргажээ.

Миний бие 2021.01.14-ний өдрийн шүүх хурлаар зохигчдын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар, хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, нэхэмжэгч М.Мын 2021.01.14-ний өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбар зэргүүдийг үндэслэн шүүх бодит, үнэн зөв, хуулийн хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч М.Мын итгэлийг анхнаасаа олж дотносох бүхий л ул суурийг тавьж, өөрийгөө их итгэлтэй хүн, барааны лангуу түрээслэж, Туркээс бараа материал зөөж, худалдан борлуулж их ашиг орлого олдог мэтээр дүр үзүүлж, гоё сайхан ойлголт төрүүлж үүн дээрээ тулгуурлан бусдын адил намайг ч хохироох зорилгоор удаа дараа хүүтэй мөнгө зээлээч гэж гуйж гувшиж байсны үндсэн дээр хэд хэдэн удаа хүүтэй мөнгө зээлж хохироолоо гэж анхнаасаа л үнэн зөв мэдүүлж, тайлбарлаж, нотлох баримтуудаар гэрчилж ирсэн. Ганц удаагийн байдлаар нэхэмжлэгч М.Маас ч хүүтэй мөнгө төгрөг зээлэх, өр зээлэнд орж байгаа асуудал бол биш шүү дээ. С.Т нь өмнө нь ч шүүхээр ийм маргаан бүхий асуудлуудаар шийдүүлж байсан. Одоо ч нэр бүхий бусад хүмүүс мөн л шүүхээр авах өр авлагаа нэхэмжлэх гээд явж л байдаг юм билээ.

Анхнаасаа нэхэмжлэгч М.М нь С.Тын гуйлтаар түүнд 3 удаагийн хүүтэй мөнгө зээлдүүлэхдээ эхний 10 сая төгрөгт зээлийн гэрээ хийсэн, дараагийн 1 сая, 4 сая гэх мэт зээлдүүлсэн мөнгөндөө зээлийн гэрээ байгуулахыг хэлээгүй биш хэлсэн. Гэвч С.Тын арга нь угаас нарийсчихсан. Яавал аливаа хүний итгэлийг яаж олдог, хүүтэй хүүгүй мөнгө яаж бусдаас зээлэх нарийн аргаа сайн мэддэг болчихсон учраас л зээлийн гэрээгээр авсан 10 сая төгрөгний эхний 3 сарын хүүгээ тогтмол хийж, итгэлтэй хүн гэх дүр үзүүлж, халхавчилж дараагийн 2 удаагийн мөнгө зээлэх суурийг тавьсан нь өөрийнх нь шүүхэд мэдүүлэхдээ дандаа өмгөөлөгчийнхөө хамт бүхнийг мушгин гуйвуулж, сөргөөр мэдүүлэх зэргээс нь маш тодорхой харагдаж байсан.

Ингэж л нарийн аргаар нэхэмжлэгч М.Мыг аргалж тэр бүү хэл, зээлж буй үндсэн мөнгөнөөсөө эхний сарын хүүгээ шууд суутгуулж хүртэл үлдээгээд мөнгийг нь шилжүүлж авч байсан нь хүртэл нотлоод өгч байгаа. Дээрх аргыг нь мэхэлснийг нь мэдсэн бол, мэдэх боломжтой байсан бол С.Тд анхнаасаа 3 удаа хүүтэй мөнгө шилжүүлэх ч үгүй, мөн эхний саруудын хүүний мөнгөө зээлдүүлж буй үндсэн мөнгөө шилжүүлэхдээ С.Тын санаачлагаар суутгаж авч үлдэж хүртэл хохирохгүй байсан.

С.Т, М.М нар нь эхний зээлдүүлсэн 10 сая төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй гэж хоёул тооцоог тулгаад гэрээний үүрэг, гол нөхцлийг биелүүлэхээр 2020.07.27-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийсний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байсан.

Гэнэт хариуцагч С.Т нь тухайн энэхүү маргааныг шийдвэрлэх шатанд нэг өмгөөлөгч авч, түүнээсээ татгалзаж, дахин нэг өмгөөлөгчийн хамт оролцож, хууль зүйн туслалцаа авч байгаа хэрнээ илтэд буруу ташаа мушгин гуйвуулах, аль болох өөртөө хууль зөрчиж байгаад ч болов ашигтай байдал үүсгэх зорилгоор янз бүрээр мэдүүлгээ худал, үгүйсгэх байдлаар өгсөөр байтал харин ч шүүх бодит үнэнд нийцүүлж хуулийн дагуу шийдвэрийг гаргасан.

Одоогийн нөхцөлд хариуцагч С.Т нь өмгөөлөгчөөсөө уул нь хангалттай хууль зүйн туслалцаа авч л баймаар юм. Гэнэт зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид хэсэг хугацаанд төлөхгүй байх үүднээс л хугацаа хожих зорилгоор дээд шатны шүүхэд гомдол гаргаж, мөн л бусдыг олон сар жилээр эдийн засаг, мөнгө санхүүгийн асуудлаар хохироох л оролдлого гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Тын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч С.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 9 400 000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15 604 000 төгрөг гаргуулахаар /үндсэн зээл 9 400 000 төгрөг, 2 сарын хүү 1 504 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг, нийт 15 604 000 төгрөг/ шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1, 33 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбараар/ хариуцагч С.Т нь нэхэмжлэгч М.Мтай зээлийн гэрээ байгуулан 2019 оны 06 сарын 27-ны өдөр 10,0 сая төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, 2019 оны 08 сарын 27-ны өдөр 1,0 сая төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2019 оны 09 сарын 09-ний өдөр 3 998 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан, эдгээр 3 зээлийн буцаан төлөлтөнд хариуцагч С.Т нь нийт 9 300 000 төгрөгийг дансаар, 300 000 төгрөгийг бэлнээр, 300 000 төгрөгийн бараа, нийт 9 900 000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч С.Т нь нэхэмжлэгч М.Маас 9 200 000 төгрөг, 910 000 төгрөг, 3998 000 төгрөг, нийт 3 удаа зээлж авсан ба 2019 оны 06 сарын 27-ны өдөр авсан 9 200 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй авахаар тохирч бичгээр зээлийн гэрээ байгуулсан, үлдэх хоёр зээлэнд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байна. Бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Т нь үндсэн зээл 9 200 000 төгрөг, /8 хувийн, нэг сарын хүү 736 000 төгрөг/, 5 сарын хүү 3 680 000 төгрөг, нийт 12 880 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

2019 оны 08 сарын 27-ны өдөр авсан 910 000 төгрөгийн, 2019 оны 09 сарын 09-ний өдөр авсан 3 998 000 төгрөгийн зээлэнд тус тус зээлийн гэрээ байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч тал хүү авах эрхгүй, зөвхөн үндсэн зээл болох 910 000 төгрөг, 3 998 000 төгрөгөө шаардах эрхтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ болон 2020 оны 07 сарын 27-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэлд хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн хоног тутам 0,5 хувиар алданги тооцох талаар талууд тохирсон байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцсон нь зөв байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн... гэдэгт үндсэн зээл, хүү бүгд хамаарна.

Иймд хариуцагч С.Т нь 3 зээлийн гэрээний үүрэгт нийт 17 788 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс буцаан төлсөн 9 900 000 төгрөгийг /хоёр талын тооцоо нийлсэн баримтаар/ хасч, үлдэх 7 888 000 төгрөг, алданги 3 944 000 төгрөг, нийт 11 832 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагч С.Тын хүүгийн өргүй учраас алданги тооцсон нь буруу. гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.Маас авсан дээрх 3 зээлийн хувьд хариуцагчаас нийт 9 900 000 төгрөгийг буцаан төлсөн, энэ талаар талууд маргаагүй, хоёр талын банкны дансны хуулгаар тогтоогддог. Хариуцагч талаас 9 900 000 төгрөг төлснөөс гадна өөр нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд хариуцагчийн 910 000 төгрөг, 3 998 000 төгрөгийг төлсөн байхад шүүх хүлээн авсангүй гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч нь 2,0 сая төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид өгсөн гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй учир түүнийг нийт тооцооноос хасч тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч С.Тын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч С.Таас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 138/2021/000083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Тын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Таас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ