Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0966/З |
Дугаар | 221/МА2017/0327 |
Огноо | 2017-05-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2017/0327
2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар0221/МА2017/0327 | Улаанбаатар хот |
|
|
|
А.Ц нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч А.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Д.Г, Д.Л, Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0111 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Ц нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч А.Ц 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийтийн албанаас халах тухай” 219 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ201/0111 дүгээр шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг тус тус үндэслэн А.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийтийн албанаас халах тухай” 219 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Ц урьд эрхэлж байсан Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээллийн технологийн хэлтсийн референтийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А.Ц 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.960.295 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Л нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Мэдээллийн технологийн хэлтсийн референт А.Ц нь “М п” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа талаараа 2012-2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтын зөрчсөн үйлдэлд Төрийн албаны хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлд заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх төрийн байгууллагын удирдлагын хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхдээ зөрчлийн шинж байдал, хуулийн зохицуулалтыг судалж үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийг удирдлага болгон шийдвэр гаргасан.
Тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан нь уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Зөвхөн тус хуульд заасан хариуцлагын арга хэмжээг оногдуулах” гэж заасан. Нийтийн албан тушаалтан тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Гэвч шүүхийн шийдвэрт “...бөгөөд ингэхдээ тухайн эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолын “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмаар тогтоосон журмыг баримтлах ёстой” гэж өмнө нь бичсэн “...нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна...” гэсэн дүгнэлтээ үгүйсгэн бичсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг зөрчжээ.
Нийтийн албан тушаалтны, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан нь уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасанчлан зөвхөн тус хуульд заасан хариуцлагын арга хэмжээг оногдуулах бөгөөд ингэхдээ тухайн эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолын “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмаар тогтоосон журмыг баримтлах ёстой” хэмээн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тусгасан нь хоорондоо зөрчилтэй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиудыг хэрэглэжээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Нийтийн албан тушаалтан /цаашид “албан тушаалтан” гэх/-д тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна” гэж тусгасны зэрэгцээ тус хуульд нийтийн албан тушаалтан гэж хэн болох, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг өөр бусад хуулиар бус зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаас нийтийн албан тушаалтын хувийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой үүсэх нийгмийн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль юм. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс А.Ц нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг үндэслэсэн байна. Энэхүү хэргийг шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг хэрэглэх боломжгүй юм.
Нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн зөрчилтэй холбоотой үүсэх нийгмийн харилцааг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулсан. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх төрийн бодлогын илэрхийлэл болсон тус хуульд Нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн зөрчлийг тусгайлсан зохицуулалттай хуулиар зохицуулжээ. Учир нь Төрийн албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийг хуульчилж, тус шийтгэлийг ялгамжтай оногдуулахыг тусгасан.
Нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн тохиолдолд түүнчлэн Нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг удаа дараа худал гаргасан зөрчил хүлээлгэх хариуцлагыг төрийн удирдах албан тушаалтан сонгон хэрэглэх боломжгүйгээр шууд заасан. Түүнчлэн Нийтийн албан тушаалтан жилд нэг удаа буюу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ гаргаж өгөх үүргийг хуульчилсан.
Өөрөөр хэлбэл тус зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа нь Төрийн албан хаагчид оногдуулах сахилгын зөрчилд оногдуулах хөөн хэлэлцэх хугацаанаас өөр байхаар байна.
Нэхэмжлэгч А.Ц хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ худал мэдүүлж байсан тухай албан бичгийн хариу болгон “М п” ХХК-ийн захирлаас өөрийгөө чөлөөлж, оронд нь Г.Т томилж зөрчлөө арилгасан.
Нэхэмжлэгч А.Ц нь ийнхүү хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ үнэн зөв болгохын тулд 2012 оноос хойш зөрчлөө арилгах боломж нээлттэй байсан нь тус зөрчил нь үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил болохыг харуулж байна.
Мөн түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрээ шүүх хуралдаанаар танилцуулахдаа “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэж танилцуулсан. Гэвч шийдвэрийг албажуулан бичгээр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг үндэслэсэн нь утгын зөрүүг бий болгож байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн зүйл заалтыг тодорхой заагаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-т “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж” гэснийг зөрчсөн процессын алдаатай шийдвэр гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Тодруулбал “хувийн ашиг сонирхлоо удаа дараа үнэн зөв мэдүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон, аж ахуйн нэгж нь удирдах бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарыг зөрчсөн” гэх үйл баримт нь 2012-2015 оны хооронд гарсан зөрчлүүд бөгөөд...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч А.Ц 2011, 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтын зөрчсөнг шүүх тогтоожээ.
Иймд хариуцагчаас нэхэмжлэл А.Ц нь төрийн жинхэнэ албанд анх орохдоо “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Гэвч өргөсөн тангарагаа зөрчиж хууль зөрчин давхар ажил эрхлэн үүнийгээ мөн худал мэдүүлж байсныг дурдах нь зүйтэй.
Иймд А.Ц нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219 дүгээр тушаалаар тус хорооны Мэдээллийн технологийн хэлтсийн референт А.Ц “М п” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа талаараа 2012-2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нийтийн албанаас халсан нь тухайн зөрчлийн шинж байдал, үр дагавартай нийцээгүй, хүндэдсэн хариуцлага болжээ.
Нэхэмжлэгч А.Ц албан тушаалтны 2012-2015 оны ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “М п” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч болохоо мэдүүлж байсан, мөн тус компани нь 3 үүсгэн байгуулагчтай, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Г.Т гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр; харин байгуулагдсанаас хойш аж ахуйн ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй, татварын “Х” тайлан гаргаж байсан болох нь Үндэсний татварын албаны тодорхойлолтоор тус тус тогтоогддог.
Иймд маргаан бүхий актын үндэслэл болгосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан “…29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол…” гэдэгт А.Ц гаргасан зөрчлийг хамруулах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн тухайд “М п” ХХК-ийн талаар огт мэдүүлээгүй бус мэдүүлсэн, хэдийгээр тус компанийн гүйцэтгэх захирлын хувиар улсын бүртгэлд бүртгэгдсэн ч компани нь байгуулагдсанаасаа хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасанчлан тэрбээр аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд бодитоор “ажиллаагүй” байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг илрүүлсэн гэх Авлигатай тэмцэх газрын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 01/5638 дугаар албан бичигт “…А.Ц “М п” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журмыг баримталж ажиллах нь зүйтэй” гэснээс үзэхэд түүнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхийг даалгасан шинжгүй байгаагаас гадна нэхэмжлэгчээс уг албан бичиг ирсэнтэй холбогдуулан цаг хугацааны хувьд гүйцэтгэх захирлын албан тушаалыг өөр этгээдэд шилжүүлсний дараа түүнийг нийтийн албанаас халж буй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
Нэхэмжлэгч 2012 оноос хойш жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж, Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг тухай бүр хянаж байсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, харин нэхэмжлэгчийг нийтийн албанаас халсан хариуцагчийн шийдвэрийг Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлтэй адилтган үзэж, улмаар уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж буй нь буруу юм.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийг бус Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн, уг хуульд хүлээлгэх сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдлаас хамаарч харилцан адилгүй ногдуулахаар тусгайлан заасан байдаг.
Нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэх тохиолдолд түүнийг нийтийн албанаас халах бус харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх боломжтой байжээ.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй, харин хууль хэрэглээний хувьд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг удирдлага болгоогүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа давж заалдах гомдолд дурдсанчлан “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн ч бичгээр гаргасан шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хуулийн эдгээр заалтыг бус 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус баримталсан, гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, тэр тусмаа давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулж байгаа энэ тохиолдолд гэж үзлээ.
Дашрамд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт “Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно” гэсэн зохицуулалт нь аж ахуйн нэгжид үл хамаарах болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0111 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.4-т…” гэснийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 29 дүгээр зүйлийн 29.2.3, 29.2.4-т…” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Л нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН