Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 361

 

А.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч А.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Б.Б нарыг оролцуулан хийж, А.Ц-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0111 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0327 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0111 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг тус тус үндэслэн А.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийтийн албанаас халах тухай” 219 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Ц-ийг урьд эрхэлж байсан Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээллийн технологийн хэлтсийн референтийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А.Ц-ийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.960.295 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0327 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0111 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.4-т гэснийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 29 дүгээр зүйлийн 29.2.3, 29.2.4-т гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Лхагвасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь Мэдээллийн технологийн хэлтсийн референт А.Ц-ийн “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа талаараа 2012-2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг зөрчсөн үйлдэлд Төрийн албаны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тангараг, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3. “ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх” зэрэг төрийн байгууллагын удирдлагын хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхдээ зөрчлийн шинж байдал, ..холбогдох хуулийн зохицуулалтыг судалж үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийг удирдлага болгон шийдвэр гаргасан...

Хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл, тайлбар:

Хүлээн зөвшөөрөхгүй байгаа заалт: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 0221/МА2017/0327 дугаар магадлалын “Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219 дүгээр тушаалаар тус хорооны Мэдээллийн технологийн хэлтсийн референт А.Ц-ийг “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа талаараа 2012-2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлээгүй, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нийтийн албанаас халсан нь тухайн зөрчлийн шинж байдал, үр дагавартай нийцээгүй, хүндэдсэн хариуцлага болжээ.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

1. ...Магадлалд дурдагдсан /Нийтийн албанаас халсан нь тухайн зөрчлийн шинж байдал, үр дагавартай нийцээгүй, хүндэдсэн хариуцлага болжээ/ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй  үндэслэл, тайлбар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэж заасан. Энэ зарчим нь төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагаагаар дамжин хэрэгждэг. Иймээс төрийн албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг. Хууль дээдлэх, шударга ёсыг сахих, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх зэрэг үүргийн мөн хуулийн 13 дугаар зүйлд хуульчилсан байдаг.

А.Ц нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлэх зөрчлийн удаа дараа гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг судалж үзвэл: А.Ц нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлэх зөрчлийг удаа дараа гаргасан зөрчлийн талаар: Санхүүгийн зохицуулах хороонд 2016 оны 9 сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газраас “Хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянасан тухай” 01/5638 дугаар албан бичигт “Мэдээллийн технологийн хэлтэст референтээр томилогдохоор нэр дэвшсэн А.Ц нь “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахыг баримталж ажиллах нь зүйтэй байна ” гэсэн бичиг ирсэн.

Энэ албан бичгийн дагуу Төрийн албаны хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан төрийн байгууллагын удирдлагын хүлээсэн үүргийн хүрээнд хууль зөрчсөн гэх үйлдлийг тус хороонд хадгалагдаж байгаа баримт бичгийн хүрээнд шалгаж үзэхэд дээр дурдсан зөрчлийг удаа дараа гаргасан нь илэрсэн. Өөрөөр хэлбэл, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 4 удаа хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ худал мэдүүлсэн зөрчил гаргасан байх ба тухайн зөрчлүүдийн алинд нь ч хариуцлага хүлээгээгүй байсан. Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ 2013 оноос хойш удаа дараа худал мэдүүлсэн гэдэг факт нь тогтоогдсоны дараагаар энэ нь ямар хуулиар зохицуулсан хуулийг зөрчсөн эсэхийг зүйлчлэх шаардлага гарч ирсэн.

Дээрх зөрчлийг зүйлчлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийг судлахад уг зөрчил нь тус хуулиар зохицуулагдаагүй харилцаа байсан. 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн Төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйл буюу 15 дугаар зүйлийн 15.1.9, 15.1.10, 15.1.12 дахь заалтууд буюу давхар ажил эрхлэлттэй холбоотой заалтууд тус тус хүчингүй болж мөн өдөр батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тухайн харилцааг зохицуулсан. Энэ хууль батлагдсанаараа хөрөнгө орлогын болон ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг авах эрх зүйн зохицуулалт шинээр бий болсон. Мөн энэ батлагдсанаар Төрийн албаны хуулиар зохицуулдаг байсан харилцаа өргөжиж, нийтийн албан тушаалтан гэсэн субъект бий болсон.

Тус зөрчилд ногдуулах хариуцлагыг судалж үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар төрийн болон нийтийн албан тушаалтанд харилцан өөр хариуцлага ногдуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуулиуд хоорондоо зөрчилдсөн. Иймд, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхээр шийдэгдэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг судалсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн албан тушаалтан /цаашид “албан тушаалтан” гэх/-д тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна.” гэсний дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар хариуцлага оногдуулсан.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг худал мэдүүлэх зөрчлийн талаар: Нийтийн албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэхээр мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заажээ. Үүнд:

1. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн бол албан тушаалыг бууруулахаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т хуульчилсан.

2. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ удаа дараа биелүүлээгүй хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халахаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т хуульчилсан байдаг.

Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлд сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг төрийн албан хаагчдад оногдуулахаар хуульчилсан. Ийнхүү сахилгын шийтгэл оногдуулах сонгох санкцтай учир тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж тусгайлан зохицуулсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд сонгох болон шууд заасан санкцтай. Харин тус хуулийн 29.2-т зөрчил хүлээлгэх хариуцлагыг шууд заасан байна. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтны болон зөрчлийн шинж байдал, зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгаа арилгасан эсэхээс үл хамааран Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчилд хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

“Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219 дүгээр тушаалаар тус хорооны Мэдээллийн технологийн хэлтсийн референт А.Ц-ийг “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа талаараа 2012-2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлээгүй, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нийтийн албанаас халсан нь тухайн зөрчлийн шинж байдал, үр дагавартай нийцээгүй, хүндэдсэн хариуцлага болжээ” гэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан ...энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэсэн заалтыг хэрэглэсэн нь хүндэдсэн хариуцлага болжээ гэсэн нь (жич: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3.энэ хуулийн 10, 14, 17,18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах гэж заасан) Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

...Магадлалд дурдагдсан /Маргаан бүхий актын үндэслэл болгосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан “...29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол ...” гэдэгт А.Ц-ийн гаргасан зөрчлийг хамруулах боломжгүй юм/ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл, тайлбар:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зөрчлөө арилгасан эсэхээс үл хамааран тухайн зөрчлийг гаргасан л бол хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг ба ямар нэгэн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэглэх талаар тусгаагүй хуулийн зохицуулалттай байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс зөрчлөө арилгасан шинж байдлыг харгалзан үзэж шийтгэл оногдуулах боломжтой гэсэн нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдлаас хамааран хөнгөрүүлдэг сонгох боломжтой ногдуулдаг байдалтай төсөөтэй байдлаар хэрэглэсэн мэт байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь Төрийн албаны тухай хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэх боломжгүй ба тухайн гаргасан зөрчлүүдийг нарийвчлан тусгасан тусгайлсан зохицуулалттай хууль бөгөөд уг хуульд зөрчлийн шинж байдлаас хамаарч хөнгөрүүлэн авч үзэх ямар нэгэн зохицуулалт байхгүй шууд шийтгэл ногдуулахаар заасан санкцтай байна.

Түүнчлэн А.Ц-ийн гаргасан зөрчил нь нэг удаагийн зөрчил биш юм. Хэрэв нэг удаагийн зөрчил байсан бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3-т заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах байсан. Гэтэл А.Ц нь 2012-2015 оны хугацаанд 4 жил дараалан буюу хуулийн дагуу А.Ц Санхүүгийн зохицуулах хороонд ажилд орсноосоо хойш 2012 оны ХАСХОМ-оо 2013 оны 01 дүгээр сарын 05, 2013 оны ХАСХОМ-оо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2014 оны ХАСХОМ-оо 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2015 оны ХАСХОМ-оо 2016 оны 02 дугаар сарын 01-нд тус тус гаргахдаа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатайгаар худал мэдүүлж удаа дараагийн зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, А.Ц нь 2012-2015 он хүртэл хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр гаргаж байсан бөгөөд тус мэдүүлэгтээ “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал болохоо мэдүүлдэггүй, түүнчлэн тус компанийн менежер гэх мэтээр өөрийн албан тушаалаа нуун дарагдуулж мэдүүлдэг байсан нь 4 жил дараалан худал мэдүүлсэн гэж үзэхээр байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-т заасан нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.

...Магадлалд дурдагдсан /Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг илрүүлсэн гэх Авлигатай тэмцэх газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 01/5638 дугаар албан бичигт “А.Ц-ийг “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэлттэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журмыг баримталж ажиллах нь зүйтэй” гэснээс үзэхэд түүнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхийг даалгасан шинжгүй байгаагаас гадна нэхэмжлэгчээс уг албан бичиг ирсэнтэй холбогдуулан цаг хугацааны хувьд гүйцэтгэх захирлын албан тушаалыг өөр этгээдэд шилжүүлсний дараа түүнийг нийтийн албанаас халж буй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ./ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл, тайлбар:

Бид Авлигатай тэмцэх газраас болон өөр бусад байгууллага, хүнээс өгсөн үүрэг даалгаврын дагуу хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ удаа дараа худал мэдүүлсэн зөрчил гаргасан А.Ц-ийг нийтийн албанаас халах шийдвэр гаргаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газраас “Хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянасан тухай” 01/5638 дугаартай албан бичигт “Мэдээллийн технологийн хэлтэст референтээр томилогдохоор нэр дэвшсэн А.Ц нь “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахыг баримталж ажиллах нь зүйтэй байна ” гэсэн бичиг ирсэн. Энэ албан бичгийн дагуу, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлэх гурван үндсэн зохицуулалт байна.

Нэгдүгээрт, нөхцөл байдлыг нийтийн албанд анх орох гэж байгаа иргэн А.Ц гэдэг талаас авч үзвэл: Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг хянахдаа “Мэдээллийн технологийн хэлтэст референтээр томилогдохоор нэр дэвшсэн А.Ц нь “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахыг баримталж ажиллах нь зүйтэй байна” гэсэн албан бичгийн дагуу тухайн хүнд энэ талаар мэдэгдэнэ. Тухайн хүн нийтийн албанд томилогдоогүй байгаа тул хуулийн шаардлагад нийцүүлэн А.Ц нь “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг ажлаасаа чөлөөлөгдөж энэ талаар тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн тохиолдолд түүнийг төрийн болон нийтийн албанд томилох шийдвэр гаргана.

Хоёрдугаарт, нөхцөл байдлыг нэг удаа хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ худал мэдүүлсэн нийтийн албан тушаалтан А.Ц гэдэг талаас авч үзвэл: Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг хянахдаа “Мэдээллийн технологийн хэлтэст референтээр томилогдохоор нэр дэвшсэн А.Ц нь “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахыг баримталж ажиллах нь зүйтэй байна” гэсэн албан бичгийн дагуу тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллийг шалгаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулна. Хууль цаашид зөрчигдөхөөс сэргийлж зөрчлөө арилгахыг даалгана.

Гуравдугаарт, нөхцөл байдал буюу хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ удаа дараа худал мэдүүлсэн нийтийн албан тушаалтан А.Ц гэдэг талаас авч үзвэл: Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг хянахдаа “Мэдээллийн технологийн хэлтэст референтээр томилогдохоор нэр дэвшсэн А.Ц нь “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахыг баримталж ажиллах нь зүйтэй байна” гэсэн албан бичгийн дагуу тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллийг шалгаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасны дагуу албанаас халах сахилгын шийтгэл оногдуулна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зөрчлөө сайн дураараа арилгасан тохиолдолд шийтгэлийг хөнгөрүүлэх, шийтгэлээс чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй.

Авлигатай тэмцэх газраас ирсэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ирсэн “Хувийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянасан тухай” 01/5638 дугаартай албан бичигт “Мэдээллийн технологийн хэлтэст референтээр томилогдохоор нэр дэвшсэн А.Ц нь “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахыг баримталж ажиллах нь зүйтэй байна ” гэсэн албан бичгийн дагуу Төрийн албаны хуулийн 12 дугаар зүйлийн 1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан төрийн байгууллагын удирдлагын хүлээсэн үүргийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тус хороонд хадгалагдаж байгаа хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж үзэхэд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ удаа дараа худал мэдүүлсэн болох нь илэрсэн. Иймд, А.Ц-д нийтийн албанаас халах зөрчил гаргасан тухай Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах явцад өөрөөр хэлбэл, түүнд хандсан Санхүүгийн зохицуулах хорооны захиргаа удирдлагын газраас албан бичиг очсоны дараагаар тэрээр А.Ц нь “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн бичиг авчирсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Ц нь өөрийн сайн дураараа зөрчлөө арилгаагүй болохыг Улсын Дээд шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Иймд А.Ц-ийн нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 219 дүгээр тушаалаар Мэдээллийн технологийн хэлтсийн референтээр ажиллаж байсан А.Ц-ийг “Мегапойнт пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа талаараа 2012-2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн бүтцэд ажиллахыг хориглосон давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нийтийн албанаас халжээ.

Нэхэмжлэгч А.Ц нь дээрх, 219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гарган, үндэслэлээ “2012 онд “Мегапойнт пропертиз” ХХК-ийг хоёр найзын хамт байгуулсан, өнгөрсөн хугацаанд тус компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, орлогогүй, нэг үгээр хэлэхэд цаасан дээрх компани. ... мэдүүлэгт тус компанийн талаар мэдүүлж байсан, Авлигатай тэмцэх газраас тухай бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэж байсан. Авлигатай тэмцэх газрын 01/5638 тоот албан бичигт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээгүй” гэсэн үндэслэлээр маргаж байна. 

Маргаан бүхий актын үндэслэл болсон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д албан тушаалтан аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон байх бөгөөд энэ хориглолтыг зөрчвөл мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар албан тушаалыг нь бууруулахаар, 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халахаар энэ хуулийн 29.2.4-т зааж хуульчилсан байна. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Авлигатай тэмцэх газрын “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 01/5638 тоот албан бичигт “...нэр дэвшсэн А.Ц нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ...хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно. Харин нэр дэвшигч ...А.Ц нь “Мегапойнт прокертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа тул ...хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журмыг баримталж ажиллах нь зүйтэй байна” гэжээ.

Хариуцагч захиргааны байгууллага мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан үүргийн хүрээнд А.Ц-ийн гаргасан зөрчлийг шалгаж, хариуцлага хүлээлгэхдээ түүний гаргасан зөрчлийн шинж байдал, үр дагаварт нийцээгүй нийтийн албанаас халах хариуцлага хүлээлгэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Учир нь, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч А.Ц-ийн хувьд 2012-2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүдэд “Мегапойнт пропертиз” ХХК-д менежер ажилтай, тус компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч гэдгээ мэдүүлж байсан байх ба албан тушаал өөрчлөгдөх бүрт ашиг сонирхлын мэдүүлэг гаргахад Авлигатай тэмцэх газраас хянаад ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хариуцагчид 2012 оны 03/5395, 2015 оны 05/1457, 2015 оны 05/4113, 2016 оны 5638 тоот албан бичгүүдээр хариу мэдэгдэж байсан байна.

Түүнчлэн “Мегапойнт пропертиз” ХХК нь байгуулагдсанаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, татварын “Х” тайлан гаргаж байсан нь Үндэсний татварын албанаас гаргасан нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг тус компанийн үйл ажиллагааг гардан эрхэлж, удирдан ажиллаж байсан гэж үзэхэд учир дутагдалтайн гадна маргаан бүхий 219 дүгээр тушаалыг гарахаас өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг иргэн Г.Түвшинбатад шилжүүлж, зөрчлөө арилгасан тухай удирдлагадаа мэдэгдэж байжээ.  

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийг хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх үндэсгүй, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч А.Ц-ийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлээгүй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж нийтийн албанаас халсан нь хуульд нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0327 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                                ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА