Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2021/00014

 

Т.Гийн нэхэмжлэлтэй, Б Г ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 138/ШШ2021/00158 дугаар шийдвэртэй, Т.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б Г ХХК-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөд төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 03 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б Г ББСБ-ын захирал О.Г гэх хүн ...манай гэрт ирж танай дүү Т.С нь их хэмжээний өрөнд орсон эрүүгийн хэрэг үүсгэн цагдаа дээр шалгагдах болоод яланд явах гээд байна. Иймээс та нар өр төлбөрөөс нь төлөх хэрэгтэй байна. Манай байгууллагаас бага багаар төлөх боломж олгоё. Хагасыг нь ч болов ах дүү нарынх нь нэр дээр зээл гаргаад шилжүүлчихвэл ялгүй болно гээд Дорнодоос гэрт ирж шалсаар байгаад 2019 оны 08 сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийг зээлсэн болж гэрээ байгуулсан. Би ч дүүгээ өрөнд ороод шоронд явах нь гэж айгаад гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээг сайн ойлгоогүй. Ингээд гэрээ байгуулсан харагдвал цагдаа дээр гайгүй, Т.С энэ мөнгийг хуваарийн дагуу бага багаар төлбөл болно гээд 2019 оны 08 сарын 10-ны өдөр 1005 минутанд миний _____ тоот харилцах дансанд О.Гийн _____ тоот данснаас Гт ГЯЛС-аас зээл олгов гэж 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Дээрх мөнгөө мөн өдрөө 10 минутын дараа л Т.Сгийн _____ тоот данс руу шилжүүлж О.Г авсан. Зээлийн гэрээг дараа нь харахад үндсэн зээл болох 15 000 000 төгрөгийг төлөх бус сарын 4,5 %-ийн хүүтэй зээлийн хугацааг заагаагүй эргэн төлөлтийн хуваариар 94 сарын хугацаатай 25 833 070 төгрөгийн хүү төлж нийт 41 433 070 төгрөг төлөх болоод байна. Уг зээлийг би өөрөө сайн дураараа авч хэрэглэсэн зүйл байхгүй. Дүүдээ тус болъё гэж бодоод зөвшөөрсөн. Гэтэл энэ нь намайг ийм их хэмжээний өр төлбөрт оруулж, аваагүй өөртөө хэрэглээгүй мөнгөний төлөө өндөр хүү төлөх болоод байх тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, сар бүр 450 000 төгрөгөөр 5 удаа төлөлт хийсэн 2 250 000 төгрөгийг Б Г ББСБ-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б Г ББСБ-ын захирал Г нь 2019 оны 08 сарын 09-ний өдөр Гийн гэрт очиж уулзсан байдаг. Ингэхдээ төрсөн дүү Т.С нь эрүүгийн хариуцлага хүлээж шоронд орох гээд байна гэж хэлэхэд нь Т.Г сандраад дүүгийнхээ өмнөөс төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Ингээд 15 000 000 төгрөг зээлүүлэхээр ярилцаж тохиролцсон байна. Гэтэл тухайн гэрээг сүүлд харахад 15 000 000 төгрөг өгсөн мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Эргэн төлөлтийн хуваарийг харахад 41 000 000 төгрөг болгож төлөхөөр болсон байсныг сүүлд мэдсэн. 96 сарын хугацаатай 25 833 070 төгрөгийн хүү тооцохоор зээлийн гэрээ байгуулсан байдаг. Гийн ХААН банкны дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлээд 10 минутын дараа буцаагаад 15 000 000 төгрөгөө авсан байна. Уг зээлийг Т.Г нь өөрөө сайн дураар хүлээн авч хэрэглэсэн зүйл байхгүй. Дүүдээ тус болох гээд л зөвшөөрсөн хариу өгсөн. Өөрөө хэрэглээгүй мөнгөний төлөө 41 сая орчим төгрөг болгон төлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэж байна. Одоогийн байдлаар зээлийн эргэн төлөлтөд төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Т.Гийн бичгээр гаргасан хүсэлтийг өөрөө бичсэн гэхэд эргэлзээтэй байна. Т.Сгийн өр төлбөрийг хамаатан саднаар нь төлүүлэх гэсэн үйлдэл гаргасан. Б Г ББСБ-аас мөнгө авсан ч энэ мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг хэрэглээгүй. Аргагүй байдалд оруулж зээлийн гэрээ хийсэн. Гэрээ хийх үедээ эргэн төлөлтийн хуваарийг танилцуулаагүй. Хэрэг дээрээс харахад сүүлд хийгдсэн болох нь нотлогддог. Т.Г өөрөө зээл авах гэж байгаа гэдгээ ч илэрхийлсэн байдаг. Тэгэхэд цаашид ямар нэг зүйлд мэдэгдэхгүй гэдгийг илэрхийлсэн. Гэтэл сүүлд зээл авах гэхэд Монгол банкинд 15 000 000 төгрөгийн зээлтэй юм уу, зээлдэгч болсон байна гэж мэдэгдсэн. Энэ бол хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлээр авсан 15 000 000 төгрөгийг 10 минутын дотор буцаан өгсөн. Тиймээс зээл бүрэн төлөгдсөн. Энэ хэлцэл өөрөө өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлэх хэлцэл юм. Талууд өөрсдөө бүрэн дүүрэн хүссэн зүйл байхгүй. Т.Г хүчин төгөлдөр бус хэлцлийг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс энэ гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б Г ББСБ ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Т.Г нь 2019 оны 08 сарын 09-ний өдөр манай Б Г ББСБ-д хүсэлт гаргаж 15 600 000 төгрөгийн зээлийг сарын 4,5 %-ийн хүүтэй 96 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Учир нь би Б Г ББСБ-ын захирлаар ажиллаж байхад манай компанид зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Т.С нь нэр бүхий 24 хүний нэр дээр хуурамч зээл гарган байгууллагын мөнгийг хувьдаа завшсан. Т.С нь манай байгууллагад маш их хэмжээний хохирол учруулсан болохоор би түүний ээж ...Лхамсүрэнтэй уулзаж танай охин манай байгууллагаас хуурамч бичиг баримт бүрдүүлж байгууллагын мөнгө завшиж хохирол учруулсан. Би шүүх цагдаагаар явах уу, та нар хувиасаа төлж барагдуулах уу гэхэд Лхамсүрэн манай хамгийн том охин Т.Г Улаанбаатар хотод амьдардаг, нэг компанид менежерээр ажилладаг. Энэ л дүүдээ туслах ёстой, чи өөрөө Т.Стай хамт очоод уулзаач гэж намайг гуйсан. Тэгэхээр нь би Т.Сгийн хамт ...Т.Гтэй уулзаж дээрх болсон явдлыг тайлбарлахад Т.Г би дүүдээ туслана. ...Би өөрөө танай байгууллагад зээл хүсэх өргөдлөө бичиж өгье гэж түүний хэлснээр зээлийн гэрээг 2019.08.13-ны өдөр Т.Гийн гэрт нь байгуулсан. Бид гэрээ байгуулахдаа Т.Г нь өөрийн дүү Т.Сгийн өрнөөс хасуулахаар тохиролцсон болохоос биш Т.Г нь зээл авчихаад эргээд төлсөн гэсэн гэрээ биш билээ. Манай байгууллагын данснаас тухайн өдрөө Т.Гийн Хаан банкны данс руу гүйлгээ хийгдэж Т.С манай байгууллагын данс руу эргээд учруулсан хохирлоосоо хасуулж уг мөнгийг шилжүүлсэн. ...зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хүч хэрэглэж зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Нөхцөл байдлыг тайлбарлахад надад Би төрсөн эгч нь мөн. Дүү Саран маань урьд нь Хаан банкинд ажиллаж байх хугацаандаа залилангийн хэрэг үйлдэж ял шийтгэгдэхийн өмнө нь хадмууд нь тусалж ялгүй салгаж байсан юм. Одоо ийм зүйл болсон бол ...би төрсөн эгч нь юм чинь төлбөрөөс нь бага ч гэсэн төлмөөр байна. гэж илэрхийлсэн. Надаас зээл авч байх үедээ 4.5 хувийн хүүтэй гэдгийг мэдэж байсан. Өөрөө ч сард 350 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Ингээд 350 000 төгрөгийн төлбөртэй байх боломжгүй юм байна гэдгийг хэлэхэд ойлгоод 450 000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байсан. 450 000 төгрөгийн төлөлтөөр 4 удаа төлсөн. Одоогийн байдлаар бүтэн 1 жилийн хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагч Б Г ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Т.Г нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай Б Г ББСБ-тай гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг Т.Гийн Хаан банкны _____ тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээлээ төлөхгүй, үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа тул үндсэн зээл болох 15 000 000 төгрөгийг Т.Гээс гаргуулж өгнө үү. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Б Г ББСБ болон Т.Г нарын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Бид харин ямар нэгэн байдлаар хүү нэхэмжлээгүй. Т.Г өөрөө дүүгийнхээ өрнөөс хасуулах хүсэлтийг гаргасан. Өөрийнхөө тавьсан өрнөөс, байгууллагад учруулсан хохирлоо барагдуулах хүсэлтийг л гаргасан. Энэ мөнгийг Т.Г авсан л бол яаж зарцуулах нь өөрийнх нь хувийн асуудал юм. Өөрөө зээл авч байх үедээ өөрийн төлөх боломжтой хэмжээг хүртэл илэрхийлсэн. Өөрөө тухайн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулсан гэдгээ зөвшөөрсөн учраас бүхэл бүтэн 4 сарын хугацаанд 450 000 төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Төлөхгүй байх бүрэн боломж байсан. Нэхэмжлэл дээрээ ч дүүгийнхээ төлбөрийг төлөх гэж зээл авсан гэдгээ илэрхийлсэн байгаа. Бид өнөөдөр зээлийн хүүг төлөхийг шаардсан зүйл байхгүй. Зөвхөн үндсэн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сараас хойш төлөлт хийгдээгүй байгаа. Зээлээ төлөхгүй бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн. Тиймээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үндсэн зээлийн төлбөр болох 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б Г ББСБ-аас Гт 15 сая төгрөгийн зээл олгосон боловч энэ зээл нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Т.Гийн дансанд хийсэн 15,0 сая төгрөгийг Т.Сгийн дансаар шилжүүлж, Б Г ББСБ дансаараа буцааж авсан тул гэрээ дуусгавар болсон, 15 сая төгрөгийн үүргийн гүйцэтгэл байхгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. 15 000 000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Тиймээс зээлийн гэрээ хийгдсэн гэж тайлбарлаж байна. 15 000 000 төгрөгийг олгосон боловч 10 минутын дотор 15 000 000 төгрөгийг буцаагаад шилжүүлэн авч төлбөрийн харилцаа дууссан гэж үзэж байна. О.Г нь Т.Сгийн эгч дээр ч ганцхан очсон зүйл байхгүй. Ээж, ах, дүү нарт нь хүртэл очиж энэ саналыг тавьсан байдаг. Т.С нь өнөөдөр ч эрүүгийн хэрэгт холбогдсон явж байгаа. Энэ төлбөрийг Т.Г төлөх үндэслэл байхгүй. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 138/ШШ2021/00158 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Гийн хариуцагч Б Г Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тус гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөд төлсөн 2 250 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Гээс зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч Б Г Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б Г Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компаниас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 477 150 төгрөгийг гаргуулан, үүнээс 244 200 /хоёр зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод оруулж, 232 950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг хариуцагч Б Г Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Б Г ББСБ-ын Цагаан-Овоо салбарын зээлийн эдийн засагч ажилтай Т.С нь нэр бүхий 24 хүний нэр дээр зээл гарган хувьдаа завшсан байдаг. Энэ тухай байгууллагын захирал О.Г нь Т.Сгийн ар гэрийнхэнтэй уулзаж шүүх цагдаагаар явах уу, та нар хувиараа төлж барагдуулах уу гэж байгууллагад хохирол учруулсан байдлыг далимдуулан сүрдүүлсэн байдлаар уулзаж эгч Т.Гийн нэр дээр 15 сая төгрөгийн, ах Т.Нэргүйгийн нэр дээр 7 сая төгрөгийн зээлийг тус тус дүр үзүүлж гэрээ хийсэн. Т.Нэргүйгийн нэр дээр гаргасан зээлийн хувьд адил гэрээ хийгдсэн боловч Нэргүйгийн дансанд 7,0 сая төгрөг шилжүүлээгүй байсан. Б Г ББСБ -ын зүгээс гэрээг цуцалснаар дуусгавар болж байсан.

Т.Сгийн хувьд тус байгууллагад 60 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4-2.2 дахь хэсэгт зааснаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэгдэж ял шийтгэгдэх байдал бий болсон. Зээл олгосон авсан гэх асуудал Сарантай л холбоотой. Гийн хувьд уг зээлийн гэрээг хүсэл зоригийнхоо илэрхийллээр аваагүй.

Иргэний хуулийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй ... байгуулах эрхтэй гэж зааснаар Г өөрөө хүсэл зоригоо илэрхийлэх ёстой. Гэтэл Т.Сгийн өр төлбөртэй холбогдуулан гэрээ хийхийг шаардаж гэрээ байгуулсан харагдвал цагдаа дээр хохирол багатай, ял хөнгөрнө. Т.С энэ мөнгийг хуваарийн дагуу бага багаар төлбөл болно гээд гэрээ хийгдсэн. Т.Гийн хувьд төлсөн гэх 2 250 000 төгрөгийг Т.Сгийн хохирол учруулсны үндсэн төлбөр буюу байгууллагад учруулсан хохирлоос хасуулах зорилготой хийж байсан. Тэгж ч ойлгосон.

Иргэний хуулийн 56.1-д хууль зөрчсөн, дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцлүүд хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж заасан. Нэхэмжлэгч Т.Гийн хувьд уг зээлийг өөрийн ашиг сонирхлын үүднээс байгуулж амьдрал болон гэр бүл бизнестээ зарцуулаагүй хүсэл зоригоор бус өөрөө хүсэж, гэрээ хийх эрмэлзэл байгаагүй. Т.Гийн харилцах дансанд 15,0 сая төгрөг шилжүүлж буцаан авснаар гэрээний зүйлийг өгсөн гэж харагдуулж байна.

Энэ гэрээний цаад утга нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа Т.Сд холбогдох хэргийг хөнгөлүүлэх түүний хохирлын хэмжээг багасгах зорилготой гэж яригдсан боловч О.Г өөрт учирсан хохирол эрсдэлийг гаргуулах үүднээс хэлцлийг баталгаажуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Т.Сгийн хувьд одоо их хэмжээний хохирол учруулсан зүйлчлэлээр шалгагдаж байгаа. Энэ тухай хариуцагч үгүйсгээгүй.

Мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д банк бус санхүүгийн байгууллагын үндсэн үйл ажиллагааг тодорхойлсон. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэхийг хориглох тухай заасан байна. Б Г ББСБ-ын үндсэн үйл ажиллагааны чиглэл бол улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэж бичсэн байдаг. Гэтэл Сарангийн өр төлбөрт орсон Цагдаагийн байгууллагад шалгагдах болсон байдал зэргийг далимдуулан зээл олгосон дүр үзүүлэн гэрээ байгуулсан.

ББСБ нь зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл дээр үндэслэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үүнийхээ үр дүнд хүүгийн орлогоороо ашиг олох үндсэн зорилготой байгууллага боловч байгууллагад учирсан өр төлбөр, хохирлыг арилгуулах зорилгоор ажилтан буюу буруутай этгээдийн садан төрлийн хүмүүсийн нэр дээр зээл гаргаж өндөр хүү тооцон өр барагдуулах чиглэлээр зээлийг гаргасан байдал нь хууль, журмаа зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байна.

Зээлийн гэрээ бол зээлдэгчийн хүсэл сонирхлоос үүдэлтэй байх ёстой. Нэхэмжлэгч Г тайлбарлахдаа: Зээл олгох хүсэлт бол ажлын бус цагаар шөнө 23 цагийн үед Улаанбаатар хотод байх гэрт О.Г Т.Сг дагуулан очиж хүсэлт бичих талаар зааж өгөн зээл олгосон тухай баримт байхад хохирол 50,0 саяас доош орж байвал зүйлчлэл өөрчлөгдөн ял хөнгөрөх боломжтой. Т.С зээлийг бага багаар төлж болно гэж тайлбарлан ятгаж, Т.Гт буруу ойлголт өгч, үнэмшүүлсэн тухай хэлдэг. Би дүүдээ тус болох үүднээс л боломжоороо сар сард тодорхой хувиар төлж байсан. Сүүлдээ ББСБ-ын зүгээс зээлээ төл гэж дарамталж шахаж ирсэн. Би уг зээлийг бүрэн төлөх, хүү төлөх талаар тохироогүй гэдэг.

2019.08.10-ны өдөр 10.05 минутад нэхэмжлэгч Т.Гийн _____ тоот харилцах дансанд О.Гийн _____ тоот данснаас Гялс-аас зээл олгов гэж 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Дээрх мөнгө мөн өдрөө 10 минутын дараа л Т.Сгийн _____ тоот дансруу шилжүүлж О.Г буцааж авсан нь баримтаар нотлогддог. Энэ нь Т.Г өөрийн хүсэлтээр зээл авч Т.Сд өгч байгаа мэтээр харагдуулж дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг баталж байна. Угтаа бодит байдлыг буруу ойлгуулж 15,0 сая төгрөгийг таны нэр дээр болгож харагдуулан Сарангийн төлбөрийг багасгаж аажмаар Т.Сд төлөх боломж олгож байна гэсэн.

Анхан шатны шүүх нэг талыг барьж хариуцагч талын тайлбарт үндэслэн тайлбарлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэ нь ББСБ болон бусад зээлийн асуудал гарахад төлөх чадваргүй байдлыг төрөл садан болон бусдаар төлүүлэх боломжтой юм гэсэн практик бий болоод байна.

Зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл болох 15 000 000 төгрөг сарын 4,5% хүүтэй, 94 сарын хугацаатай 25,833,070 төгрөгийн хүү төлж нийт 41 433 070 төгрөг төлөхөөр харагдаж байна. Гэрээгээр халхавчлан нэхэмжлэгчид илт хохиролтой ББСБ өөртөө эдийн засаг, санхүүгийн ашиг олох зорилгоор хийсэн нь анх Т.Гт очиж учирлаж ятган зөвшөөрүүлснээс илт байгаа тухай нэхэмжлэгч хэлдэг.

Гэтэл ийм их хэмжээний өр төлбөрт оруулж аваагүй өөртөө хэрэглээгүй мөнгөний төлөө өндөр хүү төлөх болоод байх тул ББСБ өөрийн эрсдлээ хамгаалж нэхэмжлэгчид буруу ойлгуулан зөвшөөрүүлсэн гэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б Г ББСБ-н дансанд хийсэн 2 250 000 төгрөгийг буцааж гаргуулж өгнө үү. гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Б Г ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хариуцагчаас 2 250 000 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1.20-21 дэх тал/

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Б Г ББСБ ХХК-тай 2019 оны 08 сарын 09-ний өдөр 15,0 сая төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй авахаар гэрээ байгуулсан /талуудын гаргаж өгсөн зээлийн гэрээнүүд хоорондоо зөрүүтэй/, эргэн төлөлтөнд 2 250 000 төгрөг /нэхэмжлэгч талын тайлбараар/ төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн маргаан гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагатай нийцээгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зээлийн гэрээний үндсэн шинж, агуулгыг тодорхойлон заасан байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд зээлдүүлэгч Б Г ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.Гт 15,0 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг түүний өөрийнх хэрэгцээнд зориулан өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд зээлдэгч Т.Гт тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх зорилгогүй хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал: хариуцагч Б Г ББСБ ХХК-ийн төлөөлөгч /О.Г/ нь нэхэмжлэгч Т.Гтэй гэрээ байгуулж, түүний дансанд 15,0 сая төгрөгийг шилжүүлсэн боловч уг мөнгийг Т.Г тодорхой хугацаанд ашиглаагүй, өөрөө ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрхгүйгээр тэр даруйд нь Б Г ББСБ ХХК-ий мэдэлд шилжүүлсэн, нөгөө талаар гэрээ хийгдсэн зорилго, агуулга нь нь Б Г ББСБ ХХК нь өөрийн ажилтан байсан Т.С гэдэг хүнээс авах авлагыг барагдуулах зорилгоор хийгдсэн байна. Эдгээр шинжээс үзэхэд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний шинж, агуулгатай нийцэхгүй байна.

Түүнчлэн талуудын хоорондын илэрхийлсэн хүсэл зориг, тухайн үед үүссэн хэрэгцээ, гэрээний агуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч Т.Г болон хариуцагч Б Г ББСБ ХХК-ийн хооронд хийгдсэн хэлцэл зээлийн гэрээ бус, харин нэхэмжлэгчийн дүү Т.Сгийн өрний 15,0 сая төгрөгийг эгч Т.Гт нь шилжүүлэх агуулгатай /зорилготой/ байна. Энэ агуулгын хувьд үзвэл Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан Өр шилжүүлэх гэрээний агуулгатай тохирч байна.

Гэхдээ талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна гэж тус шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Т.Г тухайн хэлцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байгаа сэдэлт нь /бодол санаа нь/ дүү Т.Сг тухайн байгууллагад /хариуцагчид/ тодорхой хэмжээний мөнгөн хохирол учруулсан, хэрэв 15,0 сая төгрөгийг Т.Г өөртөө шилжүүлэн авч төлөх юм бол дүү Т.С нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө, эсхүл зүйлчлэл өөрчлөгдөж, ял хөнгөрнө. гэсэн ойлголттойгоор гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Гэтэл энэ ойлголт сэдэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд хэлцэл хийгдсэнээр хүссэн үр дүн гараагүй нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-т заасан тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн хэлцэл гэж үзэх үндэстэй байна гэж тус шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Т.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Б Г ББСБ ХХК-д 2 250 000 төгрөгийг буцаан төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэгт авагдсан хариуцагч талын баримтаар 1 942 110 төгрөг төлсөн байх тул энэ хэмжээгээр хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 138/ШШ2021/00158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 58 дугаар зүйлийн 58.3.4-т зааснаар нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Б Г ББСБ ХХК-ийн хооронд 2019 оны 08 сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус-д тооцож, хариуцагч Б Г ББСБ ХХК-иас 1 942 110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Гт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 15,0 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, мөн 2 дахь заалтын ...нэхэмжлэгч Т.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 477 150 төгрөгийг гаргуулан, үүнээс 244 200 /хоёр зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод оруулж, 232 950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг хариуцагч Б Г Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай, гэснийг улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Гээс 9887 төгрөгийг, хариуцагч Б Г ББСБ ХХК-иас 242 661 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕӨРНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ