Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 124

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                       Б.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 11 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 4,162,200 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0112 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Х.Батжаргалыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б-ын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 4,162,200 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад хэсэг болох “өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0112 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.5, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б-ыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,162,200 төгрөг, өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Батжаргалд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус гэж тогтоох нь үндэслэлгүй юм. Илт хууль бус гэдэг нь хуулийн мэдлэггүй хүн харахад ч илэрхий алдаатай байхыг ойлгоно. Х.Б нь удаа дараа хэсгийн ахлагч болоод бусад ажилтнаа дарамталж ёс зүйгүй авирласан.  Иргэдэд хүрэх ёстой тусламж болон нийтийн цэвэрлэгээний мөнгийг өөрийнхөө гэр бүл, ах дүү нартаа олгосон.

4. Иргэд болон холбооны албан хаагчдаас гомдол санал ирж байсан ба 2014 оны Засаг дарга байхдаа хэсгийн ахлагчийнхаа зөвшөөрөлгүй нэрийг нь ашиглан дүүргээс төсөл шалгаруулж авсан нь Авилгатай тэмцэх газарт шалгагдаж, одоо нийслэлийн прокурорын газарт шалгагдаж байгаа.

5. Ажилгүй байсан хугацааны 4,162,200 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй, ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь хууль дүрэм журамд нийцсэн юм.

6. Өмгөөллийн зардалд 3,000,000 төгрөг өгөх боломжгүй. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хоорондын тохиролцоогоор тогтоосон болно. Өмгөөлөгч авах эрх нь уг захиргааны акттай шууд хамаарлаар холбогдохгүй, нэхэмжлэгчийн сайн дурын асуудал юм.

7. Иймд магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч Х.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 11 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 4,162,200 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

10. Дээрх тушаалаар “хорооны иргэд, албан ажилтнуудад ёс зүйгүй хандсан, хөлсөөр ажиллах гэрээтэй иргэдийн ажлыг өөр иргэдээр дур мэдэн хийлгэсэн, гэрээт ажилтны цагийн бүртгэлийг худал мэдүүлсэн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хорооны Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс “иргэдийн Нийтийн Хурлаас хорооны Засаг даргыг чөлөөлөх тухай санал ирээгүй байхад Засаг дарга ажлаас чөлөөлөх эрхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж илт хууль бус захиргааны актад тооцуулахаар маргажээ.

11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулах”-аар заасан, 32 дугаар зүйлийн 32.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэснээс үзэхэд эрүүл мэндийн байдлын улмаас эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хорооны Засаг дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан нь түүнийг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Энэ тохиолдолд хорооны Засаг даргаас ийнхүү чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байна.

12. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж баг, хорооны Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон, 28 дугаар зүйлийн 28.5-д “баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэх”-ээр заасан байх тул хорооны иргэдийн Нийтийн Хурлаас дүүргийн Засаг даргад санал гаргаснаар хорооны Засаг даргыг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх байна. Энэ маргааны хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай саналыг иргэдийн Нийтийн Хурлаас гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв болжээ.

13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол тухайн актыг илт хууль бус захиргааны актад тооцох байна. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь 11 дүгээр хорооны Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, түүнийг чөлөөлүүлэхээр тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлаас санал ирүүлээгүй байхад “зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хорооны Засаг даргыг чөлөөлөх шийдвэрийг дүүргийн Засаг дарга дангаар гаргах эрхгүй, ийнхүү нэхэмжлэгчийн эрхэд халдсан шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл  байгаагүй гэж үзнэ.

14. Харин нэхэмжлэлийн “... дүүргийн Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дүүргийн Засаг дарга нь харъяа хороодын Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргах бүрэн эрхтэй субъект тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан ” гэх үндэслэлд хамаарахгүй юм. Гагцхүү энэ эрхээ хэрэгжүүлэхдээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, дангаар, өөрийн санаачилгаар гаргах биш, иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэхээр байна.

15. Гэтэл анхан шатны шүүх “...дүүргийн Засаг даргад хорооны Засаг даргыг огцруулах шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасанд хамаарч байна” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, мөн “эрхэд халдах үндэслэл байгаагүй” талаар буруу дүгнэсэн буюу ажлаас чөлөөлөхдөө түүнийг буруутгаж байгаа үндэслэл шалтгааныг тогтоогоогүй байдал нь илт хууль бус захиргааны актын хүрээнд дүгнэгдэх үйл баримт биш болно.

16. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тухайн маргааныг нарийвчлан зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй, маргааны үйл баримтад хамааралгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

17. Давж заалдах шатны шүүхээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д ... зааснаас үзвэл  нэхэмжлэгчийн өөрт учирсан хэмээн шаардаж буй хохирлын хэмжээг тодорхойлох журмыг шүүх тогтоох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийж, “өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

18. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгчээс мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-ийн дагуу хохирлоо шаардах, уг шаардлагын дагуу захиргааны хэргийн шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтын дагуу шийдвэр гаргаж болохоор заасан байна. Гэхдээ эдгээр зохицуулалтууд нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан шууд хохиролд хамааралтай гэж үзнэ.

19. Харин өмгөөлөгчийн зардал нь нэхэмжлэгчийн өөрийн хүслээр талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээний үүргийн дагуу үүссэн зардал тул захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын асуудал биш байна.

20. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0112 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0731 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1” гэснийг хасч,  “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

         ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ