Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 437

 

 

 

 

 

 

М.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Г.Гочоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар магадлалтай, М.Эд холбогдох 1915001230053 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Г.Гочоо нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт М.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эгаас 1.198.890 төгрөг гаргуулж хохирогч Н.Од олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.649.692 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Оийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.О гаргасан гомдолдоо: “Би М.Эд ар нурууны далны тус газар 1 удаа, зүүн гаранд 2 удаа тус тус хутгалуулж, мөн хоолойгоо боолгуулж, улмаар гар, хөх, хамар, нүүр, толгой болон бусад эрхтэн лүүгээ удаан хугацаагаар зодуулж, тарчилан зовж, сэтгэл санаа, бие махбодидоо гэмтэл авч, хэрэг гарсан өдрөөс одоо хүртэл ажил хийх боломжгүй байнга бие өвдөж Булган аймаг, Орхон аймгийн хүн эмнэлэгт олон хоногоор хэвтэж эмчлүүлсэн боловч биеийн байдал төдийлөн сайжрахгүй байна. Харин нуруу, зүүн хөх өвчилж эрэмдэг зэрэмдэг болж хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Миний бие ялтан М.Эд хутгалуулж, зодуулснаас хойш ихээхэн зовж шаналж байна. Би өөрт учирсан гэмтлийн талаар нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулахаар цагдаа, прокурор, шүүхийн шатанд удаа дараа хүссэн боловч надад учирсан гэмтлийг шалгаж өгөөгүй. Харин ч ялтанд хөнгөн ял оногдуулж, хохирогч миний эрх ашгийг хохироосон явдалд гомдолтой байна.

Мөн ялтан М.Э нь намайг  алахдаа л ална гэж 10 хурууныхаа хумсыг хоолойд шигтгэн заналхийлэн тамлаж байхдаа шүүх, цагдаагийн байгууллага надад үйлчлэхгүй шүү, би танилтай гэж зэрлэг балмадаар авирлаж намайг дайрч доромжлон, миний амь насыг хороох гэж байсан. Харин миний аз таарч хохирогч Н.О би амь насаа алдсангүй. Энэ бол миний аз. Тухайн үед ялтан М.Эд хутгалуулж, зодуулснаас цус их алдаж ухаан орон гаран байсан. Энэ үед иргэн Б.Жанчивдорж нь надад тусламж үзүүлэхийн оронд эзгүй хээр, харанхуй шөнөөр хаяж байсан явдалд маш их гомдолтой байна.

Тухай үед цагдаагийн байгууллага болон хэрэг мөрдөж байсан хошууч Батдоржид хэлж мэдүүлсэн боловч шалгаагүй үлдээсэнд гомдолтой байна.

Ялтан М.Э нь намайг олон сараар эмнэлэгт өвдөж зовж байхад ирээгүй, яриагүйд гомдолтой байгаа. Ялтан М.Э нь архи, пиво уун дэндүү эрэлхүү, дээрэлхүү, давилуун зангаар удаа дараалан хутгалж, зэвсэг хэрэглэн зодож нүдэж, гурилын модоор цохиж, хөх няц дэвсэж гэмтэл учруулсан байхад бараг намайг буруутан мэтээр үзэж ял шийтгэлгүй шахуу гаргасанд гомдолтой байна. Энэ мэтээр намайг яргалан зэрлэг балмадаар авирлаж байсныгаа худал болгон нэр бүхий гэрчүүдтэй хуурамчаар зохиож мэдүүлэг өгч байсанд, М.Эг хаацайлсан явдалд, цагдаагийн мөрдөгч гэрчүүдээс үнэн зөв, шударгаар мэдүүлэг аваагүй, нэг загвар маягаар бөөрөнхийлсөн мэдүүлгүүдийг авч хэрэгт хавсаргасан, хохирогч намайг буруутан мэтээр хандсан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ялтан М.Эгийн энэ хэргийг үнэн зөвөөр шалгаагүй гэж үзэж байгаа.

Одоо хохирогч О миний нуруу, хөх өвчилж байнга эм тариагаар байгаа. Нурууны сэртгэр яс хугарсан гэсэн, эмчилж байсан эмч нар ч мэдэж байгаа. Хөхөнд бэрсүү үүсэн хавдар болсон байгаа. Уруул сэтэрсэн, толгой маш их хэмжээгээр үргэлж өвддөг болсон зэрэг биеийн эрүүл мэндийн байдал доройтож муудан хийх ажлаа хийж чадахгүйд хүрээд байна. Иймд эдгээр миний биед учирсан гэмтлүүдийг шалгуулж шинжээчийн дүгнэлтээр зөв тогтоох шаардлагатай гэдгийг би хэрэг шалгах үеэс эхлэн хүсэлт санал оруулсан, харамсалтай нь энэ асуудлыг шүүх анхаарч үзээгүй ялтан М.Эд хөнгөн ял оногдуулсан явдалд гомдолтой байна.

Энэ хэрэг явдлаас гадна хохирогч надад их хэмжээний эд материалын хохирол учруулсан. Хамгийн гол нь миний бие муу байна. Ямар ч байсан шинжээчийн дүгнэлтийг нарийн гаргуулж, учир зүйг нь олуулахыг хүсэж байна. Миний хувьд ялтан М.Эд холбогдох хэрэг бүрэн шалгагдаж чадаагүй гэж үзэж байгаа. Ялтан М.Э ганц энэ хэрэг биш, урьд нь удаа дараа хүмүүсийг хайчаар хатгаж, хутгаар хутгалж, аягаар толгойг нь ярж байсан нь үнэн. Дөрвөн жилийн өмнө Сүнжидмаа гэдэг хүнийг хайчаар хатгасан, Амраа гэдэг хүнийг аягаар толгойг нь ярсан гэх мэтээр олон хүнийг хохироож, цагдаа, шүүх аргалж сурсан зальт хүүхэн байгаа юм. Иргэн хүний эрх чөлөөнд зэвсэг хэрэглэн халдаж танхайрч байсан зэрэг гэмт үйлдлүүдийг нь энэ хэрэгтэй хамтатган шалгаж, үнэн мөнийг тогтоох ёстой. Энэ талаар Булган аймгийн цагдаагийн хэлтэс, прокурор хяналтын ажил байхгүй байгаа явдалд харамсан зэрлэг балмад М.Эг өөгшүүлж, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж байгаа явдалд гомдолтой байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Г.Гочоо гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүх М.Эд холбогдох хэргийг хянахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоохын төлөө анхаарал тавиагүй, хохирогч Н.Оийн эрх ашгийг хохироож, ялтан Н.Эд ял завшуулсан анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан явдалд гомдолтой байна.

Хохирогчид учирсан гэмтлүүдийн хэмжээ, үүссэн хор холбогдлыг шинжээч эмчээс нарийвчлан тогтоогоогүй, хохирогчийн гаргасан хүсэлтийг харгалзан үзээгүй, нөгөө талаас хохирогч Од учирсан олон тооны гэмтлүүдийн ихэнх хэсгийг шинжээчийн дүгнэлтэд хамруулаагүй, гэмтлийн зэрэглэлийг гүйцэд тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт гаргах хуулийн заалтуудыг зөрчиж, хохирогчийг хохироосон. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3-т заасан заалтыг баримтлаагүй, давж заалдах шатны шүүх хэргийг хянах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн  39.1.1, 39.1.2, 39.1.4, 39.5-т тус тус заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Ялтан Н.Э 2019 оны 3 дугаар сарын 8-нд Булган аймгийн Сайхан сумын нутагт архи уун согтуугаар өөрийн гэрийн гал тогооны шүүгээн дотроос хутга авч хохирогч Н.Оийн нурууны дал болон зүүн гарт 3 удаа хутгалаад зогсохгүй Н.Оийг алаад өгнө, цагдаа хуулийн байгууллагын ажилтнууд миний гарт гэж хэлээд хохирогчийн хоолойг боож, хохирогчийн бие эрхтнүүдийг гурилын модоор үргэлжлэн зодож гэмтэл учруулсан. Хохирогч Н.О нуруу хугарсан, хамар мурийж няцарсан, зүүн гар татанхай тэнийхгүй, тахир дутуу, хөдөлмөрийн чадваргүй болж эмч, эмнэлгийн хяналтанд одоо хүртэл удаа дараа эмчлүүлж, биеийн байдал сайжрахгүй, нарийн мэргэжлийн эмч нараар үзүүлэхийг шаардаж, сэтгэл зүй, амьдрал ахуйн хүнд байдалд байгаагаа гомдолдоо дурдсан байна. Нөгөө талаар хохирогч Н.О тухайн хэргийг шалгуулах явцдаа нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулах талаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад удаа дараа хүсэлт гаргасан боловч хохирогч Н.Оийн биед учирсан гэмтлийг зөв тогтооход анхаарч үзээгүй, нэг талыг баримтлан ялтан Н.Эд ял завшуулж, хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хангахгүй, хэргийн үнэн мөнийг тогтоож чадаагүйгээс хохирогч ихээхэн гомдолтой байна. Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “М.Э нь хохирогч Н.Оийг зодож, зүүн бугалга, баруун даланд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Оийн биед учирсан тархи доргилт, баруун дал, зүүн бугалганд хатгагдсан шарх, дээд доод уруулын доторхи салст, зүүн шуунд няцарсан шарх, зүүн баруун дээд зовхи, хамрын нуруу, зүүн хөх, зүүн дал, зүүн өгзөг, зүүн өвдөг, зүүн шуунд цус хуралт, хүзүү цээжинд зулгаралт, дух, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг М.Э учруулсан болох нь хохирогч Н.О, гэрч М.Д, Б.Ж, З.Ч, П.Г нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Эгийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн гомдолд дурдаад байгаа шиг гэмтэл учирсан, гэмтлийн зэрэг хүндэрч, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх нөхцөл байхгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Г.Гочоо нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 3 дугаар сарын 8-ны орой Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Г.Гочоо нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Г.Гочоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН