| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0120/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ам |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч М.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дайчид овогт Мөнхжаргалын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1709012280263 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар дугаар хороо, 13 дугаар хороолол 6 дугаар байр 191 тоотод оршин суух ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: КЮ 95060214/ Дайчид овогт Мөнхжаргалын Мөнхбаяр нь:
- 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АСЕ" цахим тоглоомын газарт Б.Мөнхбаярын “Iphone 6 plus “ маркийн гар утсыг түр хэрэглэж байгаад маргааш өгье гэж худал хэлэн авч "Лаки Койн" ломбарданд барьцаанд тавьж залилан Б.Мөнхбаярт 624.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Орчлон сургуулийн эсрэг талд байрлах АСЕ нэртэй цахим тоглоомын газарт орж ПС тоглодог байхад М.Мөнхбаяр гэх нэртэй ах байнга тэнд байж байдаг байсан. Тэгээд би М.Мөнхбаяр гэх ахтай танилцаад хамт тоглодог байсан. Нэг өдөр М.Мөнхбаяр ах “ Гар утсаа өгч бай. Би гар утсыг чинь аваад маргааш буцаагаад өгье. Буцааж өгөхдөө гар утас дээр нь мөнгө нэмээд өгье “ гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа өгсөн. Маргааш нь гар утсаа авья гэхэд маргааш маргааш гэсээр байгаад удчихсан. Тэгээд манай ээж цагдаагийн байгууллагад хандсан. М.Мөнхбаяр хохирлын мөнгийг барагдуулсан. Манай ээжийн данс руу гар утасны мөнгийг шилжүүлсэн гэв. / хх 27-28 /
Хохирогч Г.Туул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … Манай хүү М.Мөнхбаярын айфон 6 плюс маркийн гар утсыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цахим тоглоомын газарт байнга тоглож байдаг М.Мөнхбаяр гэдэг хүүхэд түр хэрэглээд өгнө гэж хэлээд авсан гэж байсан. Ингээд М.Мөнхбаяр гэдэг хүүхдийн фейсбүүк хаягаар нь орж асуухад удахгүй өгнө гэж хэлсэн гэсэн. 2017 оны 08 сарын дундуур манай хүү Б.Мөнхбаяр өөрийнхөө гар утсыг ломбарданд барьцаанд тавьсан талаар мэдсэн байсан ба Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талд байдаг Лаки Койн нэртэй ломбарданд гар утсыг 650.000 төгрөгөөр барьцаалсан байсан. Манай хүргэн Бат-Амгалан тухайн барьцаалан зээлдүүлэх газарт очиж Б.Мөнхбаярын гар утсыг 760.000 төгрөг төлж авсан байсан гэжээ. / хх 7-8 /
Дамно ХХК-ний үнэлгээний тайлан / хх 30-32 /
Гэрч Э.Бат-Амгалан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай хадам ээж Г.Туул нь надад Б.Мөнхбаярын гар утсыг хүн аваад ломбарданд тавьчихсан талаар хэлсэн. 2017 оны 09 сард санагдаж байна Сүхбаатар дүүргийн нутаг 4 дүгээр дэлгүүрийн хойно Лаки Койн гэх ломбарданд гар утсыг анх 650.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Би тус ломбарданд 760.000 төгрөгийг төлж уг гар утсыг авсан гэжээ. / хх 26 /
Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга / хх 40 /
Шүүгдэгч М.Мөнхбаярыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би писинд донтоод хичээл номоо хийхгүй сургуулиас гарсан. Гар утсыг нь барьцаанд тавиад мөнгөөр нь Дато 2 тоглоомын айтем-г худалдан аваад хөгжүүлж байгаад цаашаа өндөр үнээр зарна гэж бодсон боловч дампуурчихсан. Хохиролд 750.000 төгрөг төлсөн. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би ресторанд зөөгчөөр ороод 7 хоног ажиллаж байна. Цаашид сургуульдаа орж суралцана. Дахин гэмт хэрэг хийхгүй гэв.
Шүүгдэгч М.Мөнхбаяр нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АСЕ" цахим тоглоомын газарт Б.Мөнхбаярын “Iphone 6 plus “ маркийн гар утсыг түр хэрэглэж байгаад маргааш өгье гэж худал хэлэн авч "Лаки Койн" ломбарданд барьцаанд тавьж залилан Б.Мөнхбаярт 624.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …М.Мөнхбаяр ах “ Гар утсаа өгч бай. Би гар утсыг чинь аваад маргааш буцаагаад өгье. Буцааж өгөхдөө гар утсан дээр нь мөнгө нэмээд өгье “ гэж хэлэхээр нь өгсөн. Гэвч гар утсаа авья гэхэд маргааш маргааш гэсээр байгаад удчихсан учир цагдаад өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбаярын мэдүүлэг / хх 27-28 /, … Манай хүү Мөнхбаярын айфон 6 плюс маркийн гар утсыг цахим тоглоомын газарт хамт тоглодог Мөнхбаяр гэгч хүүхэд түр хэрэглээд өгье гэж аваад 2017 оны 08 дугаар сарын дундуур ломбарданд тавьсан байсныг манай хүргэн Бат-Амгалан 750.000 төгрөг төлж авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Туулын мэдүүлэг / хх 7-8 /, ...Лаки Койн гэх ломбарданд гар утсыг 650.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсныг ломбарданд 760.000 төгрөгийг төлж авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Бат-Амгалангийн мэдүүлэг / хх 26 /, …Дээрх утсыг 624.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнлгээний тайлан / хх 30-32 /, …Хохирлын мөнгийг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга / хх 40 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.Мөнхбаярыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Мөнхбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дайчид овогт Мөнхжаргалын Мөнхбаярыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Мөнхжаргалын Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Мөнхжаргалын Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Мөнхбаяр цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. М.Мөнхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Мөнхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ