Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

Ц.А, М.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

           Прокурор Т.Түмэнжаргал,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

          Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э өмгөөлөгч Б.Г-О гаргасан гомдлыг үндэслэн М.Э, Ц.А нарт холбогдох 2203005500598 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын  16-ны өдөр  хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

           Монгол Улсын иргэн, Т овогт Ц А 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдөр О аймгийн Б-Ө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт О аймгийн Б-Ө сум, Ц ч - дүгээр гудамжны - тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД: /,

         Монгол Улсын иргэн, Б овогт М 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр У хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт У хот, Б дүүрэг, дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх /РД: /,

        Яллагдагч Ц.А нь М.Э бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” хоолны газар Б.О уулзан, улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг” Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн “Хаан банк”-ны  тоот дансанд 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

        Яллагдагч М.Э нь Ц.А бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” хоолны газар Б.О уулзан, улмаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг” Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц.А “Хаан банк”-ны  тоот дансанд 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Ц.А, М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Ц А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б овогт М Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч М.Э оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүгдэгч Ц.А, М.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх, шүүгдэгч Ц.А, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга бүхий сиди 1 ширхэг, Төрийн банкны дансны хуулга бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

      Шүүгдэгч М.Э өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбар: Миний бие М.Э холбогдох хэргийг бол  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид  ашигтайгаар шийдвэрлэх зарчим дээр үйлчлэх ёсгүй ээ гэсэн гол агууллагаар гомдол гаргасан. Хохирогч Б.О мэдүүлэг байдаг энэ дээр Ц.А мөнгө өгсөн талаар мэдүүлэг байдаг бөгөөд М.Э мөнгө өгсөн гэх мэдүүлэг байхгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  мөн Б.О миний үйлчлүүлэгч М.Э 8,000,000 төгрөг аваад 6,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл явдал байгаад байхад үүнийг шүүхээс эрс зөрүүтэй дүгнэсэн шийтгэх тогтоол дээр тусгагдсан  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар Ц.А, М.Э хоёрын хооронд зээлийн хэрэгцээ, харилцаа үүссэн гэж үзээд шүүх бол маргааныг шийдвэрлээд дуусгавар болгоод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ийм баримтаар яригддаг. Гэтэл анхан шатны шүүхээс илт нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэж ойлгож байгаа, өөрөөр хэлбэл Чойрт М.Э Б.О уулзсан гэх асуудал ярьдаг миний үйлчлүүлэгч  уулзсанаа үгүйсгэхгүй боловч уулзаад юу ярьсан вэ? гэдэг дээр мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагаа огт хийгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мэдүүлэг зөрүүтэй байвал хэрхэн арилгах тусгасаар байтал энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй зөвхөн хохирогчийн  мэдүүлэгт үндэслээд яваад байгаа ийм үйл баримт байгаад байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай байгаад хамтран оролцсон үйл баримт байна гэж үзвэл өөрөө энэ хүн чинь вагон хайгаад Б.О руу мөнгө шилжүүлээд гуйгаад яваад байгаа үйлдэл байгаа гэтэл энэ  баримт дээр шүүх дүгнэлт хийхгүй миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугүй гэдэг үйл баримт хавтаст хэргийн хүрээнд ч тэр, сүүлд Ц.А Б.О  хохирол төлбөр барагдуулж өгөөд хүлээлцсэн баримт нь дээр, мөн Б.О Ц.А руу мөнгө шилжүүлсэн баримт, эдгээр баримт дээр бүхэлд нь дүгнэлт хийвэл миний үйлчлүүлэгч гэм буруугүй гэж үзэхээр нөхцөл байдал байгаа гэж ойлгож байгаа. Ийм учраас Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Э холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  өгнө үү,  гэж гомдол гаргасан гэв.

     Шүүгдэгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд найз Ц.А мөнгө зээлж авсан. Тухайн зээлсэн мөнгөө эргүүлэн төлсөн. Б.О гэж хүний мэдүүлж байгаа шиг би залилан мэхэлж нэг ч төгрөг аваагүй, харин Б.О гэдэг хүн Ц.А дамжуулж надтай танилцаад танилцсан харилцааны үндсэн дээр надаас 2020 оны 05 сард 8,000,000 төгрөг авсан, 6,000,000 төгрөгийг надад буцаан өгсөн, 2,000,000 төгрөгийн одоо болтол төлөөгүй байна. Ийм байж намайг Б.О мөнгө залилан авсан гэж гомдол гаргаад намайг гэм буруутайд тооцуулсанд гомдолтой байгаа тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарын хүрээнд миний холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

      Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүхэд хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 3.1, 39.4.5 дахь хэсгийг зааснаар удирдлага болгоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Э, Ц.А нарт холбогдох эрүүгийн 2203005500598 хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоод дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч  М.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын гаргасан гомдол, түүний хууль зүйн үндэслэлтэй танилцлаа.  Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э, Ц.А нарт 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан М.Э 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж шийтгэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар М.Э гэм буруутай нь нотлогдон тогтооддог. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө  үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

          Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  давж заалдсан гомдлуудын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

     Мөн шүүгдэгч нарт холбогдох хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх  шатанд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

          Шүүгдэгч М.Э, Ц.А нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар багийн нутаг дэвсгэр “Д” хоолны газар Б.О уулзан, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг” Улаанбаатар төмөр замын Х, А гэдэг дарга нарын нэрийг барьж урагшаа гаргах нүүрсний вагон дээр тушаал гаргаж өгнө асуудалгүй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ц.А “Хаан банк”-ны  тоот дансанд 47 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, 47 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн мэдүүлгүүдээс гадна  

          Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн  2022 оны 02 дугаар сарын эхээр Ц.А, М.Э  хоёр өөрийн биеээр Говьсүмбэр аймагт надтай ирж уулзаад “нүүрсний вагон авах айл байна уу” асуухад нь миний бие хоёр аж ахуйн нэгжийг санал болгосон. Улаанбаатар Төмөр замын даргын гарын үсгийг яах юм гэж Ц.А, М.Э нараас асуухад 50 000 000 төгрөгөөр Улаанбаатар Төмөр замын дарга Х, А нарын гарын үсгийг асуудалгүй зуруулж өгнө гээд хэлснийг Ш т, Э э ө ХХК-нуудад  дээрх асуудлын нөхцөл байдлыг хэлэхэд Ш т ХХК-ний М зөвшөөрч байна гэсэн.... М миний ... дансруу 2022 оны 03 дугаар сарын 29-ний ... 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн. ... Ц.А руу ярьж мөнгө чинь орлоо гэхэд 47 000 000 төгрөгийг шилжүүл...гэж хэлсний дагуу ... шилжүүлсэн. Э э ө ХХК-д нүүрсний вагон тавьж өгнө гээд холбогдох бичиг баримтуудыг бүгдийг нь А, Э нарт өгсөн. .... А жоншны тээвэр хийх 47 000 000 төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй Цагдаагийн байгууллагад өгснөөс хойш над руу залгаж өргөдлөө авчих, хурдан мөнгийг чинь өгчихнө гэж удаа дараа хэлдэг байсан гэх мэдүүлэг/1-р хх-ийг 12-14,15-16,18-21/,

          Гэрч Т.Б-Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Б.О дээр вагон тавьж өгнө гэж М.Э,Ц.А нар Говьсүмбэр аймагт ирсэн.... нарын хамт ...Д зоогийн газар уулзаж нүүрсний вагоны талаар ярьсан. М.Э, Ц.А нар нүүрсний вагон асуудалгүй урьдчилгаа 150 000 000 төгрөг авна гэж хэлсэн. ... Э э ө ХХК-н гэрчилгээ, гадаад худалдааны гэрээг О руу... явуулж Э А нарт өгүүлсэн. ...О нь Ш т ХХК-ний нүүрсний вагоныг УБТЗ-с тушаал гаргуулж өгнө гэж 47 000 000 төгрөгийг Э, А нарт өгсөн. Тэгээд тухайн тушаалыг гаргаж өгөөгүй гэх мэдүүлэг/1-р хх-ийн 124-125/, бусад гэрчийн мэдүүлгүүд, дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв болжээ.

          Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ.

          Шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар бичсэн давж заалдах гомдлыг дээр дурьсан үндэслэлээр хангах боломжгүй байгаа болно.  

         Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

          1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

           2. Анхан  болон  давж  заалдах  шатны  шүүхийн  хууль  хэрэглээний  зөрүүг арилгах,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийг  ноцтой  зөрчсөн  нь шүүхийн  шийдвэрт  нөлөөлсөн,   хуулийг  Улсын  дээд  шүүхийн  тогтоол, тайлбараас  өөрөөр  хэрэглэсэн,  эрх  зүйн  шинэ  ойлголт,  эсхүл  хууль  хэрэглээг тогтооход  зарчмын  хувьд  нийтлэг  ач  холбогдолтой  гэж  үзвэл  энэхүү магадлалыг  гардуулсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14  хоногийн  дотор  хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОДНЯМАА

             ШҮҮГЧ                                                     А.САЙНТӨГС

             ШҮҮГЧ                                                     Г.ТЭГШСУУРЬ