Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 181

 

 Ц.А-гийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын

 даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0028 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0170 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0028 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.А-гийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0170 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.А-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 03 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, Ц.А-д олгохыг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Ц.А-гийн нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 221/МА2019/0170 дугаар магадлалаар хянан шийдвэрлэхдээ “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...сахилгын зөрчил гаргасан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хуульд заасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзсэн байх шаардлагад нийцээгүй байна” гэж хоёр үндсэн агуулгаар дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхээс гэрч А.Андаа, Г.Саранхүү нарын мэдүүлгийг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай байна, хариуцагчийн шууд удирдлагад ажилладаг ажилтнуудын мэдүүлгийг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болохоор байна... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

5. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.1 -д “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо ажиллана.” гэж зааснаар ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ёс зүйн хорооны 2018.03.20-21-ний өдрүүдэд хуралдсан хуралдаанаар А.Андаагийн гомдлыг үндэслэн Ц.Аг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоохоор хэлэлцсэн байдаг бөгөөд энэхүү хуралдааны тэмдэглэлээс үзвэл гомдол гаргасан этгээдийн тайлбар, мөн тус байгууллагын ажилтан Э.Баяржаргал, Ж.Долгормаа, Г.Саранхүү, Ж.Азжаргал нарын тайлбар мэдүүлэг, Л.Андаа. Ц.Алтзаяа нарын утсаар ярьсан аудио бичлэг зэрэг баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргасан байдаг.

6. Энэ нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын “2.5. Ёс зүйн хороо нь дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд: 2.5.2. гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах, 2.5.4. гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх; гэсэн журмын дагуу үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоосон үйл ажиллагаа байна.

7. Мөн түүнчлэн ёс зүйн хороо зөвхөн эдгээр хүмүүсийн мэдүүлгээр бус хэрэгт баримтаар авагдсан Ц.А-гийн утсаар ярьсан бичлэг, өөрийнх нь тайлбар, гэрч Ж.Азжаргал, Э.Баяржаргал нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан төрийн албан хаагчид болохын хувьд ёс зүйн хорооны гишүүдийн хамтран хэлэлцсэн санал зэрэг баримтуудыг үндэслэн эцсийн шийдвэрээ гаргасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн шууд удирдлагад ажилладаг А.Андаа, Г.Саранхүү нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд үзэх нь өрөөсгөл гэж дүгнэсэн нь зөвхөн эдгээр хүмүүсийн мэдүүлэгт үндэслэсэн мэтээр бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсний дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх хуулийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт хийсэн.

8. Түүнээс гадна давж заалдах шатны шүүх зөрчлийн улмаас хор хохирол учирсан эсэх, зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл ногдуулах бүрэн боломжтой байжээ гэж дүгнэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй. Ц.А нь Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж буй төрийн албан хаагчийн хувьд үйл ажиллагаандаа төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт заасан “Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нийтлэг үүргийг ямагт хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байсан бөгөөд тухайн албан тушаалтан энэхүү зарчим, хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн явдалд хариуцлага хүлээлгэхэд энэхүү зөрчлийн улмаас хор хохирол учирсан эсэх нь ач холбогдолгүй.

9. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б84 дүгээр тушаалаар ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад ёс зүйн зөрчил гаргасан байхад давж заалдах шатны шүүх “хариуцагчийн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хуульд заасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзсэн байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь харин ч давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэсэн. Тус зүйлийн 26.2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж заасныг хэргийн нөхцөлд байдлыг дүгнэхдээ огт хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Давж заалдах шатны шүүхээс “ёс зүйн хорооны дүгнэлттэй нэхэмжлэгч маргаагүй боловч” гэсэн атлаа “...шүүх маргаан бүхий акт гарах болсон ёс зүйн хорооны дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсэхэд ... дүгнэлт хийх нь зүйтэй байна” гэжээ. Ёс зүйн зөрчил гаргасан талаарх дүгнэлт гарсан, түүнтэй нэхэмжлэгч маргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасныг зөрчсөн, 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй байна.

11. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт хийсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0170 дугаар магадлалыг хүчингүй болгож,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч Ц.А нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

14. Маргаан бүхий Б/48 дугаар тушаалаар, ...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1, 5.3.5 дахь заалт, Байгууллагын Ёс зүйн хорооны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/2018 тоот дүгнэлтийг үндэслэн, Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-г “Албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа ёс зүйгүй харилцсан зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халжээ. 

15. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч Ц.А-г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлээр, ...төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, зорилгодоо нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдэл зөв байна.

16. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ...26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж хуульчилсан. Мөн Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. ...” гэж заасан. 

17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ёс зүйн хороонд тус газрын мэргэжилтэн А.Андаа нь нэхэмжлэгч Ц.А-тай холбогдуулан өргөдөл гаргасан байх бөгөөд тус өргөдлийн дагуу Ёс зүйн хороо 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, 01/2018 тоот дүгнэлтээр Ц.А-г “бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа ёс зүйгүй харилцсан” зөрчил гаргасан гэж дүгнэсэн, энэхүү дүгнэлтийг үндэслэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Б/48 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлжээ.

          18. Хариуцагчаас дээрх, Б/48 дугаар тушаалын үндэслэлийг “...нэхэмжлэгч Ц.А нь 2018 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан Дүнжингарав хаврын бүсийн хурдан морины уралдааны үеэр Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд болон уралдаанч хүүхдүүдтэй ёс зүйгүй харьцсан, мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад хүндэтгэлгүй, чирэгдэлтэй, ялгаварласан байдлаар ханддаг, бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгч байсан” гэсэн агуулгаар тайлбарласан байна.

19. Гэвч, хариуцагчийн шууд удирдлага дор ажилладаг, түүний шийдвэрээр томилогдож, чөлөөлөгддөг ажилтнууд болох А.Андаа, Г.Саранхүү нарын гаргасан өргөдөл, мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь учир дутагдалтай, мөн Ёс зүйн хорооны 01/2018 тоот дүгнэлт нь Говьсүмбэр аймгийн Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот албан бичгийг үндэслээгүй, өөрөөр хэлбэл, уг албан бичиг нь цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны акт гарсны дараа /2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Чинбатад цохсон/ тус газарт ирсэн байхад анхан шатны шүүх уг албан бичгийг нотлох баримтаар үнэлсэн, түүнчлэн Ц.Оюунбилэг, О.Цэвээн нар нь тус Ёс зүйн хорооны хуралдаанд оролцож, нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэгэн гомдол, тайлбар гаргаагүй байхад тэдний мэдүүлгийг мөн үнэлэх зэргээр дээрх хууль, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

20. Гэтэл анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Ц.А нь “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1, 5.3.5, Ажлын байрны тодорхойлолтын 1.2-т заагдсан тусгайлсан шаардлагыг зөрчсөн болох нь Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 03 тоот албан бичиг, гэрч А.Андаа, Г.Саранхүү, Ц.Оюунбилэг, О.Цэвээн нарын мэдүүлэг, Ёс зүйн хорооны 2018 оны 01/2018 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцээгүй байна.

21. Иймд, нэхэмжлэгч Ц.А-г төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасантай нийцээгүй гэж дүгнэн, маргаан бүхий Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.А-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны /2018 оны 3 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх/ цалинг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.        

22. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА