Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0181

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0181

Улаанбаатар хот

      “З ч м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн захирал Т.Э гаргасан давж заалдах гомдлоор тус компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн захирал Т.Э 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “З ч м” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх хэсгийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн захирал Т.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх хэсэгт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Баянтал нэртэй талбайд 8269.78 га газарт сонгон шалгаруулалт зарласан.

Ашигт малтмалын газрын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6/4926 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргаас санал авах мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийг Дорноговь аймгийн Засаг дарга хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 921 дүгээр албан бичгээр Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авах хүсэлт ирүүлснийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн “тухайн талбай дээр сонгон шалгаруулалт явуулахыг 100 хувийн саналаар татгалзсан” шийдвэр гарч аймгийн Засаг даргад буцаан хүргүүлсэн.

Гэтэл аймгийн Засаг даргын хариуцлагагүй улмаас Ашигт малтмалын газарт хуулийн хугацаанд хариуг хүргүүлээгүй байх бөгөөд төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогүй, хайхрамжгүй байдлаас болж тухайн орон нутагт, тэр тусмаа тухайн сонгон шалгаруулалт зарласан талбайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөөд байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс “...аймгийн Засаг дарга сонгон шалгаруулалтын талбайг тодорхойлсонтой холбогдуулан санал ирүүлээгүй нь Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалт зарлах үндэслэл болсон тул хууль зөрчөөгүй байна...” гэж дүгнэсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу газар эзэмшиж, тухайн газар дээрээ уурхайн ажилчдын суурьшлын бүс байгуулан 2 шатахуун түгээх станц, 4 худаг гарган ус татах болон зайлуулах хоолой, далан, усан сан, цахилгаан, шилэн кабель татаж нийтдээ 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт хийж, цаашлаад 2 тэр бум төгрөгийн өртөг бүхий “Чандманийн төмрийн хүдрийн уурхай”-н шинэ суурьшлын бүс байгуулах төслийг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар батлуулан төслийн ажлаа эхлээд байхад манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шийдвэрлэсэн нь шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой үнэн зөв дүгнэлт хийсэнгүй.

2.Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаар тогтоолоор Цагаанхад багын Цагаанхад уул нэртэй газарт уурхайн эдэлбэр газрын зориулалтаар “З ч м” ХХК-д 631.588 га газрыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дагуу Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжаар дээрх газрыг “З ч м” ХХК-д 26 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан 000298137 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаар маргаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргад уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй, ...газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах” мөн 20 дугаар зүйлийн 20.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу “З ч м” ХХК нь тухайн газрыг хууль, журмын дагуу эзэмшиж байсан.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“З ч м” ХХК газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т заасныг зөрчсөн хэмээн дүгнээд хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа явуулах ёстой” гэж дүгнэсэн.

Энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгыг ойлгоогүй, хэргийн материалыг бүх талаас нь судлаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Учир нь нэхэмжлэгч “З ч м” ХХК Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 4/08 дугаар тогтоолоор Цагаанхад багын Цагаанхад уул нэртэй газарт уурхайн эдэлбэр газрын зориулалтаар “З ч м” ХХК-д 631.588 га газрыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан. Үүний дагуу Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжаар дээрх газрыг “З ч м” ХХК-д 26 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж аж, ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000298137 дугаар гэрчилгээ олгосон.

Шүүх “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төсөл сонгон шалгаруулалтын газрын үнэ 606.508.800 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүйгээс Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн байна.

“З ч м” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга З.Б, Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Б нартай газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт үйлдэж, актын 1-ын а/-д заасан төлбөрийн графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор газрын төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон.

Манай компанийн зүгээс уг тооцоо нийлсэн актад заасан графикийн дагуу газрын үнийг төлөхөд бэлэн, бүрэн боломжтой байсан боловч манай компанид олгосон 631.78 га газар дээр Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг давхардуулан зарласан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан байсан тул уг маргааныг шийдвэрлэгдэж дуусах хүртэл газрын төлбөрийг төлөх асуудлыг Дорноговь аймгийн Газрын албанаас түр хойшлуулаад байсан.

Ингээд манай компанийн зүгээс актад заасан төлбөр төлөх хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Газрын алба, сумын Засаг дарга нартай биечлэн уулзаж төлбөрийг бүхэлд нь төлөх санал тавьсан боловч “түр хүлээж бай” гэсэн хариу өгч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дэлгэрэх сумын Засаг даргын “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжаар манай компанид эзэмшүүлэхээр олгосон 631.78 га газрын эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр газрын төлбөр төлөх графикт хугацаа дуусахаас өмнө буюу мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Газрын алба, сумын Засаг дарга нартай биечлэн уулзаж төлбөрийг бүхэлд нь төлөх санал тавьсаар байтал газрын төлбөрийг төлүүлэхгүй хүлээлгэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “З ч м” ХХК-ийг төлбөр төлөх графикт хугацааг зөрчсөн мэтээр харагдуулж газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Төрийн захиргааны байгууллагын дээрх үйлдэл нь “З ч м” ХХК-ийг өөрсдөө төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн болгож харагдуулах гэсэн хууран мэхлэх замаар санаатайгаар илтэд хохироосон үйлдэл болох нь харагддаг.

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргад явуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 940 дүгээр албан бичиг, Дорноговь аймгийн Засаг даргаас Дэлгэрэх сумын Засаг дарга З.Б явуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/2021 дүгээр албан бичиг, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамж зэрэг эрх зүйн үр дагавар бүхий баримт бичгүүдийг “З ч м” ХХК-ийн захирал Т.Э Дорноговь аймагт байсаар байтал мэдэгдэлгүйгээр гаргасан.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах үед “З ч м” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамж, 000298137 дугаар газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсан бөгөөд дээрх хүчин төгөлдөр эрхийн дагуу эзэмшиж буй газартай давхардуулан Ашигт малтмалын газрын дарга 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх хэсгээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг, Баянтал нэртэй талбайд 8269.78 га газарт сонгон шалгаруулалт зарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаж байгааг анхаарч үзнэ үү.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, иймд шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаар тогтоолоор батлагдсан тус сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 1 дүгээр хавсралтаар Цагаанхад багийн Цагаанхад уул байршилд 631,78 га-г уурхайн эдэлбэр газрын зориулалтаар “З ч м” ХХК-д эзэмшүүлэхээр газрын байршил, хэмжээг тогтоосны дагуу сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар дээрх газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар тус компанид 26 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

“З ч м” ХХК-иас энэхүү газарт уурхайн ажилчдын суурьшлын бүс байгуулсан, мөн 2 ширхэг шатахуун түгээх станц байрлуулж, 4 ширхэг гүний худаг гаргасан, мөн ус татах болон зайлуулах хоолой, далан, усан сан, цахилгааны дэд өртөө, цахилгааны дэд станцын удирдлагын барилга, цахилгаан дамжуулах агаарын шугам, нойтон баяжуулах үйлдвэрийн барилгын суурь тавих зэргээр бодитой хөрөнгө оруулалт хийсэн болох нь хэрэгт авагдсан фото зургаар тогтоогдох бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн а/92 дугаар тушаалын хавсралтын 9 дэх хэсэгт энэхүү талбайг бүхэлд нь хамруулан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт нийт 8269,78 га бүхий Баянтал нэртэй талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...сонгон шалгаруулалт зарласнаар зөвхөн газрын хэвлийд орших эрдсийн нөөцийг тогтооход чиглэгдсэн...” гэх агуулгатай тайлбар гаргах боловч Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайн аль ч хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй, учир нь хайгуулын үр дүнгээр нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт бий болгосон газарт  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдох үр дагавар үүсэх боломжтой.

Гэтэл анхан шатны шүүхээс “...Дэлгэрэх сумын Засаг даргад уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй, өөрөөр хэлбэл тухайн захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна...” гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, үүнийгээ шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.  

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар газрын үнийг төлөөгүйтэй холбогдуулан Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамжийг хүчингүй болгосон ч энэ нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

2.Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11/07 дугаар тогтоолоор энэхүү сонгон шалгаруулалт зарласан талбайг бүхэлд нь хамруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авсныг кадастрын мэдээллийн системд бүртгэсэн болох нь тус сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/293 дугаар албан бичиг, Ашигт малтмалын газрын Ирсэн бичгийн бүртгэлийн карт болон тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 6/303 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2/1615 дугаар албан бичиг, уг бичгийн 8, 9 дүгээр хавсралт дахь зургаар сонгон шалгаруулалт зарласан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхцаж байгаа нь батлагддаг.

Цаг хугацааны хувьд тухайн талбайг ийнхүү орон нутгийн тусгай хамгаалалтад авахаас өмнө сонгон шалгаруулалт зарласан ч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/655 дугаар бичгийн тайлбараас үзэхэд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8766 дугаар захирамж гарсны дагуу сонгон шалгаруулалтад санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн материалыг задлаагүй, тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгогдоогүй, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 8045 дугаар захирамжаар тушаалын хавсралтын 9 дэх хэсгийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269,78 га бүхий Баянтал нэртэй талбайд зарласан сонгон шалгаруулалтыг энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар орон нутгийн өөрөөр удирдах байгууллага тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхтэй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт тус тус зааснаар ийнхүү тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор тухайн газрын байрших аймаг сумын нэр, бүх булангийн цэгийн солбицол, тусгай хэрэгцээнд авах болсон зорилго, хугацааг хариуцагч байгууллагад ирүүлэхээр, төрийн захиргааны байгууллага тухайн газрыг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхээр тус тус заасан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүхэд энэхүү маргаан хэрхэн эцэслэн шийдвэрлэгдэхээс үл хамааран цаг хугацааны хувьд түдгэлзсэн байгаа сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй буюу тухайн талбайд ашигт малтмал эрх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлагдсан байна. 

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын газраас Дундговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт нийт 8269,78 га талбайд сонгон шалгаруулалт зарлахаас өмнө санал авахаар тус газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6/4926 дугаар мэдэгдлийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд хариу ирүүлээгүй, гэвч хэрэгт авагдсан баримтаар Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/921 дүгээр албан бичгээр Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн саналаа яаралтай ирүүлэхийг Хурлын даргад уламжилсны дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар тухайн талбайд хайгуул хийхийг татгалзсан болохыг хуралдааны тэмдэглэлийн хамт аймгийн Засаг даргад 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар албан бичгээр хүргүүлсэн болох нь тогтоогддог.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн төрийн захиргааны байгууллагын мэдэгдлийг хүлээн авсан холбогдох аймгийн Засаг дарга нь тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор дэмжсэн эсэх талаар хариу өгөхөөр зохицуулсан.

Иймд тухай үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ашигт малтмалын сонгон шалгаруулалт явуулахыг татгалзсан, мөн сонгон шалгаруулалт зарласны дараа тухайн талбайг оруулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, сонгон шалгаруулалт зарласан талбайн зарим хэсэгт нэхэмжлэгчээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох тул хариуцагчаас эдгээр бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах нь зүйтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байх” шаардлагыг хангасан байх, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа явуулах шаардлагатай тул нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 631,78 га талбайтай давхцал бүхий хэсэгт дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв. 

1-р хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн зургаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт сонгон шалгаруулалт зарласан талбай нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын MV-015594 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай тодорхой хэмжээгээр давхцалтай гарсан байгааг дахин акт гаргахдаа анхаарах шаардлагатай болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмалын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын хавсралтын 9 дэх хэсгийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269,78 га бүхий Баянтал нэртэй газарт нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн эзэмшиж байсан 631,78 га талбайтай давхцал бүхий хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актын давхцал бүхий хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН