Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 3

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Засаг чандмань майнз” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Засаг чандмань майнз” ХХК-ийн захирал Т.Эрдэнэбатхаан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэрээтэрпүрэв, өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Засаг чандмань майнз” ХХК-ийн шүүхэд гаргасан болон тус компанийн захирал Т.Эрдэнэбатхаан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэрээтэрпүрэв, өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 4/08  дугаар тогтоолын 1-р хавсралтын 9, мөн сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Цагаанхад багийн Чандмань уулын баруун хойд талд уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар 631.78 га газрыг “Засаг чандмань майнз” ХХК-д 26 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. 

Гэтэл Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх хэсэгт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа дээр дурьдсан нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/07 дугаар тогтоолоор дээрх сонгон шалгаруулалт зарласан Баянтал нэртэй газрын талбай нь бүхэлдээ орон нутгийн тусгай хамгаалалтад 26 жилийн хугацаатай авагдсан болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, 17.2.3-д “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” байх гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох талбай нь тусгай хэрэгцээний талбай болон бусдад түрүүлж тусгай зөвшөөрөл олгогдсон газартай давхцаагүй байх хуулийн шаардлагатай.

Гэтэл Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахдаа манай “Засаг чандмань майнз” ХХК-ийн эзэмшил газар болон Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхацсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулалт зарласан нь илт хууль бус байна.

Тухайн эдэлбэр газар дээр уурхайг ашиглахад шаардлагатай ажилчдын байр, хоёр шатахуун түгээх газар болон түрүүн дурдсанчлан бүтээн байгуулалтыг барьж байгуулсан. Тусгай зөвшөөрлийн талбай дээр уурхай ашиглагдаж байгаа. Уурхайг ашиглаж байхад зөвхөн 2016 оны байдлаар татварт 2 тэрбум төгрөг төлсөн байдаг. 2014-2016 оны байдлаар 17 сая долларын хөрөнгө оруулалт орсон. Эдэлбэр газар нь уурхайтай салшгүй холбоотой юм.

Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамж нь мөн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар хүчингүй болсныг нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцах үед мэдсэн. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны А/138 дугаар захирамж хууль зүйн хувьд хүчингүй болсон хэдий ч Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 гэсэн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Бидэнд тухайн газрыг эзэмших ашиг сонирхол байгаа юм. 

Тухайн захиргааны акт хууль эрх зүйн хувьд зөрчилтэй, хууль зөрчсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон, их хэмжээний хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлсэн шийдвэр тул нэхэмжлэгчийн эрх, ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад бидний эрх, ашиг хөндөгдөж байсан. Мөн газар эзэмших эрхтэй байсан. Газар эзэмших эрхтэй байхад давхцуулж сонгон шалгаруулалт зарласан. Эрх зүйн үр дагавар нь хууль зүйн хувьд зөрчилгүй болсон гэж үзэж байгаа хэдий ч ашиг сонирхлын хувьд зөрчилтэй байгаа юм.

Иймд Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгүүд болон Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол, Уул, уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газраас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийт 9 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан.

Эдгээр талбайнуудын нэг нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Баянтал нэртэй 8269.78 га бүхий талбай байсан бөгөөд уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох болсон. Дээрх талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа Ашигт малтмалын газраас холбогдох хууль, журмын дагуу шаардлагатай ажиллагааг явуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар заасан байдаг бөгөөд Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Уг журмын 3.3-т “Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт явуулах талаар тухайн талбайн байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасан.

Энэ дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 6/4926 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох боломжтой байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасны дагуу саналын хуудас хүргүүлж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт тус тус зааснаар 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзэхийг анхаарна уу” гэж холбогдох хууль, журмыг тодорхой дурдаж өгсөн.

Гэвч Дорноговь аймгийн Засаг даргаас уг албан бичгийн хариуг Ашигт малтмалын газарт хуульд заасны дагуу ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн байдаг.

Мөн Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаас бусад үндэслэлээр татгалзсан, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалт явуулах тушаал гаргаж, сонгон шалгаруулалт явуулна” гэж заасан.

Дээрх хууль, журамд заасан зохицуулалтын дагуу Дорноговь аймгийн Засаг даргаас хариу ирүүлээгүй тул тухайн талбайд холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан байна. Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссоос явуулсан дээрх үйл ажиллагаа нь холбогдох хууль, түүнийг үндэслэн гарсан журмын дагуу хийгдсэн хууль ёсны үндэслэл бүхий үйл ажиллагаа болно.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11/07 дугаар “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол гарахаас өмнө Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд хамааруулсан байна. Түүнчлэн Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласны дагуу Ашигт малтмалын газар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уг талбайд сонгон шалгаруулалт зарласан болно.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11/07 дугаар тогтоол нь дээрх шийдвэрүүд гарсны дараа гарсан болохынхоо хувьд, мөн тусгай хэрэгцээнд авсан тогтоолыг холбогдох хуульд заасны дагуу Ашигт малтмалын газарт ирүүлж бүртгүүлээгүй нь эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр болохгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан шаардлагыг бүрэн хангасан. Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/92 дугаар тушаал гаргахад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байрлах маргаан бүхий газарт 8269.72 га талбай дээр ямар ч давхцалгүй гэдгийг Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлтээр нотлогддог юм. 

Монгол Улсын Их Хурлаас баталсан Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай нь давхцаагүй бол тусгай зөвшөөрлийг олгохоор хуульчилсан.

Уурхайн эдэлбэр газар гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.16, 4.18 дээр тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл 571.03 га газар нь уурхайн эдэлбэр газар болохоос 631.78 га газар нь уурхайн эдэлбэр газарт хамаарахгүй. Газрын тухай хууль дээр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглосон. “Засаг чандмань майнз” ХХК нь газар эзэмшиж байсан ба уг эрх нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжаар хүчингүй болсон байгаа юм. Нэхэмжлэгч тал хэлэхдээ зам болон шугам сүлжээ барьсан гэж хэлж байна. Газрын тухай хуульд зам, шугам сүлжээний газар бол нийтийн эдэлбэр газар хэн нэгэнд эзэмшүүлж өгдөггүй юм. 

Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зарласан тул уг захиргааны акт хууль зүйн хувьд хүчинтэй. Газар эзэмших эрхгүй этгээдийн эрх зөрчигдөнө гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй 

Иймээс Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг 8269.78 га бүхий "Баянтал” нэртэй талбайд төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан нь “Засаг чандмань майнз” ХХК-ийн болон бусад хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Засаг чандмань майнз” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Засаг чандмань майнз” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ” гэж тодруулж тодорхойлсон болно.

1. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоон, Уул, уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталжээ.

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол ,  Уул, уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын  гуравдугаар зүйлийн 3.5 дахь хэсгийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалаар нийт 9 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан байна. 

Дээрх “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын гуравдугаар зүйлийн 3.3-д “Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт явуулах талаар тухайн талбай байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 24.3-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 3.4-д “Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасны дагуу хариуг төрийн захиргааны байгууллагад өгнө”, 3.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаас бусад үндэслэлээр татгалзсан, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалт явуулах тушаал гаргах, сонгон шалгаруулалт явуулна” гэж журамлан тогтоожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, дээрх журмын гуравдугаар зүйлийн 3.3 дахь заалтуудын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/4926 дугаартай  Дорноговь аймгийн Засаг даргад хаягласан албан бичгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 1601 дүгээр , 304 дүгээрт  тус тус бүртгэн хүлээн авсан байна.

Гэтэл Дорноговь аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын гуравдугаар зүйлийн 3.4-д “Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу хариуг төрийн захиргааны байгууллагад өгнө” гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагад “хариуг өгөөгүй” болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/1481 дүгээр  албан бичиг, хариуцагчийн шүүх хуралдаанд “Засаг дарга 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу зөвшөөрсөн гэж үзэж сонгон шалгаруулалтыг зарласан “ гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэгэнт Дорноговь аймгийн Засаг дарга хуульд заасан хугацаанд “хариу өгөөгүй” тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “... бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 3.5-д “...Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалт явуулах тушаал гаргах, сонгон шалгаруулалт явуулна” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар  тушаалаар нийт 9 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан захиргааны байгууллагын энэхүү шийдвэр нь хууль болон журамд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр байна.

2. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...“Засаг чандмань майнз” ХХК-ийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжтай, тус сумын Цагаан хад багийн Чандмань уулын баруун хойд талд уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар 26 жилийн хугацаатай эзэмшиж буй 631.78 га газартай давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна” гэж өөрчлөн, маргаж байна.

А) 2014 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн Чандмань уулын баруун хойд талд уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар 631.78 га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар 606.508.800 төгрөгөөр “Засаг чандмань майнз” ХХК-д газар эзэмшүүлэхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны А/138 дугаар  захирамжаар шийдвэрлэжээ.  

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж, мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар  хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 1-д “Улс, бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой, түүнчлэн хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.18-д ”уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг”, 4.1.19-д ”уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг” хэлнэ гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд болон журмын дээрх заалтаас үзвэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргад “уурхайн суурьшлын бүс (уурхайн эдэлбэр газар)-ийн” зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй, өөрөөр хэлбэл тухайн захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. 

Иймээс Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийн дагуу “Засаг чандмань майнз” ХХК-д “уурхайн суурьшлын бүс (уурхайн эдэлбэр газар)-ийн” зориулалтаар 631.78 га газрыг эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Б) “Засаг чандмань майнз” ХХК нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх заалтаар тус сумын Цагаан хад багийн нутагт “уурхайн суурьшлын бүс (уурхайн эдэлбэр газар)-ийн” зориулалтаар 631.78 га газрыг 26 жилийн хугацаатай эзэмшиж байжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж тус тус заажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Засаг чандмань майнз” ХХК болон Дэлгэрэх сумын Засаг дарга, газрын даамлын хооронд газар эзэмших гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхийг баталгаажуулсан эрхийн гэрчилгээгүй, мөн нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар төсөл сонгон шалгаруулалтын газрын үнэ болох 606.508.800 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/2021 , мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 928 , 12 дугаар сарын 15-ны өдрийн 940  дүгээр албан бичгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар  захирамжийн 1 дэх заалтаар “... уг төслийн баримт бичигт газрын үнийг 606.508.800 төгрөгөөр үнэлсэн ба “Засаг чандмань майнз” ХХК нь газрын үнийг төлөөгүйтэй холбогдуулан Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна.

Нэгэнт нэхэмжлэгч “Засаг чандмань майнз” ХХК-д газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, мөн төсөл сонгон шалгаруулалтын газрын үнэ болох 606.508.800 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй зэрэг зөрчилтэй байсан тул Дэлгэрэх сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийг гаргажээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “Засаг чандмань майнз” ХХК-д газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх ба Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна. 

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой болно. 

Иймд Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Засаг чандмань майнз” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Засаг чандмань майнз” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га бүхий Баянтал нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Засаг чандмань майнз” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ЦЭЦЭГМАА