Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00601

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00357 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Бын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/00293 дугаартай захирамжаар иргэн Г.Баас Рийлайс ББСБ ХХК-д 69 375 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байрны 111 тоот 78.3 м.кв талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж үнэлгээг тогтоолгосон байна. Үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК хийж орон сууцыг 150 336 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн. Миний бие орон нутагт байсан учир энэхүү үнэлгээний тайлантай 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр танилцаад үнэлгээг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын дээрх шийдвэр нь зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байна. Орон сууцны нэг метр квадрат талбайн үнэлгээг 1 920 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл манай байрны орон сууцнуудыг зах зээл дээр доод тал нь нэг метр талбайг 2 000 000 төгрөгөөр үнэлж худалдан борлуулж байгаа мэдээлэл байдаг. Үнэлгээг хийхдээ хоёрхон орон сууцыг харьцуулж гаргасан бодитой биш байна. Албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулахдаа тогтоосон үнэлгээний 70 болон 50 хувиар тооцож дуудлага худалдааны доод үнийг тогтоодог. Ингэж тогтоохоор манай байрны үнэлгээ бүүр хямдхан болж байгаа юм. Бусад үнэлгээний тайланг харахад 3 болон түүнээс дээш орон сууцыг жишиг болгон авч үздэг. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тухайн үл хөдлөх хөрөнгийн жишиг үнэ 2 000 000 төгрөгөөс эхэлж байсан. Иймд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байрны 111 тоот 78.3 м.кв талбай бүхий орон сууцыг илт бага үнээр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аваасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/00293 дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энх тайвны өргөн чөлөө гудамж, Гааль 7 байр, 21 тоотод оршин суух Ганбатын Баярбатаас 69 375 899.03 төгрөг гаргуулжРилайнс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, хэрэв хариуцагч графикийн дагуу төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байр, 111 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054472 дугаарт бүртгэлтэй 78.3 м.кв талбайтай үлд хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 5 дугаар 04-ний өдөр үүсгэн хариуцагч Г.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байр, 111 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054472 дугаарт бүртгэлтэй 78.3 м.кв талбайтай үл хөдлөх хөоөнгийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20250418/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20250418/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч Г.Б 220 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК-д үнийн санал авахад 133 110 000 төгрөгийн үнийн санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-аас үнэлгээ тогтоолгоход 150 336 000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч Г.Б, төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4-171/35670, 4-171/3669 тоотоор тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/00293 дугаартай захирамжаар Г.Б нь “Рилайнс ББСБ” ХХК-д 69 375 899 төгрөгийг өгөхөөр болсон. Уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 37 дугаар байрны 111 тоот 78.3 м.кв талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж үнэлгээг “Сэлэнгэ эстимэйт” ХХК хийж орон сууцыг 150 336 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээ хийх гол аргачлал нь зах зээлийн хандлагын арга байдаг. “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайландаа 2 үл хөдлөх хөрөнгөтөй жишиж зах зээлийн үнийг тогтоосон. Үнэлгээг 3 буюу түүнээс дээш үл хөдлөх хөрөнгөтэй жиших, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил шинж байдалтай үл хөдлөх хөрөнгө харьцуулах нь үнэлгээ бодит, үнэн гарах үндэслэл болдог .Өөрөөр хэлбэл, давхрын тоо, талбайн хэмжээ эрс зөрүүтэй, өөр өөр шинж байдал бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хооронд нь жишиж үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Б нь НШШГГт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2205054472 дугаартай, Баянгол дүүргийн 08 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 111 тоот хаягт байршилтай, 78.3 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 69 375 899 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/00293 дугаар захирамжаар хариуцагч Г.Баас 69 375 899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Рилайyс ББСБ ХХК-д олгож, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 111 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054472 дугаарт бүртгэлтэй, 78,3 м.кв талбайтай бүхий, 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 44 дүгээр тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2020/06665 дугаар захирамж гарч, мөн өдөр 518 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 20250418/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20250418/02 тоот тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 46,48 дугаар тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнэлсэн үнийн дүнг төлбөр авагч хүлээн зөвшөөрөлгүй 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 51 дүгээр тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/463 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 52 дугаар тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, Э.Төгөлдөр, Г.Б нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 08 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 111 тоот хаягт байршилтай, 78.3 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 150 336 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 30-43 дугаар тал/

            Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь Э.Төгөлдөр, Г.Б нарын өмчлөлийн орон сууцыг өртөгийн хандлагаар 110 278 328 төгрөгөөр, жишиг үнийн хандлагаар 150 336 000 төгрөгөөр тодорхойлон, дээрх 2 аргын харьцуулан дүгнэж жишиг үнийн хандлагаар үнэлсэн үнэлгээ болох 150 336 000 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй. Түүнчлэн жишиг үнийн хандлагыг тооцохдоо байрлал, хийц ойролцоо 2 үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс 2 үл хөдлөх хөрөнгөтөй жишиж зах зээлийн үнийг тогтоосон нь тухайн хөрөнгийн үнэлгээ бодит гараагүй буюу үнэлгээг 3-аас дээш үл хөдлөх хөрөнгөтэй жиших, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил шинж байдалтай үл хөдлөх хөрөнгө харьцуулсан тохиолдолд үнэлгээ өөр гаргах байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хэргийн 31-40 дүгээр тал/

            Нэхэмжлэгчээс “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

          ШҮҮГЧИД                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           С.ЭНХТӨР