Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00650

 

 

 

 

 

 

 

 

Т.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00316 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Мы хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М нь 2011 онд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлээр худалдан авч, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ү-2205046203 тоот бүртгэлийн дугаарт бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Багануурт дүүрэгт оршин сууж, ажиллаж, амьдардаг тул дүү С.Б, түүнийг гэр бүлийн хамт Баянгол дүүргийн уг орон сууцанд амьдруулж байсан. Маргаан бүхий орон сууцыг 2016 онд худалдахаар болж энэ тухай дүү, түүний гэр бүлийнхэнд дуулгаад худалдаж авах хүн хайж байгаарай гэсэн. Гэтэл дүү С.Б манай найз Ц.Энхбат уг орон сууцны чинь зээлийн үлдэгдэл 19 000 000 төгрөгийг төлж дуусгаад байрыг чинь бусдад зараад өгье, харин зарсан мөнгийг нь аваад өөрийн бизнестээ хөрөнгө оруулж хэрэглэчихээд 1 жилийн дараа буцааж өгье гэж байна, та энэ саналыг зөвшөөрөх үү гэсний дагуу Т.М уг саналыг хүлээн авсан. 2016 оны 11 дүгээр сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 19 000 000 төгрөг байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Мыг дүү С.Б нотариатад дуудсаны дагуу очиход нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг худалдаж авахаар Д.О гэх хүн ирсэн байсан. Худалдан авагч Д.О нь байрыг 66 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авч байгаа, мөнгийг Ц.Энхбатад өгсөн, одоо гэрээндээ гарын үсэг зурчихаад та явж болно гэсний дагуу гэрээнд гарын үсэг зураад явсан. Байраа худалдсанаас хойш 11 сарын дараа тохиролцсон ёсоор Ц.Энхбатаас байр зарсан 66 000 000 төгрөгийг буцаан авахаар 2017 оны 11 дүгээр сард холбогдоход мөнгийг чинь удахгүй өгнө, түр хүлээж байгаарай гэх хариуг авсан. Хэлснийх нь дагуу хэсэг хүлээсний эцэст мөнгөө өгөхгүй байсан учир дүү С.Бтай холбогдож энэ асуудлыг шийдвэрлэж дуусгах талаар ярилцсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах үед Д.О нь Ц.Энхбатад 66 000 000 төгрөгийг өгсөн мэтээр ярьсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.4.-д зааснаар хэлцлийнхээ агуулгыг эндүүрч, тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн хэлцлийг хийлгэж гарын үсэг зуруулсан. Д.О 20 000 000 төгрөгийг Т.Мд өгч, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг Ц.Энхбатад өгсөн гэдэг, Т.М 45 000 000 төгрөгийг Ц.Энхбатаас авна гэж бодож байсан ба Ц.Энхбат хүлээж бай гэдэг.Тухайн үед Ц.Энхбатаас энэ тухай асуухад мөнгийг өөрөө шилжүүлэн авсан гэсэн хариу өгсөн учир орон сууцны мөнгө төлөгдсөн гэж гэрээнд тусгаад, өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг байгуулсан. Энэ бүгдээс дүгнэхэд Д.О, Ц.Энхбат нар нь Т.Мы орон сууцыг хоорондын өглөг, авлагыг хаах зорилгоор, өмчлөгчид худал хэлж авсан болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч нь тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Худалдагч Т.Мы хувьд хуульд заасан үүргээ биелүүлсэн байтал худалдан авагч Д.О нь түүнд хэлэхдээ тохиролцсон үнийг Ц.Энхбатад өгсөн гэж ойлгуулсан боловч, уг мөнгийг өгөөгүй, харин өрөндөө тооцож байрыг авсан байгаа. Д.Од нэхэмжлэгч нь ямар нэг байдлаар өр төлбөргүй бөгөөд хэрвээ Ц.Энхбатын Д.Од төлөх ёстой байсан өр төлбөрийг нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх талаар тохиролцсон бол уг агуулгыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд тусгах ёстой байсан. Уг гэрээний гол зүйл бол үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авагч 66,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг уг өдрөө бүрэн төлж дуусгасан мэтээр байгуулсан. Иймд Д.О нь бодит нөхцөл байдлыг өмчлөгчөөс нуун дарагдуулж, төөрөгдөлд оруулан, хууль зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Ү-2205046203 тоот бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоот 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 66,000,000 төгрөгөөр худалдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.4. дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Ү-2205046203 тоот бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.О, Ц.Энхбат нарыг хариуцагчаар татсан боловч Ц.Энхбат нь уг хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул Ц.Энхбатыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.О нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Т.Мы өмчлөлийн Ү-2205046203 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 104 дүгээр байрны 59 тоот 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 66 000 000 төгрөгөөр тооцож худалдан авч, уг гэрээгээ мөн өдрөө нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн үед Т.М, түүний дүү С.Б нар нь манай ажил дээр ирээд намайг аваад өөрсдийнх нь таньдаг гэх нотариат дээр очиж уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Т.Мы нэр дээрх уг орон сууц нь банкны зээлтэй, барьцаанд байсан бөгөөд зээлийн үлдэгдлийг бэлнээр төлж зээл чөлөөлсөн. Энэ бүх үед Т.М, түүний дүү С.Б нар нь хамтдаа явж байсан бөгөөд миний бие уг гэрээг байгуулах үед төлбөрийг хэрхэн яаж хийж хэнд яаж өгсөн талаараа Т.М, түүний дүү С.Б нарт хэлсэн. Тэгэхэд Т.М нь мэдэж байгаа, бид тохиролцсон гэж байсан учраас би тэр орон сууцыг худалдан авсан. Тэр орон сууцыг миний бие Ц.Энхбат, С.Б нарын зарах санал тавьснаар анх худалдан авах тухай ярилцаж, хагас үнийг бараа материалаар үлдэгдэл мөнгийг бэлнээр өгөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээг байгуулахад миний бие тэр нотариатад төлбөрийн хагасыг бартераар хийж, үлдэгдэл мөнгийг бэлнээр төлөөд дуусгаж байгааг хэлсэн бөгөөд үүнийг гэрээнд тусгах талаар хэлсэн боловч үнийг төлөөд дууссан болохоор тэгэх шаардлагагүй гэж гэрээг үнэ төлж дууссанаар хийсэн. Т.Мы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Одмаа нь Энхбатаас авлагатай, уг авлагадаа тооцож миний орон сууцыг авсан болохыг мэдсэн хэмээн огт үндэслэлгүй зүйлийг бичиж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие анхнаасаа энэ тухай Т.Мд хэлж асууж байсан бөгөөд хэрэв ямар нэг асуудалтай байсан бол би уг орон сууцыг анхнаасаа огт худалдан авахгүй байсан. Мөн Ц.Энхбат нь энэ тухай хэлж байсан, уг байрны төлбөрт 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй 37 мм диаметрийн тойрогтой шүрэн толгойтой их гарын замагт манан хөөрөг, 20 000 000 төгрөгийн үнэлгээтэй 26 мм диаметрийн тойрогтой шүрэн толгой, хөөрөг хийлгэсэн ажлын хөлсөнд 6 000 000 төгрөг зэрэг зүйлсийг өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг бэлнээр 20 000 000 төгрөгийг өгсөн. Тодруулж хэлбэл, би уг орон сууцыг өр авлагадаа авсан биш орон сууцыг худалдан авах зорилгоор л дээрх зүйлсийг үнэд нь тооцож өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах, банкны зээл чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэх зэрэг үйл ажиллагаанд Т.М, С.Б нар нь байнга хамт явж идэвхтэй оролцсон бөгөөд үүнд бодит нөхцөл байдлыг Т.Маас төлбөр төлөлтийн бодит байдлыг Т.М, С.Б нарт байгаагаар нь хэлж, лавлаж асуухад бид мэдэж байгаа, тохиролцсон зүйл байгаа гэж хэлсэн болохоор би уг орон сууцыг хуулийн дагуу төлбөрийг бүрэн төлж худалдан авсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад Т.М нь өөрийн баз С.Бтайгаа харилцан тохиролцсоноор Ц.Энхбатад мөнгө төлбөрийг нь шилжүүлэхээр тохиролцсон болох нь тодорхой байна. Т.М, С.Б нарын тохиролцоо бүтэлгүй болсны төлөө хууль ёсны дагуу хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус болгох гээд байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд зааснаар энэ шаардлагыг гаргах хугацаа ч өнгөрсөн байгаа. Миний бие уг нэхэмжлэлтэй холбоотойгоор сураг сонсоход тухайн орон сууц нь Т.Мы нэр дээр боловч С.Баттулгын орон сууц болох талаар мэдсэн бөгөөд С.Б нь 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй болохоороо Т.Мы нэр дээр авсан гэсэн. Тэгээд одоо яагаад гэрээг хүчингүй болгох гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 гэж байсан мөртлөө шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.4.-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулна гэж байгаа боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дэх хэсэгт заасан нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Ц.Энхбат нь давж заалдах шатны шүүхэд мэдүүлэхдээ бартерын барааг авсан гэдгээ мэдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.4., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Т.Мы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488 000 төгрөгөөс 487 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Т.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Энхбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Т.Мы тухайд өөрийн өмчлөлийн орон сууцыг 66 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгөний 20 000 000 төгрөгөөр банкны зээлийн үлдэгдлээ төлж дуусган, үлдэгдэл 46 000 000 төгрөгийг авах хүсэл зоригтой байсан. Харин 46 000 000 төгрөгийг хувьдаа бус Ц.Энхбатад зээлдүүлэн жилийн дараа буцаан авна гэж тооцож, гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгөө шилжүүлсэн. Энэ ч үүднээс Д.Ог гэрээний төлбөрийг шууд төлж дуусгасан гэж гэрээнд тусгасан. Өөрөөр хэлбэл Д.Огаас гэрээний үнэ 66 000 000 төгрөгийг шууд авч, хөрөнгийг шилжүүлээд, гэрээний төлбөрийн 20 000 000 төгрөгөөр зээлийн төлбөрөө төлж дуусган, үлдэгдэл 46 000 000 төгрөгийг Ц.Энхбатад зээлдүүлж байна гэж ойлгосон. Маргаан бүхий хэлцлийг байгуулах үед ч энэ тухай ярьж байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч нь тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Худалдагч Т.Мы нь хуульд заасан үүргээ биелүүлсэн байтал худалдан авагч Д.О нь тохиролцсон үнийг Ц.Энхбатад өгсөн гэж ойлгуулсан боловч, мөнгийг өгөөгүй үйл баримт нь хариуцагч Д.Огийн өөрийн тайлбар, Ц.Энхбатын тайлбар, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус нотлогдож байгаа. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...” гэсэн байна. Гэтэл худалдан авагч Д.Отай ямар нэг бараа бүтээгдэхүүн, хөөрөг зэргээр төлбөр тооцоог гүйцэтгэх талаар тохиролцсон бол уг агуулгыг маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд тусгах ёстой байсан. Гэтэл гэрээг байгуулах үед төлбөрийг мөнгөөр төлөхөөр тохиролцсоноос биш хөөрөг, хөөрөг хийх ажил үйлчилгээний хөлс зэргээр төлөхөөр тохиролцоогүй юм. Дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл, энэ үндсэн дээр хийсэн хэлцэл нь анхандаа бүрэн хүчин төгөлдөр байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримт, Улсын бүртгэлийн газраас ирсэн баримтаас үзэхэд хэлцэл нь хүчин төгөлдөр, бодит үр дагаврыг бий болгосон байна. Төөрөгдөлд орсныг оролцогч тал мэдсэнээр хэлцлийн хүчин төгөлдөр байдал алдагддаг. Т.М нь зээлдүүлсэн 46 000 000 төгрөгөө Ц.Энхбатаас шаардахад Д.Огаас ямар нэг мөнгө аваагүй, тэр мөнгөө Д.Огаас аваарай гэж хэлснээр шүүхэд хандахад шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төөрөгдөлд орсноо мэдсэн. Шүүхээс хэргийг шийдэрлэхдзэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр дээрх бичсэн зүйл шиг үйл баримт, нотлох баримтууд авагдаагүй байхад хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтгүй үйл баримтыг үндэслэж шийдвэрлэсэн. Үүнд нэхэмжлэгч Т.Мы тухайд хариуцагч Д.Огаас гэрээний 66 000 000 төгрөгийг аваагүй, хөөрөг өгөх талаар тохирсон зүйл байхгүй гэдгээ нэхэмжлэл гаргахдаа ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тайлбарлаж байсан. Хариуцагч Ц.Энхбат хэргийн оролцогч байхдаа шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа Д.Огаас ямар нэг зүйл аваагүй гэдгээ бичиж, дараа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо мөн уг тайлбараа дахин гаргасан байдаг. Гэрч С.Б мөн гэрчийн мэдүүлэг өгөхдөө уг хөрөнгүүдийг аваагүй гэдгээ хэлсэн байгаа. Хариуцагч Д.Огийн хувьд анх шүүхэд гаргасан тайлбартаа 30 000 000 төгрөгийн үнэ бүхий манан хөөрөг, 20 000 000 төгрөгийн үнэ бүхий шүрэн хөөрөг, хөөрөг хийлгэсэн ажпын хөлсөнд 6 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөг бүхий хөрөнгийг Ц.Энхбатад өгсөн гэж тайлбарласан байтал 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтдаа шүрэн толгойтой хөөргөө 10 000 000 төгрөг гэж бичиж зөрүүтэй тайлбар, бичгийн баримт гаргасан. Нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ үндэслэл болгосон хавтаст хэргийн 202 дугаар хуудсанд байх тодорхойлолт гэх бичгийн нотлох баримт нь хууль бус болох тухайд Д.О шүүх хуралдааны явцад асуултад хариулахдаа уг баримтыг 2016 оны 9 дүгээр сард үйлдсэн гэж тайлбарласан. Гэтэл уг баримтад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ХХБанкинд тухайн байрны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж бичсэн байгаа. Баримтыг 2016 оны 9 дүгээр сард үйлдсэн атал ирээдүйд буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлөх мөнгийг төлсөн мэтээр бичсэн байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, логик дэс дараалалгүй байна. Уг баримтад “Эдгээр төлбөрийг иргэн Д.Огаас хүлээн авсан нь үнэн болно” гзэд Ц.Энхбат гэсэн гар бичвэр байгаа. Гэтэл байрны төлбөр нийт 66 000 000 төгрөгийг Ц.Энхбат авах боломжгүй, 20 000 000 төгрөгийг нь Т.М 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрөө авсан. Мөн уг баримтыг үйлдэх үед буюу 2016 оны 9 дүгээр сард 20 000 000 төгрөгийг Т.М аваагүй байсан. Ц.Энхбат гэх гар бичвэрийн хувьд уг баримтыг Ц.Энхбат үйлдсэн гэдэг нь хөдлөшгүй баримтаар тогтоогдоогүй, Ц.Энхбатын гарын үсгийг үнэн зөвийг гэрчилсэн нотариатын баталгаагүй байгаа. Өөрөөр хэлбэл уг баримтыг хэн, хэзээ ч үйлдсэн байх боломжтой юм. Хариуцагч Д.О өөрийн үйлдлийг нуух зорилгоор уг баримтыг үйлдэж, Ц.Энхбатын шүүхэд гаргасан бичгийн хариу тайлбарт зурсан гарын үсгийг дуурайлган зурсан байх боломжтой. Гэтэл дээрх нотлох баримтыг үндэслэж шүүхээс Д.Ог 66 000 000 төгрөгийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Д.Од холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч гэрээгээр хүлээн үүргээ биелүүлсэн гэж эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д.О нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг Ц.Энхбатад шилжүүлсэн гэж төөрөгдсөн болон төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байхад төлсөн гэж гэрээнд тусгасан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул өмчлөх эрхээ буцаан шилжүүлж авах, хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг үндэслэлгүй олж авсан” гэх агуулгаар тайлбарласан байна.

 

            Талууд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 104 дүгээр байрны 59 тоот хаягт байрлах 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч 66 000 000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 6 дугаар тал/ Хариуцагчаас нэхэмжлэгчид 20 000 000 төгрөг бэлнээр төлсөн болон хариуцагчид нэхэмжлэгчээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин үлдэгдэл 46 000 000 төгрөгийг төлсөн эсэх талаар маргажээ.

 

            Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т “төлбөр төлөх хугацаа: 2016.11.18 өдөр төлж дууссан” гэж тусгасан байх бөгөөд уг өдөр төлбөр төлөгдөөгүй, хожим төлөхөөр талууд тохиролцсон талаар зохигчдын хэн аль нь тайлбарласан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-т “тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн” бол шүүх хүчин төгөлдөр буст тооцохоор заасан. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй байхад үүргийг дуусгавар болсон мэт гэрээнд тусган, нэхэмжлэгч өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хийсэн байх тул хэлцэл хийх сэдлийн хувьд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ. Үлдэгдэл төлбөр төлөөгүй байхад төлсөн мэтээр гэрээндээ заасан нь нэхэмжлэгчийг цаашид гэрээний дагуу үүрэг шаардах эрхэд сөргөөр нөлөөлөх боломжтой тул энэ үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан байна. Иймд гэрээний 2.3 дах заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.” гэж зааснаар шүүх хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

            Харин талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3 дахь хэсэг буюу “гэрээнд заасан төлбөр төлөгдсөн”-ийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай хэсэг хүчин төгөлдөр бус болсноор гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр буст тооцох буюу талуудын худалдах, худалдан авах гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Учир нь талуудын хэн аль нь орон сууцны өмчлөх эрхийг 66 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хүсэл зоригийг илэрхийлж,

хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, орон сууц худалдан авах хариуцагчийн хүсэл зориг, худалдах нэхэмжлэгчийн хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн, нийлсэн байна. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний үлдсэн хэсэг нь уг гэрээний буюу өмчлөх эрх шилжүүлсэн зорилтыг хангаж чадахуйц байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч орон сууцны үлдэгдэл төлбөрийг Ц.Энхбатаас авна гэж ойлгосон, хариуцагч хөөрөг болон хөөрөг хийсэн ажлын хөлсийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцон Ц.Энхбатад өгсөн гэж тус тус тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд Ц.Энхбатаар дамжуулан гэрээний үүргийг биелүүлэхээр тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийг бусад этгээдээр гүйцэтгүүлж болох боловч талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар заагаагүй.

 

Нэхэмжлэгчийн гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул мөн зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00316 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4, 61 дүгээр зүйлийн 61.1, 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 2.3 дах хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний үлдэх хэсгийг хэвээр үлдээн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 104 дүгээр байрны 59 тоотод байрлах, 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

 

                                           С.ЭНХТӨР