Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

Д.Өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр магадлалтай, Д.Өд холбогдох 1807003680152 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Д.Ө нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Өыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Ч.Б нь эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай” гэснийг “...цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өаас 8.808.481 төгрөг гаргуулж, хохирогч Д.Бд олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бы “шүүгдэгч Д.Өд оногдуулсан ял хөнгөдсөн” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Өмгөөлөгч миний  гаргасан саналыг анхан шатны шүүх хүлээн авч, хэрэгт хамааралтай баримтын хүрээнд хохирлын хэмжээг тогтоосон. Өөрөөр хэлбэл хохирогчоос бодитой гарсан зардлыг хохиролд тооцсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн болно.

Давж заалдах шатны шүүх нь аль баримтыг ямар үндэслэлээр хэрэгт хамааралтай хэмээн дүгнэснээ тайлбарлахгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл орон сууцны зээлээ бусдаас зээлсэн мөнгөөрөө Ч.Б төлчихөөр нь яагаад шүүгдэгч Д.Ө түүнийг нөхөн төлөх ёстой, мөн амралтаараа Монголд ирсэн Ч.Бы ах, эгчийн онгоцны билетний төлбөрийг яагаад Ч.Б нөхөн төлөх ёстойг шүүх огт тайлбарласангүй. Тэгэхээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Д.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко амралын газрын ойролцоо иргэн Ч.Бы зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж нүдийг нь сохлон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Бы биед зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтлийг Д.Ө учруулсан болох нь хохирогч Ч.Б, гэрч Б.Нямхүү, Ч.Энхтөр нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Өын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг цохисны улмаас зүүн нүдийг нь сохолж зүүн нүдийг нь мэс засал хийж авсан, хохирогч эрхтэнээсээ салсан тул анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараахь нөхцөл байдал нь хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулна гэсэн нь хор уршиг бүрэн арилаагүй, цаашид эмчилгээний зардал нэмэгдэж гарах магадлал бүхий байх тул давж заалдах шатны шүүх хохиролд нэмж 8.808.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Өыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко амралтын газрын орчим Ч.Бтай маргалдаж, түүний зүүн нүдэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд санаатай хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч Ч.Бы нэхэмжилсэн 44.069.512 төгрөгийн нэхэмжлэлээс 17.105.071 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдсон,  шүүгдэгч Д.Ө гэм хорын хохиролд 25.000.000 төгрөг буюу нотлох баримтаар тогтоогдсон гэх 17.105.0171 төгрөгийн нэхэмжлэлээс 7.894.928 төгрөг илүү төлсөн, хохирогч Ч.Б нь эмчилгээний бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх “… Хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудаас үзэхэд нийт 33.808.481 төгрөгийг төлүүлэх нотлох баримт бүрэлдсэн байгаагаас шүүх хохирогчид төлөгдсөн 25.000.000 төгрөгийг хасч, үлдэх 8.808.481 төгрөгийг нэмж гаргуулах байтал илүү төлөлттэй гэсэн үндэслэл зааж, шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь буруу болсон байна” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Өаас 8.808.481 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ямар үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хохирогч Д.Бы гаргасан нэхэмжлэлээс 33.808.481 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн аль хэсгийг үндэслэлтэй гэж үзсэн, холбогдох баримт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, мөн нэхэмжлэлийн аль хэсэг нь үндэслэлгүй буюу тухайн хэрэгт хамааралгүй, эсхүл нотлох баримтаар тогтоогдоогүй талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хохирогч Д.Бы гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг хяналтын шатны шүүх хуралдаанаар үнэлж, гэм хорын хохирлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч Д.Өд холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Д.Өд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, түүнд оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Өд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

                                                          ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                          ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН