Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1205

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                     Д.Ө-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Д.Ө-ын өмгөөлөгч Г.Нацагдорж,

хохирогч Ч.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ө-д холбогдох эрүүгийн 1807003680152 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овгийн Д.Ө, 19.. оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт .................. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ................./.

Д.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, гэр бүлийн “Эко” амралтын газрын хажууд “ачааны машинчаар тавина” гэсэн ажил, албан тушаалын шинжтэй асуудлаас болж Ч.Б-тай маргалдаж зүүн нүдэн тус газар гараараа цохиж зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан нүдийг нь сохлон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас: Д.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бэсүд овгийн Д.Ө-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө-ыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ө-д оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Ч.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Д.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн эрүүл мэндийн хохирол бүрэн гүйцэд арилж чадаагүй гэж үзэж байна. Миний нүд өнөөдрийг хүртэл өөрийнхөөрөө харж чадахгүй байгаа бөгөөд хиймэл нүдтэй болсондоо маш их харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө-ыг 15.000.000 төгрөгөөөр торгох ялаар шийтгэсэн байгаа нь бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг баримталсан бөгөөд миний амьдрал орвонгоороо эргэсэн болно. Гэр бүл маань миний цалингаар амьдарч, ипотекийн зээл болон бусдаас авсан зээлээ төлдөг гэдгийг энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгч ойлгохыг хүсээгүй. Шүүгч нь Д.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь хохирлын байдлыг буруу тооцоолсон гэж үзэх үндэслэл болж байна. Д.Ө- нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хэзээ ч гэмшиж байгаагүй зөвхөн аргалуулах гэсэн төдийхнөөр л нэг удаа уулзаж байсан. Шүүгдэгч нь шүүх хуралдаанаар торгуулийн ял аваад гарахдаа ямар ч гэмшсэн шинжгүй, эхнэрийн хамтаар инээгээд гарсанд нь гайхсан. Шүүхээс түүнд оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Ө- нь гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж 25.000.000 төгрөгийг төлсөн, энэ төлбөр нь захиран зарцуулагдсан гэж үзэж байна. Учир нь надаас гарсан нийт хохирол нь 43.384.325 төгрөг болсон үүнээс урьдчилж төлсөн 25.000.000 төгрөгийг хасахад 18.384.325 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй хохироосон байхад шүүгч хохирол төлсөн хэмээн дүгнэж торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталж хохирогч намайг хохироосон шийтгэх тогтоол гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Д.Ө- нь өнөөдрийг хүртэл надаас уучлалт гуйгаагүй. Цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Намайг янз бүрээр доромжилдог. Хэргийг шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөх байх гээд орхих бодолтой байтал намайг янз бүрээр доромжилдог. Би эд эрхтэнээрээ хохирчхоод дуугүй л яваад байсан...” гэв.

Хохирогч Ч.Б-ы өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Гэм хорын хор уршиг бүрэн арилаагүй, хохирогчийн нүд нь сохроод 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон. Ажил байдал нь өөрчлөгдсөн. Энэ байдлыг анхан шатны шүүх ялгамжтай байдлаар үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй. Хэрэгт авагдсан баримтаар хохирлын төлбөр нийт 43.384.325 төгрөг байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн өмнө хохирогчид өгсөн мөнгийг тооцож үзэхэд хохиролгүй байна гэж дүгнэж, шүүгдэгч Д.Ө-д 15.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Шүүгдэгч Д.Ө-ын хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулаагүй. Солонгос улс руу явсан нийт зардал 18.314.813 төгрөг байдаг. Үүнийг 17.000.000 төгрөг гэж дүгнэсэн. Би анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хөлс нэхэмжлэхээсээ татгалзаж байна гэхэд миний үйлчлүүлэгч татгалзах шаардлаггүй, бид шүүгдэгчээс гаргуулж авмаар байна гэдэг.  Одоогийн байдлаар хохирол бүрэн арилаагүй. 17.000.000 төгрөг төлөгдөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ө-ын өмгөөлөгч Г.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Торгуулийн ял оногдуулсан нь буруу гэж гомдол гаргаж байгаа нь эрүүгийн хуулийн зорилготой нийцэхгүй тул үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурал хохирогч талаас шалтгаалж 7-8 удаа хойшилсон. Шалгаан нь “хохирогч тал нотлох баримт гаргаж өгнө” гэдэг үндэслэлээр хойшилсон. Хохирогч болон түүний өмгөөлөгч нар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг гаргаж  өгсөн. Өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэж хэлээд анхан шатны шүүх хуралдааныг хийлгүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар хохирлын баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалсан. Монгол Улс болон Солонгос улсад эмчлүүлсэн зардал нийтдээ 18.000.000 төгрөг болсон гэдэг дээр бид хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг үндэслэл бүхий тооцож, шийтгэх тогтоолдоо дурдсан. Давж заалдах шатны шүүхээс хохирлын хэмжээг 33.808.481 төгрөг гэж тооцсон. Ямар үндэслэлээр 33.808.481 төгрөг гэж тооцсон бэ гэдэг дээр би хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Ингээд хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон. Хохирогчийн ах, эгч нар нь гадаадаас ирсэн зардлыг шүүгдэгчээс шаардах эрхгүй. Мөн орон сууцны зээл төлсөн төлбөрөө нэхэмжилдэг. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ... “ гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт цугларсан хохирлын баримтууд нийт 33.808.481 төгрөг байдаг. Үүнээс 25.000.000 төгрөгийг хасахаар үлдэгдэл 8.808.481 төгрөг байдаг. Үүнийг шүүгдэгчээс гаргуулахаар байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ө-д 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд нь тохирсон байна гэж үзэж байна. ... “ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ө-д холбогдох хэргийг хохирогч Ч.Б-ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Ө- нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко амралтын газрын орчим хохирогч Ч.Б-тай ажил, албан тушаалын маргаан үүсгэж, улмаар түүний зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж, “зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, нүдийг нь сохолж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ч.Б-ы “...Д.Ө- юм ярихгүй зүгээр явж байгаад гэнэт миний зүүн талын шанаан тус газарт гараа атгаж байгаад 4-5 удаа цохьсон. Энэ үед би урдаас нь “та яагаад намайг зүгээр байх үед зодоод байгаа юм бэ” гээд маргалдсан. Ингээд Нямхүү жолооч машинаа зогсоож бид хоёрыг салгаж суулгах санаатай буугаад арын машин дээр гүйж очих үед Д.Ө- өөрөө машинаас буусан. Би араас нь буух гэхэд намайг заамдаж аваад машинаас буулгаж байгаад зүүн нүдэнд гараараа цохих үед миний зүүн нүд рүү ямар нэгэн зүйлээр хатгах шиг болоод маналзаад би нүдээ гараараа дараад хажуу талаараа газар унах үед гаран дээр ямар  нэгэн шингэн зүйл дусалж байсан. Би “нүднээс юм гоожоод байна, хараад өгөөч” гэхэд Батдэлгэр ах нээж нүдийг машины гэрэлд хараад “хүрэн шингэн зүйл нүднээс чинь гараад байна, чи эмнэлэг явахгүй бол болохгүй” гэж хэлсэн. ...3 дугаар эмнэлгийн нүдний тасагт хэвтэн хагалгаанд орж зүүн нүдийг авсан болно” /хх 12-16/,

Гэрч Б.Нямхүүгийн “...Ингээд орой болоод 21 цагийн үед арга хэмжээ дуусаад бүгд машинд хуваагдан суух болсон. Миний машинд Ө-, Б, Энхтөр, Ө-ын хүүхэд Ган-Очир нар суусан. Тэгээд машин хөдлөх цагаас эхлэн Б нь “та намайг суудлын тэрэгний машинчаас ачааны машинч болгох гэж байна” гэх мэтийн зүйл яриад Ө- нь “чи миний хүчинд энэ албанд ажиллаж ахиж дэвшиж байгаа” гэх зэргээр маргалдаж байгаад Ө- ах Быг 1-2 удаа гараараа цохиж байсан, чухам яг хаана нь цохьсон талаар харж чадаагүй юм. Энэ үед би машинаа зогсоож, ар талд явж байсан Батмөнхийн машиныг зогсоож “та нарын бага согтсон байгаа нь машинд суугаад Б ахыг танай машинд суулгаж явъя, тэгэхгүй бол Ө- ахтай маргалдаад зодоон хийгээд байна” гэж хэлээд эргээд хартал машины хаалга онгойж жолоочийн эсрэг талын Ө- ахын сууж байсан талаар Б ах Ө- ах хоёр давхаралдаад газар унасан болно. Би гүйж очоод Быг дээрээс нь салгаж аваад газар суулгаж Ө- ахыг босгож машины арын суудалд суулгаад хаалгыг нь хаасан. Гэтэл Б ах босохгүй, зүүн нүднээс цус гараад сормуус дээр нь нөжөрч байхад нь ариун цэврийн цаасаар арчаад тогтохгүй байхаар нь Быг нь Баянмөнхийн машинд суулгаад гэмтлийн эмнэлэг ороод Нэгдүгээр эмнэлэг ороод дараа нь 3 дугаар эмнэлэг ороод хагалгаанд оруулсан” /хх 26-28/,

Гэрч Ч.Энхтөрийн “...Ингээд машин явж байгаад төв зам руу орох гэж шороон зам дээр явж байх үед Б ах та миний оронд суудлын тэрэгний машинчаар явуулсан байна мэтчилэн ажлын талаар юм яриад маргалдаж байгаад бие биенийгээ цохих чимээ гарсан учир Нямхүү машинаа зогсоож ар талд явж байсан манай ажлын газрын Баянмөнхийн машиныг зогсоож уулзахаар буусан. Энэ үед удалгүй миний арын хаалга гэнэт онгойж Б Ө- хор давхаралдаад буусан учир би өөрөө хөл гэмтсэн бууж чадахгүй, энэ хоёрыг аваарай гэж орилсон чинь цаанаас Нямхүү гүйж ирээд салгаад нэгийг нь босгож байсан. Тэгээд Ө-ыг авч ирээд арын суудалд суулгаад Б ах газар суусан байдалтай нүүр орчмоос нь цус гарч байсан” /хх 29-31/,

Гэрч Ө.Ган-Очир /хх 39-44/, гэрч Ж.Батдэлгэр /45-47/, гэрч Б.Баянмөнх /хх 48-50/, гэрч Д.Хосбаяр /хх 60-61/ нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 08шэ/335 дугаар “Ч.Б-ы биед зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба шүүгдэгч Д.Ө-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ө-ыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ө-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч Д.Б “... Д.Ө-д торгох ял шийтгэсэн нь илт хөнгөгдсөн, шүүх хохирол гаргуулахдаа зарим хэсгийг үндэслэлгүйгээр хассанд гомдолтой... ” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. 

Хохирогч Д.Бы гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудаар нийт 33.808.481 төгрөгийн баримт тогтоогдож байгаагаас шүүх урьд төлөгдсөн 25.000.000 төгрөгийг хасч 8.808.481 төгрөг гаргуулах байтал илүү төлөлттэй гэсэн үндэслэл зааж, шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь, хохирогч Ч.Б-аас гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлахад,

шүүх эмнэлэгт үзүүлэхэд төлсөн 8.000 төгрөг,

1 дүгээр хавтаст хэргийн 153-аас 159 дүгээр талд авагдсан баримтуудаар нийт 706.070 төгрөг,

173-аас 184 дүгээр талд нийт 201.250 төгрөг,

192-оос 194 дүгээр талд нийт 397.600 төгрөг,

198-аас 200 дугаар талд нийт 289.700 төгрөг,

233-аас 246 дугаар тал болон 2 дугаар хавтаст хэргийн 7, 39 дүгээр талд 271.305 төгрөг,

40-111 дүгээр талд нийт 7.898.611 вон буюу Монгол банкны тухайн үеийн ханш /2.29 төгрөг/-аар тооцоход нийт 18.087.819 төгрөг,

112 дугаар талд 260.000 төгрөг,   

1 дүгээр хавтаст хэргийн 160-аас 169 дугаар талд 3.834,2 евро буюу тухайн үеийн Монгол банкны ханш /2.862,66 төгрөг/-аар тооцоход 10.976.011 төгрөг,

1 дүгээр хавтаст хэргийн 185-аас 188 дугаар талд 117.640 иен буюу тухайн үеийн ханш /22.15 төгрөг/-аар тооцоход 2.605.726 төгрөг.

Дээрх баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг эмчлүүлэхэд бүгд 33.808.481 төгрөгийн зардал гарсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа ба эдгээр баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ /2 дугаар хавтаст хэргийн 183, 186-189, 192-195 дахь тал/.    

Хохирогч Ч.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж, зохих эмчилгээ хийлгэсэн болох нь баримтаар тогтоогдсон тул тухайн эмчилгээ болон түүнтэй холбоотой бусад зардал нь хохирогчоос өөрөөс нь гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн түүний төрсөн ах Ч.Эрдэнэбат Европийн холбооны Улсаас, төрсөн эгч Ч.Тэгшжаргал охины хамт Япон Улсаас тус тус хүрэлцэн ирсэн зардлууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 171-172, 1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дугаар талд авагдсан “Төрөл садангийн тухай лавлагаа” болон тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Иймд энэ талаар өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн юм.

Харин ял хөнгөгдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан ялыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд оногдуулсныг давж заалдах шатны шүүх хөндөх хууль зүйн боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-аас 8.808.481 төгрөг гаргуулж, хохирогч Д.Бд олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бы “шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан ял хөнгөгдсөн” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ