Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00694

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00694

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00262 дугаар шийдвэртэй

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Тт холбогдох

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохиролд 2 177 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч С.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс MД-121 салбарын “М” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Ингээд хөдөлмөрийн шинэчилсэн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журамтай танилцуулсан. Уг дэлгүүрт хяналтын тооллого явуулж, уг тооллого дүнд үүссэн өр дутагдлаас тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Тт “Алдагдал хуваах журам”-ын дагуу хуваахад нийт 2 177 000 төгрөгийн авлага үүссэн. “М” ХХК-ийн “Алдагдал нөхөн барагдуулах журам”, “Хяналтын ба хуваарьт тооллогын журам”-ын дагуу дэлгүүрийн менежер нь сар бүрийн дэлгүүрийн бараа материалын шахаа тооцоог хянаж, гарсан дутагдлыг нягтлан бодогчоор хуваалгаж, үнийг үнэн зөв эсэхийг хянаж гарын үсэг зурдаг ба Т.Т нь уг хугацаанд тус албан тушаалд ажиллахдаа тус үүргээ гүйцэтгэж байсан. Манай байгууллагын зүгээс Т.Тийг захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн ба Т.Т нь хяналтын тооллого хийж, ажил хүлээлцсэний дараа нь өөр ажлын байранд ажиллах санал тавьсан ч ажлын байраа орхин явсан тул нэгдүгээрт ажлын байраа орхин явсан, хоёрдугаарт, эд хөрөнгө хариуцсан ажилтан олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан, гуравдугаарт нэгэнт албан тушаалдаа тэнцэхгүй нь хяналтын тооллогын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. МД-121 салбараас илэрсэн өр дутагдлыг санхүүгийн баримтыг үндэслэн “Алдагдал хуваах журам”-ын дагуу хуваахад Т.Тт нийт 2 177 000 төгрөгийн өр дутагдал үүссэн. Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу Т.Т нь тохирсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар 2 177 000 төгрөгийг Т.Төөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МД-117 салбарт “М” ХХК-ийн кассын албан тушаалд ажилд орсон. Үүнээс хойш нярав, нягтлан бодогч албан тушаалд дэвшин ажилласан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард тус салбар дэлгүүрт барааны дутагдал зохих хэмжээнээс давж гарсан ба байгууллагаас цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан тул би “Төлбөр барагдуулах гэрээ”-д гарын үсэг зурсан. Мөн цалингаа бодуулж авахын тулд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Дэлгүүрийн 2018 оны 9 дүгээр сарын дутагдал хуваасан хүснэгтэд” гарын үсэг зурсан. Миний буруугаас болж хэдэн төгрөгийн бараа, материал дутсан болохыг тогтоогоогүй гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Тт холбогдох, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохиролд 2 177 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч  “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 50 000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч Т.Т тус компанийн МД-121 салбар дэлгүүрт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2018 оны 9 дүгээр сарын тооллогоор 2 177 000 төгрөгийн дутагдал өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэлхүйгээс шалтгаалан гаргасан болохоо хүлээн зөвшөөрч сар бүрийн тооцоо нийлэх баримтыг өөрийг гараар үйлдэн гарын үсэг зурсан. Мөн өөрийн дутагдлаа хэрхэн төлөх талаарх компанид ирүүлсэн өргөдлийг үндэслэн “М” ХХК-тай төлбөр барагдуулах гэрээ байгуулж, графикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар компанид учирсан хохирлыг барагдуулаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр өр дутагдал гаргасан баримт болон түүнийг хуваасан хүснэгт, Төлбөр барагдуулах гэрээ, хариуцагчийн өргөдөл зэрэг нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх “М” ХХК-ийн МД-121 салбарын 2018 оны 9 дүгээр сарын дутагдал барааны үнэ 13 282 307 төгрөгийн 3 389 432 төгрөг буюу 25,51 хувь нь нягтлан бодогч Т.Тийн үйлдэл, эс үйлдэхүйгээр байгууллагад учирсан хохирол гэсэн нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Өр төлбөр барагдуулах журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч Т.Т нь “М” ХХК-д 3 389 432 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ өөрийн биеэр тооцож баримт үйлдсэн. Мөн нийт өр дутагдлын 25,51 хувийг яагаад хариуцах ёстой талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй юм. Өөрөөр хэлбэл Т.Тийн учруулсан хохирлыг өөр хэн нэгэн ажилчинд давхар хариуцуулж өр дутагдлыг хуваах ёсгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн удаа дараагийн үйлдлээр тус өр дутагдлыг өөрийн буруугаас болж гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримт байсаар байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Т.Тт холбогдуулан хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохиролд 2 177 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 80-82/

“М” ХХК болон Т.Т нар нь 2018  оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөгч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ нийт 2 177 000 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх боловч хариуцагч “...цалингаа авахын тулд гарын үсэг зурсан” гэсэн тайлбар гарган маргасан байна. /хх.6/

Хэрэгт “М” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Өр барагдуулах журам” авагдсан, уг журмын 4.2.5-д “Дэлгүүрийн эрсдэлээс давсан барааны дутагдлыг журмын дагуу хувааж, дэлгүүрийн ажилчид болон захиргааны албаар хянуулсан гарын үсэгтэй баримт байна. Дутагдал хуваахдаа дараах дарааллыг баримтлана” гэж, 3 дугаар алхамд дээрх алхам 1, 2-с үлдсэн дутагдал дүнг өр дутагдал хуваах хувийн дагуу тооцож тавина” гэж заажээ. /хх.16-20/

Талуудын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ, өөрийн буруугаас Дэмжих алба, Хөргөлт үйлчилгээний алба, Хамгаалалтын алба, Мэдээлэл технологийн алба, Маркетингийн албанаас хариуцуулан эзэмшүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, машин техник, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгслийг эзэмших, ашиглах явцдаа компанид хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр тохиролцсон байна. /хх.52-53/

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт талуудын тайлбарыг үндэслэн “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Тт холбогдох, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохиролд 2 177 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт “Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно” гэж заасан. Хариуцагч Т.Тийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учирсан болохыг нотолсон баримт байхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт дээр дурдсан буюу хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэх агуулгатай баримтаас өөрөөр хариуцагч Т.Төөс нэхэмжлэгч компанид хөдөлмөрлөх явцдаа ямар үйлдлийн улмаас ямар хохирол учирсныг нотолсон баримт авагдаагүй.

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...хариуцагч Т.Т нь “М” ХХК-д 3 389 432 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ өөрийн биеэр тооцож баримт үйлдсэн. Мөн нийт өр дутагдлын 25.51 хувийг яагаад хариуцах ёстой талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй юм. Өөрөөр хэлбэл, Т.Тийн учруулсан хохирлыг өөр хэн нэгэн ажилчинд давхар хариуцуулж өр дутагдлыг хуваах ёсгүй гэж үзэж байна” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 47 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                            Н.БАТЗОРИГ

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО