Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00479

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/00166 дугаар шийдвэртэй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК, Гэн нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 35 530 345 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Саулегуль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 315 айлын 5 блокийн дээврийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Х” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18/25 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 5.1.2-т заасны дагуу урьдчилгаа 49 950 000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Гэнгээс ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу манай санхүүгийн албанаас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Х” ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Үүнээс гэрээнд заасны дагуу эхний гүйцэтгэлийг ажлын 14 хоногийн дотор гүйцэтгэх байтал гүйцэтгээгүй, гэрээний 2.2.4-т заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд заасан ажлыг хийж дуусгах ёстой байтал гэрээний биелэлтийг хангаагүй.

“Х” ХХК-ийн захирал Гэнгээс ажил гүйцэтгэхийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш барилгын инженерээс удаа дараа шаардсан ч удахгүй материал ирнэ, тэгэхээр гүйцэтгэнэ гэсээр өдийг хүрсэн.

Манай байгууллага 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2/122 албан тоотоор шаардлага хүргүүлсэн боловч ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг хангаагүй, гэрээний урьдчилгаа 49 950 000 төгрөгт дээврийн материал авчрахыг удаа дараа утсаар мэдэгдсэн ч нийлүүлээгүй.

“Х” ХХК-ийн захирал Гэнд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлах шаардлага хүргүүлсэн. Иймд “Х” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр 24 804 400 төгрөг, гэрээ дүгнэсэн актаар тооцсон алданги 10 645 945 төгрөг, нийт 35 450 345 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэн Гэнгээс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэгч байгууллагатай 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээвэр угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. “Б” ХХК нь нэхэмжлэлдээ дээврийн ажлыг гүйцэтгээгүй гэх боловч тодорхой хувийг гүйцэтгэсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 24 804 400 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин алданги төлөх боломжгүй тул 10 645 945 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан “Х” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 804 400 /хорин дөрвөн сая найман зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан, “Б” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 10,645,945 төгрөг болон Гэнд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 335 601 төгрөг төлснийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 281 972 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн.

“Б” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 хороололд 63 айлын орон сууцны барилгын 1-5 дугаар блокийн дээврийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр эхний ажлыг талбайд очиж ажил эхэлснээс хойш хуанлийн 14 хоног, дараагийн ажлыг хуанлийн 10 хоногийн дотор гүйцэтгэх ёстой байсан.

Гэрээний урьдчилгаанд 49 950 000 төгрөгийг “Б” ХХК нь “Х” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл ажил гүйцэтгэгч тал болох “Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажлыг тохирсон хугацаанд гүйцэтгээгүй хугацаа хожимдуулсан.

“Б” ХХК-ийн зүгээс “Х” ХХК-д гэрээний үүргээ биелүүлж, ажлаа дуусгахыг удаа дараа шаардсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 2/122 дугаар албан бичгээр мэдэгдэл өгсөн. Гэтэл анхан шатны шүүх тус нотлох баримтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тус нотлох баримт нь гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн шаардлага болохоос бус гэрээ цуцлах мэдэгдэл биш юм. Мөн дээрх ажил гүйцэтгэх гэрээг цуцлах болохоос бус татгалзах асуудал яригдахгүй.

Анхан шатны шүүх 10 645 945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актын 1-т зааснаар ажил гүйцэтгэгч “Х” ХХК нь бараа материал болон ажлын гүйцэтгэлд 24 804 400 төгрөгийн үлдэгдэлтэй, актын 3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн 248 хоног байна гэж тус тус заасан.

Харин хугацаа хэтрүүлсэн алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцсон нь алдаатай байсан. Үүнийг шүүх нэхэмжлэгч огт алданги авах эрхгүй байсан мэтээр дүгнэсэн буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөр болох 24 804 400 төгрөгөөс буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцохоор 3 075 745 төгрөгийн алдангийг хангах ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Х” ХХК болон Гэн нарт холбогдуулан гэрээний үүрэгт 24 804 400 төгрөг, алданги 10 645 945 төгрөг, нийт 35 530 345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Гэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх бөгөөд хариуцагч “Х” ХХК нь гэрээний үүрэгт 24 804 400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“Б” ХХК нь “Х” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу “Х” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар хороололд 63 айлын орон сууцны барилгын 1-5 дугаар блокийн дээврийн угсралтын ажлыг ажлыг гүйцэтгэх, захиалагч буюу “Б” ХХК нь ажлын хөлс 111 000 000 төгрөгийг гэрээний 5.1.2-5.1.5-д зааснаар тодорхой ажил гүйцэтгэсний дараа үе шаттайгаар шилжүүлэхээр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Захиалагч “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 49 950 000 төгрөг шилжүүлснийг ажил гүйцэтгэгч “Х” ХХК хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

Талууд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх акт гэх баримт үйлдэж, уг баримтад “Б” ХХК-аас олгосон урьдчилгаа төлбөр 49 950 000 төгрөгөөс “Х” ХХК нь 25 145 600 төгрөгийн хэмжээнд материал худалдан авч ажил гүйцэтгэсэн, үлдэх 24 804 400 төгрөгийн материал болон ажлын хөлс үлдсэн, хугацаа алдсан 248 хоног, алданги 10 645 945 төгрөг, нийт дүн 35 450 345 төгрөгийн төлбөрийг “Х” ХХК-аас нэхэмжилж, хохирлыг барагдуулна гэж тусгажээ. /хх16/

 

Дээрхээс дүгнэвэл “Х” ХХК нь урьдчилгаа төлбөрөөр дээврийн материал авч, дээврийн бетон цутгалтын ажлыг бүрэн гүйцэтгээгүй, 24 804 400 төгрөгийн хэмжээнд хийж гүйцэтгээгүй, энэ талаар хариуцагч маргаагүй байна. Иймд анхан шатны шүүхээс “Б” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үлдэх төлбөр болох 24 804 400 төгрөгийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.  

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2/122 тоот албан бичгээр “Х” ХХК-д “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор 1-3 блокийн бетон цутгалтын дээврийн ажлаа дуусгаж, дээврийн хар цаас болон материалаа барилгын талбайд авчирч өгөхгүй бол гэрээг цуцалж гэрээний хариуцлага тооцож шүүхийн журмаар шийдвэрлэх болохыг мэдэгдэж байна” гэх агуулга бүхий шаардлага хүргүүлжээ. “Б” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй, гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан тул нэмэлт хугацааг тогтоох шаардлагагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд “Б” ХХК-ийн “дээрх албан бичиг нь гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн шаардлага болохоос бус гэрээ цуцлах мэдэгдэл биш” гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх талууд гэрээний 11.2-т зааснаар гүйцэтгэгч нь ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,05 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгуулийн зохицуулалттай нийцсэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.2-т заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод хамаарах боловч алдангийн зохицуулалт нь гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэхэд чиглэгдсэн иргэний эрх зүйн хариуцлагыг ногдуулах учиртай. Харин гэрээ цуцалсны үр дагавар болох гэрээний зүйлийг буцаан шилжүүлэх үүрэгт хамаарахгүй тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 49 950 000 төгрөгөөс алданги шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүхээс холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/00166 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.5-д” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА