Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00478

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/02963 дугаар шийдвэртэй “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Л” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 492 030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, хариуцагчийн төлөөлөгч Р.Амарзаяа, түүний өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Л” ХХК-ийн захиалгаар бетон хийц эдлэлийг нийлүүлсэн. Тухайн бетон хийц эдлэлийг нэмэгдсэн өртгийн албан татвар оруулалгүйгээр бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд нийт 22 985 667 төгрөгийн үнэ бүхий автоброжур, явган замын хавтан, жижиг брожур, хөтөч хавтан, эко хавтан зэргийн нийлүүлэлт хийсэн ба “Л” ХХК нь уг бетон хийц эдлэлийн үлдэгдэл төлбөр болох 11 492 030 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.

Хариуцагч талаас 4 санхүүгийн баримт гаргаж өгсөн бөгөөд байгууллагын дансанд орсон мөнгө байхгүй хувь хүний данс руу шилжүүлснийг тухайн хувь хүний данснаас шилжүүлсэн кассын орлого болгон авч байсан учраас цаг хугацааны хувьд зөрүүтэй байхаас гадна ам.доллароор шилжүүлсэн мөнгийг нь тухайн өдрийн ханшаар тооцож авсан байгаа. Тухайлбал, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 2 465 ам.долларыг тухайн үеийн ханшаар төгрөгт хөрвүүлж мөн сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг гэж бүртгэсэн. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөгийг мөн өдөрт нь кассын орлогоор бүртгэсэн, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг мөн сарын 27-ны өдөр кассын орлогоор бүртгэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөрийн баримт энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Мөн “Л” ХХК-иас бутархай дүн бүхий мөнгө огт шилжүүлээгүй бөгөөд бетон зуурмагийн үнэ нэхэмжлэхдээ манай компани нь “Л” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан 6 000 000 төгрөгийг 1 014 334 төгрөг, 5 011 186 төгрөгөөр нь салгаж, 12 дугаар сарын 27-ны өдөр касст 1 014 334 төгрөг төлөгдсөнөөр гаргаж өгсөн болно.

Иймд хариуцагч “Л” ХХК-иас бэлтгэн нийлүүлсэн бетон хийц эдлэлийн үлдэгдэл төлбөр 11 492 030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэxэмжлэлийн шаардлагыг бүxэлд нь xүлээн зөвшөөрөxгүй. “Л” XXК нь “Т” XXК-д бетон xийц эдлэл нийлүүлсний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Манай компани нь “Т” XXК-д төлбөрийг бэлнээр болон дансаар, мөн зарим төлбөрт тооцуулан асфальт өгч байсан.

“Т” XXК нь манай компанитай анx 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “бетон зуурмаг нийлүүлэx” гэрээ байгуулснаар бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд энэ xугацаанд чанарын шаардлага xангаxгүй бүтээгдэxүүн нийлүүлж байснаас гадна 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс бетон xийц эдлэл заxиалгаар нийлүүлэxээр xарилцан тоxиролцсон  боловч xугацаандаа нийлүүлэлгүй xугацаа xожимдуулдаг байсан.

“Т” XXК-иас нийт 22 985 110 төгрөгийн бетон хийц эдлэл худалдаж авсан. Нийлүүлсэн бүтээгдэхүүний жагсаалтын эко хавтангийн үнийг буруу бодож гаргасан байна. Учир нь: 2 134 ширхэг эко хавтанг нэгж үнэ нь 2 583 төгрөгөөр үржүүлэхэд 5 512 122 төгрөг болно. Гэтэл 5 512 833 төгрөг гэж буруу бодож нийлбэр дүнг 22 985 667 төгрөг гэжээ. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бетон зуурмагийн үнэ 70 683 300 төгрөг дээр бетон нийц эдлэлийн үнэ 22 985 110 төгрөгийг нэмэхэд 93 668 410 төгрөг болж байгаа. Үүнээс шүүхийн шийдвэрээр бетон зуурмагийн үнэ 67 025 520 төгрөгийг төлсөнд тооцож, үлдэх 3 657 780 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний дагуу төлсөн.

Нийт төлсөн төлбөрийг тооцож үзвэл 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2465 ам.доллар буюу 5 016 186 төгрөг, 07 дугаар сарын 21-ны өдөр 5 000 000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр  5 000 000 төгрөг, 08 дугаар сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөг, 08 дугаар сарын 31-ний өдөр 6 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 1 014 334 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 48 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө өгсөн. 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 800 000 төгрөгт асфальт өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу 3 801 250 төгрөг, нийт 93 626 774 төгрөг төлөгдсөн.

Иймд нэxэмжлэлийн шаардлагыг бүxэлд нь xэрэгсэxгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Л” ХХК-иас 6 210 630 /зургаан сая хоёр зуун арван мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 281 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК-иас 114 320 /нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан. “Т” ХХК, “Л” ХХК нар нь “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г бичгээр байгуулж, Бетон хийц эдлэл нийлүүлэхээр амаар харилцан тохиролцож байсан. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 181/ШШ2019/00354 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр “Т” ХХК-д “Л” ХХК-ийг 67 025 520 төгрөг төлсөн болохыг тогтоосон ба шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 3 657 780 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх үйл баримтын талаар талуудад маргах шүүхээс дахин дүгнэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...мөнгийг хувь хүний данс руу шилжүүлснийг байгууллагын кассын орлогод бүртгэхдээ тодорхой хугацааны дараа бүртгэх боломжтойг харгалзан нэхэмжлэгчийг тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ” “...талуудын төлбөр төлсөн баримт, тайлбаруудтай илүү нийцэж байх тул үлдэх 16 774 480 төгрөгийг төлөгдсөн гэж үзлээ” гэх таамагласан, хийсвэр, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Хариуцагч нийт 93 626 774 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй шүүхийн шаардсанаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэргийн 19 дэх талд авагдсан “Л” ХХК-тай тооцоо нийлсэн акт гэх баримтын “орж ирсэн мөнгө” гэх хэсэгт “нийт 82 000 000 төгрөг”-ийн төлбөр төлөгдсөн талаар бичигдсэн байдаг.

Дээрх хоёр тооцоо нийлсэн актад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 181/ШШ2019/00354 тоот шийдвэрт тусгагдаагүй үнийн дүн бүхий төлөлтийг тооцож үзвэл “11 дүгээр сарын 06-ны өдөр 1 800 000 төгрөг, 07 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 08 дугаар сарын 31-ний өдөр 6 000 000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 22 800 000 төгрөг төлөгдсөн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаар нотлогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 492 030 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Т” ХХК нь “Л” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Т” ХХК нь 70 500 000 төгрөгийн үнэ бүхий М250 маркийн бетон зуурмагийг худалдан авагч “Л” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “Л” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээний үүрэгтэй холбоотой талуудын хооронд маргаан үүсч, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/00354 дугаар шийдвэрээр “Л” ХХК-ийг гэрээний үүрэгт 67 025 520 төгрөгийг төлсөн болохыг тогтоож, тус байгууллагаас 3 657 780 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ. /хх13-18, 56-59/

 

“Л” ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 3 801 254 төгрөгийг төлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 6/624 тоот тогтоолоор гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна. /хх60/ Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

 

“Т” ХХК нь “Л” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бетон хийц эдлэл худалдан авахаар тохиролцсон, уг гэрээний дагуу худалдагч “Т” ХХК нь 22 985 667 төгрөгийн үнэ бүхий явган замын хавтан 6 000 ширхэг, жижиг брожур 621 ширхэг, хөтөч хавтан 200 ширхэг, автоброжур 1 485 ширхэг, эко хавтан 2 134 ширхгийг худалдан авагч “Л” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “Л” ХХК нь төлбөрийг төлөх үүргийг хүлээж, тохиролцсон болох нь “Л” ХХК-тай тооцоо нийлсэн акт, болон уг актын хавсралт гэх баримтаар тогтоогдож байна. /хх25-28/

 

Иймд анхан шатны шүүх талууд дээрх гэрээ хүчин төгөлдөр талаар маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

“Л” ХХК нь “Т” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргаагүй тул нэхэмжлэгч байгууллагыг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Харин “Л” ХХК нь “Т” ХХК-ийн нийлүүлсэн бетон хийц эдлэл чанар, стандартад нийцээгүй, тохиролцсон хугацаандаа нийлүүлээгүй гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолтой гэх нөхцөлийг хангаагүй, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан хугацаанд гүйцэтгээгүй зэрэг нөхцөл байдлыг нотлох баримтгүй байна.

 

Иймд “Т” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлсэн бетон хийц эдлэлийн үнийг Л ХХК-аас шаардах эрхтэй.

 

“Т” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ний өдөр гаргасан “Л” ХХК-тай Тооцоо нийлсэн акт гэх нэртэй баримтад орж ирсэн мөнгийг 07 дугаар сарын 21-ны өдөр 5 000 000 касст, 08 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 касст, 08 дугаар сарын 13-ны өдөр 3 000 000 касст, 08 дугаар сарын 31-ний өдөр 6 000 000 касст, 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 000 000 харилцах, 12 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 касст, 04 дүгээр сарын 06-ны өдөр 48 000 000, 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 800 000 асфальт гэж нийт 83 800 000 төгрөгөөр тодорхойлсон, уг мөнгөн дүнгүүд нь хариуцагчийн тайлбартай нийцэж, талууд энэ талаар маргаагүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч “Л” ХХК-ийг бетон зуурмагийн үнэ, бетон хийц эдлэлийн үнэд нийт 83 800 000 төгрөгийг төлсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Талуудын хооронд хийгдсэн “Л” ХХК-тай тооцоо нийлсэн хуудсын хавсралт гэх баримтаар “Л” ХХК нь бетон зуурмагийн үнэ, бетон хийц эдлэлийн үнэд нийт 94 382 939 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба уг мөнгөн дүнгээс талуудын тайлбар, хэрэгт авагдсан тооцооны баримтаар тогтоогдсон 83 800 000 төгрөгийг хасч тооцвол 10 582 939 төгрөг, уг мөнгөн дүнгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн 3 801 250 төгрөгийг хасч тооцвол 6 781 689 төгрөгийг “Л” ХХК нь “Т” ХХК-д төлөхөөр байна. Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 83 800 000 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 67 025 520 төгрөгийг хасч 16 774 480 төгрөгийг бетон хийц эдлэлийн үнэд төлсөн гэж тодорхойлж, бетон хийц эдлэлийн үнэд төлөх 22 985 110 төгрөгийн үүргээс төлөгдсөн гэх 16 774 480 төгрөгийг хасч үлдэх 6 210 630 төгрөгийг “Л” ХХК-аас гаргуулж тооцооллын хувьд алдаа гаргасан байна. Гэвч “Т” ХХК нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/02963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 114 320 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА