Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0232

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0232

Улаанбаатар хот

 

 

“Монголын үр тариа эрхлэгчдийн газар

тариалан холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, хариуцагч П.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” ТББ-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг, өмгөөлөгч Ц.Баасандорж нар давж заалдах гомдолдоо: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Баасандорж миний бие Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаад холбогдох хэрэгт нэхэмжлэгч “Монголын үp тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” ГҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлж байна.

2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Хариуцагчийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтээр “Алтайская жница” үрийн буудайнд 1463-1466, 1476-1477 гэсэн сорьцын дугаартай шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй ургамал илрээгүй, MNS 0246:2010 стандартын 6.1-д заасан тарих үрийн чанарын шаардлагаар 2 ангид хамаарч байгаа нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ” гэжээ.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д “...улсын байцаагч нь хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх” гэж заажээ. Хавтаст хэрэгт авагдсан /шүүх хурлын үед хавтаст хэргийг дугаарлаагүй байсан/ хариуцагчийн ажлын байрны тодорхойлолтод “...ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбайд хорио цээрийн үзлэг шалгалт хийх”, ажлын байрны зорилго нь “...монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамал, мэрэгч амьтан хилээр нэвтрэх, дамжин тархах, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх” гэж заажээ.

Хууль болон ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны зорилгоор хариуцагч нь зөвхөн хорио цээрийн үзлэг, шалгалт хийх эрх олгогдсон байтал улсын хилээр нэвтрүүлж буй үрийн буудайны чанар, стандарт, ангиллыг тодорхойлон тогтоож, дүгнэлт гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т заасан “...улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих”, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “...хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчид Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль болон ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны зорилгоор олгогдсон эрх, хэмжээ нь хорио цээрийн анхдагч үзлэг хийх болохоос сортын болон үрийн чанар ерөнхий шаардлагыг тодорхойлох, буудайны ангилал тогтоох эрх олгогдоогүй байна.

Ургамал хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д “...улсын байцаагч нь ургамал хамгааллын үйл ажиллагааны талаархи стандарт, технологийн шаардлагыг хянаж, хэрэгжилтийг хангуулах” гэсэн байдаг. Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1-д “...таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтыг үрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Хариуцагч нь үрийн хяналтын улсын байцаагч биш юм. Хариуцагч захиргааны албан тушаалтан нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх эрхтэй болохоос Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Ургамал хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д заасан эрхийг хэрэгжүүлэхгүй юм. Хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/084 тоот улсын байцаагчийн дүгнэлтэндээ “...гүний гаалиар нэвтэрсэн импортын үрийн буудайнд ургамал хорио цээр, чанарын дүгнэлт гаргах зорилгоор... шинжлүүлэв” гэсэн байдаг. Дээрх хуулиуд болон ажлын байрны тодорхойлолтоор хариуцагч нь хорио цээрийн анхдагч үзлэг хийх болохоос үрийн буудайнд чанарын дүгнэлт гаргах эрх байхгүй юм.

Хоёр. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Аймгийн мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн лабораторийн 6 вагоноос авсан дээжийн шинжилгээгээр 1 кг тутамд байгаа хог ургамал шинжилгээний 1463, 1464 дүгээр сорилтын дүнгээр хонгио хошуу будаа-20, 20, чөдөр тарна 10 ширхэг” 1465, 1466 дугаар сорилтын дүнгээр хонгио хошуу будаа 20, 20, татар сагаг 10 ширхэг, 1476, 1477 дугаартай сорилтын дүнгээр татаар сагаг 10, хонгио хошуу будаа 20, чөдөр тарна 12 ширхэг илэрсэн ба гадаад хорио цээртэй хог ургамал илрээгүй болох нь 1463-1466, 1476-1477 гэсэн сорьцын дугаартай шинжилгээний дүнгээр нотлогдож байх бөгөөд дээрх шинжилгээний дүнд дурдагдсан хог ургамал нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А-90 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт”-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хог ургамлын жагсаалтад бүртгэгдээгүй, хамааралгүй байна” гэжээ.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Жагсаалт батлах тухай” А-90 дугаар тушаал гаргасан байдаг. Уг тушаалын 1-д “...Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай” гэсэн байдаг бөгөөд хавсралтаар баталсан Хог ургамалд: Хонгио хошуу будаа, Татаар сагаг, Чөдөр тарна орсон байдаг. Шүүх дээрх тушаалд хамаарагдсан хог ургамлыг бүртгэгдээгүй, хамааралгүй гээд байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “...Шүүхийн шийдвэр хууль ёс бөгөөд үндэслэл бүхий байна”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчиж байна.

Гурав. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “...Нэхэмжлэгчээс хариуцагч MNS 0246:2010 үрийн буудайн стандартын 6 дугаарт тарих үрийн чанарын шаардлагад хог ургамлын үр 1 кг тутамд байх хэмжээгээр 3 ангилалд хувааж 1 дүгээр ангилалд 5 ширхэг, 2 дугаар ангилалд 20 ширхэг, 3 дугаар ангилалд 70 ширхэг байхаар хамаарсан байхад дүгнэлтэндээ 30 ширхэг гэж бичсэн атлаа үрийн буудайг 2 дугаар ангилалд хамааруулсан гэх тайлбарын тухайд хавтаст хэрэгт авагдсан 1463-1464, 1465-1466, 1476-1477 гэсэн сорьцын дугаартай шинжилгээний дүнд 1 кг байх хог ургамлын ширхгээр бичсэн байх ба шинжилгээний дүнд 30 ширхэг гэсэн тоо бичигдээгүй байхад хариуцагч дүгнэлтэндээ 30 гэж бичсэн нь техникийн алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

2016 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдөр 5204670064 дугаартай вагоноос дээж авч 1 кг үрийн буудайнд агуулагдах хог ургамлыг шинжлэхэд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн 1466 тоот сорилтын дүнгээр хонгио хошуу будаа 10, татар сагаг 20 ширхэг илэрсэн байна. 5204670064 дугаартай вагоноос авсан дээжээр 1 кг үрийн буудайнд агуулагдах хог ургамлын ургамлын нийт хэмжээ нь 30 ширхэг байна.

52648870 дугаартай вагоноос дээж авч 1 кг үрийн буудайнд агуулагдах хог ургамлыг шинжлэхэд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн 1464 тоот сорилтын дүнгээр хонгио хошуу будаа 20, чөдөр тарна 10 илэрсэн байна. 52648870 дугаартай вагоноос авсан дээжээр 1 кг үрийн буудайнд агуулагдах хог ургамлын ургамлын нийт хэмжээ нь 30 ширхэг байна.

52649035 дугаартай вагоноос дээж авч 1 кг үрийн буудайнд агуулагдах хог ургамлыг шинжлэхэд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн 1477 тоот сорилтын дүнгээр хонгио хошуу будаа 20, чөдөр тарна 10 илэрсэн байна. 52649035 дугаартай вагоноос авсан дээжээр 1 кг үрийн буудайнд агуулагдах хог ургамлын ургамлын нийт хэмжээ нь 30 ширхэг байна.

Үрийн буудай, Сортын үрийн чанар Ерөнхий шаардлага MNS 0246:2010 стандартын 6.1-д нэг кг үрд ногдох хог ургамлын хэмжээ тогтоож өгсөн байдаг бөгөөд уг хэмжээнээс нь хамаарч үрийн буудайг дотор нь 3 ангилсан. Дээрх стандартад 1 кг үрийн буудайд ногдох нийт хог ургамлын хэмжээг тогтоож ангилсан байхад шүүх 1 төрлийн хог ургамлын хэмжээгээр тооцсон нь буруу болсон. Нэг кг үрийн буудайнд ногдох хог ургамлын хэмжээг тооцохдоо буудайнд байгаа хог ургамлуудын тоог хооронд нь нэмж тооцох нь дээрх стандартад нийцэх юм. Нэхэмжлэгч хариуцагчийн хэн алин нь 1 кг үрийн буудайнд байгаа, дүгнэлтэд дурдагдсан хог ургамлын хэмжээтэй маргаагүй, хүлээн зөвшөөрч байхад шүүхээс дээрх хэмжээг MNS 0246:2010 стандартад зааснаас өөр аргаар тооцож, техникийн алдаа гэж хариуцагчийн дүгнэлтийг зөвтгөж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийн энэхүү үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 107 дугаар зүйлийн 107.4-д заасан “...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай тусгана” гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүх ямар үндэслэлээр нэг кг үрийн буудайнд ногдох хог ургамлыг нийт хэмжээгээр нь биш нэг төрийн хог ургамлын хэмжээгээр тооцсон, шүүх хуралдаанаар огт мэтгэлцээгүй, хэлэлцээгүй техникийн алдаа гэх асуудлыг үндэслэх хэсэгтээ дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Дөрөв. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Хариуцагч П.Болормаа 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг гаргахдаа ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 9.2-т “хил, хорио цээрийн хяналт нь байнгын хяналт байх”, 9.9-д “хил гүний хяналтын бүсэд хийх өдөр тутмын хяналтыг удирдамжгүй хийнэ” гэж заасныг зөрчөөгүй” гэжээ.

Нэхэмжлэгч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.7-д заасан хяналт шалгалтыг удирдамжтай хийнэ гэж заасныг хариуцагч зөрчсөн, хариуцагч өөрийн акт гаргасан үйлдлээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 207 дугаар тушаалаар батлагдсан стандартад заасан “...өдөр тутмын хяналт шалгалтыг удирдамжгүй хийнэ” гэсэн заалтад нийцэж байгаа гэж маргаж байхад шүүхээс талуудын хэн алин нь үгүйсгээгүй үйл баримтыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “....удирдамжгүй хийнэ гэснийг зөрчөөгүй” гэж дүгнээд байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасан “...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай тусгана” гэснийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчийн хэн хэн нь хяналт, шалгалтыг удирдамжгүй хийнэ гэснийг зөрчсөн гэж маргаагүй байхад шүүх зөрчөөгүй гэж дүгнээд байгаа нь буруу юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна” 5 дугаар зүйлийн 5.2. “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...”, 5.7-д “...Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг бөгөөд П.Болормаа байцаагчийн дүгнэлт нь баталсан удирдамжгүй, удирдамжийн нэгдсэн дугааргүй, ямар бүрэлдэхүүнтэйгээр хяналт хийсэн нь тодорхойгүй байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна. Хариуцагч өөрийгөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт”-ын дагуу “...өдөр тутмын хяналтыг удирдамжгүй хийнэ” гэж заасны дагуу хийсэн гэдэг тайлбарыг өгдөг. Гэтэл дээрх 207 дугаар тушаалд “...өдөр тутмын хяналт шалгалтыг удирдамжгүй хийнэ” гэж заасан байна. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “...стратегийн хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг” хэлнэ гэж заажээ. Жилдээ ганцхан удаа хаврын улиралд хилээр орж ирдэг стратегийн хүнс болох үрийн улаан буудайг ямар ч удирдамжгүй хийх өдөр тутмын хяналт шалгалтад хамааруулж байгаа нь буруу юм. Учир нь хилээр орж ирж байгаа үрийн улаан буудай нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй салшгүй холбоотой тул Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу маш нарийн, удирдамжтай хяналт шалгалтыг хийх шаардлагатай юм.

Хууль зүйн хүчин чадлын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 207 дугаар тушаалаас дээгүүр хүчин чадалтай эрх зүйн акт юм. Хууль, даргын тушаал хоёр хоорондоо зөрчилдвөл хуулийг дагаж мөрдөх нь улсын байцаагчийн үүрэг бөгөөд Монгол Улсын стратегийн хүнс болох үрийн буудайг ямар ч удирдамжгүй хийх болсон шалтгаанаа 207 дугаар тушаалаар зөвтгөх нь үндэслэлгүй юм.

Тав. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчээс “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нараас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 18-02-008/44 тоот дүгнэлт зөв” гэх тайлбарын тухайд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилгод... гэж зааснаас үзэхэд дээрх улсын байцаагч нар нь ажлын байрны чиг үүргээрээ хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг хийх эрхгүй этгээд байна” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан байдаг. Сэлэнгэ аймгийн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18-02-008/44 тоот улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч хариуцагчийн хэн алин нь шаардлага гаргаагүй, акт нь хүчингүй болоогүй, хүчин төгөлдөр байхад уг актыг гаргасан улсын байцаагчийг дээрх актыг гаргах эрхгүй байсан гэж дүгнэлт хийгээд байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

Зургаа. Хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/084 тоот захиргааны акт гаргахдаа хог ургамлын нэршлийг бичээгүй байна. 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хяналт, шалгалтын баримт бичигт тавигдах шаардлагад “...хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, түүнд холбогдох хууль тогтоомж, норм, стандартын заалтыг нарийвчлан тусгана” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнүүдэд хог ургамлын нэршлийг бичсэн байхад хариуцагч нь уг нэршлийг бичилгүй орхигдуулсан байна. Хог ургамлын нэршлийг бичээгүй нь дээрх буудайг худалдан авч байгаа тариаланчдад уг буудайнд ямар төрлийн, ямар нэртэй хог ургамал байгаа, тэр нь дотоод болон гадаад хорио цээртэй хог ургамлын алинд нь хамаарах, уг хог ургамлыг цэвэрлэх шаардлагатай эсэх, цэвэрлэх бол ямар бордоо хэрэглэх эсэхийг мэдэх боломжгүй болгож, цаашлаад ургац алдах, алдагдал хүлээх эрсдэлийг бий болгож байна.

Долоо. 52648870 дугаартай вагоноос дээж авч 1 кг үрийн буудайнд агуулагдах хог ургамлыг шинжлэхэд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн 1464 тоот сорилтын дүнгээр хонгио хошуу будаа 20, чөдөр тарна 10 илэрсэн байна. 52648870 дугаартай вагоноос авсан дээжээр 1 кг үрийн буудайнд агуулагдах хог ургамлын нийт хэмжээ нь 30 ширхэг байна. Гэтэл хариуцагч нь хог ургамлын хэмжээг 30 байсныг 20 гэж буруу бичсэн байна. Хог ургамлын хэмжээг буруу бичээд байгаа нь тухайн үрийн буудайны ангиллыг өөрчлөх нэг үндэслэл болох юм.

Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/84 тоот дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 207 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт, үрийн буудай, сортын болон үрийн чанар ерөнхий шаардлага MNS-0246:2010 стандартыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад байгаа дээрх дүгнэлтээр чанар муутай 3 дугаар ангиллын үрийн буудайг 2 дугаар ангиллын үрийн буудай болгосноор ОХУ-аас хямд авсан буудайн үнэ нэмэгдэж, тариаланчид чанар муутай үрийн буудайг зах зээлийн үнээс илүү үнэтэй авч, цаашлаад ургац алдах эрсдэл, хөрс өвчлөх зэрэг олон сөрөг үр дагавартай юм.

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/84 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

“Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” ГҮТББ-аас “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбар зэргээр Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж зааснаар газар тариалангийн чиглэлээр гишүүддээ үйлчилдэг, төрийн бус байгууллага болох нь 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 000042713 тоот гэрчилгээ, төрийн бус байгууллагын дүрэм, 2013-2015 оны ажлын төлөвлөгөө, тайлан, тариаланчдын дунд зохион байгуулсан хурал зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ. Иймд нэхэмжлэгчийг гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн “шийдвэр” гаргасан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн” гэжээ. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нараас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 18-02-008/44 тоот дүгнэлтийг үнэн зөв гэж дурдаж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг иш татаж мэтгэлцсэн байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын талаар дүгнэлт хийсэн нь зүй ёсны байна. Иймд анхан шатны шүүхийн “нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн, илт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгч талын өөрийн тайлбартаа дурдсан, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа нотлох баримт болох улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 18-02-008/44 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон, илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргаагүй байна.

Хариуцагч субьект болох “улсын байцаагчийн эрх хэмжээ”-ний талаар талууд маргасан байх бөгөөд  нэхэмжлэгч “Сортын болон Үрийн чанар, ерөнхий шаардлагыг тодорхойлох, буудайны ангилал тогтоох эрх олгогдоогүй” гэжээ. 

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн “Таримал ургамлын үр, сортын чанарт тавих хяналт” гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтыг үрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж заажээ. Иймд Монгол Улсад Үрийн хяналтын улсын байцаагч байдаг эсэх, тэрээр үрийн хяналтыг хэрэгжүүлдэг эсэхийг тодруулахаас гадна, түүний ажлын байрны тодорхойлолтыг гаргуулан авч харьцуулан дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Мөн  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байх тул хариуцагчийн “2 дугаар зэргийн үр” гэсэн агуулгатай дүгнэлт гаргасан үйлдэл нь дээрх дүрэмд нийцэж буй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай.

Түүнчлэн ангилал тодорхойлох “аргачлал”-ын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь MNS 0246:2010 “Сортын болон Үрийн чанар, Ерөнхий шаардлага”, стандартын 5.3-д “1 дүгээр зэрэг 99 хувиас доошгүй цэвэршилттэй, 2 дугаар зэрэг 98-иас доошгүй хувийн цэвэршилттэй, 3 дугаар зэрэг 97 хувиас доошгүй цэвэршилттэй” байхаар тогтоосноос гадна мөн стандартын 6.1-д цэвэршилтийн хувийг дээрхийн нэгэн адил тогтоож, хог ургамлын 1 кг-д байх ширхгийг “1 дүгээр зэрэгт 5-аас дээшгүй, 2 дугаар зэрэгт 20-иос дээшгүй, 3 дугаар зэрэгт 70-аас дээшгүй” байхаар тус тус тогтоожээ.

Маргаан бүхий захиргааны актаар 2 дугаар зэргийн буудай гэж дүгнэхдээ 1 кг-д байх хог ургамлын хэмжээг хог ургамлыг тус тусад нь тооцсон байгаа боловч “цэвэршилт”-ийн талаар огт дүгнээгүй байна. Нэхэмжлэгч 1 кг-д байх хог ургамлын хэмжээг ургамал тус бүрээр бус харин нийлбэрээр нь дүгнэж тодорхойлно гэж маргаж байхад анхан шатны шүүх ямар аргачлалаар хог ургамлын тоог тооцох үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбарлахдаа үрийн буудайны чанарыг тодорхойлохдоо “6 вагон”-ы дунджаар бодож гаргасан гэж тайлбарлаж байна. Гэтэл ийнхүү бодож гаргасан аргачлал нь ямар хууль, стандарт зэргийг үндэслэсэн болох нь тодорхойгүйн дээр анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй байна. Хэрвээ хариуцагчийн энэхүү аргачлалаар тооцвол 99 вагон 1 дүгээр зэргийн үрийн буудай, 1 вагон хог ургамал байхад 100 вагоны дунджаар тооцоход тэрхүү 1 вагон хог ургамал нь 99% цэвэршилттэй үрийн буудай гэж дүгнэгдэж болохоор байна.

Иймд анхан шатны шүүх үрийн буудайны чанарыг тодорхойлохдоо хариуцагчийн бодсончлон хог ургамал тус бүрийн ширхгээр тоог гаргадаг эсэх, эсхүл нийт хог ургамлын тоогоор гаргадаг эсэхийг зайлшгүй тогтоох, түүнээс гадна 6 вагоны дунджаар тодорхойлсон гэх тайлбарт дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Түүнээс гадна энэхүү буудайны талаар нийт 4 удаа дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт авагдсан маргаан бүхий актад 52648870 вагон 97.81%-ийн, 5204670064 вагон 97.71% цэвэршилттэй, 52685930 вагон 97.94% цэвэршилттэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл стандартын дагуу уг буудай 2 дугаар зэрэг юм бол 98 хувиас доошгүй цэвэршилттэй байх ёстой гэж ойлгогдож байна. Хавтаст хэрэгт мөн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн “Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн” гэсэн баримтад “сорьцын дугаар 1464, вагоны дугаар 52648870, цэвэршилт 97.71%, сорьцын дугаар 1466, вагоны дугаар 52670064, цэвэршилт 97.71%, сорьцын дугаар 1476, вагоны дугаар 52685930, цэвэршилт 97.94%” гэжээ. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабораторийн дүгнэлт гэх баримтад цэвэршилт 97.14%, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн “Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн” гэсэн баримтад цэвэршилт 97.14%, 97.90%, 97.96%, 97.18% гэх зэргээр 3 дугаар зэрэгт хамаарахаар харилцан өөр нотлох баримтууд авагдсан байх тул харьцуулан дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөн хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд авагдсан байгааг тэмдэглэхийн хамт дээрх баримтууд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй бол хасах, шаардлагатай гэж үзэж буй бол хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан авах хэрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Анхан шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийн эцэслэн шийдвэрлэсэн байх тул дээрх асуудлуудыг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй, үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:      

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР