Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 142

 

“Э ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:            Ч.Тунгалаг,   

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:    Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0022 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0164 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0022 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.15, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ш” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0164 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Э ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Э ш” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

4. Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг цуцалсан ба хариуцагчаас мөн өдрийн 6-5809 тоот албан бичиг хүргүүлж мэдэгдсэн гэж тайлбарласныг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр магадлалын үндэслэл болгосон.

5. Гэтэл хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/3682 тоот албан бичиг болон баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлийн дэвтрийн 5821 дэх дугаарт бүртгэгдсэн “Э ш” ХХК-д холбогдох бүртгэл зэрэг бичиг баримтад анхан болон давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан, зарим талаар нотлох баримтыг илт буруу утга агуулгаар тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3  дахь хэсгүүдийг зөрчсөн зөрчил болсон.

6. Нөгөө талаас нэхэмжлэгч “Э ш” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-5809 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг гардуулсан үйл баримт тогтоогдохгүй, дээрх нөхцөл байдлыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга хүлээн зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1/3682 дугаартай албан бичгээр хариу мэдэгдэж, анхан шатны шүүх дээрх хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоон нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4 дэх хэсгүүдийг зөрчсөн зөрчил болохгүй бөгөөд  давж заалдах шатны шүүх мөн зүйл заалтыг магадлалын хууль зүйн үндэслэл болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зөрчил болно.

7. Зүй нь нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд авсан урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ дээрх үйл баримтуудыг хариуцагчаас хүлээн зөвшөөрч хариу өгч буй үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх илт хууль бус дүгнэлт хийсэн байна.

8. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч “Э ш” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх бөгөөд энэ шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “цуцлах үндэслэл бүрдсэн тухай шийдвэрийг мэдэгдээгүй” гэж маргаж байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

12. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдээс “2014 онд манай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдээгүй, хожим 2018 онд мэдсэн, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрээ мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

13. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдан гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа хориглогдож, эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Гэвч уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны  02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт орж, нөхцөл байдал өөрчлөгдсөн, хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосон бүсийн хил заагийг шинэчлэн тогтоож, улмаар хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны байгууллагад өргөдөл гаргахаар зохицуулсан.

14. Нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг мэдэх бүрэн боломжтой, түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд “Засгийн газрын тогтоолуудад заасан хориглосон заалтуудыг 2015 оны 7 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулан хүчингүй болгосон, энэ өөрчлөлтийн үр дүнд “Э ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай хуулийн хориглолтоос чөлөөлөгдсөн” гэж тайлбарлаж байжээ.

15. Гэтэл нэхэмжлэгч ийнхүү эрх сэргэх нөхцөл үүссэнээс хойш 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа үргэлжлүүлэн ашиглахаар захиргааны байгууллагад хандаагүй, хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй атлаа захиргааны байгууллагын 2014 оны шийдвэрт холбогдуулан 2018 онд маргаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ, үйл баримтуудыг хариуцагчаас хүлээн зөвшөөрч хариу өгч буй үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй” тухай гомдол үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс захиргааны байгууллагад хандаж, 2018 оны 05 дугаар 02-ны өдөр гаргасан албан бичигт /нэхэмжлэгч энэ цаг хугацааг үгүйсгэж маргаагүй/ Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр хариу өгсөн байдал нь нэхэмжлэл гаргах хугацааг тооцохгүй байх хуулийн үндэслэл биш юм.

17. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2015-2018 онд манай компанийн эзэмшигчид өөрчлөгдөөд солигдсон, тэр үйл баримтыг миний хувьд сайн мэдэхгүй байна” гэж тайлбарлаж байгаа нь тухайн нэхэмжлэгч хуулийн этгээдийн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой болохоос захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

18. Хариуцагчаас “2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-5809 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдсэн” гэж, нэхэмжлэгчээс “энэ албан бичгийг хүлээн аваагүй, буцаалт хийгдсэн байсан” гэж тус тус тайлбарласан, Баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлийн 5821 дэх мөрөнд нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдох хэсэгт “буцаалт хийсэн” тухай тэмдэглэл байхгүй, мөн “хүлээн авсан” тухай тэмдэглэл байхгүй буюу нэхэмжлэгч, хариуцагчийн аль алины тайлбар нотлогдохгүй байна.

19. “Монгол шуудан” ХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/791 тоот албан бичгээр “...дотоод шуудангийн гадуур, дотуур дагалдахыг 2 жил, тооцооны хуудас маягтыг 3 жил хадгалах тул хариу өгөх боломжгүй” гэж, дээрх 6-5809 дүгээр албан бичгийг хүргэгдсэн эсэх талаар тодорхойлж чадаагүй, энэ байдал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай шууд холбоотой буюу ач холбогдолтой цаг хугацаанд эрх бүхий байгууллагад хандаж байгаагүйгээс шалтгаалсан, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм.

20. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0164 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ

           ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ