Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00498

 

 

 

 

 

 

 

 

 

Багийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00038 дугаар шийдвэртэй,

Багийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдуулан гаргасан

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ба, өмгөөлөгч Э.Батжаргал, Г.Урангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ба 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/616 тоот тушаалаар Хар хорин тооцооны төвд теллерээр ажилд орсон. 2013 онд вип теллер, 2014 онд ахлах теллер, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1883 тоот тушаалаар Баянгол тооцооны төвд харилцааны менежерээр тушаал дэвшин ажиллаж байсан.

Гэтэл гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/539 тоот тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Үтарын зээлийг зээлийн хороо шийдсэн. Журамд зааснаар зээл судалсан харилцааны менежерт зээлийг танилцуулдаг, санамж бичгийн дагуу зээл олгосон. Хур системээс гэрлэлтийн бүртгэл харахад Үтар гэрлэлтийн бүртгэлгүй гарсан.

Зээлийн материалд өөр хүний лангууны зураг хийсэн гэж буруутгадаг. Үтар нь утасны худалдаа, засвар хийдэг, “Теди” төвд лангуутай, лангуунууд хоорондоо адил төстэй, тоног төхөөрөмжийн сери өөр байдаг, тэдгээрийг анхаараагүй.

Бусдын 14 удаагийн 9 000 000 гаруй төгрөгийн зээл төлөлтийг өөрийн дансаар дамжуулж, хувийн харилцаа тогтоосон, 10 удаагийн гүйлгээгээр 5 000 000 гаруй төгрөгийн зээл төлөлтийг өөрийн, “А” ХХК дахь эзэмшлийн дансаар авч төлсөн гэдэг.  Зээл төлж буй хүмүүс эзгүй байна, хөдөө орон нутагт байна, “А” ХХК-ийн данс руу шилжүүлэх боломжтой зэрэг байдлын улмаас өөрийн “А” ХХК дахь эзэмшлийн данс руу авч тэр өдөртөө зээлийн дансанд нь төлж байсан. Ямар нэг хувийн харилцаа тогтоогоогүй.

3.Эрдэнэсүрэнгийн бичил бизнесийн зээлийн хувьд компани нь өртэй эсэх лавлагааг аваагүй, тайланг аваагүй гэдэг. Бичил бизнесийн зээл зөвхөн иргэнд олгогддог ба зээлдэгчид тавигдах шаардлагад 6 сар бизнес эрхэлсэн баримт данс, хар дэвтэр, тусгай зөвшөөрөл шаардагддаг. Зээлдэгч нарын өөрсдийн орлого хүрч байсан ба уг зээлийг гаргах эсэх асуудлыг зээлийн хороо шийдвэрлэж байсан. 24 500 000 төгрөгт хашаа, байшин барьцаалсан байдаг.

Гурван зээлдэгчид автомашин барьцаалж бизнесийн зээл олгохдоо автомашины арлын дугаарыг тусгаагүй гэдэг. Гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, мөн хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн байсан. Үүнээс үүдээд хохирол учирсан зүйлгүй. Зээлүүд хэвийн төлөлттэй байсан.

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Тны гүйцэтгэх захирлын Б/1883 тоот тушаалаар Баянгол тооцооны төвийн харилцааны менежерээр томилогдон ажиллаж байсан.

Ба нь Баянгол тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 04 сарын 02-ны өдрийн Б/539 тоот тушаалаар цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Тушаалын үндэслэл нь Ба 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харилцагч Үтарт 30 000 000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг судалж, зээл олгохдоо зээлдэгч Чэгийн зээлийн судалгаанд ашигласан бизнесийн үйл ажиллагааны зургуудыг Үтарын зээлийн хувийн хэрэгт хавсаргасан, тус тооцооны төвийн зээлийн хорооны эрхийн хэмжээг 70 000 000 төгрөг байхаар тогтоож өгсөн байхад зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчин зээлдэгчийн гэр бүлийн хүн болох Баруун хүрээ тооцооны төвийн харилцааны менежер Дагийн зээлийн мэдээллийн сангийн лавлагааг аваагүй, тус ажилтны нэр дээр зээл олгох үеэр 21 232 310 төгрөгийн үлдэгдэлтэй цалингийн зээл байсан байхад тус зээлийг судалгаанд тусгаагүй, зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд болон зээлдэгчийн нийт зээлийн хэмжээ 84 966 780 төгрөг болж холбогдох дээд шатны зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлэх ёстой байтал тооцооны төвийн эрхийн хэмжээг 14 966 780 төгрөгөөр хэтрүүлэн зээл олгосон.

“Т” ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчин зээлдэгч банканд ирж гүйлгээ хийх боломжгүй гэх шалтгаанаар 14 удаагийн зээлийн төлбөр, нийт 9 855 506 төгрөгийг өөрийн “А” ХХК дахь эзэмшлийн дансаар дамжуулан “Т” ХХК-ийн данснаас төлсөн.

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрэнд 24 500 000 төгрөгийг бичил бизнесийн зээлийг олгохдоо зээлдэгч болон зээлдэгчтэй хамаарал бүхий хуулийн этгээд болох “Х” ХХК-ийн регистрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа аваагүй, сүүлийн улирлуудын санхүүгийн болон татварын тайланг авч зээлийн хувийн хэрэгт хавсаргаагүй, Зээлийн үйл ажиллагааны журмын 11.5.2.а.1 дэх заалтыг зөрчин 3 зээлдэгчид олгосон нийт 73 090 449 төгрөгийн үлдэгдэлтэй бизнесийн зээлд автомашин барьцаалахдаа барьцааны гэрээнд автомашины арлын дугаар болон бусад таних дугаар зэргийг тусгаагүй, Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүд, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2, Зээлийн үйл ажиллагааны журмын 12.8.5, Ажилтны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь дотоодын хяналт, шалгалтаар тогтоогдсон.

Ажил олгогчийн гаргасан тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баг “Т” ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын харьяа Баянгол тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “Т” ХХК-аас 12 502 400 төгрөгийг гаргуулж Бад олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан Багийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 214 988 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Т” ХХК-ийн Баянгол тооцооны төвийн харилцааны менежер Ба нь өөрийн найз Дагийн нөхөр болох зээлдэгч Үтарын 30 000 000 төгрөгийн зээлийн судалсан.

Дагийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн банканд гаргаж өгсөн тайлбарт манай нөхрийн авсан зээл гэж тайлбар ирүүлсэн байх ба тухай зээлийн судлахдаа үндсэн зээлдэгчийн хамтран амьдрагч нь зээлийн үлдэгдэлтэй эсэх талаарх судлаагүйн улмаас Баянгол тооцооны төвийн зээлийн эрхийн хэмжээ 14 966 780 төгрөгөөр хэтэрсэн. Багийн уг үйлдэл нь ажлын байрны тодорхойлолтод заасан “зээлийн хүсэлтийг хүлээн авч, мэргэжлийн өндөр түвшинд зээлийн бодлого журмын дагуу судлах, зээл олгох” чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.34-т заасан ноцтой зөрчлийг гаргасан.

Мөн Чэгийн зээлийн судалгааг Ба хийсэн болох нь баримтаар авагдсан зээлийн хорооны шийдвэрээр батлагддаг бөгөөд зээлдэгч Чэгийн эрхэлдэг үйл ажиллагааны зураг нь зээлдэгч Үтарын үйл ажиллагааны зурагтай яг ижилхэн байсан “Т” ХХК-ийн Дотоод хянан, шалгалтын газрын тайлангаар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан “зээлийн хувийн хэрэг материалыг журмын дагуу бүрдүүлэх” чиг үүргээ зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 7.4.43-т заасан тухайн баримт нь илт хуурамч гэдгийг мэдсээр байж судалсан, зээлийн хорооны гишүүдийг хуурамч мэдээллээр хангасан ноцтой зөрчлийг гаргасан байтал шүүхээс зөрчилгүй хэмээн үзэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Баг ажлаас чөлөөлсөн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/539 тоот тушаал нь дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлтэй нийцэж байх тул хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ба хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ба нь “Т” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/353 дугаар тушаалаар Баянгол тооцооны төвийн харилцааны менежерээр ажилласан, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. /1хх125, 23-26/

 

“Т” ХХК-ийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/539 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.4.5, 7.4.7, 7.4.35, 7.4.41, 7.4.43-т заасныг баримтлан Ба нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүд, Хөдөлмөрийн дотоод журмын 12.2, Зээлийн үйл ажиллагааны журмын 12.8.5, Ажилтны ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлжээ. /1хх6/

 

Тушаалд Ба нь 2019 оны 10 сарын 28-ны өдөр харилцагч Үтарт 30 000 000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг судалж, зээл олгохдоо зээлдэгч Чэгийн зээлийн судалгаанд ашигласан бизнесийн үйл ажиллагааны зургуудыг Үтарын зээлийн хувийн хэрэгт хавсаргасан, тус тооцооны төвийн зээлийн хорооны эрхийн хэмжээг 70 000 000 төгрөг байхаар тогтоож өгсөн байхад зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчин зээлдэгчийн гэр бүлийн хүн болох Дагийн нэр дээр зээлийн мэдээллийн сангийн лавлагаа аваагүй, тус ажилтны нэр дээр зээл олгох үеэр 21 232 310 төгрөгийн үлдэгдэлтэй цалингийн зээл байсан байхад тус зээлийг судалгаанд тусгаагүй, зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд болон зээлдэгчийн нийт зээлийн хэмжээ 84 966 780 төгрөг болж холбогдох дээд шатны зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлэх ёстой байтал тооцооны төвийн эрхийн хэмжээг 14 966780 төгрөгөөр хэтрүүлэн зээл олгосон, Тны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчин зээлдэгч банканд ирж гүйлгээ хийх боломжгүй гэх шалтгаанаар бусдын 14 удаагийн зээлийн төлбөр, нийт 9 855 506 төгрөгийг өөрийн Аны дансаар дамжуулан Тны данснаас төлсөн, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрэнд 24 500 000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг олгохдоо зээлдэгч болон зээлдэгчтэй хамаарал бүхий хуулийн этгээд болох “Х” ХХК-ийн регистрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа аваагүй, сүүлийн улирлуудын санхүүгийн болон татварын тайланг авч зээлийн хувийн хэрэгт хавсаргаагүй үндэслэлийг заасан байна.

 

Анхан шатны шүүхээс дээрх 4 зөрчил тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийн 2 үндэслэлд холбогдох хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргасан.

 

Ба нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харилцагч Үтарт 30 000 000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг судалж олгохдоо зээлдэгч Чэгийн зээлийн судалгаанд ашигласан бизнесийн үйл ажиллагааны зургуудыг Үтарын зээлийн хувийн хэрэгт хавсаргасан гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь 2 дугаар хавтас хэргийн 64-67, 70-72 дугаар талд авагдсан бизнесийн үйл ажиллагаа гэх нэртэй Үтарын болон Чэ нарын зээлийн материалд хавсаргасан ажлын байрыг тодорхойлсон гэрэл зургуудыг харьцуулан дүгнэвэл зарим зураг нь адил төстэй байх боловч зээлийн хорооны хурлаар уг зөрчлийг олж тогтоогоогүй, “Т” ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын газрын тайлан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсныг сахилгын зөрчил илэрсэн гэж тооцвол ажил олгогч уг хугацааг хэтрүүлж 1 сар 6 хоногийн дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн байна.

 

Хариуцагч байгууллага нь Баг Баянгол тооцооны төвийн зээлийн хорооны эрхийн хэмжээг 70 000 000 төгрөг байхад Зээлийн үйл ажиллагааны журмын 10.5.1-т заасныг зөрчиж Үтарт зээл олгохдоо түүний гэр бүлийн хүн болох Дагийн нэр дээр зээлийн мэдээллийн сангийн лавлагаа аваагүй, тус ажилтны нэр дээр 21 232 310 төгрөгийн үлдэгдэлтэй цалингийн зээл байсан байхад тус зээлийг судалгаанд тусгаагүй, зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд болон зээлдэгчийн нийт зээлийн хэмжээ 84 966 780 төгрөг болж холбогдох дээд шатны зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлэх ёстой байтал тооцооны төвийн эрхийн хэмжээг 14 966 780 төгрөгөөр хэтрүүлэн зээл олгосон гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт” гэх баримтаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “гэрлэлт бүртгэлгүй тухай” лавлагаанд иргэн Да гэр бүлгүй болохыг тодорхойлсон байдал, “Датай гэр бүл болж байгаагүй” гэх гэрч Үтарын мэдүүлэг, Тны зээлийн үйл ажиллагааны журмын 3.1.7-д заасан “хамаарал бүхий этгээд” гэх тодорхойлолтод зааснаар Үтар болон Да нарыг хамтран амьдрагч гэж тооцох баримт хэрэгт байхгүй байгааг харьцуулан дүгнэж, Дагийн авсан зээлтэй холбоотой баримт, лавлагааг Үтарын зээлийн судалгаанд оруулахгүй гэх агуулгаар хийсэн дүгнэлтийг буруутгахгүй. Түүнчлэн “Т” ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын газрын тайлангийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд Да 21 232 310 төгрөгийн үлдэгдэлтэй цалингийн зээлтэй байсан гэж тусгасныг Үтарын зээлд хамааруулан тооцохгүй юм.

 

Иймд зээлийн судалгааны баримт дутуу бүрдүүлж, холбогдох дээд шатны зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлэх асуудлыг тооцооны төвөөр шийдвэрлүүлж, тооцооны төвийн эрх хэмжээг хэтрүүлж зээл олгосон гэх зөрчлийг ажилтан Г.Гэрэлтуяа гаргасан гэж дүгнэхгүй юм.

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдаагүй анхан шатны шүүхийн гаргасан дараах дүгнэлтийг зөв гэж үзлээ.

 

Тны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчин зээлдэгч банканд ирж гүйлгээ хийх боломжгүй гэх шалтгаанаар 14 удаагийн зээлийн төлбөр, нийт 9 855 506 төгрөгийг Ба нь өөрийн эзэмшлийн “А” дахь дансаар дамжуулан авч “Т” ХХК-ийн дансанд төлсөн нь сахилгын зөрчилд хамаарна гэх үндэслэлийг тушаалд тусгажээ. Ба нь зээлдэгч нараас түүнд шилжүүлсэн зээлийн төлбөрийг өдөрт нь “Т” ХХК дахь зээлдэгч нарын зээлийн данс руу нь шилжүүлснийг холбогдох дансны хуулгаар тогтоогдож байх боловч уг нөхцөл байдлыг Тны ажилтны ес зүйн дүрмийн 5.1.5-т заасан харилцагчтай хувийн харилцаа тогтоосон, дээрх үйлдлээр өөртөө ашигтай, давуу байдал үүсгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн Ба нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрэнд 24 500 000 төгрөгийг бичил бизнесийн зээлийн зориулалтаар олгохдоо зээлдэгч болон зээлдэгчтэй хамаарал бүхий хуулийн этгээд болох “Х” ХХК-ийн регистрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас лавлагаа аваагүй, сүүлийн улирлуудын санхүүгийн болон татварын тайланг зээлийн хувийн хэрэгт хавсаргаагүй гэсэн тушаалд үндэслэлийг ажил олгогч тодорхойлсон. Анхан шатны шүүх Зээлийн үйл ажиллагааны журмын зээлийн барьцааны зүйлийн бичиг баримт, лавлагааг авах зохицуулалт нь бичил бизнесийн зээлтэй холбоотой барьцаанд хамааралтай эсэх талаар ойлгомжгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

Мөн нэхэмжлэгч гурван иргэний зээлийн гэрээний үүрэгт автомашин барьцаалсан барьцааны гэрээнд автомашины арлын дугаарыг бичээгүй боловч  барьцаа хөрөнгийн мэдэгдлийг цахим бүртгэлд оруулсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээг гэрээнд хавсаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд материал дутуу тохиолдолд зээлийн хорооны гишүүд залруулах боломжтой байжээ. 

 

Нэхэмжлэгч Багийн судалсан зээлүүд хэвийн төлөлттэй, банкинд ямар нэгэн хохирол учирсан зүйлгүй, хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүний дээрх гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээний 7.4-т заасан ноцтой зөрчлүүд, Ажилтны ёс зүйн дүрмийн ажилтанд хориглох зүйлийн 5.2.1, 5.2.9, 5.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын ажилтанд хориглох зүйлийн 12.2, Зээлийн үйл ажиллагааны журмын 11.5.2.а.1, 12.8.5-т заасан дүрэм, журмуудыг зөрчсөн нь Батай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах хэмжээний зөрчил болох нь тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, “Т” ХХК-ийн Дотоод хяналт шалгалтын газрын тайлан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан, ажил олгогч 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 988 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА