Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00696

 

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00696

 

 

Э-А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00458 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э-АХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цэцэгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамжны 50б тоот хаягт байрлах 3 450 м.кв талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10781 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. НШШГГ нь Э-АХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураан авсны дараа өмчлөгчөөс үнийн санал албан ёсоор авч, талуудын хооронд үнэ тохиролцуулах арга хэмжээ авах ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Э-АХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14300839/23 дугаар тогтоолоор хураан авсныхаа дараа өмчлөгч Э-АХХК-аас үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлэлгүй. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/426 тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгчид танилцуулаагүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж тус тус заасан. Гэтэл Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээ нь дээрх хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал, Э-АХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээ тогтооход ашигтай давуу талуудыг огт судлаагүй, үндэслээгүй, тэр талаар үнэлгээний тайланд тусгаагүй, үнэ тогтоосон үндэслэл тодорхой бус байна. Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-т заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл нь Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээнд бодитой тусгагдаагүй байна. Э-АХХК-ийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгө нь 3 450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, хотын А зэрэглэлийн төв бүсэд байрлалтай зэрэг давуу байдлаараа зах зээлийн бодит үнэ ханш нь 3,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх юм. Уг объект өмнө нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан, одоо үнэлгээ хийх үеийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй болсон. Гэтэл Мөнх-Оргил трейд ХХК нь Э-АХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнийг багаар буюу 2 152 405 100 төгрөгөөр үнэлсэн. Иймд Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дугаар захирамжаар 23 039 506 төгрөгийг Б.Номинд, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 233 дугаар захирамжаар 7 044 000 төгрөгийг Б.Төмөрхүүд, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний 282 дугаар захирамжаар 16 254 000 төгрөгийг Н.Энхзулд, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1027 дугаар шүүхийн шийдвэрээр 15 180 000 төгрөгийг Б.Баттуяад, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5813 дугаар захирамжаар 16 650 330 төгрөгийг Б.Даваадоржид, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2087 дугаар захирамжаар 25 702 017 төгрөгийг М.Наранжаргалд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 211/Ч шийдвэр болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дугаар сарын 19-ний өдрийн 907 дугаартай магадлалаар 32 662 775 төгрөгийг П.Батчимэгт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7943 дугаар захирамжаар 19 944 000 төгрөгийг Төгс зуурмаг ХХК-д, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8237 дугаар захирамжаар 49 210 000 төгрөгийг Бат бэх ремикон ХХК-д, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2015/08955 дугаартай шийдвэрээр 13 745 310 төгрөгийг Эрдэс бетон ХХК-д, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/01675 дугаартай шийдвэрээр 318 850 750 төгрөгийг Агар-Арвижих ХХК-д, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02213 дугаар шийдвэрээр 72 473 000 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02273 дугаар захирамжаар 12 000 000 төгрөгийг Т.Энхгэрэлчулуунд, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2018/18771 дугаар захирамжаар УБЦТС ТӨХК-д 4 522 129 төгрөгийг тус тус Э-АХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу холбогдох ажиллагаа явуулж Э-АХХК өмнө нь дуудлага худалдаа, үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосон. Ингээд дахин ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э-АХХК-ийн өмчлөлийн Ү-2204081607 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50б тоот хаягт байршилтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081607 дугаарт бүртгэлтэй 3 450 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 14300839/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14300839/23 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Э-АХХК нь дээрх эд хөрөнгөд үнийн санал өгөх боломжгүй гэж 2020 оны 9 дүгээр сард 26/20 тоот албан бичгээр шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэхээр тус газарт хандсан, төлбөр авагч харилцан адилгүй санал өгсөн тул 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/426 дугаар шинжээч томилох тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг томилсон. Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК дээрх үл хөдлөх хөрөнгийг 2 152 405 100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4/122/36514 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Э-АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дагва-Очирт гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг зөрчсөн. Мөн өмнө нь энэ үнэлгээний талаар гомдол гаргасан учир дахин гомдол гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдох Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Э-АХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч Э-АХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Э-А ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2204081607 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг Мөнх-Оргил трейд ХХК тогтоосон. Үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлагын арга, өртөгийн хандлагын аргаар үнэлгээг гаргасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлагын аргыг үндэслэж тогтоох нь тохиромжгүй бөгөөд барилгыг бүхэлд нь худалдан борлуулахад өртгийн хандлагын аргаар үнэлэх нь хөрөнгийн үнэ цэнийг илүү бодитоор тогтооно. Дээрхээс үзэхэд Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э-А ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 50б тоотод байршилтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 152 405 100 төгрөгөөр үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2110/Ч дугаар шийдвэрээр Э-АХХК-аас 17 120 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Батчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 377 035 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /1хав-7-13х/

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 907 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж Э-АХХК-аас 32 662 775 төгрөгийг гаргуулж П.Батчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 361 492 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /1хав-20-21х/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14300839/01, 14300859/23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 50б тоотод байршилтай, 3 450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураажээ. /1хав-22-23х/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг харилцан тохиролцож чадаагүй тул НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон. /1хав-187-250, 2хав-1-28-х/

Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 2 152 405 100 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдлийг төлбөр төлөгч Э-АХХК 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдснийг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна. /1хав-63, 187-250-х/

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлүүлэхээр битүүмжилж хураасан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, төлбөрт тооцон авахыг санал болгох зэргээр хуульд заасан ажиллагааг явуулахад эд хөрөнгийн үнэлгээ шууд хамааралтай тул үнэлгээ бодитой байх шаардлагатай.

Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгө, түүний орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал олгож буй зах зээлийн үнэ цэнэ зэргийг хослуулан хэрэглэх нь үнэлгээг бодитой тогтооход ач холбогдолтой юм.

Хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байхаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зохицуулсан.

Шинжээчийн үнэлгээний тайланд маргааны зүйл болсон 3 450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үйлчилгээний төвийн барилгыг зах зээлийн хандлагын аргаар 2 152 405 100 төгрөгөөр, өртгийн хандлагын аргаар 2 940 867 200 төгрөг гэж үнэлсэн байх боловч энэ үнэлгээнээсээ зах зээлийн хандлагын аргыг сонгож, уг хөрөнгийн үнэлгээг 2 152 405 100 төгрөгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл, шинжээч үл хөдлөх эд хөрөнгөд өртгийн болон зах зээлийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийсэн боловч зөвхөн зах зээлийн хандлагын аргаар тогтоосон үнэлгээг сонгон авсан үндэслэл тодорхойгүй болжээ. Учир нь зах зээлийн болон өртгийн хандлагын аргаар тогтоосон үнэлгээнүүд хооронд их хэмжээний зөрүүтэй байна. Үүнээс гадна үнэлгээний тайланд үйлчилгээний зориулалттай 1 давхрын борлогдох талбай 184.79 м.кв, 2-8 давхрын орон сууцны борлогдох талбай 1325.45 м.кв гэж тогтоосон боловч үнэлэгдэж буй хөрөнгөтэй хэмжээ, шинж чанарын хувьд төсөөтэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж, харьцуулаагүйгээс Хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан үнэлгээ хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцээгүй байна.

Үнэлж байгаа Б блок болон нийт цогцолбор барилгын доорх нийт 1386.0 м.кв талбай бүхий газрын зөвшөөрлийг Нийслэлийн засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 301 тоот шийдвэрээр олгосон боловч газрын эзэмшигч нь тодорхойгүй байх бөгөөд нийт 3 блок барилгын барилгажих талбай нь ижил тул Б блокт ногдох газар дээрх 1360 м.кв талбар газрын 3/1 буюу 462.0 м.кв газрын эрхийн үнэ цэнэ 250 546 000 төгрөг байхаар байна гэж үнэлгээний тайланд дурджээ. Гэтэл төлбөр авагчийн битүүмжлэн хураасан эд хөрөнгийг цаашид худалдан борлуулахад газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой бус, газар эзэмшигчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгаа нь дуудлага худалдаа явуулахад саад болохоор байх ба энэ талаар тодруулж зохих дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Мөн үнэлгээний аргуудыг хослуулан хэрэглэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй нөхцөлд дахин шинжээч томилох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. Дээр дурдсныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй, тодорхой бус гэж үзэв.

Хариуцагч НШШГГнэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Э-АХХК-д холбогдох төлбөр авагч П.Батчимэгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 13 төлбөр авагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулж байгаа гэж тайлбарлан тэдгээрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсныг дурдах нь зүйтэй.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Д.БАЙГАЛМАА