Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00695

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00695

 

 

С М групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/00075 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С Мгрупп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э У К ХХК, Ц.Э нарт холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64 875 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, хариуцагч Э У К ХХК-ийн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Ц.Э, тэдгээрийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С Мгрупп ХХК нь Э У К ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 19-1382 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурханы дээврийн ажлыг 30 000 000 төгрөгөөр иж бүрэн засварлах, будах ажлыг гэрээ батлагдсан өдрөөс эхлэн хуанлийн 20 хоногт гүйцэтгэхээр тохиролцож захиалагч урьдчилгаа 15 000 000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн даалгавараар гүйцэтгэгчид шилжүүлсэн. Гэтэл Э У К ХХК болон Ц.Э нь энэхүү мөнгийг авснаас хойш ажлыг 100 хувь гүйцэтгээгүй, улмаар ажлаа хаяж явсан. Мөн хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, засвар хийхээс өмнөх байдлаас дордсон. Манай компанийн зүгээс ажиллах бүхий л нөхцөлийг хангаж Э У К ХХК-ийн захиралтай 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж ажлаа хийх талаар сануулгыг дахин өгсөн боловч үр дүн гараагүй. Бид аргагүйн эрхэнд Экструд констракшн ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээрх ажлыг хийлгэсэн. Экструд констракшн ХХК нь өмнөх компанийн ажлыг үзээд шинээр хийх шаардлагатай гэсэн тул дахин санхүүжүүлэн шинээр хийлгэхээс өөр аргагүй болсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 15 000 000 төгрөг, мөн гэрээний 2.1-т заасны дагуу Э У К ХХК хуанлийн 20 хоногт гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 95 хоног үүрэг гүйцэтгээгүй тулд 4 275 000 төгрөгийн алданги, гэрээний 4.2.10-т заасны дагуу 40 хувийн торгууль 12 000 000 төгрөг, гэрээний 4.1.7.3-т заасны дагуу Экструд констракшн ХХК-тай байгуулсан гэрээний хөлс 30 000 000 төгрөг, нэмэлт гэрээний 3 600 000 төгрөг, нийт 64 875 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э У К ХХК-ийн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э У К ХХК-ийн зүгээс Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бүрханы дээврийн ажлыг иж бүрэн засварлах, будах ажлыг хийж гүйцэтгэхээр С Мгрупп ХХК-тай гэрээ байгуулаагүй. Ц.Э нь манай компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн захирал биш тул компанийг төлөөлөх эрхгүй. Э У К ХХК болон С Мгрупп ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, 15 000 000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С Мгрупп ХХК-ийн төлөөлөгч Ц.Анандбазартай 2019 оны 6 дугаар сард уулзаж Жанрайсаг бурханы сүмийн дээврийн засварын ажлыг хийхээр тохиролцсон. Жанрайсаг сүмийн лам нартай тохирсон АМК полимер ус тусгаарлах зориулалтын будаг Эрээнд ирсэн тул Ц.Анандбазартай утсаар холбогдож С Мгрупп ХХК-ийн оффисоос 15 000 000 төгрөг бэлнээр авсан. Урьдчилгаа төлбөртэй тэнцэх хэмжээний ажил хийсний дараа дараагийн санхүүжилт авахаар харилцан тохирсон. Дээврийн ажил 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эхэлж Жанрайсаг сүмийн дээвэрт тороосон бэхэлгээ хийж, хуучин будгуудыг хуулан зориулалтын хөвөн даавуун дэвсгэрийг дэвсэж, АМК полимер будгаар ажлыг гүйцэтгэсэн. Тухайн ажилд н.Цолмонбаяр, н.Энхтөр, н.Төрбат, н.Нацагдорж, н.Ганбаатар нар ажилласан. Нийт тус бүр 20 кг-аар савлагдсан 52 лааз будаг, 200 метр ороолттой 4 боодол хөвөн даавуу материал орсон. Сүмийн дээд шовгор оройг будаад дуусах үед 5 м.кв газарт будаг дууссан. Энэ үед бараг 20-иод сая төгрөгөөр үнэлэгдэх ажил гүйцэтгэсэн тухай Ц.Анандбазарт мэдэгдэж санхүүжилт авах санал гаргасан. Гэтэл ажлаа 100 хувь гүйцэтгээд мөнгөө аваарай гэсэн. Миний бие Э У К ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд 52 лааз будаг авч хэрэглэсэн, дараа нь дахин 20 лааз будаг захиалуулж авсан. Энэ нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 03-2161001-19-IO4083R дугаар бүхий Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нотлогдоно. Хөрөнгө мөнгөгүйн улмаас ажил зогссон талаар нэхэмжлгчид мэдэгдсэн боловч санхүүжилт олгоогүй атлаа гуравдагч компанитай гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн гэх үндэслэлгүйгээр 64 000 000 гаруй төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Дээврийн ажил нь будах ажил байсан гэдгийг н.Сугардорж лам баталдаг. Гэрч н.Цолмонбаяр ... будгын ажил хийсэн... гэдгийг баталсан. Нөгөө талаар зураг дээр хийгдсэн ажлууд болон Экструд констракшн ХХК-ийн ажлаас харахад будгын ажил хийсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Эгаар хийлгэсэн ажлыг хийгээгүй гэж өөр компаниар хийлгэхэд будгын ажил хийсэн. Дээврийн будгыг шинэчлэн засварлах, будгыг сэргээн засварлахаар тохиролцсон нь хийгдсэн ажлын нотлох баримтаар нотлогдож байна. С Мгрупп ХХК нь Э У К ХХК-д албан шаардлага хүргүүлсэн гэх 2019 оны 10 дугаар сарын 07-ны 19/25 дугаар албан бичигт захирал н.Ганболд гарын үсэг зурсан. Гэтэл Ц.Этай байгуулсан гэрээнд захирал н.Ганболд захирал гарын үсэг зураагүй. 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Экструд констракшн ХХК-тай хийсэн гэрээнд Ц.Анандбазар гарын үсэг зурсан. Э У К ХХК-д бодогдсон алдангийн тооцоолол 4 275 000 төгрөг гэх тооцоо гаргасан н.Сансармаа, Санхүү удирдлагын газрын дарга н.Алтантариа гэсэн гарын үсэг өөр, энэ санхүүгийн баримтад тамга тэмдэг дарсан дээр н.Алтантариа бол өөрийнхөө гарын үсгийг бичнэ. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Э У К ХХК болон С Мгрупп ХХК-тай байгуулсан гэрээнд төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Э У К ХХК-ийг төлөөлж Ц.Энхбаяр захирал гарын үсэг зурах ёстой. Мөн С Мгрупп ХХК-ийн зүгээс энэ гэрээг батлаагүй учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Нөгөө талаар алданги гэдэг бол өөрийнх нь талуудын гүйцэтгэх ёстой үүргийн, гүйцэтгээгүй үүргийн хэмжээнд ногдуулдаг хариуцлага. 30 000 000 төгрөгөөс 40 хувийн торгууль бодож байна. Ажлын нийт хөлс 30 000 000 төгрөгийн 40 хувь нь 12 000 000 төгрөг болно. Өгөөгүй мөнгөнөөсөө торгууль, алданги гэж тооцсон. Алданги 4 275 000 төгрөг нь шилжүүлэн өгсөн үнийн дүнгээс хэтэрч байна. Алданги тооцохоор тохиолцоогүй, гэрээ бичгээр байгуулаагүй. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эгаас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С Мгрупп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 49 875 000 төгрөг болон хариуцагч Эй уан констракши дизайн ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /482 235+90/ 482 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эгаас нэхэмжлэлийн хангасан хэмжээнд ногдох 232 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С Мгрупп ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ц.Э нь Ц.Анандбазартай тохиролцсоны дагуу Мэгжид Жанрайсаг дуганы дээврийг ус тусгаарлагч АМК полимер будгаар будаж сэлбэх ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн нь гэрч н.Цолмонбаяр, лам н.Сугардорж нарын мэдүүлгээр нотлогдоно. Дээврийн ажилд 20 литрийн савлагаатай, ус тусгаарлагч АМК полимер шар будаг 52 лааз, 4 ороолт бүхий 800 м.кв будаг барьцалдуулагч материал, ажлын багаж хэрэгсэл, жижиг хэрэглэл, ажилласан хүмүүсийн хоол, унааны зардал 22 000 000 гаруй төгрөгийн зардал гарсан байхад шүүх Ц.Эг огт ажил хийгээгүй, зардал гаргаагүй гэж 15 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ц.Э Ц.Анандбазараас 15 000 000 төгрөг авсан, харин С Мгрупп ХХК-тай тохиролцож мөнгө аваагүй. Мөн С Мгрупп ХХК нь Ц.Эд 15 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт байхгүй, төлөөлөгч нь шүүх хуралд ... өгсөн байх гэж бодож байна ... гэж тайлбарласан. Энэ талаар нотлох баримт байхгүй байхад шүүх Ц.Эгаас 15 000 000 төгрөг гаргуулж С Мгрупп ХХК-д олгож шийдвэрлэсэн. Нөгөө талаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримталсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн тухай зохицуулалт тул хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаан өгөх тухай заасан. Нэхэмжлэгч нь ямар нэгэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй, харин ажлын доголдлын талаарх маргаан үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс Э У К ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу анзыг бичгээр байгуулсан Э У К " ХХК нь гэрээний 4.2.9-д ... ажлаа хугацаандаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд 0,3 хувийн алданги..., 4.2.10, 4.1.7.3-т ...40 хувийн торгууль зэргийг төлнө... гэж тус тус заасан тул торгууль, алданги төлөх үүрэгтэй. Э У К ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Гандантэгчилэн хийдийн захиргаанд тус хийдийн дээврийн ажлыг нийт 36 000 040 төгрөгөөр засварлах санал өгсөн. Дээрх саналын дагуу Гандантэгчилэн хийдийн захиргаа, даамал Д.Сугардорж С Мгрупп ХХК-д хөрөнгө оруулалт хийх санал тавьсан тул гүйцэтгэгч Э У К ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу Э У К ХХК нь урьдчилгаа төлбөр 15 000 000 төгрөг авсан. Гэрээний 2.1-т ... нийт 20 өдөрт багтааж ажлыг дуусгана гэж тохиролцсон боловч хугацаандаа ажлаа хийгээгүй. Гэрээний 4.2.6-д заасны дагуу үе шат тутамд актаар ажлаа хүлээлгэж өгөөгүй. С Мгрупп ХХК-ийн зүгээс ажлаа бүрэн дуусгахыг бичгээр болон амаар мэдэгдэхэд санхүүжилт нэхэж байгаагүй атлаа шүүх хуралдаанд санхүүжилт өгөөгүй гэж тайлбарласан. Санхүүжилт нэхсэн баримт ч хавтаст хэрэгт байхгүй. С Мгрупп ХХК нь Экструд констракшн ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19-1639 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 20-1146 тоот ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулж Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурханы дээврийн ажлыг иж бүрэн хийлгүүлж шат тутамд актаар хүлээн авч нийт 48 839 400 төгрөг, 15 000 00 төгрөг, нийт 63 839 400 төгрөгийн бодит хохирсон. Э У К ХХК ажлаа бүрэн хийсэн бол 63 839 400 төгрөгийг зарцуулахгүй байсан. Э У К ХХК-ийн өгсөн гаалийн мэдүүлэг нь он сарын хувьд Экструд констракшн ХХК-ийн ажил хийх цаг хугацаатай таарч байгаа. Э У К ХХК болон Ц.Этай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр боловч гэрээний дагуу ажлаа огт хийгээгүй, мөн ажлаа хүлээлгэж өгөөгүй. Ц.Э, Ц.Энхбаяр нар ах дүүс бөгөөд 1 хаягт оршин суудаг, нэг үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн, гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой тул гэрээний 4.1.7.2-т заасны дагуу захиалагч доголдлыг өөрийн хүч, хөрөнгөөр арилгахад гарсан зардлыг шаардах эрхтэй. Иймд Э У К ХХК болон Ц.Эгаас үүргийн гүйцэтгэлийн мөнгөн төлбөр гэрээний урьдчилгаа төлбөр 15 000 000 төгрөг, мөн гэрээний 2.1-д заасан хугацаанд гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 95 хоног алданги 4 275 000 төгрөгийн алданги, гэрээний 4.2.10-т заасны дагуу 40 хувийн торгууль 12 000 000 төгрөг, гэрээний 4.1.7.3-т заасны дагуу "Экструд констракшн" ХХК-тай байгуулсан гэрээний хөлс 30 000 000 төгрөг, нэмэлт гэрээний 3 600 000 төгрөг, нийт 64 875 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С Мгрупп ХХК нь хариуцагч Э У К ХХК болон Ц.Э нарт холбогдуулан Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурханы дээврийн засварын ажлын урьдчилгаа 15 000 000 төгрөг, алданги 4 275 000 төгрөг, торгууль 12 000 000 төгрөг, ажлыг гүйцэтгээгүйн улмаас Экструд констракшн ХХК-д төлсөн 30 000 000 төгрөг, нэмэлт гэрээний хөлс 3 600 000 төгрөг, нийт 64 875 000 төгрөг шаарджээ.

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлд хамааралтай хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан, маргааны үйл баримтыг зөв тогтоох учиртай.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан шаардаж байх боловч энэхүү шаардлага үндэслэл нь тодорхойгүй байна. нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд 15 000 000 төлбөрийг Э У К ХХК-ийн төлөөлөгч Ц.Энхбаярт өгсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд ажлын хөлсний урьдчилгааг буцаан шаардсан үйл баримт, үндэслэлийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гуравдагч этгээд буюу Гандандэгчлэн хийдэд ашигтай гэрээ байгуулагдсан агуулгатай тайлбар гаргасны зэрэгцээ гэрээг хэнтэй байгуулсан талаар маргаантай байгаа нөхцөлд Гандандэгчлэн хийдийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн ажил, түүний гүйцэтгэлтэй холбоотой энэ шаардлагыг нэхэмжлэгч компани гаргах эрхтэй эсэх, зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Гандандэгчлэн хийдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх байдлуудыг шүүх анхаарч энэ талаар зохигчоос тодруулаагүй байна.

Түүнчлэн, талуудын тайлбарт, засварын ажлын эхлүүлсэн гэсэн үйл баримт яригдаж, гэрчүүд засварын ажлыг эхлүүлсэн, хэрхэн хийгдсэн талаар мэдүүлдэг боловч хэн хэдий хэмжээний ажил хийсэн, тухайлбал энэ ажлыг Ц.Э хийсэн үү, эсхүл Э У К ХХК хийсэн үү гэдгийг тодруулах, хэрэв тодорхой хэмжээний ажил хийсэн нь тогтоогдсон бол түүнд тохирсон хөлсний асуудал хөндөгдөх шаардлагатай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээч томилсон. Шинжээч дүгнэлт гаргах боломжгүй /1хав-34/ гэсэн агуулгатай хариу өгснөөс шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ" гэснийг зөрчиж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг бол өөр агуулгатай байдаг. Өөрөөр хэлбэл шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч Ц.Эд холбогдуулж иргэний хэрэг үүсгээгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гараагүй байгааг дурдаж байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдхүүн зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/00075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 482 325 төгрөг, хариуцагчийн төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Д.БАЙГАЛМАА