Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/00075

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/00075

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж СТӨ, В корпуст байрлах, Сод монгол групп ХХК /РД:2577739/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 13/1 тоотод байрлах, Эй уан констракшн дизайн ХХК /РД:6216498/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 13/1 тоотод оршин суух, Ц.Энх-Амгалан /РД:ТЗ78081571/ нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, хариуцагч Эй уан констракшн дизайн ХХК-ийн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Ц.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сод Монгол Групп ХХК болон Эй уан констракшн дизайн ХХК нар нь 2019 оны 06-р сарын 20-ны өдөр №19-1382 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурханы дээврийн ажлыг иж бүрэн засварлах, будах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байдаг.

Энэхүү гэрээний нийт үнийн дүн 30.000.000 төгрөг бөгөөд гэрээт ажлыг гэрээ батлагдсан өдрөөс эхлэн хуанлийн нийт 20 хоногт гүйцэтгэхээр тохирсон.

Захиалагчаас эхний ээлжинд 15,000,000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Төлбөрийн даалгавар Гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч Эй уан констракшн дизайн ХХК, түүний захирал Ц.Энх-Амгалан нь энэхүү мөнгийг авснаас хойш дээрх гэрээний дагуу ажил үүргээ өөрийн биеэр 100% гүйцэтгээгүй бөгөөд ажлыг удаашруулж, улмаар бүр ажлаа хаяж явсан.

Мөн түүний хийсэн ажил нь чанарын шаарлага хангахгүй, засвар хийхээс өмнө бороо ороход жаахан л дусаал гоождог байсан бол одоо шанага, шанагаар дусаал гоождог болсон зэрэг тухайн Жанрайсаг хийдэд байрлаж буй лам нарын гэрчилж байгаагаар нотлогдоно. Манай компанийн эүгээс ажиллах бүхий л нөхцлийг хангаж Эй уан констракшн ХХК-ийн захиралтай уулзалт хийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нэмэлт гэрээ хийж ажлаа хийх талаар сануулгыг дахин дахин өгсөн боловч үр дүн мөн гараагүй Энэхүү ажил нь нийт Монгол Улсын иргэдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлд зориулсан хандивын ажил бөгөөд ингэж нэг компанийн хандивыи сайн санааны үйлийг дундаас нь хууран мэхлэх замаар ажлаа ч хийхгүй бусдын мөнгийг үрэн таран хийж байгаад ихэд харамсаж байна.

Ингээд бид аргагүйн эрхэнд Экструдконстракшн ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээрх ажлыг хийлгэхээр болсон. Энэхүү компани нь өмнөх компанийн ажлыг үзээд бүх ажлыг шинээр хийх шаардлагатай гэсэн тул бүх ажлыг бид дахин санхүүжүүлэн шинээр хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Ингэж хүний сүсэг, бишрэлээр мөнгө угааж байгаа Эй уан констракшн дизайн ХХК-ийн энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас манай компани дараах байдлаар хохирч байгаа тул үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Гэрээний урьдчилгаа төлбөр 15.000.000 төгрөг, мөн гэрээний 2.1-д заасны дагуу Эй уан констракшн дизайн ХХК хуанлийн 20 (хорь) хоногтоо гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-иар тооцож 2019.06.20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 95 хоног үүрэг гүйцэтгээгүй тулд 4.275.000 төгрөгийн алданги, гэрээний 4.2.10-т заасны дагуу 40% торгууль 12.000.000 төгрөг, гэрээний 4.1.7.3-т заасны дагуу Экструд констракшн ХХК-тай байгуулсан гэрээний хөлс 30.000.000 төгрөг, нэмэлт гэрээний 3.600,000 төгрөг нийт 64.875.000 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 482.325 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Эй уан констракшн дизайн ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Эй уан констракшн дизайн" ХХК болон Гүйцэтгэх захирал Ц.Энхбаярын зүгээс Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бүрханы дээврийн ажлыг иж бүрэн засварлах, будах ажлыг хийж гүйцэтгэх талаар "Сод монгол групп" ХХК-тай ямар нэгэн тохиролцоо, гэрээ хэлцэл байхгүй. Нэхэмжлэлд дурдсан Ц.Энх-Амгалан нь манай компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн захирал буюу гүйцэтгэх удирдлагын хүн биш тул компанийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх, үүрэг олгогдоогүй болно.

Хувьцаа эзэмшигч Ц.Энх-Амгалан хувь хүний хувьд буяны ажилд хамтран оролцох болсон тухай хэлж, компаниас бараа материал захиалж авсан байсан. Тухайн хувьцаа эзэмшигчийн хувийн үзэл бодол, бусадтай хамтарсан үйлдлийн төлөө компани хариуцлага хүлээх боломжгүй юм.

"Эй уан констракшн дизайн" ХХК болон "Сод монгол групп" ХХК-ийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүсээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан 15 сая төгрөгийг "Эй уан констракшн дизайн" ХХК хүлээн аваагүй тул гэрээний төлбөр, гэрээний дагуу тооцох хариуцлага болон өөр компанийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг "Эй уан констракшн дизайн" ХХК-аас нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Энх-Амгалан нь 2019 оны 06 сард Чойжамц хамбын хүсэлт, зуучилсаны дагуу Жанрайсаг бурханы сүмийн дээврийн засварын ажлыг санхүүжүүлэх хүнтэй "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр уулзахаар болсон нь "Сод Монгол группын Анандбазар байсан. Эдний компанитай миний "Их говийн гэрэл ХХК, Дорноговь аймгийн Сайншанд суманд шинээр байгуулж байсан тэдний "Сод Монгол" ШТС-ийн гадна талбайн ажлын гэрээ байгуулж ажиллаад үлдэгдэл мөнгөө авч чадаагүй их чирэгдсэн. Энэ тухай хэлж хамтран ажиллах боломжгүй гэтэл Анандбазар: "Энэ ажил бурхан номын ажил тул ийм тийм юм байхгүй" гээд Жанрайсаг бурхан бол Монгол улсын тусгаар тогтнолыг даасан бурхан юм, үүнд буян хийсэн хүний ажил маш бүтдэг юм гэх зэргээр ярилцаад Анандбазар 30,0 сая төгрөг, миний бие 6,0 сая төгрөгийг хариуцан санхүүжүүлж би дээвэр засварын ажлыг хийхээр болсон.

Үүнээс хэд хоногийн дараа Жанрайсаг сүмийн лам нартай тохирсон кодоор захиалсан АМК полимер ус тусгаарлах зориулалтын будаг Эрээнд ирсэн тул Анандбазартай утсаар ярьж, Сод Монголын оффисоос 15,0 сая төгрөг бэлнээр авсан. Энэ урьдчилгаатай тэнцэх хэмжээний ажил хийсний дараа дараагийн санхүүжилт авахаар харилцан тохирсон. Дээврийн ажил 2019 оны 06 дугаар сарын 27 өдөр эхэлж, Жанрайсаг сүмийн дээвэрт тороосон бэхэлгээ хийж, сөртийж хууларсан хуучин будгуудыг хуулан зориулалтын хөвөн даавуун дэвсгэрийг дэвсэж, АМК полимер будгаар ажлыг гүйцэтгэсэн. Тухайн ажилд Цолмонбаяр, Энхтөр, Төрбат, Нацагдорж, Ганбаатар нарын 5 залуу ажилласан. Нийт тус бүр 20кг савлагдсан 52 лааз будаг, 200м ороолттой 4 боодол хөвөн даавуу материал орсон. Тухайн материалыг зөөж тухайн сүмд хадгалах, хэрэглэх явцад тус сүмд ажилладаг Гүрээ ламтан хяналт тавьж ажилласан. Утас нь 99238840.

Тухайн үед манайх ажил ихтэй байсан тул би өөрөө ажлыг шуурхай чанартай хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөхөөр хичээж ажилласан. Итгэл бишрэл ч төрж байсан. Сүмийн дээд шовгор оройг будаад дуусахын даваан дээр 5 м.кв газарт будаг дууссан. Энэ үед бид бараг 20-иод сая төгрөгөөр үнэлэгдэх гүйцэтгэл хийсэн байсан тул энэ тухай Анандбазарт утсаар хэлж дундын санхүүжилт авах санал гаргасан. Тэр 100% дуусгаад мөнгөө авчих гээд өгөөгүй. Би удаа дараа утсаар ярьж, оффисс 1 дээр нь очоод уулзаж чадаагүй, санхүүжилтээ аваагүй.

Би хувьцаа эзэмшигчийнхээ хувьд "Эй Уан констракшн дизайн" ХХК-тай дараа тооцоогоор 52 лааз будаг аваад хэрэглэчихсэн, дараа нь дахин 20 лааз будаг захиалуулж авчируулсан. Энэ нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой № 03-2161001-19-IO4083R дугаар бүхий Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нотлогдоно. Тухайн гаалийн мэдүүлгийг эх хувиар нь хавсаргав.

Би Анандбазартай тохирсон хэлцлийн дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж 20 гаран сая төгрөгийн гүйцэтгэл хийсэн атал, тэрээр хийсэн ажлыг хүлээн аваагүй, санхүүжилтгүйн улмаас ажил зогсоод байгааг удаа дараа хэлж шаардсан боловч санхүүжилт олгоогүй хэрнээ надад урьдчилан хэлэлгүй гуравдагч компанитай шууд гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн гэх, улмаар үндэслэлгүйгээр 64 сая гаруй төгрөг надаас нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сод монгол групп ХХК-иас 15,000,000 төгрөгийг хэнд өгсөн талаар баримт байхгүй, Эй уан констракшн дизайн ХХК-д өгсөн бол дансны хуулгыг гаргаж ирэх боломжтой. Тийм баримт байхгүй, гэтэл Ц.Энх-Амгалан 15,000,000 төгрөгийг би авсан гэдгээ үнэнээр нь хэлж байгаа. 15,000,000 төгрөг аваад ажлыг хийсэн. Ажлыг хийхдээ компанийн нэрээр хийж чадаагүй гэдэг. Яагаад гэвэл компани өөрөө маш олон ажилтай байсан учраас компанид хэлээгүй. Компанийн энд тэнд ажилладаг хүүхдүүдийг цуглуулаад буяны ажил болохоор хийсэн гэдэг. Ажлыг 06-р сарын 27-нд эхлээд 07-р сарын 09-ний өдөр хүртэл 14 хоног хийсэн. 14 хоногт будгын ажил хийсэн. Өнөөдөр Содмонгол групп ХХК-ийн төлөөлөгч иж бүрэн засвар, иж бүрэн гэдэгт ямар ойлголт хэлээд байгаа, юу юуг оролцуулж байгааг тайлбарладаггүй.

Иж бүрэн засвар гэдэг үгний цаана будгын ажил, будаг маань өөрөө яагаад энэ будгын тодорхойлолт шинж чанарыг баталсан бичиг гаргаж өгсөн гэхээр будгыг хөвөн даавуун материал тавиад дээрээс нь будахаар ус нэвтрэхгүй, маш олон жилийн чанарын баталгаатай гэдгийг н.Сүнжидмаа гэдэг хүн баталсан. Энэ ажлуудыг хийлгэсэн хүмүүс өөрөө будагны чанарыг батлах гэж тодорхойлолт авч ирсэн. Үүгээр батлагдаж байгаа, учраас будгын ажил хийхдээ хуучин төмөр дээр байсан хуучин будгаа хусаад, төмрөө цэвэрлээд, даавуун маарлиа зулж дэвсээд дээрээс нь будаад, ингээд будагтай холбоотой ажлуудыг хийсэн. Дээврийн ажил нь будаг байсан гэдгийг н.Сугардорж лам баталдаг. Гэрч н.Цолмонбаяр буюу Ц.Энх-Амгалангийн ажил хийлгэсэн залуу бас будгын ажил хийсэн гэдгийг баталсан. Нөгөө талаар зураг дээр хийгдсэн ажлууд болон Экструд констракшн ХХК-ийн ажлаас харахаад будгын ажил хийсэн. Өөрөөр хэлбэл Ц.Энх-Амгалангаар хийлгэсэн ажлыг хийгээгүй гэж өөр компаниар хийлгэхэд тэр компани будгын ажил хийсэн. н.Анандбазар, Ц.Энх-Амгалан гэдэг 2 хүний хороонд дээврийн будгыг шинэчлэн засварлах, будгыг сэргээн засварлах гэдэг л ажил хийгдсэн үндэслэл нотлох баримтаар нотлогдож байна.

н.Сугардорж лам ч гэсэн энэ асуудал дээр хяналт тавьж байсан мэднэ Ц.Энх-Амгалан ирж байсан, Ц.Энх-Амгалан энэ ажлыг хийсэн гэдэг, мөн Ц.Энх-Амгалангийн хүүхдүүд зөндөө олон лааз будаг авчраад хийсэн. Тэр өндөр дээрээс уначих гээд хэцүү юм байна лээ гэхдээ тэр ажлыг хийсэн гэж хэлсэн. Тийм учраас Ц.Энх-Амгалан гэдэг хувь хүн өөрөө энэ материалын зардлыг гаргаж өгнө. Энд компанийн тамга тэмдэг шаардлагагүй. Ц.Энх-Амгалан гэдэг хувь хүний асуудал байгаа. Тэгэхээр 07-р сарын 09-өөс хойш ажлыг 80 хувьтай хийсэн. 5 мкв газарт хойд талын дээврийн арын хэсэг үлдсэн, үүнд үнэхээр мөнгөгүй болсон, санхүүжилтээ өгөөч 15,000,000 төгрөг дээр өөрөөсөө мөнгө гаргаад 20,000,000 төгрөгийн ажил хийчихээд байхад санхүүжилт өгдөггүй. Энэ асуудлаас болоод ажил зогссон гэдгийг гэрчүүд хэлдэг.

Сүүлд 09-р сарын 23-ны баримтаар урьдаас лааз будгууд орж ирсэн. Энэ асуудлыг Ц.Энх-Амгалан залилах биш, Сод монгол групп ХХК-ийн төлөөлөгчийн хэлж байгаа шиг олон нийтийн итгэл бишрэлийг далимдуулаад гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан гэх зүйл Ц.Энх-Амгаланд холбоогүй, энэ ажлыг дуусгачих гээд, өөрийнхөө мөнгөний боломжийг хараад компаниар захиалаад будагнууд орж ирсэн байдаг. Сод монгол групп ХХК мөнгө өгөхгүй 15,000,000 төгрөг нь аль хэдийн дууссан. Энэ ажлыг дуусгахгүй бол болохгүй, буяны ажил юм шүү гэдэг байдлаар компанитай ярьж байж, компаниар захиалж авч ирүүлсэн байдаг. Гэтэл тухайн захиалагч нь танайхаар энэ ажлыг хийлгэхгүй гэж зогсоосон. Ажлыг гүйцэтгээгүй луйвардсан асуудлыг Ц.Энх-Амгалангийн зүгээс гаргаагүй. Эцсийг хүртэл хийгээд дуусгах хүсэлт зорилготой байсан гэтэл санхүүжилт буюу тохиролцсон 15,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө өгөөгүй учраас энэ ажил зогссон. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас 15,000,000 төгрөгийн хэмжээнд ажил хийсэн учраас 15,000,000 төгрөгийг буцааж төлөх үндэслэлгүй. Компани байгаагүй учир шалтгаан өөрөө тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлийг байгуулах эрх олгогдсон этгээд нь гүйцэтгэх захирал байдаг.

Сод монгол групп ХХК нь Эй уан констракшн дизайн ХХК-д өгсөн албан шаардлага хүргүүлсэн гэж яриад байгаа, 2019.10.07-ны 19/25 тоот албан бичигт Ганболд захирлын гарын үсэг байдаг. Энэ гарын үсгүүдийг харахад Ц.Энх-Амгалан гарын үсэг зурсан гэж үзэж байгаа гэрээнд н.Ганболд захирал гарыг үсэг зураагүй. 2020.04.07-ны өдрийн Экструд констракшн ХХК-тай хийсэн гэрээнд н.Анандбазар гарын үсэг зурсан байдаг. н.Анандбазар захирлын гарын үсгийг юутай харьцуулж үзэж байна гэхээр Сод монгол групп ХХК-ийн Ерөнхийлөгчийн тушаал буюу 2019.11.22-ны өдрийн 02/Б344 ажлыг хэсэг томилох тухай буюу Экструд констракшн ХХК-иас ажлыг хүлээж авах тухай, ажлын хэсэг томилсон тушаал, ажил дүгнэсэн актууд дээр н.Анандбазарын гарын үсэг байж байдаг. Тэгэхээр энэ гарын үсгүүдээс харахад 2019.06.20-ны өдрийн гэрээг Сод монгол групп ХХК-ийн захирал н.Ганболд гарын үсэг зураагүй гэрээ, сүүлийн хуудсан дээрээ захиалагч талыг төлөөлж, н.Алтантариа гэсэн хүн байгаа. Энэ н.Алтантариагийн гарын үсэг эхний хуудсанд Сод монгол групп ХХК-ийн захирал н.Ганболд гэсэн гарын үсэгтэй яг адилхан, энэ н.Алтантариа гэдэг хүний гарын үсэг мөн үү гэж үзэхээр бас биш, сая алдангийн тооцоолол ярьсан.

Эй уан констракшн дизайн ХХК-д бодогдсон алдангийн тооцоолол 4,275,000 төгрөг гээд ярьсан жижигхэн хүснэгт байгаа. Түүнд тооцоо гаргасан н.Сансармаа, Санхүү удирдлагын газрын дарга н.Алтантариа гэсэн гарын үсэг шал өөр, энэ санхүүгийн баримтанд санхүүгийн тамга тэмдэг дарсан дээр н.Алтантариа бол өөрийнхөө гарын үсгийг бичнэ. Тэгэхээр 2019.06.20-ны өдрийн гэрээ бол нөгөө Эй уан констракшн дизайн ХХК, Ц.Энх-Амгалан байна уу гэдгээс үл хамаараад Сод монгол групп ХХК-иас байгуулагдаагүй гэрээ, эрх бүхий этгээд буюу төлөөлөх этгээд гарын үсэг зураагүй хэний гарын үсэг нь бүү мэд, энэ гэрээг энэ хэрэгт хамаатуулж болохгүй. Энэ гэрээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, гарын үсэг нь биш байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ, энэ гэрээг ашиглах боломжгүй. Анхнаасаа үйлчлэх боломжгүй гэрээ гэж үзнэ.

Нөгөө талаас Ц.Энх-Амгалан гарын үсэг зурж, Эй уан констракшн дизайн ХХК-ийг төлөөлж Ц.Энхбаяр захирал гарын үсэг зурах ёстой. Гэтэл Ц.Энх-Амгалан гарын үсэг гэдгээ хэлдэг, тэгээд Ц.Энх-Амгалангийн гарын үсэг давхцаж таарч байдаг. Ц.Энх-Амгалангийн өөрөө Эй уан констракшн дизайн ХХК-ийг төлөөлөх этгээд биш, гарын үсэг зураад итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш байдаг. Ц.Энх-Амгалан гэдэг этгээд нь компанийн дүрэмд компанийг төлөөлж үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор гэрээ хэлцэл байгуулагдах эрх олгогдоогүй. Нөгөө талаас Компанийн тухай хуульд гүйцэтгэх захирал гэж өөрөө томилогдож байгаагийн учир шалтгаан нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хариуцлага хүлээх этгээд байдаг, гүйцэтгэх захирал компанийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах заалт Компанийн тухай хуульд байна. Ц.Энх-Амгалангийн хувьд өөрөө гэрээг албан ёсоор байгуулсан, гэрээний хүсэлт зориг буюу гэрээний агуулгыг бүрэн гүйцэт ойлгож, компанитай гэрээ байгуулж байна гэсэн ойлголтыг авч байгуулсан гэрээ биш байдаг.

Сод монгол групп ХХК-ийн зүгээс энэ гэрээг батлаагүй учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ. Энэ гэрээ Эй уан констракшн дизайн ХХК-д бүр ч хамааралгүй гэрээ болж байна. Эндээс ямар дүгнэлт гарч байна гэхээр Сод монгол групп ХХК болон Эй уан констракшн дизайн ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Нөгөө талаас Сод монгол групп ХХК болон Ц.Энх-Амгалан нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Энэ гэрээ нэгэнт байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус байгаа учраас миний түрүүний ярьсан. н.Анандбазар, Ц.Энх-Амгалан гэдэг хүмүүсийн хооронд ямар тохиролцоо хийгдсэн юм бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгэхээр Жанрайсаг бурханы дээврийг будах засах ажил гэдэг тохиролцоо хийгдсэн. Миний ярьсан тэр тохиролцооны дагуу ажлаа хийсэн. Ц.Энх-Амгалангийн ажлаа хийсэн, санхүүжилт олгогдоогүй асуудлууд нь н.Сугардорж, н.Цолмонбаяр нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.

Нөгөө талаар алданги гэдэг бол өөрийнх нь талуудын гүйцэтгэх ёстой үүргийн, гүйцэтгээгүй үүргийн хэмжээнд ногдуулдаг хариуцлага. Торгууль 40 хувь гээд бичсэн байна. 12 сая төгрөг гэхээр, 30,000,000 төгрөгөөс 40 хувийг бодоод байна. Анхны нийт ажлын н.Анандбазарын өгөх ёстой 30,000,000 төгрөгийн 40 хувь нь 12 сая төгрөг болно. Өгөөгүй мөнгөнөөсөө торгууль тооцож, алданги гэж тооцож байгаа, 4,275,000 төгрөг гээд бодохоор Ц.Энх-Амгаланд өгсөн үнийн дүнгээс хэтэрчхээд байдаг. Энэ алдангийн тооцоолол, торгуулийн тооцоолол үндэслэлгүй байна. Алданги тооцох тохиолцоо байхгүй, гэрээ бичгээр байгуулагдгүй. Тэгэхээр анзын гэрээг бичгээр байгуулна. Анз дотор алданги торгуулийг хүлээх юм шүү гэж Ц.Энх-Амгалантай тохиролцсон албан ёсны бичиг баримт байхгүй учраас Ц.Энх-Амгалангийн зүгээс н.Анандбазарт буцааж өгөх нэг ч төгрөгийн төлбөр байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Содмонгол групп ХХК нь хариуцагч Эй уан констракшн дизайн ХХК болон Ц.Энх-Амгалан нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Содмонгол групп ХХК болон Эй уан констракши дизайн ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийхэд орших Жанрайсаг бурханы сүмийн дээврийг иж бүрэн заслын ажлыг хийж гүйцэтгүүлэх, гүйцэтгэхээр тохирч, гэрээт ажлыг гэрээ батлагдсан өдрөөс эхлэн ажлын 20 өдөр хийж, актаар хүлээлгэн өгөх, захиалагчаас 30,000,000 төгрөг, гүйцэтгэгч энэхүү мөнгөн дүнгээс гадна өөрийн талаас мөн санхүүжилт гаргаж, ...сүмийн дээврийг иж бүрэн засварын ажлыг 100% дуусгах, Захиалагчийн санхүүжилт нь 50%, 30%, 20% гэсэн 3 үед шаттайгаар хийгдэнэ, 1-р үе буюу урьдчилгаа төлбөр 50% болох 15,000,000 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа ажлын 1 өдрийн дотор гүйцэтгэгч талын нэхэмжлэхийг үндэслэн олгох бөгөөд бусад нэмэлт зардлыг Гүйцэтгэгч өөрөө гаргахыг хүлээн зөвшөөрч, 2-р үеийн санхүүжилтийг 30% болох 9,000,000 төгрөгийг, ...иж бүрэн засварын ажлыг 80% дуусгаж, Захиалагчийн хяналтын инженерт хянуулж, шилжүүлэх бөгөөд нэмэлт зардлыг Гүйцэтгэгч өөрөө санхүүжүүлнэ. Эцсийн санхүүжилт 20% болох 6,000,000 төгрөгийг 100% түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж, захиалагчаар гүйцэтгэлийн актыг гаргуулж, Захиалагч шалгаж авсны үндсэн дээр гэрээт ажлыг 3% эх хувь актаар бүрэн хүлээлгэн өгч гэрээг дуусгавар болгон дүгнэснийг үндэслэн гүйцэтгэгч тал бөгөөд нэмэлт зардлыг Гүйцэтгэгч өөрөө санхүүжүүлнэ гэж тохиролцжээ./хх-ийн 184-186 дахь талд/

Хариуцагч Эй уан констракши дизайн ХХК-ийн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд оролцсон бөгөөд тус компанийн захирал Ц.Энхбаяр байхад тухайн гэрээг захирал Ц.Энх-Амгалан гэх этгээд хийсэн нь манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, манай компани Содмонгол групп ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, тухайн ажлыг ч хийж гүйцэтгээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ тул манай компани хариуцагч биш гэж маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэх дээрх Ажил гүйцэтгэх гэрээний эхлэл хэсэгт Батлав Сод Монгол групп ХХК-ийн захирал Н.Ганболд, Эй уан констракши дизайн ХХК-ийн захирал Ц.Энх-Амгалан гэж бичигдэж гарын үсэг зурж, тус тусын компанийн тамга дарагдсан бөгөөд төгсгөлийн гэрээг байгуулсан хэсэгт Захиалагч талыг төлөөлж Ерөнхий ня-бо Ц.Алтантуяа, Гүйцэтгэгч талыг төлөөлж захирал Ц.Энх-Амгалан гэж бичигдэж, тус тус гарын үсэг зурагдсан байна.

Хэрэгт авагдсан хариуцагч Эй уан констракши дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2018.12.05-ны өдөр бүртгэлийн ажилтны бүртгэснээр тус компанийн захирлаар Цэрэнчимэд овогтой Энхбаярыг томилсныг бүртгэсэн, тухайн компанийн дүрэмд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Лувсан-Аюушийн Цэнд 10%, Цэрэнчимэдийн Энхбаяр 39%, Цэрэнчимэдийн Энх-Амгалан 51%-ийн хувьцаа эзэмшигчид байх тул хариуцагч компанийн төлөөлөгчийн тайлбар, эдгээр бичгийн нотлох баримтаар Эй уан констракши дизайн ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Энхбаяр болох нь нотлогдож байна. /хх-ийн 24, 113-120 дах талд/

Иймээс хариуцагч компанийн захирал Ц.Энхбаярын татгалзал үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Содмонгол групп ХХК болон Эй уан констракши дизайн ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Харин нэхэмжлэгч Содмонгол групп ХХК, Эй уан констракши дизайн ХХК-ийн өмнөөс Ц.Энх-Амгалан нарын Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдэд орших Жанрайсаг бурханы сүмийн дээврийг иж бүрэн заслын ажлыг хийж гүйцэтгүүлэх, гүйцэтгэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй бөгөөд хариуцагч Ц.Энх-Амгалангаас хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигч талуудын хооронд хийгдсэн хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөг авсан, өөрөөсөө 6,000,000 төгрөгийн зардал нэмж гарган 21,000,000 төгрөгийн бараа материалыг худалдан авч, тухайн дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан Б.Цолмонбаярын өгсөн ...2019.06.28-наас 2020.07.09-нийг хүртэл Мэгжид жанрайсиг дацангийн дээврийн ажлыг хийх саналыг Ц.Энх-Амгалан тавьсныг дагуу 5-уулаа хийсэн. Эхлээд унахаас сэргийлж бэхэлгээг хийсэн, дараа нь хуучин дээврийн будгийг хусч арилгасан, будгийн ажил хий гэсний дагуу хөвөн яг биш маарлархуу юм дэвсээд дээрээс нь будсан. Метрийн өргөнтэй хөвөн 4-н боодол, 20 литртэй 48 сав будгаар 2 давхарлаж будсан, ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй, дутуу хийсэн, дээврийн ажил хийснээс цалин аваагүй, материалгүй болоод ажил зогссон, Энх-Амгалан мөнгө орж ирээгүй гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-133 дахь талд/,

Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан Д.Сугардоржийн өгсөн ...анх фейсбүүкээр Энх-Амгалантай утсаар яриад үнийн санал авсан. Содмонгол групп сайн дураараа дээврийн ажлыг хийж өгөхөөр болоод Энх-Амгалан гэдэг хүн уг ажлыг хийлгэхээр эхэлсэн боловч дундаасаа алга болсон, утсаар шалтгаанаа урдаас будаг ирээгүй, будаг дууссан гэж хэлсэн. Дээврийг давхар будаагүй бөгөөд тал хэсгийг нь будаагүйгээс бороо гоожсон. Сүүлд нь Экструд компани 1 сарын дотор хурдан ажиллаад, дээврийн ажлыг хийж өгсөн... гэж мэдүүлсэн. /хх-ийн 156-158 дахь талд/

Нэхэмжлэгч нь Экструдконстракшн ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Гандан хийд Мэгжид Жанрайсэг дуганы дээврийг иж бүрэн засах, будах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд тухайн ажлыг 2020.10.16-ны өдрөөс эхлэн 2020.11.16-ны өдөр дуусгаж актаар хүлээлгэн өгсөн талаарх бичгийн нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байна. Маргааны зүйл болсон ...сүмийн дээврийн ажлыг өөр компаниар дахин хийж гүйцэтгүүлж, зардал гаргасан талаарх үйл баримт нотлогдсон бөгөөд хариуцагч энэхүү үйл баримтыг няцаагаагүй. /1-р хх-ийн 53-105, 188-192, 247-151, 2-р хх-ийн 1-38 дэх талд/

Хариуцагч тал тухайн дээврийн ажлыг хийж гүйцэтгэхэд ашигласан будагны заавар, ажлыг хийсэн байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, сүмийн ба дээврийн зураг, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргийг бичгийн нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд барааны мэдүүлэг нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлсэн барааных зэрэг нь маргааны зүйл болсон Сүмийн дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн хугацаатай тохирохгүй байх тул тухайн хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна./1-р хх-ийн 139-153 дахь талд/

Хариуцагч Ц.Энх-Амгалан нь маргааны зүйл болох сүмийн дээврийн заслын ажлыг хийж эхлүүлсэн боловч хичнээн төгрөгийн үнэтэй, ямар төрлийн бараа материалаар хэрхэн гүйцэтгэсэн талаарх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч компаниас урьдчилгаанд шилжүүлэн өгсөн 15,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж, буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар шаардлагын үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх нь талуудын үүрэг болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 17, 25-ны өдөр хоёр баримтаар урьдчилан төлсөн /482,235+90/ нийт 482,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энх-Амгалангаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 232.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Энх-Амгалангаас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 49,875,000 төгрөг болон хариуцагч Эй уан констракши дизайн ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /482,235+90/ 482,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энх-Амгалангаас нэхэмжлэлийн хангасан хэмжээнд ногдох 232.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ