Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 177

 

“А у у” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь,  

            Шүүгчид:                          Л.Атарцэцэг,

                                                     Г.Банзрагч,

                                                     Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны ус ашигласны төлбөр 17,965,456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, 17,965,456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 109/ШШ2018/0035 дугаар шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0081 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 109/ШШ2018/0035 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А У У ХХК-иас Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан 2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот данснаас 17,965,456 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А У У ХХК-иас Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан 17,965,456 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,823,100 /хоёр сая найман зуун хорин гурван мянга нэг зуу/ төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдсэн 15,142,356 /арван таван сая нэг зуун дөчин хоёр мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0081 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 109/ШШ2018/0035 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3.14” гэснийг хасч, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А у у” ХХК-аас 2016 оны ус ашигласны төлбөр гэж илүү 2,823,100 төгрөг суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, 2,823,100 төгрөгийг буцаан төлөхийг /олгохыг/ Архангай аймгийн Татварын хэлтэст даалгаж, үлдэх “2016 оны ус ашигласны төлбөр гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банкны 18000018675 тоот данснаас 15,142,356 төгрөгийг илүү суутган авсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, уг 15,142,356 төгрөгийг буцаан төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “А у у” ХХК-ийн захирал Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “А У У” ХХК-ийг ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ усыг ашигладаг “ус ашиглагч" учраас төсөвт байгууллагын хэрэглэсэн усны байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэж дүгнэсэн. Усны нөөц ашигласны татварыг Засгийн газрын 326 дугаартай тогтоолын 1.10 дахь заалтаар ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс усаар хангагч байгууллага болох манай компанийг тооцон авч төсөвт төл гэж заасан. Гэтэл төсөвт байгууллагын хэрэглэж байгаа усыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашигладаггүй тул усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

4. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх үндэслэлээ зориулалтаар нь авч үзсэн байгаа болохоос биш субъектээр нь авч үзээгүй байна. Хэрвээ төсөвт байгууллагын хэрэглэсэн усанд байгалийн нөөц ашигласны төлбөрийг чөлөөлөхгүй гэж үзэж байгаа бол тухайн төлбөрийг нь манай компани төлөх ёсгүй.

5. Бид төсөвт байгууллагуудтай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ" байгуулан, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 14.2.6-д заасны дагуу батлагдсан үйлчилгээнийхээ үнэ тарифаар ус түгээсэн, ариутгасан, бохир ус татан зайлуулсны хөлсийг төсөвт байгууллагуудаас авдаг болно. Үйлчилгээний үнэ тарифт байгалийн нөөц ашигласны төлбөр шингээгүй. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан байгаа.

6. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “цэвэр усны үйлчилгээний төлбөр” гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 3.1.17-д “бохир усны үйлчилгээний төлбөр” гэж хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 3.1.18-д “тариф” гэж цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталж нийтэлсэн үнийг хэлнэ гэж заасан байдаг. Манай компани нь усыг ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг. Засгийн газраас 326 тоот тогтоолоор байгалийн нөөц ашигласны төлбөрийг ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс тооцож авч төсөвт төвлөрүүлэх үүргийг өгсөн байна. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ өөрөөсөө төл гэж үүрэгжүүлээгүй.

7. Хэрэв манай компанийг ашиг олох зорилготой үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзэж төсөвт байгууллагын/хэрэглэгч/ хэрэглэсэн усны усны нөөц ашигласан төлбөрийг төлөх ёстой гэж үзэх юм бол логик агуулгаараа ус ашиглах гэрээнд тусгагдсан бүх усны хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой байхаар байна.

8. Манай компани Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газартай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07/2108 дугаартай ус ашиглуулах гэрээг байгуулсан. Гэрээнд хэдий хэмжээний усыг ашиглах, ямар хэмжээгээр, ямар ямар этгээдүүдэд ашиглуулах, ашигласан усанд Засгийн газрын 326 дугаар тогтоолд заасан байгалийн нөөц ашигласны төлбөрийг тооцож орон нутгийн төсөвт төлөх болон байгалийн нөөц /усны нөөц/-ийн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөхийг нь хөнгөлж чөлөөлөөд, татвар ногдох хэсгээ тодорхойлоод гэрээгээ байгуулсан байгаа. Гэтэл Архангай аймгийн Татварын хэлтэс гэрээнд шууд хөндлөнгөөс оролцож татвар ногдлыг тодорхойлж, илүү суутган авсан байхад 07/2108 дугаартай ус ашиглах гэрээний талаар шүүх ямар нэгэн үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй байна.

9. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор харъяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ” гэж заасан ба манай компанийг усны нөөц ашигласны төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж болох хэдий ч Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан татварын өр гэдэгт хамаарахааргүй байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлсон татварын өр, түүнд тооцсон алданги” гэж тодотгож өгснөөс харвал татвар төлөгч тайлангаар тодорхойлсон татварын өрийг хэлэхээр байна. Архангай аймгийн Татварын хэлтэс манай данснаас Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд зааснаар Татварын өрийг үл маргах журмаар барагдуулсан гэж тайлбарладаг. Гэтэл тайлагнах хуульд заасан эцсийн хугацаа дуусаагүй, тайлагнаагүй байхад өөрөөр хэлбэл хугацаанд нь төлөөгүй татварын өр биш байхад шууд суутган авч байгаа нь Татварын ерөнхий хуулийн 55, 57, 61, 62, 63 дугаар зүйлүүдийг зөрчиж байна.

10. Мөн Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай мэдэгдэх хуудсыг гардуулаагүй болох нь мэдэгдэх хуудас гардуулсан тухай баримтаас харагдаж байхад 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 0101032 дугаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна гэж дүгнэсэн давж заалдах шатны дүгнэлттэй санал нийлэх боломжгүй юм. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан үндэслэл нь манай компанийг татвар суутгасан эсэхийг тодруулах байсан. Манай компани ашиг олох зориулалтаар үйл ажиллагаа явуулдаггүй дээрх төсөвт газруудаас татвар суутгаагүй.

11. Иймд Байгалийн нөөц ашигласны төлбөрийг тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч “А у у” ХХК-аас Архангай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “2016 оны ус ашигласны төлбөрт 17,965,456 төгрөгийг суутган авсныг хууль бус болохыг тогтоож, буцаан олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, “төсөвт байгууллагын хэрэглэж байгаа ус нь “хүн амын унд, ахуйн хэрэгцээ”-ийн зориулалтаар хэрэглэж буй усанд хамаарах тул ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй, татвар төлөх хугацаа болоогүй байхад нэхэмжлэгчид мэдэгдэлгүй суутгал хийсэн, усны нөөц ашигласны төлбөрийг шингээж авдаггүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

14. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг ус ашигласны төлбөрөөс чөлөөлөх”-өөр зохицуулсан байна. Хуулийн энэхүү зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, хэрэв ус ашиглагч нь унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар усыг ашиглаж байгаа бол байгалийн нөөц, ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхөөр байна.

15. Тодруулбал, байгалийн нөөц болох усыг ашиглаж байгаа зориулалтаас хамаарч, усны төлбөрөөс чөлөөлөх эсэхийг шийдэх ба хууль тогтоогчоос ямар зориулалтаар ус ашигласан бол усны нөөцийн төлбөрөөс чөлөөлөхийг нарийвчлан зохицуулж, тодорхой тохиолдлыг нэрлэн заасан, энэхүү маргааны тухайд төрийн байгууллага нь ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, “хүн амын” гэх урьдчилсан нөхцлийг хангахгүй, төрийн байгууллагын ашигласан ус нь түүний үйлчилгээ үзүүлэхэд гаргасан зардалд шингэж, холбогдох хуулийн дагуу зохицуулагдах ба энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

16. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, ...” гэж заасан байх тул ус ашигласны төлбөрийг сар бүрийн 10-ны дотор төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлээгүй буюу ус ашигласны төлбөрийг төлөөгүй тул хариуцагчийг “төлбөр төлөх хугацаа болоогүй байхад суутгал хийсэн” гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

17. “Хэрвээ төсөвт байгууллагын хэрэглэсэн усанд байгалийн нөөц ашигласны төлбөрийг чөлөөлөхгүй гэж үзэж байгаа бол тухайн төлбөрийг нь манай компани төлөх ёсгүй, манай компани төсөвт газруудаас татвар суутгаагүй” тухай нэхэмжлэгчийн гомдол нь хариуцагчийн үйл ажиллагаанд хамааралгүй байна. Учир нь Усны тухай 30 дугаар зүйлийн 30.1.5, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь усны нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр газрын гүний  усыг олборлон, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад түгээх үйл ажиллагаа явуулж, ашиг олдог, ийнхүү ус түгээсэн үйл ажиллагаандаа төлбөр тооцоогүй байдал нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд өөрт хамааралтай юм.

18. Түүнчлэн нэхэмжлэгчийн “байгалийн нөөц ашигласны төлбөрийг тооцож орон нутгийн төсөвт төлөх болон усны нөөцийн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөхийг нь хөнгөлж чөлөөлөөд, гэрээгээ байгуулсан байхад Татварын хэлтэс гэрээнд шууд хөндлөнгөөс оролцож, татвар илүү суутган авсан, Ус ашиглах гэрээний талаар шүүх ямар нэгэн үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй” тухайд: Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт Засаг дарга болон ус ашиглагчтай байгуулах гэрээнд тусгагдах зүйлсийг нэрлэн заасан, харин ямар зориулалтаар ашиглаж байгаа бол усыг төлбөрөөс чөлөөлөх болохыг гэрээгээр биш, хуулиар тогтоох тул хариуцагчийг “гэрээнд хөндлөнгөөс оролцсон” гэж үзэхгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн байна.

19. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0081 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                        М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ