Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0598

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0598

Улаанбаатар хот

 

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ш.М нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.М-ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

1. Ш.М нь удаа дараа ажил тасалж, ажлын байраа эзгүй орхиж сахилгын зөрчлийг давтан гаргаж байсан нь аймгийн Засаг даргын Тамгын газраас очиж гэнэтийн шалгалтаар тогтоогдож байсан хийхэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М нь ажлын байранд дээр байхгүй ажил тасалсан байсан учир байдлыг нь асуухад “Хөдөө нэг хүн нас бараад явсан гэж сонссон” гэсэн тайлбарыг тухайн байгууллагын албан тушаалтнуудаас сонссон боловч Ш.М нь аймгийн удирдлагад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй чөлөө авалгүй, учир шалтгаангүйгээр ажил тасалсан байсан.

2. Ш. М нь намайг албан тушаал бууруулах талаар шийдвэр гаргахад миний хууль ёсны эрх ашиг хөндсөн тохиолдолд өөрт урьдчилан мэдэгдэх, оролцоо хангах... гэх тусгай заалтуудыг баримтлаагүй гэдэг нь хуульд нийцэхгүй ба учир нь аймгийн Засаг даргын өмнө үүрэг хүлээж, төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хуульд заасан хугацаанд жилийн ажлын тайланг Засаг даргын зөвлөлд тайлагнаж, ажлыг хугацаанд дүгнүүлэх ёстой.

Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан аймгийн төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн ажлын тайлан авах хуваарийн дагуу урьдчилан мэдэгдсэн ба уг хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25 -ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ сууж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М-ын тайланг сонссоны дараа зөвлөлийн гишүүд тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авч тайланг дүгнэж, хангалтгүй гэж үнэлгээ өгсөн.

3. Ш.М нь тухайн үед үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар албан ёсоор бичмэл хэлбэрээр аймгийн Засаг даргад ирүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Ш.М нь 2016 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас болон 2017 онд байгуулах үр дүнгийн нь гэрээний төслийг аймгийн Засаг даргад ирүүлэх үүрэгтэй бөгөөд Ш.М нь илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээний төслийг албан тоотоор ирүүлээгүй байна.

4. Ш.М нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-д “Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй”, 2.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй”, 2.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй”, 2.4-д Төсвийн шууд захирагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт хүнд өвчтэй байх, өвчтөн асарсан, албан томилолтоор гадаад, дотоодод ажиллаж байгаа, сургалтад хамрагдсан, ээлжийн амралттай байх, гарцаагүй болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байхыг ойлгоно гэж тус тус заасан ба Ш.М нь энэ заалтуудыг зөрчиж аймгийн Засаг даргад илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээний төслөө албан тоотоор хандаж ирүүлээгүй байна.

Тухайн үед Ш.М-д ажлыг дүгнүүлэх талаар урьдчилан мэдэгдсэн нь байгууллагын ажлын тайлан, үр дүнгийн гэрээ дүгнүүлэх илтгэх хуудас, бусад баримт бичиг, тайлбаруудыг гаргаж, өөрийн эрх ашгийг бүрэн хамгаалах боломжтой байсан. Дээрхи заалтуудыг зөрчсөн Ш.М-д ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, Ш.М-ын амаар гаргасан хүсэлтийг нь үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцэд шинээр нэг орон тоо нэмж баталж тухайн байгууллагад мэргэжилтнээр томилуулсан юм.

Мөн тухайн байгууллагын ажил нь хангалтгүй, үүрэг зорилтоо биелүүлээгүй нь тус байгууллагыг удирдаж байсан Ш.Маас шууд шалтгаалж байгаа зүйл гэж үзэж байна. Мөн аймгийн Засаг даргын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай 2017 оны хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулахад сайд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны гэрээний биелэлтүүдийг танилцуулсан. Үүнд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хамгийн сүүлийн байранд орж байснаа дурдаж байсан ба энэ нь тухайн үед уг байгууллагыг удирдаж байсан Ш.Маас шууд шалтгаалах зүйлийн нэг нотолгоо юм.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрийг  хэвээр нь үлдэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ш.М “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “Цалингийн зөрүү мөнгийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, уг нэмэгдүүлсэн шаардлагаа 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр багасгасан тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч шалтгаангүйгээр ажил тасалсан, жилийн ажлын тайланг дүгнэхэд хангалтгүй гэж үнэлэгдсэн, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудас болон 2017 оны үр дүнгийн гэрээний төслийг ирүүлээгүй, мөн анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан” гэсэн давж заалдах гомдол гаргажээ. Тус гомдолд дурдсан “Ш.М шалтгаангүйгээр ажил тасалсан” гэх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.

 Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар “2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Ш.М-ыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр бууруулсан байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1-д төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь үр дүнгийн гэрээний биелэлтээр тогтоогдсон нөхцөлд тухайн албан хаагчийг албан тушаалаас нь бууруулахаар заасан.

 Баян-Өлгий аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн хурлаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М-ын тайланг дүгнэж, “Хангалтгүй” гэж үнэлгээ өгснийг төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргаас өгсөн үнэлгээ гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-ийн дагуу нэхэмжлэгч Ш.М-тай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнээгүй, үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг ирүүлэх талаар шаардлага тавиагүй, журамд заасан арга хэмжээг аваагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал” болон Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР