Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 121/2018/0013/з |
Дугаар | 195 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 195
Ч.П-ийн нэхэмжлэлтэй,
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах,
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0208 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулж,
Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3 дугаарт тус тус зааснаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/07 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.П-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.П-г өмнө эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дүгээрт тус тус зааснаар Ч.П-гийн ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговор 2888784 /хоёр сая найман зуун наян найман мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөгийг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0208 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “11 дүгээр зүйлийн 11.2” гэснийг хасч, “дугаарт” гэснийг “дахь хэсэгт” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “С.Ч-г иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосонд тооцох тухай” тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн "иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.П-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 06/07 дугаар тогтоолыг хоёуланг нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02/13 тоот албан бичгээр мэдэгдсэн болохыг Ч.П хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг.
4. Ч.П 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “С.Ч-г иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгосонд тооцох тухай” тогтоолыг илт хууль бус тогтоол болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн хугацаанд гаргасан боловч уг тогтоолын улмаас Ч.П-гийн эрх ашиг зөрчигдөөгүй, мөн зөрчигдөж болзошгүй нөхцөл үүсээгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байсан юм.
5. Ч.П нь захиргааны хэрэг үүсгэсэн акттай холбоотой биш өөр захиргааны актыг хүчингүй болгуулахаар өөрчилсөн байхад шүүх түүнийг нь хүлээн авч захиргааны хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой зөрчил болсон.
6. Мөн Ч.П өөрчилсөн гэх нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан бөгөөд тус захиргааны актыг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн, түүний нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байхад шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан нь хуулийг зөрчсөн.
7. Хэрэв Ч.П-г хуулийн хүрээнд, шүүхэд хандах цаг хугацаандаа нэхэмжлэлийн шаардлага зөв тодорхойлж гаргасан гэж үзвэл шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн "Ээлжит хуралдаан товлон зарлах тухай” тогтоолоор 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “үндсэн 5 асуудал + бусад асуудал” хэлэлцэхээр тогтоол гарсан байдаг. Энэ эрхийн хүрээнд Хурлын дарга Ч.П хурлын эхэнд “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар батлагдсан асуудал оруулах, хасах саналтай төлөөлөгч байна уу" гэж асуусан байдаг.
8. Ингээд төлөөлөгч С.Ч асуудал санаачлан хуралд оруулах эрхийн хүрээнд “Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулах саналыг гаргаж хуралдаанд оролцогчдын 55 хувийн саналаар асуудлыг хэлэлцэхээр болж нийт 6 асуудлыг хэлэлцэхээр хуралдаанд оролцогчийн олонхийн саналаар баталсан.
9. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3.“Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан заалт нь судалгаа, лавлагаа, тооцоо шаардлагатай асуудалд хамааралтай заалт бөгөөд энэхүү заалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн асуудал оруулж шийдвэрлэх эрхийг хязгаарлах заалт биш юм.
10. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Маргаан бүхий тогтоолоор Хурлын даргаар ажиллаж байсан Ч.П-г “ажлаас чөлөөлж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “Хурлын даргад итгэл хүлээлгэх эсэх асуудал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй байхад хэлэлцсэн, хууль бусаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхэд халдсан” гэж маргажээ.
13. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч ... нь асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид нь хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал шийдвэрийн төсөл боловсруулах”, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “...саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ. Хуулийн эдгээр зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой байх, төлөөлөгч хуралдаанд ямар асуудлаар таслах эрхтэй оролцож байгаагаа урьдчилан мэдэх, түүнд холбогдох баримт, судалгааг урьдчилан төлөөлөгчдөд тараах, эдгээр үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжээгүй бол тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх агуулгатай байна.
14. Гэтэл тухайн тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй буюу “хурлын даргад итгэл хүлээлгэх” эсэх асуудлыг хэлэлцэх тухай Хурлын Төлөөлөгч нар мэдээгүй байхад гэнэтийн байдлаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв болжээ.
15. Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн хуралдаанаар 6 асуудал хэлэлцэхээр тогтоосон байсан, хариуцагчаас “бусад” гэсэн асуудлын хүрээнд “Хурлын даргад итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцэх байсан” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, хурлаар хэлэлцэх асуудал тодорхой байх, төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдсэн байх, ил тод байх зарчимд нийцэхгүй юм.
16. Хариуцагчийн өмгөөлөгчийн “холбогдох тооцоо судалгааг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах заалт нь судалгаа, лавлагаа, тооцоо шаардлагатай асуудалд хамааралтай заалт бөгөөд энэхүү заалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн асуудал оруулж шийдвэрлэх эрхийг хязгаарлах заалт биш” тухай гомдол үндэслэлгүй бөгөөд Хурлын төлөөлөгчөөс хуралдаанд асуудал санаачлан хэлэлцүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ Хурлын тов тогтоох, бэлтгэл хангах, хэлэлцэх асуудлын дараалал батлах эрхтэй этгээдэд хандаж, холбогдох баримт, тооцоо судалгааг бэлтгэх боломж олгож хэрэгжүүлэхээр байна.
17. Нэхэмжлэгч нь анх шүүхэд С.Ч-г Хурлын даргаар сонгогдсонд тооцох тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өөрийг нь ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш юм.
18. Нэхэмжлэгчийн эс зөвшөөрч маргасан захиргааны актууд нь нэг ажлын байр буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд холбогдож байх тул эдгээр актуудыг хоорондоо холбоогүй, өөр өөр акт гэж үзэхгүй, тухайлбал, нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн С.Ч-г Хурлын даргаар сонгосонд тооцох тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 17-нд гаргасан, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийн хүрээнд байна.
19. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, уг ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцах ба захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид тогтоолыг гардуулж баримтжуулаагүй, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий тогтоолыг мэдсэнээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нь захиргааны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан, ийм учраас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн “Ч.П нь захиргааны хэрэг үүсгэсэн акттай холбоотой биш өөр захиргааны актыг хүчингүй болгуулахаар өөрчилсөн байхад шүүх түүнийг нь хүлээн авч захиргааны хэргийг шийдвэрлэсэн” тухай гомдол үндэслэлгүй.
20. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу бөгөөд “сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлнэ” гэх зохицуулалт нь нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдаагүй, дээрх асуудлаар олон суудал авсан нам, эвсэл маргаагүй тул маргааны үйл баримтад хамааралгүй хууль хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.
21. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0208 дугаар дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ