Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00452

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00452

 

 

А.В.Вын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2019/00106 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.В.Вын хариуцагч А.А, М.Ц нарт холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хариуцагч М.Цаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулимын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нидерланд улсын иргэн А.В.В нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч М.Ц, А.А нартай Налайх дүүргийн 2 дугаар хороо 55 дугаар байр 16 тоотод байрлалтай орон сууцны зориулалттай, 38 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан. Улсын бүртгэлд бүртгүүлж А.А, М.Ц нарын нэр дээр шилжиж Улсын бүртгэлийн гэрчилгээ тухайн өдөр нь гаргуулж өгсөн. Мөн төлсөн гэж байгааг баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх хүсэлтэй байна. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр М.Цтай 10 000 000 төгрөгийг хүүгүй, 12 дугаар сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл М.Ц өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд М.Ц, А.А нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.В.В нь А.А, М.Ц нарт байраа 30 000 000 төгрөгөөр зарахаар анх тохиролцсон. Ингээд 20 000 000 төгрөгийг аваад орон сууцандаа А.А, М.Ц нарыг оруулсан. Тэгсэний дараа үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн төлбөр дутуу байгаа тул хөрөнгө шилжүүлээгүй байгаа нөхцөлд орон сууцанд оруулсан учир орон сууц хөлслөх гэрээ байгуулна гэдэг шаардлага тавьсны дагуу түрээсийн гэрээг байгуулсан. Ингээд А.В.В 2015 оны 01 дүгээр сард буцаж ирээд А.А, М.Ц нараас хугацаанаас өмнө мөнгөө авахыг шаардсаны үндсэн дээр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А.В.Вд 10 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсний дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчид итгэж байсан учир 20 000 000 болон 10 000 000 төгрөгөө бэлнээр төлсөн ба ямар нэг баримт үйлдээгүй байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний дараа байрны үнэ 40 000 000 төгрөг байгаа одоо надад 10 000 000 төгрөг нэмж өг гэдэг шаардлага тавьсныг эсэргүүцэхэд А.А, М.Ц нар намайг залилчихлаа гэсэн утгатай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж хэрэг үүсгэн шалгасан ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон. Ингэхээр нэхэмжлэгчид манайх 30 000 000 төгрөг дээр нэмж 10 000 000 төгрөг төлөх үүрэг байхгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.В.Вын нэхэмжлэлтэй хариуцагч А.А, М.Ц нарт холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан өгөхийг, хариуцагч М.Цаас зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.В.Вийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2015 оноос хойш маргаж байгаа нэхэмжлэгчийн үндэслэлийг үл хайхран, маргааны зүйлийг зөв тодорхойлж чадалгүй хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн хэмээн дүгнэж буй нь туйлын ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн мөн худалдагч эд хөрөнгийг бүрэн шилжүүлж, улмаар А.А, М.Ц нарын нэр дээр шилжиж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Харин А.А, М.Ц буюу худалдан авагч нар төлбөрөө төлөөгүй байгаа. Эндээс үзвэл хариуцагч нь төлбөрөө төлсөн гэж үзвэл хуулийн дагуу уг үүргээ гүйцэтгэсэн гэж бүрэн нотлох ёстой. Гэтэл анхан шатны шүүх төлбөр төлөөгүйг буюу хариуцагчийн нотлох ёстой үүргийг нэхэмжлэгч баримтаар няцаах ёстой гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хэргийн оролцогчдын нотлох үүргийн хуваарилалтын заасан дээр хуулийн зохицуулалтыг дэндүү бүдүүлгээр зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч нар эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байхад төлбөр төлсөн гэж мөнгө цуглуулж байсан гэрчүүдээ асуулгасан байдаг. Гэтэл уг гэрчүүд нь хариуцагч нарын ээж, хамаатан садны хүмүүс бөгөөд тэд орон сууц авахад зориулж мөнгө өгсөн гэж мэдүүлээгүй юм. Түүнчлэн, 2014 оны 9 дүгээр сард хашаа байшингаа 12 000 000 төгрөгөөр Ц.Баттулгад биш 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж.Энхтуяад шилжүүлсэн нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны үед хариуцагч нар зарим банк, банк бус санхүүгийн байгууллагуудад зээлтэй байсныг нотолж зээлийн гэрээнүүдийг гаргаж өгч байсан. Энэ нотлох баримтуудаас үзвэл гэрчүүдээс авсан мөнгөөр зээлээ хаасан байж болох юм. Эндээс үзвэл мөнгө цуглуулж байсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй байна. Түүнчлэн шийдвэрийн 8 дахь талд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг нь бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ орон сууцны үнийг төлснөөр хуучин өмчлөгч А.В.Вын өмчлөх эрх М.Ц, А.А нарын өмчлөлд шилжсэн гэх үндэслэлтэй  гэж дурдсан. Маргааны нэгэн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжих хуулийн тусгай зохицуулалтыг хэрэглэхгүйгээр ерөнхий зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу. Шүүхээс хариуцагч талын мөнгө аваагүй гэсэн тайлбарыг үгүйсгээгүй гэж нэхэмжлэгчийн шүүхэд дээрхийн адил өгсөн тайлбар, болсон үйл баримтыг үнэлээгүй атлаа хэт нэг талыг барьж хариуцагчаас зээлийн үүргийг шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч анх 2015 оны 7 дугаар сард цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан.Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сараас иргэний хэргийн шүүхэд 3 удаа нэхэмжлэл гаргаж байгаа. Нэмж хэлэхэд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...орон сууцны төлбөрөөс 10 000 000 төгрөг төлөхөөр эвлэрэх санал гаргаж байсан. Эндээс хариуцагчийн хүсэл зоригийг тайлбарлаж үзвэл худалдах худалдан авах гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйг илтгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч А.В.В нь хариуцагч А.А, М.Ц нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хариуцагч М.Цаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 Нидерланд Улсын иргэн А.В.В болон М.Ц, А.А нар нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 16 тоот 38 м.кв 3 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх13/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, маргааны үйл баримтад хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч маргааны зүйл болж буй орон сууцыг болон өмчлөх эрхийг хариуцагч нарт шилжүүлэн өгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдсон./хх15/

Дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн эсэх асуудлаар талууд маргасан байх бөгөөд хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг биелүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй байна. Хариуцагчийн тайлбарууд доорх байдлаар няцаагдаж байна.

Тухайлбал, хариуцагч 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг ... өмнө хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж орон сууцыг эзэмшиж байсан учраас үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээ болгож хийсэн ... гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ төлөх үүргээ зээлийн гэрэний үүрэг болгон сольсон гэх агуулгатай тайлбарласан боловч 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг зохигчдын хооронд байгуулсан үйл баримт тогтоогдож байна./хх16,21/ Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар тохиролцож, төлбөрөө төлж, үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлдөө үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан бол өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлслөх гэрээ байгуулсан нь орон сууцны үнийг зээлд шилжүүлсэн гэх тайлбарт няцаагдаж байна. Гэрээгээр хүлээсэн эд хөрөнгийн үнийг бүрэн төлөх өөрийн үүргээ биелүүлсэн гэдгээ нотлох үүрэг хариуцагч талд үүсэх учиртай. Гэтэл хариуцагч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөөгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах үндэслэл болсон төдийгүй гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаар хугацаа өгөх шаардлагагүй, үр дүн гарахгүй болох нь илт нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна. Гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг харьцуулбал гэрээнээс татгалзах талаар хугацаа өгөх, мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхийг сануулж хугацаа өгөх шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг буцаан шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж мөнгийг хэрхэн өгсөн нөхцөл байдлаа тайлбарласан. Талуудын хооронд 2011 оны 8 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 7 500 000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сард 2 000 000 төгрөг нэмж зээлсэн, мөн 500 000 төгрөгийн түрээсийн төлбөр зэргийг нэгтгэн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ болон мөн өдрийн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл үйлдэн 10 000 000 төгрөгийг өгсөн, авсан гэсэн баримтуудад талууд гарын үсэг зурж баримтжуулсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч нь энэ үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг буцаан төлөх ёстой.

Хэрэгт авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй талаар зохигчид маргаагүй ба харин хариуцагч 2011 оны 8 дугаар сард 7 500 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард 2 000 000 төгрөг авсан гэх үйл баримтыг үгүйсгээгүй, уг зээлийн мөнгийг буцаан төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч дээрх зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан гэх баримтыг үйлджээ. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж 2018 оны 1 дүгээр сарын 23, 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэргийн 34-36, 37-43 дугаар талд авагдсан Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 104/ШЗ2018/00547 дугаар, 12 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2018/01409 дугаар захирамжуудаар нотлогдсон. Иймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар зэргийг тодорхой зааж, уг орон сууцыг болон өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах, хариуцагч М.Цаас 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2019/00106 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байр, 16 тоот хаягт байршилтай 38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2207002470, гэрчилгээний 000376169 дугаартай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон өмчлөх эрхийг хариуцагч А.А, М.Ц нараас А.В.Вэд шилжүүлж, хариуцагч М.Цаас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.В.Вэд тус тус олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.В.Вийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А, М.Ц нараас 357 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулимын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ