Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00127

 

 

...../Van vliet aagje/-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, П.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2019/00106 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1132 дугаар магадлалтай,

...../Van vliet aagje/-ын нэхэмжлэлтэй,

..... ..... нарт холбогдох,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хариуцагч .....аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Гулим, хариуцагч нарын төлөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Гулимын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нидерланд улсын иргэн .....нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч ....., ..... нартай Налайх дүүргийн 2 дугаар хороо 55 дугаар байр 16 тоотод байрлалтай орон сууцны зориулалттай, 38 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг 30.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан. Улсын бүртгэлд бүртгүүлж ....., ..... нарын нэр дээр шилжиж Улсын бүртгэлийн гэрчилгээ тухайн өдөр нь гаргуулж өгсөн. Гэтэл хариуцагч ....., ..... нар өнөөдрнйг хүртэл уг үл хөдлөх хөрөнгө худалдсаны төлбөр 30.000.000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, ... харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр буцаан гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Нидерланд улсын иргэн Аагжэ Ван Влиет нь .....тай 10.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, хүүгүй зээлж, зээлийн гэрээ байгуулж, нотариатиар гэрчлүүлсэн. Хариуцагч ..... өнөөдрийг хүртэл дээрх зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 10.000.000 төгрөгийг төлөөгүй болно. Иймд ....., ..... нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч Ш.Сарангэрэлийн шүүхэд гаргасан тайлбарт: ........нь ....., ..... нарт байраа 30.000.000 төгрөгөөр зарахаар анх тохиролцсон. Ингээд 20.000.000 төгрөгийг аваад орон сууцандаа ....., ..... нарыг оруулсан. Тэгсэний дараа үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн төлбөр дутуу байгаа тул хөрөнгө шилжүүлээгүй байгаа нөхцөлд орон сууцанд оруулсан учир орон сууц хөлслөх гэрээ байгуулна гэдэг шаардлага тавьсны дагуу түрээсийн гэрээг байгуулсан. Ингээд .....2015 оны 01 дүгээр сард буцаж ирээд ....., ..... нараас хугацаанаас өмнө мөнгөө авахыг шаардсаны үндсэн дээр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Аагже Ван Влиетд 10.000.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсний дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчид итгэж байсан учир 20.000.000 болон 10.000.000 төгрөгөө бэлнээр төлсөн ба ямар нэг баримт үйлдээгүй байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний дараа байрны үнэ 40.000.000 төгрөг байгаа одоо надад 10.000.000 төгрөг нэмж өг гэдэг шаардлага тавьсныг эсэргүүцэхэд ....., ..... нар намайг залилчихлаа гэсэн утгатай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж хэрэг үүсгэн шалгасан ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон. Ингэхээр нэхэмжлэгчид манайх 30.000.000 төгрөг дээр нэмж 10.000.000 төгрөг төлөх үүрэг байхгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Худалдах-худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2019/00106 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Аагже Ван Влиетын нэхэмжлэлтэй хариуцагч ....., ..... нарт холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан өгөхийг, хариуцагч .....аас зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Аагже Ван Влиетийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1132 дугаар магадлалаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 104/ШШ2019/00106 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байр, 16 тоот хаягт байршилтай 38 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2207002470, гэрчилгээний 000376169 дугаартай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч ....., ..... нараас гаргуулж, хариуцагч .....аас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Аагже Ван Влиетэд тус тус олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Аагже Ван Влиетийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....., ..... нараас 357 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулимын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ....., ..... нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хэрэгт цугларсан баримт, талуудын гаргасан тайлбараар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх дээр хэн аль нь маргаагүй бөгөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр 30.000.000 төгрөг өгсөн, өгөөгүй гэдэг гол маргаантай холбоотой гэрээ байгуулахдаа тохирсон үнэ 30.000.000 төгрөгөө авч гэрээ байгуулсан, бүртгэлийн газарт тооцоо дууссан гэж тайлбарласан баримтыг нэхэмжлэгч няцаан үгүйсгээгүй байхад давж заалдах шатны шүүх төлбөр төлсөн болохоо нотлоогүй гэж дүгнэж байгааг нотлох баримт буруу үнэлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ хэн аль нь баримтгүй байгааг дурдаад Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дах хэсэгт зааснаар тайлбарлан дүгнэснийг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй няцаан тайлбарлаагүй атал “төлбөр төлсөнөө нотлоогүй” гэж хариуцагчийг буруутгаж хэрэгт байгаа баримтууд болох хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Хэрэгт байгаа 2014 оны 09 сарын 16-ны өдрийн 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээлцсэн баримтыг  нэхэмжлэгч “Анхбаяртай өмнө хийгдсэн зээлийн гэрээний үлдэгдэл дээр гэрээ байгуулсан, баримттай болохын тулд нотариат дээр гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтыг нөхөж Цогтсайхантай байгуулсан” гэж, хариуцагч тал “орон сууцны төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан, гэрээ байгуулах, баримт үйлдэх үед мөнгө хүлээлцээгүй” гэсэн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-т зааснаар энэ цаг хугацаанд, энэ баримтаар мөнгө хүлээлцээгүй гэж дүгнэж шаардлагыг хэрэгсэхгүй бопгосон. Гэтэп давж заалдах шатны шүүх мөнгө хүлээлцсэн актыг үнэлэхдээ талуудын гаргасан тайлбарыг огт харьцуулж үзэлгүй мөнгө хүлээлгэж өгсөн тул эээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Зээлийн гэрээ мөнгө хүлээлцсэн акт зэрэг баримтууд нь халхавчилсан, дүр үзүүлж хийсэн баримтууд тул хүчингүй юм. Иймд магадлалыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ...../Van vliet aagje/ нь хариуцагч ..... ..... нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг гаргуулах, хариуцагч .....аас зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй маргажээ.

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсон тул хариуцагч нарын гомдлын агуулгаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д “Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ”,  мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т “магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...../Van vliet aagje/-ын нэхэмжлэлтэй ..... ..... нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна.   

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүх бүрэлдэхүүн бүгд гарын үсэг зурах ба аль нэг шүүгч нь гарын үсэг зураагүй нь  магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 169 дүгээр зүйлийн 169.1, 68.1.5-д заасан үндэслэл болж байна.

Мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.4, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т зааснаар хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шүүх хуралдаанд тэмдэглэл хөтөлнө, тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.” гэжээ.       

...../Van vliet aagje/-ын нэхэмжлэлтэй ..... ..... нарт холбогдох хэргийг хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зураагүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл нь давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хэрхэн явагдсаныг тогтооно. Давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зураагүйгээс тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.     

Дээр дурдсан үндэслэлээр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1132 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ....., ..... нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 357.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ