Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00492

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00492

 

 

Т.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/00070 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Эийн хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/00443 дугаар захирамжаар Г.Эрдэнэцэцэгээс 83 443 626 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Бат-Эрдэнэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 82 дугаар байр 13 тоотод байрлах 9 сарын 11-ний өдрийн үнэлүүлснийг 9 дүгээр сарын 13-ны өдөр надад шууданд ирүүлсэн юм. Миний бие төлбөр төлөгчийн хувьд уг үнэлгээг зах зээлийн үнэнээс хэтэрхий доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар уг үнэлгээнд гомдол гаргаж байна.Шүүхэд үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 473 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Эээс 83 443 626 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Манай зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхдээ төлбөр төлөгч Т.Эт сайн дураар шүүхийн шийдвэрийг удаад дараа биелүүлэхийг мэдэгдэхэд, төлбөрийг огт төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гараад 3 жил болж байхад биелэгдэхгүй байна. Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 82 дугаар байран 13 тоот, 49.96 хоёр өрөө орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмж, 2020 оны 8 дугаар сарын 13-ны хураах тогтоолоор хурааж авч, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4/160/3179, 4/160/3792 дугаартай албан бичгээр үл хөдлөх хөрөнгийг үнийн саналыг мэдэгдэхийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдэхэд, төлбөр төлөгч Т.Э нь үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч нь 70 000 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар оруулах санал ирүүлсэн. Хөндлөнгийн шинжээчээр Виннэрвэй ХХК-ийг томилж, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшийг 77 113 000 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4/160/32780 тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт баталгаат шуудангаар явуулсан.Нэхэмжлэгчийн гэрт очиход тэрээр гэртээ байхгүй байсан бөгөөд ээжид нь нэхэмжлэгчид тайланг дамжуулж өгөхөөр гардуулсан. Иргэний 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувь болон 53 979 100 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн доод үнийг санал болгож 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны дуудлага худалдаагаар орон сууцыг оруулахад, тус орон сууц нь худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул төлбөр төлөгчийн Т.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаа намайг болон миний төлөөлөгч С.Тунбаярыг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүгчийн туслахад итгэмжлэгдсэн төлөөлөгч болон миний бие оролцохгүй гэж хэлээгүй бүх нийтийг хамарсан бэлэн байдал зарласан хугацааг 2021 оны 1 сарын 06-ны өдрөөс 5 хоногоор сунгасан тул очиж оролцох боломжгүй гэж хэлсэн. Төлөөлөгч С.Тунбаярт 2021 оны 1 сарын 06-ны өдрийн орой шуудангаар шүүх хурлын зарыг гардуулж өгсөн зэргээс бол миний бие хуульд заасан мэтгэлцэх болон эрхээ хамгаалах боломжгүй байдал үүссэн. Миний бие гэрээсээ гарах тоолонд цагдаа нар шалгаж үүднийхээ дэлгүүрээсээ цааш явж чадахгүй байхад би болон итгэмжлэгдсэн төлөөлөгч яаж шүүх хуралд оролцов вэ .Иймд шүүх хуралд нэхэмжлэгчийг оролцуулалгүй шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож иргэний хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 сарын 01-ний өдрийн 443 дугаар захирамжаар хариуцагч Т.Эээс 83 433 626 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгох, хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 82 дугаар байрны 13 тоот хаягт байрлалтай 49,96 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсгийн заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй болно.

Хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч 70 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу 2020 оны 8 сарын 31-ний өдрийн 8/395 дугаар тогтоолоор Виннер-Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 82 дугаар байрны 13 тоот 49,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 77 113 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх54-69/

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний Виннер-Вэй ХХК-ийн хийсэн 2020 оны 9 сарын 09-ний өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх1-2, 76/

Хэргийн 54-69 дүгээр талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын аргыг сонгон хэрэглэж Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг Виннер-Вэй ХХК нь 77 113 000 төгрөг гэж дүгнэжээ. Виннер-Вэй ХХК-ийн үнэлгээчин нь тухайн орон сууцны үнэ цэнийг 77 113 000 төгрөгөөр тогтоохдоо 49,96 м.кв талбайгаар тооцон, худалдан борлуулахаар нийтэд зарласан үл хөдлөх хөрөнгө, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаагаар худалдах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...намайг болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаярыг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн ... гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 15.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаярт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн шүүх хуралдаан болох өдөр нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар луу шүүгчийн туслахаас шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг тодруулахад би оролцохгүй, манай төлөөлөгч оролцоно, төлөөлөгч би оролцохгүй, нэхэмжлэгч Т.Э өөрөө оролцоно... гэж тус тус тайлбарласан талаар баримт авагдсан байна. /хх99-100/ Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх тайлбар, гомдлыг хангахгүй.

Эдгээрээс үзвэл, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Д.БАЙГАЛМАА

Б.НАРМАНДАХ