Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00553

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00553

 

 

Б.У.А ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2021/00055 дугаар шийдвэртэй, Б.У.А ХЗХ-ны нэхэмжлэлтэй Г.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 1 810 26.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.У.А ХЗХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 7 сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийн зээлийг 5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч №17/19 тоот зээлийн №17/53 дугаар бүхий барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлтөлд нийт 1 836 000 төгрөг төлсөн. 2020 оны 9 сарын 14-ний өдрөөр тооцоход зээлийн үлдэгдэл 1 151 565.89 төгрөг, зээлийн үндсэн хүү 548 913.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109 782.61 төгрөг /хугацаа хэтрэлт 286 хоног/ болж байна. Г.Болор нь зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн төлбөрийг сар бүрийн 24-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч зээлийн гэрээний 1.3-т заасныг зөрчин хугацаа хэтрүүлж төлсөн. Зээлийн гэрээний 1.6-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийн 20%-иар тооцож бодсон болно. Зээлийн гэрээний 1.4-т зээлийн хүүг дараах аргачлалаар тооцно. Г.Болор зээлийн барьцаанд гэр ахуйн цахилгаан бараа, зурагт, хөргөгч, угаалгын машин, нөүтбүүк, 5 ханатай иж бүрэн гэр барьцаалсан байна. Г.Болорыг хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 01/43 тоот тогтоолоор хоршооны гишүүнээс чөлөөлсөн. Г.Б нь 2017 оны 7 сарын 24-ний өдөр гишүүний анкет бөглөж хувь хөрөнгө 65 000 төгрөгөө бэлнээр өгсөн. 2017 оны 7 сарын 26-ны өдөр тухайн үеийн тэргүүлэгчдийн зөвлөлийн №01/01 хурлын тэмдэглэлд дурдсанаар хувь хөрөнгөө өгч өргөдлөө өгсөн нэр бүхий гишүүдийг УБЕГ-т бүртгүүлэх талаар хэлэлцэж, зохих материалыг бүрдүүлсэн боловч тухайн үед тус хоршоо нь УБЕГ-тай бүртгэлийн талаар шүүхийн асуудалтай байсан тул ямар нэгэн бүртгэл хийхээс татгалзаж, шинээр элссэн гишүүдийн бүртгэл хийгдээгүй байна. Иймд Г.Бгоос зээлийн үлдэгдэл 1 151 565.89 төгрөг, үндсэн хүү 584 913.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109 782.61 төгрөг нийт 1 810 261.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У.А ХЗХ-оос 1 000 000 төгрөгийн зээл авсан, зээл олгохдоо 65 000 төгрөгийг суутгаж авсан байдаг. Энэ мөнгийг суутгаж авах учиргүй. Г.Бг анхнаасаа Б.У.А ХЗХ-д гишүүнээр бүртгээгүй. Энэ тухай нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгнө гэсэн боловч өгөөгүй, анхнаасаа гишүүнээр элсээгүй. Зээлийн гэрээнд 100 хоног хэтэрвэл үүргийг барьцаа хөрөнгөөр хангана гэж заасан. Үүрэг гүйцэтгүүлэгч нь хугацааг зогсоолгүй явсаар байгаад 1 836 000 төгрөг авсан. Г.Б нь үүрэг дууссан гэж бодоод явж байтал гэнэт үлдэгдэл төлбөр 1 000 000 төгрөг байна гээд дахин мөнгө төлүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргахад шаардах эрх тодорхой байх ёстой. Хоршооны тухай хуулийн 13.1, 13.2, 13.3-т зааснаар гишүүн өөрөө сайн дурын байх ёстой, хоршоонд гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлөө тэргүүлэгчид гаргах тухай дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, гишүүнээр элсэхийг хүссэн этгээдийн өргөдлийг түүний гишүүнээр элссэн тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл мөнгөн хадгаламж гаргахыг хориглоно гэж заасан байдаг. Тус хуулиудыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Г.Б нь хариуцагч байгууллагаас 1,000,000 төгрөгийн зээл аваад эргүүлээд 1 836 000 төгрөг төлсөн. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэг 1 810 261.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Б.У.А ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Г.Болор нь хариу тайлбар гаргасан байх бөгөөд уг тайлбартаа Б.У.А ХЗХ-оос нэхэмжилж буй үнийн дүнг зөвшөөрөхгүй, 1 810 261,58 төгрөг төлсөн учраас гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл иргэнээс авсан буюу уг хоршооны гишүүн биш гэж үзсэн бол анхнаасаа хариуцагч байгууллагаас зээл аваагүй гэх тайлбарыг өгөх боломжтой байсан ч мөнгө төлсөн учир нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй гэх тайлбар нь хариуцагчийг хоршооны гишүүн гэдгээ зөвшөөрсөн гэх утгыг агуулж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөвхөн тухайн өдөр элссэн эсхүл, хасагдсан гэх гишүүдийн тоон мэдээллийг авах боломжтой, тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, ХЗХ-ны тогтоол зэргийг хавсарган шүүхэд өгсөн. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан хуулийн заалтыг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна

 

Нэхэмжлэгч Б.У.А ХЗХ нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн 1 151 565,89 төгрөг, хүү 584 913,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109 782,61 төгрөг, нийт 1 810 261,58 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хоршооны гишүүн бус этгээдэд зээл олгосон, авсан зээлээ бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г.Б 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.У.А ХЗХ-ноос 1 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 10-15 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон гомдлын үндэслэлээ ... талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэн эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, хоршооны гишүүн учир зээл олгосон, ... зөвхөн гишүүддээ үйлчилж, тэдний хэрэгцээг хангах зорилготой ... гэх агуулгаар тайлбарлажээ.

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно: ... 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах ... гэж тус тус заасан.

Хариуцагч Г.Б 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гишүүний анкет бөглөж хувь хөрөнгө 65 000 төгрөгөө бэлнээр өгсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч Г.Б нь хоршооны гишүүнээр бүртгэгдээгүй, цаашлаад нэхэмжлэгч нь гишүүн бус этгээдэд зээл олгосон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Б.У.А ХЗХ, хариуцагч Г.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь нийт 1 836 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зээлийн эргэн төлөлтийн тооцоо, зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх15/ Иймээс хариуцагчид нэхэмжлэлээр шаардсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2021/00055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Б.НАРМАНДАХ