Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 626

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* нарыг оролцуулан “Р*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Р*******” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Хаяг: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж

Хариуцагч: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хаяг: Баянгол дүүрэг, Замчдын гудамж 3

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн тус тус “Р*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Р*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 302 дугаар захирамжаар “ТЭЦ IV”-ийн зүүн талд Д.Ш-ийн урд байрлах 2000 м.кв газар эзэмших эрхийг “Р*******” ХХК-д 5 жилийн хугацаатай олгосон.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол болон тус дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар “Р*******” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзжээ. 

Бид газар эзэмших хүсэлтийг дүүргийн газрын албанд хуулийн дагуу гаргасан ба тухайн байгууллага өөрсдийн үйл ажиллагааны журмын дагуу манай компанид эзэмшиж болох газрыг зааж өгсөн.

Бид газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмших эрхийг хүлээж авах, гэрээ байгуулах, газрыг хур хогоос нь салгаж газар эзэмшиж эхлэх зэрэг бүх үйл ажиллагааг өөрсдийн зүгээс хууль зөрчихгүй хийсэн. Бүх үйл ажиллагаа Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хүчин төгөлдөр эрх зүйн актын дагуу хийгдсэн. 

Тухайн газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрийн бүсэд байрладаг, хотын төвөөс алслагдсан, орчин тойронд нь иргэд, аж ахуйн нэгжүүд удаан хугацаагаар газар эзэмшиж, ашиглаагүй байсан тул асар их хур хогонд дарагдсан байсан. 

Бид өөрсдийн хүч, хөрөнгөө зарцуулж тухайн газрыг нөхөн сэргээн авсан тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу ч эрхээ хамгаалах бүрэн үндэслэлтэй юм. Иймд уг тогтоолын хууль зөрчиж газар эзэмшүүлэх эрх олгосон гэх үндэслэл нь манай компанид хамаарахгүй. 

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэжээ. 

Манай компани 2009 оны 02 дугаар сараас эхлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан аж ахуйн хашааг түрээсэлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэвч манай компанийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ нэмэгдсэн байдлаас шалтгаалан түрээслэх боломж багассан. Ингээд бид газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргасан. Газрын алба хур хогонд дарагдсан газрыг цэвэрлээд авах боломжтой гэж мэдэгдсэн. 

Бидэнд аж ахуйн хашааг хурдан ашиглаж эхлэх шаардлага байсан учраас энэ газрыг болон эргэн тойрныг хур хогноос нь салгах, зам гаргах, хашаа барих, ажилчдын байр бэлтгэх зэрэг олон ажлуудыг цаг алдахгүй хийх үүднээс өөрсдийн өмчийн орон сууцаа зарж эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 

Дээрх заалтуудын дагуу бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол гэж заасан байгаа харин манай компани газар эзэмших эрхийн гэрчилгээг авсны дараа шууд ашиглахаар өөрсдийн хүч хөрөнгийг зарцуулан байж ашиглаж эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Иймд газар эзэмших эрх цуцлах энэ үндэслэл нь манай компанид хамааралгүй. 

3. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзжээ. 

Манай компанийн эзэмшдэг газар нь эрчим хүчний хамгаалалтын бүсэд ойрхон байдаг ч газар олголт давхцаагүй. Иймд уг тогтоолын энэ үндэслэл мөн манай компанид хамааралгүй. 

4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д заасныг зөрчсөн гэж үзжээ. 

Дээрх хууль нь газар эзэмшиж эхэлсний дараа буюу 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, даган мөрдөгдсөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно” гэж заасан бөгөөд 302 тоот захирамжаар эзэмших эрх олгогдсон газар нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “Ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжид тооцогдохгүй тул тус газарт хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоохгүй юм. 

Дээрх үндэслэлүүд нь Баянгол дүүргийн Засаг даргын уг захирамж нь манай компанид хамаарахгүй болохыг нотолж байна. Манай компани 2009 онд энэ газрыг эзэмших хүсэлт гаргах үед тухайн газарт болон орчинд нь асар их хур хог овоорсон, хүн ашиглалгүй удсан байсан. Биднийг газрыг нөхөн сэргээн орчныг цэвэрлэж, зам гаргасан ч олон жил хог хаядаг газар болсон учраас шөнийн цагаар энэ газрын орчинд нууцаар хог асгадаг. Одоо бусад аж ахуйн нэгж газраа ашигладаг болсноор энэ байдал багассан ч мөн л хог асгасан хэвээр байгаа. 

Энэ газар нь манай компанийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой учраас хогийг зайлуулах, цэвэрлэх, хаалт хийх, харуул гаргах зэргээр өөрсдийн хүч, бололцоогоор олон жил тэмцсээр ирсэн. Хогийг цэвэрлүүлэх, зайлуулах, хог хаяхтай тэмцэхийг төрийн болон орон нутгийн байгууллагад удаа дараа шаардаж байсан. 

Тус аж ахуйн хашаа нь манай компанийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болохын хувьд бид хашаа, ажилчдын сууц барих, цахилгаан татах зэргээр байнга хөрөнгө хүч зарцуулсаар ирсэн. Мөн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт татахаар зөвшилцөлд хүрээд байсан. 

Гэтэл энэ үндэслэлгүй шийдвэр гарснаар компаниа өргөжүүлэх нь байтугай цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Энэ нь бидний олон жилийн хөдөлмөр, бизнесийн нэр хүндийг шууд үгүй хийх аюултай нөхцөл байдалд хүргэн бидний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байгаа билээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу бид дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан ба тус байгууллагаас “Эрх ашгаа хамгаалахаар шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх. Энэ хариу хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хандана уу” гэсэн хариуг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн. 

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмших эрх олгосон, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг тус дүүргийн Засаг даргад даалгаж, тогтоол гарга гэж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тусгайлан зохицуулсан хуулийн заалтуудыг зөрчиж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан гэж үзэж байна. 

Учир нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шууд дүүргийн Засаг даргад энэ хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болго гэж зааварлах эрхийг ямар нэг хууль тогтоомжоор олгоогүй учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан “Эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэдэгт хамааруулан ойлгож болох бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хариуцах үүрэг, түүний эрх хэмжээг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоосон хязгаарыг зөрчсөн, эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгоогүй тохиолдолд захиргааны акт гаргах боломжгүй байхад үүнийг зөрчсөн. 

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь Засаг даргын хуулиар тогтоосон бүрэн эрхэд ноцтой халдсан Засаг даргын захирамжийг шүүхээс хууль бус акт гэж үзэж хүчингүй болгох боловч энэхүү захирамжийн үндэслэл болсон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын манай компанид холбогдох хэсэг хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр байгаа ба энэхүү тогтоолоос болж газрыг маань хүчингүй болгосон тул энэхүү тогтоолын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. 

“Р*******” ХХК-ийн захирал Д.О******* миний хувьд энэхүү захиргааны хэрэгт өмнө нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаагүй ба газар эзэмших эрхийг минь хүчингүй болгосон эрх бүхий захиргааны албан тушаалтан болох Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаас болж эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдсөн, түүнийг хүчингүй болгоход эрх минь сэргэнэ гэж үзэж байсан боловч 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авснаар энэхүү Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолд “Р*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болго” гэсэн хэсэг хүчин төгөлдөр хэвээр үлдэж, цаашид хууль, газар эзэмших гэрээнд заасны дагуу газраа эзэмшиж, ашиглах харилцаанд тухайн дүүргийн газрын алба, Засаг дарга болон холбогдох бусад мэргэжилтэн төрийн албан хаагчтай харилцахад энэхүү тогтоолыг барин манай компанийн эрхэд халдах, саад хийх зэргээр хүнд суртал гаргах эрсдэлтэй мөн газар эзэмших эрхийг маань үндэслэлгүйгээр хүчингүй болгохыг даалгаснаас болж эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдсөн болохыг мэдсэн болно. 

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн тус тус “Р*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 302 дугаар захирамжаар “Р*******” ХХК-д 2000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон ба “Р*******” ХХК-ийн эзэмшиж байсан газар нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хамгаалалтын бүс тогтоох тухай 95 дугаар захирамжаар тогтоосон бүсэд хамаарах газарт олгогдсон байна. 

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 302 дугаар захирамжийн “Р*******” ХХК-д холбогдох хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно. 

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/302 дугаар захирамжаар “Р*******” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн зүүн Д.Ш-ийн урд талд 2000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2 “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” 33 дугаар зүйлийн 33.1.2 “газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ. 

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. 

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны А/302 дугаар захирамжийн “Р*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Р*******” ХХК шүүхэд анх “Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн “Р*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолын “Р*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн. 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдлыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн  үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэх тухайд, 

Маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжийн үндэслэл болсон эдгээр хуулийн заалтуудаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус газар нь тусгагдсан эсэхийг тухайн шатны газар эзэмших эрхийг олгож буй Засаг дарга шалган нягталж, газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулах тухай, мөн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглох тухай заажээ. Энэ нь Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал байсан бөгөөд өөрийн бүрэн эрхэд хамаарах үндэслэлээр нэхэмжлэгч “Р*******” ХХК-ийг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж, газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх тухайд, 

Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 302 дугаар захирамжаар “Р*******” ХХК-д ТЭЦ 4-ийн зүүн талд, Д.Ш-ийн урд байрлах 2000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ. Нэхэмжлэгч “...тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсны дараагаас шууд өөрсдийн хүч хөрөнгийг зарцуулан ашиглаж эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна...” гэх тайлбар нь хэрэгт цугларсан фото зураг, “Р*******” ХХК-ийн 2009 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан, шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн газрын үзлэг зэргээр нотлогддог. Иймд хариуцагч нарын “...маргаан бүхий газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй...” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалтыг зөрчсөн гэх тухайд,

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 302 дугаар захирамжаар олгосон нэхэмжлэгч “Р*******” ХХК-ийн ТЭЦ 4-ийн зүүн талд, Д.Ш-ийн урд байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгохдоо тухайн газрыг “...ус хангамжийн хамгаалалтын бүсэд орсон...” гэж үзэн цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэнээс хойш буюу 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4-д заасныг баримталсан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчжээ гэж шүүх дүгнэв. Учир нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэлгүйгээр “Р*******” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь шударга бус, хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших, үр шимийг нь хүртэх, ашиг орлого олох зэрэг бусад хууль ёсны эрхийг нь түүний газар эзэмших эрх үүссэнээс хойш батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах нэрийдлээр хүчингүй болгосон нь буруу байна.

Мөн нэхэмжлэгч “Р*******” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй газар нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар тогтоосон “...Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-д орсон гэх тайлбарыг хариуцагч дүүргийн Засаг даргаас гаргаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн хэдий ч энэхүү үндэслэл нь маргаж буй захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй юм.

Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч “Р*******” ХХК-д эзэмшүүлэхээс өмнө барилгын болон ахуйн хог хаягдлаар бохирлогдсон байсан, нэхэмжлэгч дүүргийн газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргаж, өөрийн хүч хөрөнгөөр тухайн газрыг цэвэрлэж, аж ахуйн зориулалтаар ашиглахаар хуульд заасны дагуу газар эзэмших эрхтэй болсон нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байна. 

Нэхэмжлэгч авто ломбард ажиллуулж барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг хадгалах зогсоолын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнө нь хог хаягдлаар бохирлогдсон байсан үетэй харьцуулахад байгаль орчинд сөрөг нөлөө учруулах эсэх талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, хариуцагч нар энэ тухай тайлбартаа дурдаагүй, баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...тухайн газар дээр ерөөсөө очиж үзээгүй, одоогийн байдлаар ямар байдалтай байгаа талаар мэдэхгүй байна...” гэсэн тайлбар хийсэн болно. 

Ийнхүү нэхэмжлэгч маргаан бүхий газрыг дээрх зориулалтаар ашиглаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгжид тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй гэж дүгнэхээр байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамж нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг үндэслэж гарсан байдаг. 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ газрыг эзэмших, ашиглахтай холбоотой зөрчлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө тогтоож, улмаар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, тодруулбал “Р*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгасан нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлжээ гэж шүүх дүгнэв. 

Иймд хуулиар олгогдоогүй, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар хяналт тавих эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 27 дугаар зүйлийн 27.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн тус тус “Р*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Н.ДОЛГОРСҮРЭН