Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 111

 

Ч.Бумбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, гуравдагч этгээд “Мфикс Капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, өмгөөлөгч Ц.Давхарбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 869 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2017/0048 дугаар магадлалтай, Ч.Бумбаярын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 869 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Бумбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Мфикс Капитал ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Ү-2206013807, Ү-2206014022 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sку хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарын 6 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Ч.Бумбаярыг бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг /хуучнаар/-т даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2017/0048 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бумбаярын Мфикскапитал ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг 46Б байрны 21 тоот орон сууц болон авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч.Бумбаярын нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ч.Бумбаярын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01708 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан буюу иргэн Ч.Бумбаярыг “Мфикс Капитал” ХХК-тай 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 304 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, улмаар гэрээний дагуу төлбөрийг 100 хувь бүрэн тушаасан буюу энэ хугацаа нь “Мфикс Капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээнээс өмнө байгаа тул маргаан бүхий дээрх орон сууц, гаражийг хууль ёсны дагуу барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийхээс татгалзсан нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2017/0048 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэргээс шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Бумбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.Бумбаяр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Blue Sky”хотхоны 46Б байрны 21 тоот 129 мкв 3 өрөө орон сууц, 6 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нь буруу гэж үзэж, уг бүртгэлийг хүчингүй болгох, өөрийнх нь нэр дээр бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.  

“Мфикс Капитал” ХХК болон иргэн Ч.Бумбаяр нарын хооронд 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу баригдсан дээрх үл хөдлөх хөрөнгө нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Мон Лотус” ХХК, Капитрон банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөд /50 хувийн гүйцэтгэлтэй/ багтсан, мөн “Мфикс Капитал” ХХК-ийн хүсэлтээр бүртгэлийн байгууллагаас тухайн үл хөдлөх хөрөнгийг компанийн  нэр дээр бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, үүний дагуу холбогдох зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2008-2010 оны гэрэээнүүд хэрэгт авагдсан, үйл баримтын талаар шийдвэр, магадлалд дэлгэрэнгүй дүгнэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, зээл, зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөлийн дагуу Капитрон банкнаас шаардсанаар “Мфикс Капитал” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр 2010 онд  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдүүлгээ гаргажээ.

Үүнийг үндэслэн нэхэмжлэгч Ч.Бумбаярын захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гудамжны 46Б байрны 21 тоот 117,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /90 хувийн гүйцэтгэлтэй/-г улсын бүртгэлийн Y-2206013807 дугаарт, уг байрны зоорийн давхарын 6 тоот 18 м.кв талбайтай авто зогсоолыг Y-2206014022 дугаарт бүртгэн “Мфикс Капитал” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, эдгээр хөрөнгийг барьцаалсан зээлийн барьцааны гэрээ нь одоо хүртэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй хэвээр байна.

Маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Ч.Бумбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Мфикс Капитал” ХХК зөвшөөрснийг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1708 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн Ч.Бумбаяр нь өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөгчөөр бүртгүүлэн, улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах эрхтэй.

Дээрх шүүгчийн захирамж нь тухайн хөрөнгийн өмчлөгчөөр “Мфикс Капитал” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, зөвхөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “...эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх...” гэж заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл гэж үзэхээр байна.    

Учир нь, 2010 онд бүртгэлийн байгууллага “Мфикс Капитал” ХХК-ийн гаргасан мэдүүлгийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох зүйлд нийцсэн, эдгээр хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тухайн цаг үед байгаагүй, захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй. 

Иймээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр байна. 

Харин эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдөж болох этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх, үүнийг нотаритаар гэрчлүүлсэн байх шаардлагыг дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тодорхойлжээ.

Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл хариуцагч улсын бүртгэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан Капитрон банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчилж бүртгэх боломжгүй.

Иймд Ч.Бумбаярын өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын харьяа Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн үйл ажиллагаа нь дээр дурдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д ”мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж тус тус заасантай нийцсэн, хууль ёсны гэж үзнэ.   

Тодруулбал, Ч.Бумбаярыг мэдүүлэг гаргах үед өмнө нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн, бүртгэл хууль ёсны бөгөөд хүчинтэй байгаа нь татгалзах үндэслэл болжээ.

Хэрэгт авагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ, зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, гэрээний үүргийн биелэлтийн талаар буюу харьяалалын бус асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүйгээс гадна барьцааны гэрээг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Захиргааны хэргийн шүүх өөрийн харьяалалын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг “Мфикс Капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн болон бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан  захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Иймээс “... Ч.Бумбаяр нь 2008 онд гэрээ хийсэн..., ... “Мфикс Капитал” ХХК болон Капитрон банкны хооронд үүнээс хойш буюу 2010 онд гэрээ байгуулсан, хууль ёсны дагуу барьцаалсан гэж үзэхгүй..., ... шүүхийн дүгнэлт нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасныг зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гомдлыг хангах үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх “бүртгэл хийхээс татгалзсан” захиргааны байгууллагын шийдвэрийн талаар зөв үнэлж, дүгнэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэрэглэвэл зохих Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2017/0048 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ