Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01234

 

Ли Санг нам /Lee Sungnam/-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02433 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1087 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ли Санг нам /Lee Sungnam/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Үүрийнтуяад холбогдох,

Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Туяацэцэг, Б.Алдарбат нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг газрыг өмчлөх эрхийг М.Сайнбаярын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад /Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст/ даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагч Б.Үүрийнтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагч Б.Үүрийнтуяа, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд, Э.Одгэрэл, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ли Санг нам нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр М.Сайнбаярын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 22 хороо, Өлгий 1 дүгээр гудамжны 0 тоотод байрлах 678.99 м.кв талбайтай газрыг 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Газар худалдаж авсан 21 000 000 төгрөгийг Ли Санг Нам нь М.Сайнбаярт бэлнээр нь хүлээлгэн өгсөн. Уг газарт үйлчилгээний зориулалттай барилга барих зорилгоор худалдаж авсан. Монгол Улсын Газрын тухай хуулинд зааснаар гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй байсан учир Ли Санг нам нь өөрийн байрлаж байсан “Good morning” зочид буудлын ажилтан Я.Туяацэцэгийг гуйж түүний нэр дээр уг газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахын тулд М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг газрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ байгуулуулсан байдаг.Уг газрыг өмчлөх эрхийг өөртөө шилжүүлсэн Я.Туяацэцэг нь БНСУ-д байсан учир Ли Сан нам нь өөрийн менежер Б.Үүрийнтуяагийн нэр дээр тухайн газрыг захиран зарцуулах итгэмжлэл авахаар болсон ба 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Үүрийнтуяа нь Солонгос Улсын Сөүл хот дахь Монгол Улсын консулын газар очиж тухайн маргаан бүхий газрыг захиран зарцуулах итгэмжлэлийг Я.Туяацэцэгээс авсан.Энэ итгэмжлэлийн дагуу Б.Үүрийнтуяа маргаан бүхий газрыг өөрийн дүү Б.Алдарбатын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн 4 хоногийн дараа 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байдаг.2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Үүрийнтуяа нь Ли Санг Намд дээрх газрыг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг хийж өгсөн байсан ба тухайн газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ли Санг намд хадгалагдаж байсан.2012 оны 08 сарын сүүлээр Ли Санг нам итгэмжлэлийнхээ дагуу тухайн газрыг өөрийн итгэлтэй хүний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Б.Үүрийнтуяа газар өмчлөлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүсэлт гаргаад дахин шинэ гэрчилгээ гаргуулж, Ли Санг намд олгосон итгэмжлэлээр газар шилжүүлэхийг хориглох хүсэлтийг Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан байсан.2013 оны 01 дүгээр сарын дундуур Б.Үүрийтуяа нь Ли Санг нам руу залгаж би Австрали улс руу явлаа, надад сургалтын төлбөр болгож 20 000 ам.доллар өгвөл газрыг өөрийн чинь нэр дээр шилжүүлэн өгнө, өгөхгүй бол газрыг ломбардад тавиад мөнгө зээлж аваад явлаа гэж дарамталсан байдаг. Үүний дагуу Ли Санг нам нь Б.Үүрийнтуяад 10 000 ам.доллар өгөөд явуулсан байдаг.Б.Үүрийнтуяа энэ мөнгийг аваад 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ан Сон Ил-д уг газрыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Ли Санг нам нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл болон газрын гэрчилгээг авч Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж шалгуулахад Б.Үүрийнтуяа нь 2013 оны 09 дүгээр сард гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж дахиж аваад Ан Сон Ил-д олгосон итгэмжлэлийг дахин хүчингүй болгосон хүсэлтээ Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн байсан.Ингээд газраа буцааж өгөхгүй гэдгийг мэдсэн учир 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргахад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд прокурорын байгууллагаас удаа дараа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Дээрх хэлцлүүдийн улмаас Ли Санг намын эрх нь зөрчигдөж байна. Энэ газрыг худалдаж авсан гол зорилго нь үйлчилгээний зориулалттай барилга барих байсан. Энэ нь Монгол Улсын хуулиар хориглосон асуудал биш юм. Б.Үүрийнтуяа нь тухайн үед Ли Санг намтай хамтран ажиллаж байсан Ан Сон Ил гэгчтэй гэр бүлийн дотны харилцаатай болсон байдаг ба үндсэндээ энэ хоёр нийлээд Ли Санг намын эсрэг ажиллагаа явуулаад байгаа. Б.Үүрийнтуяа, Б.Алдарбат, Я.Туяацэцэг нар энэ газрыг өөрсдийнх нь газар биш гэдгийг сайн мэдэж байгаа.Нэхэмжлэлийн гол шаардлага нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Үүрийнтуяа, Б.Алдарбат нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын хооронд байгуулсан хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцоод Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг арилгуулахыг хүсч байна.Иймд М.Сайнбаярын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.Ли Санг нам нь анх энэ газрыг авчихаад 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Мёнпүм” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр тухайн газар дээр үйлчилгээний зориулалттай барилга барьж, барилгын 50 хувийг өөрийн менежер Б.Үүрийнтуяагийн нэр дээр гаргуулж, барилга ашиглалтад орсноор “Мёнпүм” ХХК-ийн өмчлөлд тухайн газрын өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Б.Үүрийнтуяа нь энэ газрын шударга өмчлөгч биш юм. Дүр үзүүлсэн хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Энэ газрыг авахад Б.Үүрийнтуяа мөнгө гаргаагүй бөгөөд газрыг шилжүүлснээр Б.Үүрийнтуяад ямар нэгэн хохиролтой зүйл болохгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь Ли Санг нам энэхүү нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд биш.Мөн Б.Үүрийнтуяа миний бие Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамжны 0 тоот 678,99 м.кв газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй гэрээнүүд нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй.2005 оноос 2007 оны 04 дүгээр cap хүртэл Ли Санг Намтай Солонгост хамт амьдарч байсан. 2006 оны 5 дугаар сард бид хоёр хамт бизнес хийхээр болсон. Би Монголд ирэх боломжгүй байсан учир Ли Санг нам түрүүлж ирээд, би 2007 оны 4 дүгээр сард Монголд ирсэн. Ли Сан нам нь 2006 оны 5 дугаар сард Монголд ирээд 20 орчим хоноод буцсан. Ингэхдээ 21 000 000 төгрөгийг бэлэн төлж М.Сайнбаяраас газар худалдаж авсан. Ли Санг нам нь Солонгос улсын иргэн учир газрыг өөрийн нэр дээр авч болохгүй байсан тул өөрийн байрлаж байсан “Good Morning” зочид буудлын ажилтан Я.Туяацэцэгийн нэр дээр газраа худалдаж авахаар болсон.Би энэ үед Солонгос Улсаас Монгол Улсад ирэх боломжгүй байсан бөгөөд тэнд хараар ажиллаж байсан. Ийнхүү газрыг худалдаж авсныхаа дараа Ли Санг Нaм Солонгост буцаж ирсэн.Би 2007 оны 04 дүгээр сард Монгол Улсад ирж газартай холбоотой бизнес эрхлэх гээд компани байгуулсан. Компаниа 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Үүний дараа энэ компанийг 2007 оны 10 дугаар сард гадаадын хөрөнгө оруулалттай болгож, Ли Санг Нам хөрөнгө оруулалт хийж, 2006 оны 6 дугаар cap хүртэл хамтран ажилласан бөгөөд тэр компанид 10 000 ам.долларын хөрөнгө оруулсан байсан. Салахаасаа өмнө бид хоёр компанийн үйл ажиллагаагаа 2011 онд 60 000 ам.доллараар зарсан байсан.Ингээд “Юү Би Платинум” барилгын 6 дугаар давхарт 70 м.кв талбайтай оффисыг 190 000 000 орчим төгрөгөөр худалдаж авсан бөгөөд өмчлөх эрх Ли Санг намын нэр дээр байгаа. Салахдаа би газраа авч, Ли Санг Нам оффисоо авахаар тохиролцоод салсан. Газар болон оффисыг худалдаж авахдаа дундын данснаасаа худалдаж авсан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Би энэ газрыг Ли Санг Намтай 2006 оноос хойш хамт амьдрахдаа олсон мөнгөөр худалдаж авсан учир шударга өмчлөгч гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Сайнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:М.Сайнбаяр нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамжны 0 тоот хаягт байрлах 678.99 м.кв газрыг өөрийн нутгийн дүү Д.Эрдэнэчулуунаар дамжуулан Ли Санг Намд 21 000 000 төгрөгөөр зарсан.Ли Санг Нам нь газрын үнэ 21 000 000 төгрөгийг бэлнээр нь М.Сайнбаярт хүлээлгэн өгсөн бөгөөд уг газарт үйлчилгээний зориулалттай барилга барихаар төлөвлөж байгаа талаараа ярьсан. Гадаад улсын иргэнд газар өмчлөх эрх шилжих боломжгүй байсан учир Ли Санг Нам нь өөрийн байрлаж байсан зочид буудлынхаа ажилтан Я.Туяацэцэгийг дагуулан ирж бэлэглэлийн гэрээ байгуулж, Я.Туяацэцэгийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. М.Сайнбаяр нь Я.Туяацэцэгт газрыг худалдаагүй. Ли Санг Нам газрыг худалдан авч байгааг ойлгож байсан боловч гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүйг мэдээд газар өмчлөх эрхийг Я.Туяацэцэгийн нэр дээр шилжүүлсэн.Я.Туяацэцэг нь тухайн газрыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр худалдаж авсан хүн биш, энэхүү гэрээ хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мёнпүм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлтэй холбоотойгоор “Мёнпүм” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна. Анх 2008 онд “Мёнпүм” XXK-ийн үүсгэн байгуулагч нь Ли Санг Намтай танилцаад Монгол Улсад бизнес эрхлэх сонирхолтой байсан. “Мёнпүм” ХХК нь барилгын дотоод засал чимэглэл, тавилга үйлдвэрлэх сонирхолтой Монгол Улсад орж ирсэн. Тийм учраас үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой заавал хотын төвд байрлах шаардлагагүй байсан. Гол нь агуулах хийж болох барилга сонирхож байна гэхэд Ли Санг нам өөрийн газрыг санал болгосон.Энэхүү газраа санал болгосны үндсэн дээр 2008 оны 04 дүгээр сард “Мёнпүм” XXK-ийг Монгол Улсад албан ёсоор үүсгэн байгуулж, 2008.08.02-ны өдөр Ли Санг Намтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээнд Ли Санг Нам өөрийн менежер Б.Үүрийнтуяагийн нэр дээр энэ барилгын 50 хувийг шилжүүлэхээр тусгасан. “Мёнпүм” ХХК нь 100 хувийн хөрөнгөөр барилгыг барьж байгаа учир баригдаж дууссаны дараагаар тухайн газрыг өөрийн итгэлтэй хүний нэр дээр шилжүүлж авахаар гэрээ хийсэн байдаг.2013 оны 12 дугаар сард Б.Үүрийнтуяа нь Австрали Улсаас Монгол Улсад ирээд энэ газрыг “Мёнпүм” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн эхнэрийн нэр дээр шилжүүлж өгнө хэмээн Ли Санг Намтай тохиролцоо хийсэн. Б.Үүрийнтуяа нь “Мёнпүм” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн эхнэрийн нэр дээр газар өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд мэдүүлэг бөглөх хэрэгтэй гэх үндэслэлээр надаас газар өмчлөх эрхийн гэрчилгээг аваад зугтаасан. Ли Санг Нам болон “Мёнпүм” XXK-ийн захирлын хооронд 2008.08.02-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу барилгын 50 хувийг Б.Үүрийнтуяагийн нэр дээр шилжүүлэх ёстой байсан. Иймд Б.Үүрийнтуяатай дахин хамтран ажиллах гэрээг “Мёнпүм” XXK байгуулсан. “Мёнпүм” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02433 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай, 678.99 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хооронд 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан газар бэлэглэлийн гэрээ, Я.Туяацэцэг, Б.Алдарбат нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын хооронд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай, 18647311500610 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204000412 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 678.99 м.кв талбай бүхий газрыг өмчлөх эрхийг М.Сайнбаярын нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад /Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст/ даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн xypaaмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 000 төгрөгөөс илүү төлсөн 10 050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг болох 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Үүрийнтуяагаас 262 950 төгрөгийг Ли Санг Намд олгож, Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 34344 дугаар захирамжаар хариуцагч Б.Үүрийнтуяагийн Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай, 678.99 м.кв талбайтай, эрхийн улсын Г-2204000412 дугаарт бүртгэлтэй газрыг захиран зарцуулах эрхийг хориглосон бөгөөд энэ захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1087 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Үүрийнтуяа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалт нь хэлцэл хийсэн талуудад илүү хамааралтайг анхаараагүй байна гэж үзсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг нь “дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь” хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл болно гэж заасан хэсэг байгаа. Нэхэмжлэгч Ли Санг Нам 2006.05.27-ны өдөр гуравдагч этгээд М.Сайнбаяраас өөрийнх нь өмчлөлийн газрыг 21 000 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Гадаад улсын иргэн монгол улсад газар өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй байсан учир тухайн үед өөрийн байрлаж байсан зочид буудлын ажилтан Я.Туяацэцэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахын тулд М.Сайнбаяртай бэлэглэлийн гэрээ байгуулуулсан байдаг. ...Нэхэмжлэгч Ли Санг Нам нь тухайн газарт “Мёнпүм” ХХК-тай хамтран үл хөдлөх эд хөрөнгө барьж барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Б.Үүрийнтуяа нь тус компаниас газрын болон түрээсийн төлбөр гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж шүүхэд хандаж, дарамталж байгаа. Нэхэмжлэгч нь анх тухайн газрыг 21 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд Б.Үүрийнтуяа нь тухайн газрыг авахад нэг ч төгрөг гаргаагүй атлаа одоо миний газар гэж маргалдаад байгаа.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дахь хэсэгт “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч нь тухайн газрыг 2006 онд 21 сая төгрөг гарган худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир шүүхэд Иргэний хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэл гаргаад байгаа. Хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгуулах зэрэг нилээд өргөн хүрээтэй ойлголт байгаа.Ийм учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалт нь хэлцэл хийсэн талуудаас гадна уг хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд хамааралтай гэж үзэж байна.Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд Я.Туяацэцэг, Б.Алдарбат нарын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй байна гэсэн. Я.Туяацэцэг нь одоо БНСУ-д амьдарч байгаа бөгөөд шүүхийн үйл ажиллагаанд оролцуулах боломж олдоогүй. Гэхдээ энэхүү ажиллагаанд Я.Туяацэцэгийн эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөхгүй. Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ мөн энэ газар өөрт нь хамааралгүй талаар мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд үүнийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.Б.Алдарбатын нэр дээр тухайн газар 4 хоног байсан бөгөөд Б.Үүрийнтуяа нь өөрт нь олгосон итгэмжлэлээр газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан учир дүүгийнхээ нэр дээр түр хугацаагаар шилжүүлэн буцааж авсан байдаг. Ийм учир Алдарбатын эрх ашиг энэ хэргийн ажиллагаатай холбогдон ямар нэг байдлаар хөндөгдөх асуудал гарахгүй.Мөн магадлалд “шүүх энэ хэрэгт хариуцагчаар оролцоогүй этгээдэд үүрэг ногдуулсан байхаас гадна бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэсэн” хуулийн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн.  Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт газрын эрх шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст тухайн газрын өмчлөх эрхийг М.Сайнбаярын нэр дээр бүртгэхийг даалгасан хэсгийг хамруулсан байгаа. Энэхүү шаардлага нь гуравдагч этгээдээс гаргасан бус нэхэмжлэлийн үндсэн шаардлага байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ийм шаардлага гаргасан. Мөн Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийг заавал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Бүртгэлийн байгууллага нь эрх шилжүүлж байгаа хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг мэдсээр байж эрх шилжүүлэн бүртгэсэн үйлдэл гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна.Иймд давж заалдах шатны шүүхийн 1087 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалт нь хэлцэл хийсэн талуудад илүү хамааралтайг анхаараагүй...” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлээгүйд гомдолтой байна. Учир нь шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэн тэргүүнд баримтлах зарчим нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж буй зүйл түүнд хамааралгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэх ёстой атал давж заалдах шатны шүүх тус зарчмыг үл хэрэгсэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.Нэхэмжлэгч Ли Санг Нам нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг хариуцах хариуцагчийг гагцхүү өөрөө тодорхойлох эрхтэй, үүрэгтэй бөгөөд тэрээр эдгээрийг буруу тодорхойлсон нь хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэл болохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн дээрх үүргийг залруулуулах агуулга бүхий магадлал гаргасан нь хэт нэг талыг барьсан шинжтэй шийдвэр болсон гэж үзэж байна.Давж заалдах шатны шүүх хэлцлийг хийсэн этгээд нэхэмжлэл гаргаагүй байхад, мөн тэрээр ийнхүү эдгээр хэлцлүүдийг 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах хууль зүйн боломж, эрх байхгүй байдлыг үл харгалзан шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ:         

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хийсэн дүгнэлт хууль зөрчөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3., 168.3.-т заасан шаардлагад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол, мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ли Санг Нам нь хариуцагч Б.Үүрийнтуяад холбогдуулан М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хоорондох 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Туяацэцэг Б.Алдарбат нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус дүр үзүүлсэн хуурамч, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ.   

Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн хэлцлийн оролцогч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйн хэрэг бөгөөд энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нотлох баримтын бүрдэл, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлоход шүүхийн гүйцэтгэх үүрэг, боломж, гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй байх зарчим зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг тухайн маргаанд хамааруулан  зөв дүгнэж, магадлалын үндэслэлд тодорхой тусгасан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1087 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 262 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН