Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00593

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00593

 

 

С.О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00334 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О ХХК-ийн хариуцагч Г.Бт холбогдуулан 193 069 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Синчи ойл ХХК нь 2018 оны 05 сарын 25-ны өдөр иргэн Г.Бтой 002-18/32 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авагч нь энэхүү гэрээний дагуу нийт 128 713 200 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус худалдан авсан. Зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг 2018 оны 08 сарын 30-ны өдрийн дотор хийх байсан боловч өнөөдрийн байдлаар ямар ч төлбөр хийгээгүй. Худалдан авагч нь худалдагчаас нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 3-р зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөх ёстой байсан. Худалдагчийн зүгээс төлбөрөө хугацаандаа төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэж байсан хэдий ч төлөхгүй байсаар өдийг хүрлээ. Мөн худалдан авагч нь гэрээний 3-р зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөрөө төлөөгүй хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр худалдагчтай харилцан тохиролцсон болно. Гэтэл хугацаандаа төлбөрөө төлөөгүй, төлбөрөө төлөх ёстой байсан 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс хойш 2019 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл нийт 450 хоног өнгөрсөн. Энэхүү хугацаанд ногдох алданги нь 173 762 820 төгрөг болж байна. Алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагчаас нийт 64 356 600 төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн хамт шаардаж нэхэмжлэл гаргасан. Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үүргээ хугацаандаа зохих ёсоор төлөхгүй болсон нөхцөл байдал үүссэн тул нийт 193 069 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул 15 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, 178 069 800 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 002-18/32 тоот гэрээний үндсэн төлбөр, алданги, нийт 193 069 800 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагч нь Синчи ойл ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдах авах 002-18/32 тоот гэрээ байгуулж газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан. Энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлж тохиролцсон хугацаанд төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулсан болно. Төлбөрийг 2018 оны 07 сарын 31-ний өдөр 78 253 500 төгрөг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 72 833 600 төгрөг, нийт 151 087 100 төгрөгийг төлж барагдуулсан болно. Одоо Синчи ойл ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдах авах 002-18/32 тоот гэрээний дагуу төлөх ямар нэгэн төлбөр мөнгө байхгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээж авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулж гэрээ дуусгавар болсон тул гэрээний үүсэх аливаа харилцаа мөн дуусгавар болж гэрээнээс үүсэх шаардах эрх мөн дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 128 713 200 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч нь хүлээж аваагүй бөгөөд Орхон тамир туул ХХК-ийн захирал Б.Барамсай гэж хүн авсан. Энэ нь Синчи ойл ХХК-ийн ерөнхий захирал С.Элбэгзаяа Б.Барамсай нар нь 2018 оны 11 сарын 30-ны өдөр 128 713 200 төгрөгийн төлбөрийг төлөх хуваарь гаргаж байсан баримтаар нотлогдоно. Түүнчлэн хариуцагч нь Улаанбаатар хот, 2 дугаар хороо, 37 дугаар байр 65 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй бөгөөд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Сүмбэр орд 603 дугаар байр 16 тоотод байнга амьдарч оршин суудаг. Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дугаар зүйлийн 9.1 дахь заалтыг баримтлан өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан шүүхийн харъяаллыг зөрчсөн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд нэгдүгээрт Синчи ойл ХХК болон Орхон тамир туул ХХК-ийн захирал Б.Барамсай нарын 128 713 200 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдсан харилцаанаас үүссэн хариуцлага, өр төлбөрийг хариуцагч нь төлөх ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харъяалал зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Боос 136 694 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Синчи ойл ХХК-д олгож, нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 41 375 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 1 123 299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 841 421 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Синчи ойл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй гэж үзэж байна. Хариуцагч Г.Бийн хувьд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлж 151 087 100 төгрөгний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд тус гэрээний дагуу дахин газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах талаар хүсэлтийг гаргаж байгаагүй. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрч Б.Барамсай нь Синчи ойл ХХК- иас 2018 онд хэдэн удаа зээлээр түлш авсан гэх асуултад 5-6 удаа Архангайд очиж байсан түлш болгоныг хэрэглэсэн, нэг ч төгрөг төлж чадаагүй, ноднин Синчи ойл ХХК-тай тооцоо нийлэхэд 128 000 000 төгрөгний өртэй байсан. Архангайн Ширтийн уурхайд очсон шатахууныг би авсан. Тээвэрлэлтийн хөлсийг ямар байдлаар төлсөн бэ гэх асуултад Тээвэрлэлтийн хөлсийг бэлнээр очиход нь өгч байсан, заримыг нь дансаар шилжүүлсэн гэх тайлбарыг мэдүүлсэн. Гэрч Ч.Даваацэрэн хэн гэдэг хүний захиалгаар тээвэрлэлт хийж хаана аваачиж өгсөн юм гэх асуултад Барамсай гэдэг хүний захиалгаар тээвэрлэлт хийсэн гэдэг. Дээрх гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр хариуцагч Г.Бийн захиалгын дагуу Синчи ойл ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 16, 20, 22-ны өдрүүдэд түлш тээвэрлээгүй, тээврийн хөлсийг Г.Б төлөөгүй талаарх мэдүүлгүүдийг тээвэрлэлт хийсэн жолооч нар мэдүүлсэн байхад шүүхээс Г.Бийн захиалгын дагуу түлш тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд бүгд засвартай баримтууд байдаг. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний эхний хуудас засвартай. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний эхний хуудас дээр н.Ундармаа гэх нэр байдаг боловч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн гэрээний н.Ундармаа гэх нэр байдаггүй, гэрээний зүүн дээд булан дээр н.Элбэгзаяа захирлын зурсан гарын үсгүүд өөр өөрөөр зурагдсан. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2018 оны 08 дугаар сарын 16, 20, 22- ны өдрүүдийн ШТМ-ын зарлагын падаануудын 1 литрын үнийг 1960 төгрөг гэж нэмж бичсэн баримтууд байдаг. Харин Б.Барамсайгаас авсан зарлагын падаан дээр 1 литр тутмын үнийн дүн бичигдээгүй байдаг. Хариуцагч нь 2018 оны 7 сар хүртэл Архангай Ширтийн уурхайд ажиллаж байхдаа Синчи ойл ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу түлш авдаг байсан бөгөөд түлшний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2018 оны 07 сарын 25-ны өдөр Архангайн Ширтийн уурхайд ажиллаж байсан техник хэрэглэсэн тоног төхөөрөмжийг Энхбилгүүн ХХК-ийн нэрээр Б.Барамсай захиралтай Орхон тамир туул ХХК-д түрээслэсэн юм. Түрээсийн гэрээний 3.1.2-т шатахууны зардлыг түрээслэгч тал бүрэн хариуцахаар тохиролцсон байдаг. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 15 000 000 төгрөгөөр багасгасан. Багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас гардаж авах тайлбар гаргах шаардлагатай талаар хүсэлт гаргахад хүсэлт хангаагүй нэхэмжлэл гардуулах ажиллагаа хийгдээгүй болно. Синчи ойл ХХК болон Б.Барамсай нарын хооронд байгуулсан 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 128 713 200 төгрөгийг 2 хувийн хүүтэй төлөх гэрээний дагуу 2019 оны 11 сарын 03-ны өдөр Б.Барамсай 15 000 000 төгрөгийг Синчи ойл ХХК-ийн дансанд төлсөн бөгөөд энэ талаарх баримтыг тодруулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүд гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй нь хариуцагчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Ц.Элбэгзаяа, Б.Барамсай нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2018 оны 08 дугаар сарын 16, 20, 22-ны өдрийн нийт 65 670 литр дизел түлшний төлбөр 128 713 200 төгрөгийг сарын 2 хувийн хүү төлөх тохиролцоог хийсэн байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу Синчи ойл ХХК-ийн захирал Ц.Элбэгзаяа, Б.Барамсай нар нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулсан. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 16, 20, 22-ны өдрийн Синчи ойл ХХК-иас гэрээгүйгээр 128 713 200 төгрөгний түлшийг Б.Барамсайд нийлүүлсэн талаараа талууд хожим 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн магадлалд гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, хэний хүсэлтээр хэнд хүлээлгэж өгсөн эсэхийг тодруулах, мөн Б.Барамсай нь уг иргэний маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн эсэх талаар буюу түүний эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай талаар дурдаж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Гэтэл шүүхээс магадлалд заасан зөрчлүүдийг бүрэн гүйцэтгэж арилгаагүй гэж үзэж байна. Учир нь гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй хэвээрээ, Б.Барамсайг маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн эсэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Гэрч Б.Барамсай нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг. Нэхэмжлэгч талаас асуусан асуултанд хариулахдаа өөрөөр, хариуцагч талаас асуусан асуултад өөрөөр гэх мэт мэдүүлгүүдийг өгдөг. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Синчи ойл ХХК нь хариуцагч Г.Бт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 128 713 200 төгрөг, алданги 64 356 600 төгрөг, нийт 193 069 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 178 069 800 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 38-39, 2хх-55/

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 65 670 литр түлшийг зарлагдсан гэх 2018 оны 8 сарын 16, 20, 22-ны өдрүүдийн 1948, 1951, 1954 тоот ШТМ-ын зарлагын падаан-д хүлээн авсан Орхон туул тамир, Батзориг гэж, хүлээн авсан жолооч Давгадорж, Даваацэрэн гэж тус тус бичигдсэн. /1хх21,22/ Зохигчид өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүднээс дээрх түлшийг хэний захиалгаар ачиж, хэнд хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг тодруулахаар түлш тээвэрлэсэн жолооч С.Давгадорж, Ч.Даваацэрэн болон нэхэмжлэгч байгууллагын менежер С.Гантөмөр нарыг гэрчээр асуулгасан байх боловч гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэйгээс маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх, хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээх эсэхийг тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Г.Бтой гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг Б.Барамсайд шилжсэн эсэх, мөн талууд эрх зүйн харилцаанд бүрэн оролцсон эсэх талаар дүгнэлт хийх учиртай бөгөөд Г.Барамсай энэ хэрэгт оролцоогүй тохиолдолд тухайн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ ... 128 713 200 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг Орхон туул тамир ХХК-ийн захирал Б.Барамсай авсан... гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Барамсай гэрчээр асуугдахдаа ... С.О ХХК-иас түлш авсан, төлбөрийг төлнө... гэсэн агуулгаар мэдүүлжээ. Хэрэгт Б.Барамсай нь нэхэмжлэгч талтай 2018 оны 11 сарын 30-ны өдөр маргааны зүйл болох түлшний үнэ буюу 128 713 200 төгрөгийн төлбөрийг 2018 оны 12 сараас 2019 оны 07 сар хүртэл 2 хувийн хүүтэй хэсэгчлэн төлөхөөр тохиролцож байсан талаарх баримт авагджээ./1хх41,126-128/

Түүнчлэн, 2018 оны 8 сарын 22-ны өдрийн 1954 тоот ШТМ-ын зарлагын падаанд хүлээн авах хэсэгт Батзориг гэж бичсэн хэдий ч уг түлшийг тээвэрлэсэн жолооч Ч.Даваацэрэн ... Б.Барамсай гэдэг хүний захиалгаар тээвэрлэлт хийсэн. Хариуцагч Г.Бын захиалгын дагуу Синчи ойл ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр түлш тээвэрлээгүй, Б.Барамсай ороод ач гэсэн. н.Цэцэгмаа, Б.Барамсай нар тооцоотой. 40 сая төгрөгийн борлуултаа би өөрөө хийгээд мөнгийг авсан. Цэцэгмаагаас би авлагатай байсан. Ширтын уурхай руу ачилт хийгээгүй, Заамар луу нэг л удаа ачилт хийсэн ... гэж мэдүүлсэн байгаагаас үзвэл уг түлшийг хариуцагч авсан гэж үзэхэд эргэлзээтэй./1хх154-156,232/

Иймд, талуудын маргаанд ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн аардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00334 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 841 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ