Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/02548

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б/РД: /-т холбогдох

 

193 069 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “С” ХХК нь 2018 оны 05 сарын 25-ны өдөр иргэн Г.Бтой 002-18/32 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч нь энэхүү гэрээний дагуу:

-2018 оны 08 сарын 16-ны өдөр 41,375,600.00 төгрөгийн 21110 литр,

-2018 оны 08 сарын 20-ны өдөр 41,375,600.00 төгрөгийн 21110 литр,

-2018 оны 08 сарын 22-ны өдөр 45,962,000.00 төгрөгийн 23450 литр нийт 128,713,200.00 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус худалдан авсан.

Зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг 2018 оны 08 сарын 30-ны өдрийн дотор хийх байсан боловч өнөөдрийн байдлаар ямар ч төлбөр хийгээгүй. Худалдан авагч нь худалдагчаас нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 3-р зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөх ёстой байсан. Худалдагчийн зүгээс төлбөрөө хугацаандаа төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэж байсан хэдий ч төлөхгүй байсаар өдийг хүрлээ. Мөн худалдан авагч нь гэрээний 3-р зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөрөө төлөөгүй хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр худалдагчтай харилцан тохиролцсон болно.

Гэтэл хугацаандаа төлбөрөө төлөөгүй, төлбөрөө төлөх ёстой байсан 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс хойш 2019 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл нийт 450 хоног өнгөрчээ. Энэхүү хугацаанд ногдох алданги нь 173,762,820 төгрөг болж байна. Алданги нь ИХ-ийн 232-р зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг үндэслэн худалдан авагчаас нийт 64,356,600.00 төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн хамт шаардаж байна.

Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үүргээ хугацаандаа зохих ёсоор төлөхгүй болсон нөхцөл байдал үүссэн тул нийт 193,069,800.00 /нэг зуун ерэн гурван сая, жаран есөн мянга найман зуун/ төгрөгийг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,123,299.00 төгрөгийн хамт худалдан авагч буюу хариуцагчаас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад 15 сая төгрөгийг төлсөн. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 128,713,200 төгрөг, алданги 64,356,600 төгрөгийн үлдэгдлээс 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж, нийт 178,069,800 төгрөгийг гаргуулахаар 02 дугаар сарын 5-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн хэргийг шийдвэрлэх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс илэрхийлж байсан байдаг. Иймд хариуцагчаас 178,069,800 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Үндсэн төлбөрт 128,713,200 төгрөг, алдангид 49,356,600 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд гэрээ байгуулж сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эрх үүрэг хүлээсэн. Г.Бт зээлээр худалдан авсан дизель түлшний төлбөр төлөх үүрэг үүссэн. Хэрэв үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхээр бол талууд тохиролцоонд оролцох ёстой. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, иргэн Х.Барамсай нарын хооронд хийгдсэн 3 талт тохиролцоо байдаггүй. Иргэний хуулийн 236.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй, үүрэг дуусгавар болох нөхцөл байдал үүсээгүй байдаг. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх үүрэг үүссэн. Одоогоор үүрэг дуусгавар болоогүй байна. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлсэн бол алданги тооцох зохицуулалтыг гэрээнд тусгахдаа бичиглэлийн алдаа гаргаж гэрээний 3.1-д заасан хугацаа гэж бичсэн байдаг. Талууд төлбөр төлөх хугацааг гэрээ болон хавсралтад дурдсан байдалтайгаар харилцан тохиролцсон учраас тухайн хугацаагаар алдангийг тооцож, Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө нь хуралдаанд оролцохдоо төлөгдсөн 15 сая төгрөгийг үндсэн төлбөрөөс төлсөн гэж тайлбар гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Талуудын байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.7.1, 3.7.2 дахь хэсэгт “нэгдүгээрт, хугацаа хэтрүүлсний алдангийг төлнө, хоёрдугаарт үндсэн төлбөрийг төлнө гэж тухайлан тохиролцсон учраас төлсөн гэж байгаа 15 сая төгрөгийг алдангиас хасаж тооцох нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “С” ХХК-ийн Г.Бт холбогдуулан 193 069 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдах авах 002-18\32 тоот гэрээний үндсэн төлбөр 128 713 200 төгрөг, алданги 64 356 600 төгрөг нийт 193 069 800 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч нь “С” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдах авах 002-18\32 тоот гэрээ байгуулж газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан. Энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлж тохиролцсон хугацаанд төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулсан болно.

Төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 78 253 500 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 72 833 600 төгрөг нийт 151 087 100 төгрөгийг төлж барагдуулсан болно. Нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн НӨАТ-ын баримтаар нотлогдоно. 20 000 000 төгрөгөөс дээш НӨАТ бичиж өгөхгүй гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн НӨАТ-ын баримтыг хувааж гаргасан болно. 

Одоо "С” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдах авах 002-18\32 тоот гэрээний дагуу төлөх ямар нэгэн төлбөр мөнгө байхгүй.

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээж авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөр мөнгийг бүрэн төлж барагдуулж гэрээ дуусгавар болсон тул гэрээний үүсэх аливаа харилцаа мөн дуусгавар болж гэрээнээс үүсэх шаардах эрх мөн дуусгавар болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 128 713 200 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч нь хүлээж аваагүй бөгөөд “Орхон Тамир Туул” ХХК-ийн захирал Б.Барамсай гэж хүн авсан. Энэ нь “С” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Элбэгзаяа Б.Барамсай нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 128 713 200 төгрөгийн төлбөрийг төлөх хувиар гаргаж байсан баримтаар нотлогдоно.

Түүнчлэн хариуцагч нь Улаанбаатар хот, 2 дугаар хороо, 37 дугаар байр, 65 тоот, хаягт албан ёсны бүртгэлтэй бөгөөд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд 603 дугаар байр, 16 тоотод байнга амьдарч оршин суудаг болно.

Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг баримтлан өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 22-р зүйлд “...иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлох бөгөөд иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно...” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно гэж хуульчилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд Талууд гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож хэргийн харьяаллыг тогтоож болохоор хуульчилсан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иймд нэгдүгээрт: “С" ХХК болон "Орхон Тамир Туул” ХХК-ийн захирал Б.Барамсай нарын хооронд 128 713 200 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдсан харилцаанаас үүссэн хариуцлага өр төлбөрийг хариуцагч нь төлөх ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёрдугаарт; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харьяалал зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс 2 удаа буцсан. Буцах үндэслэлүүд нь Х.Барамсай, Орхон тамир туул ХХК-ийг хэрэгт ямар нэгэн байдлаар оруул. Эсхүл Х.Барамсай, Орхон тамир туул ХХК-ийг энэ хэрэгт ямар хамааралтай болохыг тодруул гэж буцаасан. Анхан шатны шүүх дээр Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгээс судлуулснаар шүүхэд нөлөөлсөн зүйл байхгүй. Ийм зөрчлүүд байгаа учраас давж заалдах шатны шүүх шийдэх боломжгүй байна. Энэ зөрчлүүдийг арилгаад анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүл гэдэг үндэслэлээр буцаасан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлүүд өнөөдрийг хүртэл арилаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнтэй дизель түлшийг хариуцагч хүлээн авсан, хариуцагчийн хүсэл зоригийн дагуу компаниас ачигдсан талаар хангалттай нотлох баримт цуглаагүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч Г.Бт холбогдуулан гэрээний үндсэн төлбөрт 128 713 200/нэг зуун хорин найман сая долоон зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийг, алдангид 64 356 600/жаран дөрвөн сая гурван зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг, нийт 193 069 800/нэг зуун ерэн гурван сая жаран есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Б нь энэ түлшийг хүлээж аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 15 000 000/арван таван сая/ төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нийт 178 069 800/нэг зуун далан найман сая жаран есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр № 002-18/32 “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан болох нь № 002-18/32 “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-р тогтоогдож байна.

 

№ 002-18/32 “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ий 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар энэхүү гэрээний Хавсралтад дурдсан хэмжээ бүхий дизель түлш, автобензин буюу газрын тосны бүтээгдэхүүнийг Хавсралтад дурдсан хугацаанд нийлүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь № 002-18/32 “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-р тогтоогдож байна.

 

№ 002-18/32 “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ий 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хугацаа, нөхцлөөр хариуцагчид худалдах, хариуцагч нь түүний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь Гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нийт 41 375 600/дөчин нэгэн сая гурван зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийн үнэтэй, 21 110/хорин нэгэн мянга нэг зуун арав/ литр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нийт 41 375 600/дөчин нэгэн сая гурван зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийн үнэтэй, 21 110/хорин нэгэн мянга нэг зуун арав/ литр, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нийт 45 962 000/дөчин таван сая есөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийн үнэтэй, 23 450/хорин гурван мянга дөрвөн зуун тавь/ литр, бүгд 128 713 200/нэг зуун хорин найман сая долоон зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийн үнэтэй түлш аваагүй гэж маргаж байна.

 

Хариуцагч нь хэдийгээр нэхэмжлэгчээс дээр дурдсан түлшийг аваагүй гэж маргаж байх боловч өөрийн өмчлөлийн 7420 УН улсын дугаартай Хьюндай Робекс2900ай маркийн эксковаторыг 140 000 000/нэг зуун дөчин сая/ төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалах тухай барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулж байсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 002 Барьцааны гэрээ, № 01735653 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн гэрч С.Дагвадоржийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр болон 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, гэрч Б.Барамсайн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр болон 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэг, нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт зөрүү байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.6 дахь хэсэгт зааснаар гэрч С.Дагвадорж, Б.Барамсай нар нь нэхэмжлэгчээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болон 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлсэн түлшийг Архангай аймагт байрлах, Ширтийн урхайд буулгасан талаар гэрчийн мэдүүлэг өгчээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нь Архангай аймагт байрлах Ширтийн уурхайг хариуцагч нь өөрөө ажиллуулж байсан талаар болон уг уурхайд ашиглаж байсан техникийг Б.Барамсайд түрээслүүлсэн талаар маргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар гэрч Б.Барамсай, С.Гантөмөр, С.Дагвадорж нарын гэрчийн мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн № 1948 ШТМ-ын зарлагын падаан, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № 1951 ШТМ-ын зарлагын падаан зэрэг нотлох баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нийт 41 375 600/дөчин нэгэн сая гурван зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийн үнэтэй, 21 110/хорин нэгэн мянга нэг зуун арав/ литр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нийт 41 375 600/дөчин нэгэн сая гурван зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийн үнэтэй, 21 110/хорин нэгэн мянга нэг зуун арав/ литр, бүгд 82 751 200/41375600+41375600=82751200/ /наян хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн үнэ бүхий түлш худалдан авсан болох нь тогтоогдож байна.

 

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн болон 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн түлшийг авахад “Орхон тамир туул” ХХК болон Б.Барамсай нар нь нэхэмжлэгчтэй “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулаагүй байсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулан түлш худалдан авсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид түлшний үнэ бүгд 82 751 200/41375600+41375600=82751200/ /наян хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

 Гэрч Ч.Даваацэрэнгийн “... би борлуулалт өөрөө авсан ...” гэх гэрчийн мэдүүлэг, гэрч Б.Барамсай, Ч.Даваасүрэн нарын түлшийг “... Заамарлуу ачуулсан ...” гэх гэрчийн мэдүүлгүүдээр хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс нийт 45 962 000/дөчин таван сая есөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийн үнэтэй, 23 450/хорин гурван мянга дөрвөн зуун тавь/ литр түлшийг худалдаж аваагүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчаас 23 450/хорин гурван мянга дөрвөн зуун тавь/ литр түлшний үнэ 45 962 000/дөчин таван сая есөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 49 356 600/дөчин есөн сая гурван зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 3-ын 3.5-д “... сар бүрийн ... төлбөрийг 30-ны дотор бүрэн төлж барагдуулах ...”, 3.6-д “... төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнийн 0,3%-ийн алданги төлнө.” гэжээ.

 

Хариуцагч нь түлшний төлбөрийг Гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байх тул нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь алдангийг гүйцэтгээгүй нийт үнийн дүнгийн 50/тавь/ хувиар бус 49 356 600/дөчин есөн сая гурван зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 41 375 600/дөчин нэгэн сая гурван зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгөөс тооцох үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид 15 000 000/арван таван сая/ төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 3-ын 3.7-д “Худалдан авагч нь төлбөр төлөх графийг зөрчсөн тохиолдолд төлбөрийг дараах байдлаар барагдуулна.”, 3-ын 3.7.1-т “... хугацаа хэтрүүлсэний алданги” гэжээ.

 

Гэрээний 3-ын 3.7-д зааснаар хариуцагчийн төлсөн 15 000 000/арван таван сая/ төгрөгийг алдангийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 5 687 800/41375600x0.3%= 124126.8, 2018.08.30-2019.12.03=459, 459x124126.8=56974201, 41375600:2=20687800, 20687800-15000000=5687800/ /таван сая зургаан зуун наян долоон мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангиас үлдсэн 43 668 800/дөчин гурван сая зургаан зуун жаран найман мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Боос нийт 88 439 000/82751200+5687800=88439000/ /наян найман сая дөрвөн зуун гучин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, үлдсэн 89 639 800/45962000+43668800=89630800/ /наян есөн сая зургаан зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Боос нийт 88 439 000/наян найман сая дөрвөн зуун гучин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, үлдсэн 89 639 800/наян есөн сая зургаан зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Боос нийт 88 439 000/наян найман сая дөрвөн зуун гучин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, үлдсэн 89 639 800/наян есөн сая зургаан зуун гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1 123 299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос улсын тэмдэгтийн хураамжид 600 145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

даргалагч, шүүгч                                  С.ХИШИГБАТ