Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00679

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00679

 

 

 

Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн хариуцагч Л.Гт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 68 990 682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч, С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б ХХК нь Л.Гт 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 5000949000 дугаартай овердрафтын гэрээгээр 20 000 ам.долларыг жилийн 28 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 5000957565 дугаартай овердрафтын гэрээгээр 10 000 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн. Банк нь мөн өдөр 5000949000, 5000957565 тоот харилцах дансны эрх нээж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл зээлдэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 5000949000 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 5000957565 дугаартай овердрафтын гэрээг тус тус зөрчиж, ашигласан мөнгөний хүүг төлөөгүй. 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр овердрафтын гэрээний хугацаа дууссан. Энэ талаар зээлдэгчид удаа дараа шаардлага тавьж, зээлээ төлөхийг сануулсан боловч төлбөрийг бүхэлд нь төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х.Б ХХК нь овердрафтын гэрээний 4.2 дах заалтын баримтлан харилцах данснуудын зарлага гаргах эрхийг хааж, овердрафтын зээлийн үлдэгдлийг 1410006707, 1410006709 дугаартай дансанд шилжүүлэн бүртгэсэн. Иймд 5000949000 дугаартай овердрафтын гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 18 987 ам.доллар, хүү 2 806 ам.доллар, нийт 21 793 ам.доллар буюу 62 066 246 төгрөг, 5000957565 дугаартай овердрафтын гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 5 721 500 төгрөг, хүү 1 003 117 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199 819 төгрөг, нийт 68 990 682 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Г, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 5000949000 дугаартай гэрээний үндсэн зээлийн төлбөрт 18 987 ам.доллар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 310.23 ам.долларын хүүг хуримтлуулсан. Зээлээ аваагүй байхад яаж хүү хуримтлуулж байгааг мэдэхгүй байна.

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1 000 ам.доллар, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5 000 ам.доллар төлөлт хийсэн. Үүний дараа үндсэн зээл 15 197.52 ам.доллар болсон. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Энэ өдрөөс хойш 3 432 ам.доллар төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу энэ төлбөр үлдсэн зээлээс хасагдана. Гэтэл яаж үндсэн зээл 18 987 ам.доллар болж байгааг мэдэхгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 200 ам.долларын хураамжийг зээлийн төлбөрт нэмж тооцсон. Картын хураамж энэ гэрээний үүрэгт хамаагүй юм.

Зээлийн үндсэн төлбөрийг тооцоолохдоо бодогдсон хүүг үндсэн зээлд оруулан тооцжээ. Энэ талаар гэрээний заалт байгаа бол тэр заалт нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Дээр дурдсан нөхцөл байдал нөгөө гэрээ болох 5000957565 тоот гэрээний тооцоололтой мөн адил давхцаж байна. Гэрээний хугацаанд 5 000 000 төгрөг, гэрээ дууссанаас хойш 2 557 149,04 төгрөг төлсөн. 5 000 000 төгрөг төлсний дараа үндсэн зээл 4 984 143 төгрөг үлдсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл дээр хүүг оруулж тооцож, хууль бус арга хэрэглэж байна. Манай тооцоогоор бол ам.долларын зээлийн тухайд 33 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба гэрээ сунгагдсан асуудал байхгүй. 6 000 ам.долларыг зээлийн гэрээний үндсэн төлбөрт төлсөн байдаг ба 3 432 ам.долларыг хугацаа дууссан өдрөөс хойш төлсөн байдаг. Энэ төлөлтийг үндсэн төлөлтөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу тооцох тул 11 765 ам.доллар төлнө. Хүү огт төлөхгүй гэж хэлээгүй ба шүүх хүү бодохдоо цар тахлын улмаас баарны үйл ажиллагаа явагдаагүйг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Төгрөгийн зээлийн тухайд 5 000 000 төгрөгийн үндсэн төлөлт хийсэн ба хугацаа сунгаагүй, дууссанаас хойш 2 557 149 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулгад маргаан байхгүй. Ингээд 2 426 993 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж ойлгоно. Нэхэмжлэгч тооцоогоо огт мэдэхгүй байгаа тул бид хэлэх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Л.Гаас 59 249 429 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 741 253 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 904 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Гаас 454 197 төгрөгийг гаргуулан Х.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүх зээлийн тооцооллыг буруу хийсэн. 5000949000 дугаартай гэрээний тооцооллын хувьд шүүх зээлийн нийт тооцооллыг хийхдээ 3 432 ам.долларыг төлсөн төлөлтөөс хасч тооцоогүй байна. Түүнчлэн үндсэн зээлээс төлсөн 5 000 ам.доллар тооцогдсон боловч хугацаа дууссанаас хойш төлсөн 3 432 ам.долларыг оруулаагүй байна.

Мөн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1 000 ам.долларын төлөлтийг тооцоололд оруулан тооцоогүй алдаа гаргасан. Үндсэн зээлийн төлбөрт 5 000 ам.доллар биш, 6 000 ам.доллар байсныг анхаараагүй байна. Энэ нь хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Ингэснээр анхан шатны шүүх тооцоолол хийхдээ 4 432 ам.долларын төлөлтийг тооцоололд оруулан тооцоогүй.

Анхан шатны шүүх шийдвэртээ ... гэрээ дууссанаас хойш орж ирсэн 3 432 ам.долларыг хүүгийн төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй, ... гэрээ дууссанаас хойш орж ирсэн 2 177 149 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчсөн байна. Хугацаа дууссан зээлийн хувьд төлсөн төлөлтийг эхний ээлжинд үндсэн төлбөрт суутгах ёстой бөгөөд энэ нь хүүг хүүлэх нөхцлийг хязгаарладаг. Үндсэн төлбөр эхэлж төлөгдсөнөөр хожим бодогдох хүү багасдаг. Энэ агуулгаар хуулинд төлбөр төлөх дарааллыг зохицуулсан байтал анхан шатны шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй болно. Иймээс шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Л.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68 990 682 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Зээлдүүлэгч Х.Б ХХК талуудын байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5000949000 дугаартай овердрафтын гэрээний дагуу 20 000 ам.долларыг жилийн 18 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, мөн өдрийн 5000957565 дугаартай овердрафтын гэрээгээр 10 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар тус тус зээлдүүлэх, зээлдэгч Л.Г нь овердрафт нээлгэсэн харилцах данснаас гэрээнд заасан дүнгийн хэмжээнд зээл авч, тохирсон хүүгийн хамт эргэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-13-18/ Гэрээний дагуу Х.Б ХХК нь Л.Гт 5000949000, 5000957565 дугаар бүхий харилцах данс нээж, овердрафтын буюу зээлийн эрх нээсэн, зээлдэгч тал зээлийг ашигласан үйл баримт зохигчдын тайлбараар нотлогдсон байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасанд нийцжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1 000 ам.доллар, мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5 000 ам.доллар төлсөн мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 432 ам.доллар ..., ... гэрээний хугацаанд 5 000 000 төгрөг, гэрээ дууссанаас хойш 2 557 149 төгрөг ... төлсөн байхад үндсэн зээл ..., ... зээлийн хүүг буруу тооцоолсон ..., зээлийн үндсэн төлбөрийг тооцохдоо хүүг үндсэн зээлд оруулан тооцсон ... гэж тайлбарлаж байгаагаас үзвэл зохигчид үндсэн зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаж байна.

Дугаар бүхий овердрафтын гэрээнүүдийн 1.3-т ... хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно гэж, 1.4-т зээлдэгч зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд Банк зээлийн үлдэгдэлд хүү хуримтлуулан тооцох бөгөөд тухайн сард хуримтлуулсан хүүг дараа сарын 02-ны өдөр харилцах дансны үлдэгдлээс суутгана. Хэрэв харилцах данс нь үлдэгдэлгүй бол хуримтлуулсан хүүг зээлийн үлдэгдэл дүн дээр нэмнэ гэж тус тус харилцан тохиролцжээ. Хариуцагч Л.Г нь 2 дугаар бүхий гэрээгээр овердрафт нээлгэсэн харилцах данснаас гэрээнд заасан дүнгийн хэмжээнд тохирсон хугацааны дотор хэдэн ч удаа зээл авч, эргэн төлж болохоор, гэрээний 2.2.2-т зааснаар тухайн сарын эцсийн байдлаар ашиглаж буй нийт зээлийн үлдэгдлийн 5-аас багагүй хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг дараа сарын 15-ны өдрийн дотор эргэн төлөх, 2.2.3-т гэрээний хугацаа 5.1-д заасны дагуу дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд 1.4-т заасны дагуу тооцсон зээлийн хүүг дараа сарын ажлын эхний 5 өдрийн дотор Банкинд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-13-18/

Нэхэмжлэгч Х.Б ХХК 5000949000 дугаартай овердрафтын /зээлийн/ гэрээний үүрэгт үндсэн зээл 18 987 ам.доллар, хүүд 2 806 ам.доллар буюу 62 066 246 төгрөг, 5000957565 дугаартай гэрээний үүрэгт 5 721 500 төгрөг, хүүд 1 003 117 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 199 819 төгрөг, нийт 6 924 433 төгрөгийг тус тус хариуцагч Л.Гаас гаргуулахаар нэхэмжилж, овердрафтын гэрээнүүд, дансны хуулга зэрэг баримтыг нотолгооны зүйл болгон шүүхэд гарган өгчээ. /хх-1-2, 8-11, 13-18/

5000949000 дугаартай зээлийн дансны хуулгаас үзвэл хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1 000 ам.доллар, мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5 000 ам.доллар, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 3 432 ам.доллар, 5000957565 дугаартай зээлийн дансны хуулгаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2 157 149 төгрөгийг тус тус төлсөн болох нь нотлогдож байна. /хх-8/ Гэхдээ уг нотлох баримтуудаар хариуцагч нь ямар хугацаанд хэдэн удаа зээл авч, эргэн төлөлт хийсэн, нэхэмжлэгч тал зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийн ямар хэмжээнд нь зээлийн хүү тооцож эргэн төлөлтөөс суутгасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Энэ үйл баримтад талууд маргасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулж, нэмэлт нотлох баримт гаргах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлт шийдэх шат өнгөрсөн гэх үндэслэлээр шийдвэрлээгүй орхигдуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан дээрх хүсэлт зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд үндсэн зээл, зээлийн хүүг тооцох, мөн талуудын гэрээний тохиролцоо нь хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймээс мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Ч.ЦЭНД