Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00365

 

   2021           02             09                                              183/ШШ2021/00365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг ............ байранд байрлах Х ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................. тоот хаягт оршин суух 0000000 регистрийн дугаартай, О овогт Л.Г-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68.990.682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Г нь Х-тай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 5000949000 дугаартай Овердрафтын гэрээ байгуулан 20.000 /хорин мянган/ ам.долларыг, жилийн 28 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, 0000000000 дугаартай Овердрафтын гэрээ байгуулан 10.000.000 /арван сая/ төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тус тус авсан. Банк нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 0000000000 тоот харилцах данснуудад эрх нээж гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлсэн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 5000949000 дугаартай овердрафтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ашигласан мөнгөн дүнгийн хүүг 0000000000 дугаартай овердрафтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашигласан мөнгөн дүнгийн хүүг тус тус төлөөгүй. 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр овердрафтын гэрээний хугацаа дууссан. Энэ талаар зээлдэгчид удаа дараа шаардлага тавьж, зээлээ төлөхийг сануулж байсан боловч төлбөрийг бүхэлд нь төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х нь овердрафтын гэрээний 4.2 дахь заалтын баримтлан харилцах данснуудын зарлага гаргах эрхийг хааж, овердрафтын зээлийн үлдэгдлийг 0000000001, 0000000002 дугаартай дансанд шилжүүлэн бүртгэсэн. Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 5000949000 дугаартай овердрафтын зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18.987 ам.доллар, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү 2.806 ам.доллар, нийт 21.793 ам.доллар буюу 62.066.246 төгрөг /2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны ам.долларын албан ёсны ханшаар тооцов/, 0000000000 дугаартай овердрафтын зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 5.721.500 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү 1.003.117 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.819 төгрөг, нийт 6.924.4336 төгрөг, нийт 68.990.682 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэмж хэлэхэд би өөрөө эдийн засагч мэргэжилтэй биш учраас шүүхэд тооцоолол гаргаж өгөхийн тулд хуралдаанаа хойшлуулаад мэргэжлийн хүнээр бодуулах шаардлага байгаа тул хуралдааныг хойшлуулж өгөөч гэж хүсэж байна. Бас гэрээ сунгасан Л.Гийн гарын үсэггүй гэрээ байгаа” гэв.

Хариуцагч Л.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х-ны нэхэмжлэлтэй, Л.Г надад холбогдох зээлийн төлбөр гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарын гаргаж байна. Нэхэмжлэгч Х-ны зүгээс 2 оверрдрафтын гэрээний төлбөрт үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилсэн байна. Овердрафтын гэрээ байгуулж, мөнгө авч ашигласан боловч зээлийн эргэн төлөлтийг зохих ёсоор хийж гэрээний үүргээ биелүүлж байсан. Нэхэмжлэлд заасан зээлийн төлбөрийн хэмжээ нь хууль болон гэрээний дагуу миний төлбөл зохих төлбөрийн хэмжээ хэт их зөрүүтэй, хамаагүй илүү дүнтэй байна. Хууль болон гэрээний нөхцөлд нийцүүлээгүй, хуримтлагдсан хүүг үндсэн зээл оруулж тооцсон нөхцөл байдал байх учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үндсэн зээл хүүгийн тооцооллыг хууль бус, луйврын аргаар нэмэгдүүлэн тооцжээ” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Г.Ч  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-ны зүгээс Л.Г-аас 5000949000 дугаартай гэрээний үндсэн зээлийн төлбөрт 18.987 ам.доллар нэхжээ. Гэвч хэрэгт авагдсан баримтаар ийм байх боломжгүй. Үүнд:

  1. 2017.08.01-ний өдөр 310.23 ам.долларын хүүг хуримтлуулсан. Зээлээ аваагүй байхад яаж хүү хуримтлуулж байгааг мэдэх зүйл алга. Миний мэдэх хуулиар ийм зүйл байж болохгүй.
  2. 2017.08.02-ны өдөр 1.000 ам.доллар, 2017.10.01-ний өдөр 5.000 ам.доллар төлөлт хийсэн. Үүний дараа үндсэн зээл 15.197,52 ам.доллар болсон. Зээлийн гэрээний хугацаа 2018.08.01-ний өдөр дууссан. Энэ өдрөөс хойш 3.432 ам.доллар төлсөн. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.4-т заасны дагуу энэ төлбөр үлдсэн зээлээс хасагдана. Гэтэл яаж үндсэн зээл 18.987 ам.доллар болоод байгааг мэдэх зүйл алга. Ямар янзын арга /хууль бус/ хэрэглэж тооцоо гаргаж байгааг нэхэмжлэгч л мэдэж байгаа болов уу.
  3. 2017.11.22-ны өдөр 200 ам.долларын хураамжийг зээлийн төлбөрт нэмж тооцсон байна. Картын хураамж энэ гэрээний үүрэгт хамаагүй юм.
  4. Зээлийн үндсэн төлбөрийг тооцоолохдоо бодогдсон хүүг үндсэн зээлд оруулан тооцжээ. Энэ талаар гэрээний заалт байгаа бол тэр заалт нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасныг зөрчсөн байна.

Дээр дурдсан нөхцөл байдал нөгөө гэрээ болох 0000000000 тоот гэрээний тооцоололтой мөн адил давхцаж байна. Жишээлбэл: Гэрээний хугацаанд 5.000.000 төгрөг /2017.10.01/ гэрээ дууссанаас хойш 2.557.149,04 төгрөг төлсөн. 5.000.000 төгрөг төлсний дараа үндсэн зээл 4.984.143 төгрөг үлдсэн. Гэтэл энэ дүн яаж өсөөд 5.721.500 төгрөг болсныг ойлгохгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл дээр хүүг оруулж тооцож, хууль бус арга хэрэглэж байна. Манай тооцоогоор бол долларын зээлийн тухайд 33.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба гэрээ сунгагдсан асуудал байхгүй. 6000 долларыг зээлийн гэрээний үндсэн төлбөрт төлсөн байдаг ба 3432 ам долларыг хугацаа дууссан өдрөөс хойш төлсөн байдаг. Энэ төлөлтийг үндсэн төлөлтөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу тооцох тул 11.765 ам.доллар төлнө. Хүү огт төлөхгүй гээгүй ба шүүх хүү бодохдоо цар тахлын нөхцөлийг харгалзан баарны үйл ажиллагаа явагдаагүйг харгалзан бодоосой гэж хүсэж байна. Төгрөгийн зээлийн тухайд 5.000.000 төгрөгийн үндсэн төлөлт хийсэн ба хугацаа сунгаагүй, дууссанаас хойш 2.557.149 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулганд маргаан байхгүй. Ингээд 2.426.993 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж ойлгоно. Хүү огт өгөхгүй гээгүй нэхэмжлэгч тооцоогоо огт мэдэхгүй байгаа тул бид хэлэх боломжгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Х ХХК нь Л.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  68.990.682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Л.Г нь Х ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 20.000 ам.долларыг 12 сарын хугацаатайгаар, 365 хоногийн 18 хувийн хүүтэйгээр, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 9.595.417 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар 365 хоногийн 24 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан овердрафтын гэрээнүүдээр тус тус тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, овердрафтын гэрээ нь  хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Учир нь овердрафтын гэрээ гэдэг нь зээлийн эрх нээх үйлчилгээ бөгөөд  банк нь гэрээнд заасан хэмжээгээр харилцагчийн дансанд мөнгийг шилжүүлдэг бөгөөд энэ нь тодорхой хугацаанд данс эзэмшигчийн мэдэлд байдаг байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний нэг төрөл юм.

Улмаар хариуцагчийн хүсэлтээр гэрээг дахин нэг жилийн хугацаагаа сунгасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Зээлдэгч  нь Х-наас дээрх гэрээнүүдийн дагуу 20.000 ам доллар, 9.595.417 төгрөгийг тус тус зээлдэн авсан болох нь хэрэгт авагдсан 000000002 тоот валютын данс, 0000000000 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байх ба 20.000 ам.долларын гэрээний хувьд  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5000 ам.доллар, 2018-09-10-ны өдрөөс 2019-09-24-ний өдрийг хүртэлх хугацаанд 3432 ам.доллар төлжээ.

Шүүх 2017-08-03-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 15.000 ам.доллар, хүүгийн үлдэгдэлд 3768 ам.доллар, нийт 18768 ам.доллар буюу 53.451.076 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлж барагдуулна” гэж тохиролцсон байх ба 2018-10-30-ны өдөр хийгдсэн 5000 ам.долларыг үндсэн зээлээс хасаж, гэрээ дууссанаас хойш орж ирсэн 3432 ам.долларыг хүүгийн төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний хугацаа болох 12 сарын турш зээлийг ашигласны хүүд зээлдэгч сард 300 ам.доллар, нийт 3600 ам.доллар төлөх үүрэгтэй байсан ба 3600 ам.долларын хүүгээс 3432 ам.долларыг төлсөн байна.

Ингэхээр зээлийн гэрээний хугацаан дах төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 168 ам.доллар байна.

Улмаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүү тооцож нэхэмжлэх эрхтэй ба шүүх бодох хугацааг 2020 оны 8 дугаар сарыг хүртэл бус 2019-12-11-ний өдрөөр тасалбар болгосон.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1-т “гэрээний 2.2.2-т заасан сар бүрийн эргэн төлөлтийг 6 болон түүнээс дээш сарын хугацаанд гүйцэтгээгүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн нийт төлбөрийг шаардана” гэж зааснаар хариуцагчийг зээлийн гэрээний төлөлтийг зөрчсөөр байхад эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэж, 2019-12-11-ний өдөр харилцах данснуудын зарлага гаргах эрхийг хааж, үлдэгдлийг өөр дансанд бүртгэж авсан өдрийг хүртэл зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох хэтэрсэн хугацааны хүүг гаргуулж шийдвэрлэв.

Ингээд 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 16 сарын хүүгийн төлбөрт 3600 ам.доллар /16 сарын зээлийн төлбөрийн үлдэгдэл 15.000 ам.долларын жилийн 18 хувиар бодсон ба 1 сарын хүү нь 225 ам.доллар байна/ төлөх үүрэг үүсэж байна.

Өөрөөр хэлбэл гэрээний хугацаан дах төлөгдөөгүй хүү 168 ам.доллар, хэтэрсэн хугацааны хүү 3600 ам.доллар, үндсэн төлбөрийн үлдэгдэл 15.000 ам.доллар, нийт 18.768 ам.доллар болж байна.

Талуудын хэн аль нь энэхүү зээлийн эргэн төлөлтөд төлөгдсөн мөнгөн дүн дээр маргаагүй болно.

Төгрөгийн зээлийн тухайд нэхэмжлэгч тал 10.000.000 төгрөгийн эрх нээсэн гэх боловч хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар 9.595.417 төгрөгийн зээлийн эрх үүссэн байх ба 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2018-11-16-ны өдрөөс 2019-10-29-ний өдрийг хүртэлх хугацаанд 2.177.149 төгрөг /хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбараар 2.557.149 төгрөг гэдэг/ төлөгджээ.

Шүүх 2017-08-03-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 4.595.417 төгрөг, хүүгийн үлдэгдэлд  1.003. 117 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.819 төгрөг, нийт 5.798.353 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлж барагдуулна” гэж тохиролцсон байх ба гэрээний хугацаанд буюу 2017-10-27-ны өдөр хийгдсэн 5.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, гэрээ дууссанаас хойш орж ирсэн 2.177.149 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний хугацаа 12 сарын турш зээлийг ашигласны хүүд зээлдэгч сард 191.908 төгрөг, нийт  2.302.900 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба үүнээс 2.177.149 төгрөгийг төлсөн байна.

Ингэхээр зээлийн гэрээний хугацаан дах төлөгдөөгүй хүүгийн  үлдэгдэл 125.751 төгрөг байна.

Улмаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүү тооцож нэхэмжлэх эрхтэй ба шүүх бодох хугацааг мөн 2019-12-11-ний өдрөөр тасалбар болгосон.

Ингээд 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 16 сарын хүүгийн төлбөрт  1.470.533 төгрөг /16 сарын зээлийн төлбөрийн үлдэгдэл 4.595.417 төгрөгийн  жилийн 24 хувиар бодсон ба 1 сарын хүү нь 91.908 төгрөг/ төлөх үүрэг үүсэж байна.

Өөрөөр хэлбэл гэрээний хугацаан дах төлөгдөөгүй хүү 125.751 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1.470.533 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 4.595.417 төгрөг, нийт 6.191.701 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч хүүгийн үлдэгдэлд 1.003.117 төгрөг нэхэмжилж байх тул шүүх  үндсэн зээлийн төлбөрт 4.595.417 төгрөг, хүүгийн төлбөрт 1.003.117 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.819 төгрөгийг, нийт 6.698.353 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь диспозитив зарчмаас гадна шүүхийн хөндлөнгийн байх байр суурьтай нийцнэ.

Нэхэмжлэлийн шаардлага 18.768 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны зарласан ханш 2847,99 төгрөгөөр тооцсон байх ба Монгол банкны зарласан ам.долларын ханш 2847,99 төгрөгөөр харьцуулан үүргийн гүйцэтгэлийг Монгол мөнгөн тэмдэгтэд хөрвүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэн, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй болно.

Дээрхийг нэгтгээд  2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0000000000, 0000000000 тоот дугаарын  зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт  59.249.429 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Л.Г-аас 59.249.429 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.741.253 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502.904 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Г-аас 454.197 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                          О.ЧУЛУУНЧИМЭГ