Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0871

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар0221/МА2017/0871

Улаанбаатар хот

     

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Ц.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0702 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М гаргасан давж заалдах гомдлоор, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Ц.М 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0702 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7018.02 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Ц” ХХК 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-025481 дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7181.09 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Дээрх байдал тогтоогдож мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь хэсэгт “...хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэж, 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлэхэд “дэмжихгүй” саналтай хариу ирүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн “Ц” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн үед Засгийн газрын 289 дүгээр тогтоол гарч дээрх талбай нь усан сангийн газартай давхцалтай болсон байна.

“Ц” ХХК нь анх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа булангийн 8 цэг бүхий 7181.09 га талбайд хүсэлт гаргасан боловч солбилцолд өөрчлөлт оруулж, булангийн 12 цэг бүхий 7018 га талбай болгон хасуулсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаас бусад тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн талбайн солбилцолд өөрчлөлт оруулах боломжгүй, мөн анх өргөдөл гаргасан 7181.09 га бүхий талбай нь усан сан бүхий газартай давхцалтай байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан нөхцөлийг хангаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр хүргүүлж, мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл холбогдох хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 7/1047 дугаар албан бичгээр мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0702 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж, харин хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хариуцагчаас “Ц” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг NE-025481 дугаарт бүртгэн хүлээн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан ажлын 20 өдрийн хугацаанд багтаан хүсэлтийг хүлээн авах эсэх талаар нэхэмжлэгчид огт хариу өгөөгүй байна.

Гэхдээ хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тухайн үед хүсэлт болгосон талбайд анхан шатны шүүлт хийж, улмаар 7181.09 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл хүргүүлсний дагуу аймгийн Засаг даргаас 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн ч, тухайн үед хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар ямар нэгэн шийдвэрийг мөн л гаргаагүй.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх эцсийн шийдвэрийг ямар хугацаанд гаргах талаар нарийвчлан зохицуулаагүй ч, нэхэмжлэгчийн тухайд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэх эрх одоог хүртэл зөрчигдсөн хэвээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах гомдлын хүрээнд үгүйсгэх боломжгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно, харин энэ тохиолдолд “дэмжихгүй” гэсэн санал нь хуулийн шаардлагад нийцсэн эсэхээс үл хамааран бодит байдалд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудасны хүснэгтийн 9 дэх хэсэгт “Засаг даргын саналыг үндэслэн татгалзах мэдэгдлийн төсөл боловсруулав” гэсэн дардас дарснаас өөрөөр хариуцагчаас аймгийн Засаг даргын дэмжээгүй саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаагүйгээс гадна 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 6/1306 дугаар албан бичгээр дахин санал авахаар Говь-Алтай аймгийн Засаг даргад хандаж, мөн оны 6 дугаар сарын 1-ний өдөр Засаг даргаас “дэмжсэн” санал ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн тухайд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан анх хүссэн 8 солбилцлийн цэг бүхий талбай нь Булаг шандын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцал үүссэнээс шалтгаалан талбайн солбицлыг 12 цэг болгон өөрчилж, өөрөөр хэлбэл 7181.09 га-г 7018 га болгон багасгасан байх бөгөөд энэ нь 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод тусгагдсан байдаг. 

Иймд хариуцагчийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 7/1047 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид өгсөн хариуг Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.3-т заасан “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэсний дагуу өгсөн хариу гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл энэ нь нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 17/01 дүгээр албан бичгийн хариу байдлаар гарчээ.

Цаг хугацааны хувьд ч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор мэдэгдэх тухай хуульд заасан шаардлагад дээрх албан бичиг нийцээгүй, нөгөөтэйгүүр солбицлын цэгийг өөрчлөх болсон шалтгаан нь нэхэмжлэгчийн сайн дурын үндсэн дээр хийгдээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байгаагаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаас бусад ямар ч тохиолдолд анхны өргөдлийн солбицолд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн хатуу зохицуулалт байхгүй.

Иймд төрийн захиргааны байгууллагаас зарласан талбайд нэхэмжлэгчийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг анхлан хянах явцад хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон талбайтай давхцаагүй байсан, гагцхүү өргөдлийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэлгүй удаашруулснаас шалтгаалан Засгийн газрын тогтоол гарч анхны хүсэлт гаргасан талбайд зохих хэмжээний давхцал үүссэн байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан шинжтэй болсон байх тул “Ц” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, уг өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна...” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт “...татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож...” гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл энэ нь дээрх дүгнэлтэйгээ утга, агуулгын хувьд зөрчилтэй болсоноос гадна татгалзсан шийдвэр гэдэг нь чухам аль шийдвэрийг хэлээд байгаа нь тодорхойгүй байгааг тус тус тэмдэглэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0702 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ц” ХХК-ийн гаргасан Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7018 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025481 дугаар өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН