Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 207

 

Ч.Ү-ийн нэхэмжлэлтэй,

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг

дахь Салбар зөвлөл, Сонгон шалгаруулах

комисс, аймгийн Эрүүл мэндийн газрын даргад

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                       Б.Мөнхтуяа,

                                                       Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тайлан, Сонгон шалгаруулалтын дүнгийн 7 дугаар хавсралтын холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолын холбогдох хэсэг, мөн өдрийн Д/06 дугаар дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоол, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг, уг комиссын шийдвэр, дүгнэлтэд үндэслэн тухайн сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд, салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн тухайн сул орон тооны томилгооны талаар тушаал гаргахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад тус тус даалгах,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0140 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ч.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулж,

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний Ч.Ү, Б.А нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн Б.А-ийн 20.09, Ч.Ү-ийн 18,1 онооны мэргэшсэн байдлын онооны хэсэг, “Удирдах ур чадвар” гэсэн хэсгийн Б.Анаргүлийн 27.8 , Ч.Үржихийн 29.8 онооны бичгийн шалгалтын онооны хэсэг, Ч.Ү, Б.А нарын нийт онооны хэсэг, 2 дах заалтын 70,39 оноотой тэнцсэн Б.А-ийг аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг тус тус хүчингүй тус тус хүчингүй болгож, Б.А, Ч.Ү нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст, Сонгон шалгаруулах комиссын шийдвэр, дүгнэлтэд үндэслэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд, Салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны томилгооны талаар тушаал гаргахыг Эрүүл мэндийн газрын даргад тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний Ч.Ү-ийн боловсролын түвшингийн онооны хэсэг, Б.А, Ч.Ү нарын туршлага, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулгын онооны хэсгийг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн Ч.Ү-ийн 18.1 онооны боловсролын түвшин, туршлагын онооны хэсэг, Б.А-ийн 20.09 онооны туршлагын онооны хэсэг, Ярилцлага гэсэн хэсгийн Ч.Ү-ийн 21.27 онооны хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн танилцуулгын онооны хэсэг, Б.А-ийн 22.5 онооны хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн танилцуулгын онооны хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0140 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Б.А, Ч.Ү нарын мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтад өгсөн оноо буюу үнэлгээг бодит байдалд нийцээгүй, хууль бус гэж үзэн дахин үнэлэхийг даалгасан нь үндэслэлгүй юм.

4. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, үнэлгээ, дүгнэлт гаргах заавартай. Тус журмаар оноо өгөх дээд түвшин тогтоож өгсөн бөгөөд шалгалтад оролцож байгаа Б. А-д дээд түвшингийн хязгаараас давсан оноо өгөөгүй. Хэрэв журамд заасан үнэлгээ өгөх онооноос хэтрүүлж оноо өгсөн бол энэ нь бодит байдалд нийцээгүй хууль бус гэж үзэж болох юм.

5. Шүүх Ч.Ү, Б.А нарын мэргэжил, бичгийн шалгалтад дахин үнэлгээ өгөхийг даалгасан нь хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Тухайн шалгалтын комиссын гишүүд өөр өөрсдийн бодол саналаар оноо өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт өгсөн оноог өөрчлөн комиссын гишүүд дахин оноо өгөх нь зарчмын хувьд бодитой үндэслэлтэй өгөх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх юм. Тухайн 2 төрлийн шалгалт болох мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтад өгсөн оноог шүүх хууль бус гэж үзсэн нөхцөлд тус шалгалтыг бүхэлдээ хүчингүйд тооцох нь зүйд нийцэхээр байна.

6. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэхийг хүсье гэжээ.

7. Гуравдагч этгээд Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шалгалт зохион байгуулах комиссын гишүүд үнэлгээ /оноо/ өгөхдөө хараат бус, шударга байх зарчмыг хатуу баримтлах ёстой. Эдгээр зарчмын дагуу комиссын гишүүд тус тусдаа ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгдөг бөгөөд сүүлд нь энэхүү гишүүдийн өгсөн онооны /үнэлгээ/ нийлбэрээр эцсийн дүн гардаг. Шалгалтын эцсийн дүн ил тод байх ёстой. Түүнээс биш комисс дүн тавих эсхүл үнэлгээ өгөх гэж байхдаа урьдчилан хэдэн оноо өгөх гэж буйг мэдэгдэхгүй.

8. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4.1-т “удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг ... 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна...", 4.2-т “сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр байгуулна” гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд орсон гишүүдээс шүүх гэрчийн мэдүүлэг авсан, дараа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулан уг сонгон шалгаруулах комисс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа.

9. Шүүхээс сонгон шалгаруулах комисст дахин үнэлгээ хийхийг даалгасан нь комиссын бүрэн эрх хараат бус байдалд нь халдсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчээс шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргуулахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь “хариуцагчид ...нийт оноо гаргуулахыг даалгах” гэсэнтэй адил ойлголт эсэх нь эргэлзээтэй, шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, ойлгомжтой болж чадаагүй.

10.       Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11.  Анхан болон давж заалдах шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12.  Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, харин хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт холбогдуулан гомдол гаргасан тул хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд “нэхэмжлэлийг хангасан” хэсэгт холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийлээ.

13.  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх болон иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албан тушаалд орох адил тэгш боломжтой байна. Гэвч тухайн тохиолдолд хуулийн дээрх зарчим зөрчигдсөн, захиргааны байгууллагаас үнэлгээний алдаа гаргасан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

14.  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Ч.Ү 69.17, гуравдагч этгээд Б.А 70.39 оноо тус тус авсан, онооны зөрүү 1.22 байжээ.

15.  Бичгийн шалгалтын тухайд: Сонгон шалгаруулалтын комисс нь “Үр дүнгийн гэрээний мөнгөн урамшуулал олгох” тухай сэдвээр бичгийн шалгалт авсан байх бөгөөд нэхэмжлэгчээс үг үсгийн алдаа гаргаагүй, гуравдагч этгээдээс үг үсгийн алдаа гаргасан, хууль тогтоомжийг хэрэглэх дараалал зөрчсөн, байхгүй журам хэрэглэсэн байхад нэхэмжлэгчид 5.3 оноо, гуравдагч этгээдэд 8.3 оноо өгсөн байна. Эндээс Сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээ өгөхдөө харгалзаж буй дүнгийн ерөнхий зарчим тодорхойгүй, ямар үндэслэлээр нэхэмжлэгчид бага оноо өгсөн болох нь ойлгомжгүй, гуравдагч этгээдийн алдааг ямар үндэслэлээр алдаанд тооцохгүй байгаа нь тодорхойгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв болжээ.

16.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,  4.2.5, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй буюу тухайн шийдвэрээс захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болсон үйл баримт тодорхой ойлгогдож байх шаардлагатай. Гэтэл хариуцагчаас үнэлгээний үндэслэлээ холбогдох баримтын хамт тодорхой тайлбарлаагүй, гуравдагч этгээдэд илүү оноо өгсөн үндэслэл тодорхойгүй байх тул захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

17.  “Мэргэшсэн байдлын үнэлгээний тухайд: Хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алиныг “шалгуур хангасан” гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчид 8 оноо, гуравдагч этгээдэд 10 оноо өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч нь Зоонозын өвчин судлалын төвд 1999 оноос эхлэн лаборант, тасгийн эрхлэгч, нян судлалын их эмчээр, гуравдагч этгээд нь 2010 оноос Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр тус тус ажиллаж байгаа, мэргэжлийн сургалтад хамрагдсан байдлын хувьд гуравдагч этгээд нь эрүүл мэндийн болон өрхийн эмнэлгийн чиглэлийн сургалтуудад, нэхэмжлэгч нь эрүүл мэнд, түүний дотор халдварт өвчний чиглэлийн сургалтад хамрагдсан, тодруулбал нэхэмжлэгчээс маргаан бүхий албан тушаалд шаардагдах мэргэжлийн чиглэлээр буюу халдварт өвчин судлалын чиглэлээр илүү сургалтад хамрагдсан, мэргэшсэн байхад бага оноо өгч, тэгш эрхийн зарчим зөрчсөн, бодит байдалд тохироогүй үнэлгээ хийжээ.

18.  Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн онооны зөрүү 1.22 байгаа тохиолдолд хариуцагчийн үндэслэл тодорхойгүй үнэлгээ нь шалгалтын дүнд шууд нөлөөлөх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шалгалтын материалд дахин үнэлгээ өгөх тухай шүүхийн шийдэл зөв байна. Иймээс хариуцагчийн “дахин шалгалт хийхийг даалгасан нь үндэслэлгүй, шалгалтыг бүхэлд нь хүчингүйд тооцох байсан” тухай гомдлын хүлээн авах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий үнэлгээний хэсэгт дахин үнэлгээ хийх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь хариуцагчийн үүрэг болно.

19.  Гуравдагч этгээдийн “шүүхээс үнэлгээг буруу гэж, Комиссын бүрэн эрх, хараат бус байдалд халдсан” гэх гомдлын тухайд, захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж зааснаар Сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ өгөх эрхээ хэрэгжүүлэхдээ уг эрхээ хэтрүүлсэн эсэх, эрхээ буруу хэрэгжүүлсэн эсэх, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх үйл баримтад дүгнэлт хийх бүрэн эрхтэй, энэ тохиолдолд Сонгон шалгаруулалтын комисс эрхээ буруу хэрэгжүүлсэн болох нь дээрх байдлаар тогтоогдсон, шүүхээс өөрөө үнэлгээ хийгээгүй, зөвхөн үнэлгээний хууль зүйн үндэслэлийг хянаж, үнэлгээг хуульд нийцүүлэн явуулж, гаргасан алдааг залруулахыг хариуцагчид даалгасныг “захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан” гэж үзэхгүй.

20.  Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0140 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ