Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 076

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Өлгий сумын 8 дугаар багийн оршин суугч А.Тийн    нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс,аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарт  холбогдох;

“Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн  үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний  А.Тийн боловсрол, А.Т, А.Т  нарын туршлага, мэргэшсэн байдал, бичгийн шалгалт, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн  танилцуулгын онооны хэсэг, нийт онооны хэсэг,

Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний  албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн А.Тийн  боловсролын түвшингийн онооны хэсэг, А.Т, А.Т нарын туршлага, мэргэшсэн байдлын онооны хэсэг, “Удирдах ур чадвар”  гэсэн хэсгийн бичгийн  шалгалтын онооны хэсэг, “Ярилцлага” гэсэн хэсгийн хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулгын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2 дах заалтын “70,39 оноотой тэнцсэн А.Тийг аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн  даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн” хэсэг,

Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлт,

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоол,

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах;

А.Т, А.Т нарын  шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст,

Сонгон шалгаруулах комиссын шийдвэр, дүгнэлтэд үндэслэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд,

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн  аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны томилгооны талаар тушаал гаргахыг аймгийн  Эрүүл мэндийн газрын даргад тус тус даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Т,түүний өмгөөлөгч Х.Зулхаш, Д.Хуягбаатар, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийг төлөөлж Ө.Тиянах, Сонгон шалгаруулах комиссыг төлөөлж М.Нуржол,аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг төлөөлж Б.Нуржайнар, гуравдагч этгээд А.Т, түүний өмгөөлөгч А.Серикжан,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтүүд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Т нь 2018 оны 05 дугаар  сарын 04-ний өдөр тус аймагт зарлагдсан төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд өрсөлдсөн.Шалгалтын дүнтэй танилцаад миний туршлага болон мэргэшсэн байдалд өгсөн оноог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тухайн үед мэдэгдэж, Салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар өрсөлдөгчтэй цуг байлцуулан бүх материалыг харьцуулан хянан үзэж, оноог шударгаар өгч, нээлттэй хэлэлцүүлэн, дүгнэлт гаргаж, шийдвэрлэж өгөхийг хүсэж Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга А.Серикболатад хандан өргөдөл гаргаж,  шалгалтын комиссын болон Төрийн албаны салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч шалгалтын комисс илт нэг талыг барьсан тайлбар өгч, оноонд өөрчлөлт оруулах боломжгүй,  хувь хүний нууц гэж шалтаглан биднийг хуралдаанд оруулаагүй, зөвхөн салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулаад олонхийн саналаар шийдвэрлэсэн гэсэн хариуг, А.Тийг  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэр дэвшүүлсэн тогтоолын хуулбарын хамт 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн.Салбар зөвлөлийн шийдвэр болон өргөдөлд өгсөн хариуг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлэн тухайн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө Төрийн албаны зөвлөлд хандан гаргасан боловч “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу уг асуудлаар шүүхэд гомдлоо гаргана уу гэсэн хариуг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн.

 Миний бие уг сонгон шалгаруулалтын комиссын өгсөн тайлбар илэрхий 1 талыг барьсан, шударга бус ба Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх” үндсэн зарчим, 4.2 дахь хэсгийн 4.2.2-т заасан “ил тод байх”, 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.Хэргийн материалаас харахад Сонгон шалгаруулах комисс дараах байдлаар хууль бус үнэлгээ өгсөн гэж миний бие үзэж байгаа.

1. Гуравдагч этгээд А.Тийн диплом дээр тавигдсан оноо нь 2,09 гэсэн зууны нарийвчлалтай байгаа ба миний боловсролын диплом дээр голч дүн тавигдаагүй, аргачлалын дагуу бодож үзэхэд зууны нарийвчлалтай буюу 3.12 гэсэн голч дүн гарч байхад 3.1 гэж өгсөн. Нэгэнт өрсөлдөгчид зууны нарийвчлалтай оноо өгсөн бол надад ч гэсэн зууны нарийвчлалтай оноо өгөх ёстой гэж үзэж байгаа.

2. Туршлагын онооны хувьд миний бие Зоонозын өвчин судлалын төвд лабораторийн тасгийн эрхлэгч, их эмч, зоонозын болон халдварт өвчний лаборатори, тархвар судлалын чиглэлээр салбартаа тасралтгүй 19 дэх жил ажилласан. Ажиллаж байх хугацаанд мэргэжлийн чиглэлээр 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлж байсан, олон арван отряд шинжилгээнд гарч тарваган тахлын  үүсгэгчийг илрүүлэн баталгаажуулсан, тарваган тахлын хүний өвчлөлийн 4 голомтод баг хамт олноо зохион байгуулан ажиллаж голомтыг цомхотгон дарсан,галзуу өвчний эрсдэлд өртсөн болон хачигт халдварын сэжигтэй дуудлагад ажилласан туршлагыг маань өрсөлдөгчийн Өрхийн эрүүл мэндийн төвд 7 жил ажилласан, байгууллагын даргын түр орлон гүйцэтгэгчээр 5 сар ажилласан туршлагатай зэрэгцүүлж ижилхэн оноо өгсөн ба бид нарт ялгавартай оноо өгөх байсан гэж үзэж байна.

3. Мэргэшсэн байдалд мөн надад өрсөлдөгчөөс доогуур оноо тавьсан ба өрсөлдөгчийг 2 сургагч багшийн үнэмлэхтэй гэсэн үндэслэлээр илүү оноо өгсөн боловч тухайн ажлын байрны тодорхойлолтод сургагч багш байх гэсэн шаардлага тавигдаагүй юм байна.Эрүүл мэндийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн дүрэм, бүтцийг батлах тухай” 271 тоот тушаалын 3 дугаар хавсралтын 2.2 дахь хэсэгт тус байгууллагын дарга нь “нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн , хүний их эмч мэргэжилтэй байх”гэж заасан. Гэтэл миний нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байдал маань давуу тал байх ёстой байтал Оросын Холбооны улсын Эрхүү хотод гоц халдвартын их эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн, Казахстан улсын Алма-ата  хотод гоц аюулт халдварын биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, 2013-2014 онд талбарын тархвар судлаачийн төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн гэх зэрэг удаан болон богино хугацаанд хамрагдсан сургалтыг харгалзан үзэхгүйгээр надад бага оноо өгч, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшээгүй, Казахстан улсад дотрын эмчийн чиглэлээр 1 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад  хамрагдсан А.Тд илт давуу байдал олгож 8 оноо өгч, надад 5 оноо өгч хэтэрхий 1 талыг барьсан, шударга бус байдлаар хандсан.

Энэ 3 оноог нэмэхэд ерөнхий шаардлагын оноо гарч байгаа ба ерөнхий шаардлага дээр миний бие 18.1 оноо, өрсөлдөгч маань 20.09 оноо авч, А.Т нь 1.99 оноогоор надаас илүү гарсан байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

4.Бичгийн шалгалтын материалыг болон өргөдөл ирүүлсэн байдал, хөтөлбөр төсөл бэлтгэлтийг биднийг байлцуулан харьцуулж үзүүлэн, дахин хянаж, оноог шударгаар өгөхийг хүсэж тухайн үед өргөдөл гаргасан боловч хувь хүний нууц гэсэн шалтгаанаар бидэнд үзүүлээгүй бөгөөд төрийн албаны шалгалтад хувь хүний нууцын асуудал хамаарахгүй, төрийн албаны ил тод байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлөөс “Үр дүнгийн гэрээний мөнгөн урамшуулал олгох тухай” гэсэн тушаалын төслийг боловсруулах даалгавар өгсөн байгаа. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлд сэдвийн агуулгыг хэрхэн тодорхойлсон, төслийн хэлбэрийн бүрдүүлбэр, зөв бичгийн дүрэм, найруулга зүй, холбогдох хууль тогтоомжоос иш татсан байдал, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг хэрэгжүүлсэн байдал гэсэн шалгуурыг харгалзан оноо өгөхөөр заасан байгаа. А.Т бид хоёрын боловсруулсан тушаалын төслийг харьцуулж үзэхэд, миний хувьд “Үр дүнгийн гэрээний мөнгөн урамшуулал олгох тухай” гэж сэдвийн агуулгыг бүрэн тодорхойлсон, харин миний өрсөлдөгчийн хувьд “Урамшуулал олгох тухай” гэж товчилж бичсэн бөгөөд ямар урамшуулал олгох гэж байгаа талаар тодорхой бичээгүй. Шийдвэрийн төслийн бүрдүүлбэрийн хувьд бид хоёрынх ижилхэн байгаа. Зөв бичгийн дүрмийн хувьд надад ямар нэгэн алдаа байхгүй бөгөөд А.Т нь “тогтоолоор” гэдэг үгийн урт эгшгийг богино эгшгээр бичсэн, “ажилчдын” гэдэг үгийн балархай эгшгийг гээлгүй бичсэн, “урамшууллыг” гэдэг үгийн балархай эгшгийг гээлгүй бичсэн, “урамшууллын” гэдэг үгийн балархай эгшгийг гээлгүйгээр бичсэн, “төгрөгийг” гэдэг үгийн эгшигт гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэн эгшгийг  нь гээж бичсэн. Ийм зөв бичгийн дүрмийн 5 төрлийн алдаа байгаа. Найруулга зүйн хувьд надад ямар нэгэн алдаа байхгүй, А.Т нь хамгийн эхний үндэслэх хэсэгт “Зоонозын өвчин судлалын төсвийн үр дүнгийн урамшуулал олгох журам” гэж нэг зүйл бичсэн байгаа. Гэтэл  “Зоонозын өвчин судлалын төвийн төсвийн журам” гэж бичих ёстой байсан болов уу гэж харж байна. Мөн “байгууллагын урамшууллын төсөв” гэж   утгын алдаатай зүйл бичвэр дотор бичсэн  байгаа.Хууль тогтоомжоос иш татсан байдал гэж байгаа. Үүнээс би ямар нэгэн алдаа гаргаагүй.Холбогдох хууль тогтоомжоос иш татахдаа зохих эрэмбийн дагуу хамгийн түрүүнд Монгол улсын хуулиас, дараа нь Засгийн газрын тогтоол, үүний дараа  холбогдох дүрэм, журам, хамгийн сүүлд байгууллагын дотоод журам гэсэн байдлаар иш татах ёстой байсан боловч миний өрсөлдөгчийн хувьд хамгийн эхэнд “Зоонозын өвчин судлалын төсвийн урамшуулал олгох журам” гэж байхгүй зүйлийг тавьсан. Дараа нь Төсвийн тухай хуулийг бичээд дараа нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг бичсэн алдаа гаргасан. Архив, албан хэрэг хөтлөлтийн байдал дээр А.Т нь “нягтлан бодогч” гэдэг үгийг “ня-бо” гэж товчилж бичсэн ба “1 дүгээр” гэдгийг “1-р” гэж бичсэн байгаа. Ийм олон алдаа байсаар байхад Сонгон шалгаруулах комисс энэ асуудлыг харгалзан үзэхгүйгээр миний өрсөлдөгчид илүү оноо өгсөн нь үндэслэлгүй болсон. Нэгдсэн үнэлгээгээр миний оноо 5.3, А.Тд 8.3 гэсэн оноог тус тус өгсөн байгаа. А.Т нь зөв бичгийн дүрмийн маш олон алдаатай байхад бодит байдал, шударга ёсонд  нийцүүлэхүйгээр илт давуу байдал олгож, үндэслэлгүйгээр илүү оноо өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.

5. Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, өргөдлөө хэрхэн танилцуулсан байдалд үнэлгээ өгөхөд бэлдсэн илтгэлийг маань дэлгэцээр танилцуулах гэхэд орой болж байна гэж шалтаглан боломж олгоогүй нь уг шалгалтад бага оноо өгөх үндэслэл болсон гэж үзэж байна. Тухайн байгууллагад  20 гаруй жил  ажилласан хүний хувьд байгууллагад  тулгамдаж буй асуудал, зорилго, зорилт, цаашдын чиглэлийг зохих ёсоор тодорхойлон гаргасан. Гуравдагч этгээд төсөл, хөтөлбөрийнхөө хавтсыг өнгөтөөр хэвлээд байгууллагын логог байрлуулсан байгаа. Гэтэл бид хоёрын тавьсан лого хоорондоо яагаад ялгаатай байгаа болохыг харж үзээгүй. Гуравдагч этгээдийн хувьд хүчингүй болсон логог гадна талд нь байрлуулсан боловч түүнд илүү оноо тавьсан байгаа. Энэ асуудал шударга ёсонд нийцэх үү гэдгийг  анхаарч үзэхийг хүсэж байна. Миний хувьд төсөл, хөтөлбөрийг бэлтгэхдээ 23 зорилт тавьж хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд 3 төрлийн үндэслэлийг хэрэгжүүлэхээр тусгасан зэрэг төсөл, хөтөлбөрүүд агуулгын хувьд ялгаатай байгаа боловч гуравдагч этгээдэд илт давуу байдалд олгож түүнд 5 оноо, надад 4.5 оноо өгсөн нь шударга бус болсон. Хэрэгт авагдсан аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад Төрийн албаны зөвлөлөөс хяналт тавьж байгаа Цэдэндамба гэдэг хүн А.Тийг өөрийгөө танилцуулах шаардлагыг хангахгүй байна гэж  цаанаас 2-3 дахин шаардаж, төсөл, хөтөлбөрөө танилцуул, энэ бол ажлын тайлан биш шүү  гэж өөрийгөө танилцуулах шаардлага хангахгүй байна гэж анхааруулсаар байтал надаас илүү оноо өгсөн байгаа. Сонгон шалгаруулах комиссын авсан шалгалтад А.Т илүү оноо авсан мөртөө цахим хэлбэрээр авагдсан шалгалтуудад надаас доогуур оноо авч байгаа. Өөрөөр хэлбэл  цахим шалгалтын дүнгээр миний бие А.Тээс 5 оноогоор илүү байгаа гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй. Тийм учраас шалгалтын комиссын гишүүд ямар нэгэн нөлөөнд автаж гуравдагч этгээдэд илүү оноо өгсөн болов уу гэсэн хардлага төрүүлж байна. А.Тийг томилох үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй зөвшилцөхөд манай аймагт тарваган тахлын өвчин байнга гардаг учраас энэ чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн хүнийг томилох нь зүйтэй гэсэн санал ирүүлсэн боловч Үндэсний төвийн саналыг харгалзан үзэхгүйгээр А.Тийг томилсон. Түүнийг томилсны дараа Үндэсний төвөөс яамд хандаж мэргэжлийн хүнийг томилоогүй гэсэн шалтгаанаар албан бичиг хүргүүлснээр яамнаас манай аймагт тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй болохыг дурдаж, мэргэжлийн хүнийг томилох нь зүйтэй гэсэн албан тоот явуулсан. Дээд шатны байгууллага болон яамнаас А.Т нь мэргэжлийн шаардлага хангахгүй гэсэн агуулгаар албан тоот ирүүлсэн байхад А.Тийн мэргэшсэн байдалд өгсөн Сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээ бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна.

Сонгон шалгаруулалтад оролцсон А.Т, А.Т бид нарын шалгаруулалтын үнэлгээг холбогдох хууль эрхийн акт,дүрэм, журам болон бодит байдалд нийцүүлээгүй, шударга бус, буруу өгсөн нь нотлох баримт ба гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болж байх тул Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” 01 дүгээр тогтоолын аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд холбогдох хэсэг, мөн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлт нь хууль бус үндэслэлгүй байгаа ба Сонгон шалгаруулах комисс үнэлгээг бодит байдалд нийцүүлэн, хууль эрх зүйн актад үндэслэн үнэн зөв шударгаар өгсөн бол миний бие сонгон шалгаруулалтад А.Тээс өндөр оноо авч аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд нэр дэвшиж томилогдох байсан.

Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны нэр дэвшүүлэх тухай” 41 дүгээр тогтоолыг, Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний  албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн А.Тийн  боловсролын түвшингийн онооны хэсэг, А.Т, А.Т нарын туршлага, мэргэшсэн байдлын онооны хэсэг, “Удирдах ур чадвар”  гэсэн хэсгийн бичгийн  шалгалтын онооны хэсэг, “Ярилцлага” гэсэн хэсгийн хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулгын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2 дах заалтын  Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд холбогдох хэсэг, Сонгон шалгаруулах комиссын “Төрийн  үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний  А.Тийн боловсрол, А.Т, А.Т  нарын туршлага, мэргэшсэн байдал, бичгийн шалгалт, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн  танилцуулгын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлт, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар “А.Тийг ажилд томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Сонгон шалгаруулах комисст шалгалтын материалыг дахин хянаж, хууль эрх зүйн актад үндэслэсэн, бодит байдалд нийцүүлсэн, үнэн зөв шударга үнэлгээ өгч, хууль эрхийн актад нийцсэн шударга шийдвэр, дүгнэлт гаргахыг,  Төрийн  албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлд аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоолыг дээрх шийдвэр, дүгнэлтэд үндэслэн дахин гаргах, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн  аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны томилгооны талаар тушаал гаргахыг аймгийн  Эрүүл мэндийн газрын даргад тус тус даалгах  тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.Хуягбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгон шалгаруулалт анхнаасаа хууль, журмыг ноцтой зөрчиж явагдсан  байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа Зоонозын өвчин судлалын төвийн дарга нь “нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн, хүний их эмч мэргэжилтэй байх” гэсэн тус байгууллагын дүрмийг зөрчсөн байна. Үүнийг  “нийгмийн” гэдгийг хасаад “эрүүл мэндийн  чиглэлээр  мэргэшсэн байна” гэсэн ийм байдлаар ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн. Энэ захиалгыг хүлээж авсан Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд сонгон шалгаруулалт явуулах тухай журамд заасан шалгуур үзүүлэлтүүд, мэргэшсэн байдал, туршлага, дээрх дүрмийг харалгүйгээр,  мөн тухайн  чиглэлээр мэргэшсэн салбарын хүнийг оролцуулахгүйгээр өөрсдөө комисс томилоод, анхнаасаа нэг  талд үйлчилсэн, хууль бус үйлдлүүдийг хийсэн гэж харагдаж  байна.Сонгон шалгаруулалтын үр дүнд эхнээсээ үнэлгээг гаргахдаа ямар ч тодорхойгүй, үндэслэлгүйгээр А.Тийн үнэлгээг өргөж тавьдаг. Сонгон шалгаруулах комиссын зарим гишүүд нь ингэж хэт өндөр оноо тавьсан үндэслэлийг хүртэл тайлбарлаж чадахгүй дотоод итгэлээр тавьсан гэж байна. Гэтэл хамгийн наад зах нь Төрийн албаны зөвлөлийн мэргэшлийн шалгалтын комиссын дарга  Цэдэндамбаас ирүүлсэн бичгийн шалгалтын  шалгуур, үзүүлэлтийг харгалзан үзсэн үү гэдэгт эргэлзээ төрөхөөр байгаа.  Найруулга зүйн хувьд хэр зэрэг байсан, сая шүүхийн хэлэлцүүлгээс үзэхэд аль аль нь алдаатай байсан байна. Нэг нь зарим хүмүүсийн өгсөн шиг “маш сайн” үнэлгээ авахаар, нөгөө нь  “хангалттай” үнэлгээ авахаар ийм хэмжээнд байсан уу гэвэл эргэлзээтэй байна. Сонгон шалгаруулах комиссын зарим гишүүд нь А.Тд “сайн” гэсэн үнэлгээний хамгийн дээд оноо буюу 8 гэсэн оноог өгөөд байсан, гэтэл бичгийн шалгалтын хувьд А.Тийн гаргасан үг, үсгийн алдаа нь А.Тээс арай бага байсан. Дээрээс нь нэхэмжлэгч А.Т нь боловсруулсан тушаалдаа Монгол улсын хууль, дүрэм, журам гээд эрх зүйн актуудыг дарааллын дагуу зөв баримталсан байдаг. Гуравдагч этгээд А.Тийн хувьд эхлээд журмыг, дараа нь хуулийг баримталсан ба гарчиглахдаа зөвхөн “урамшуулал олгох тухай” гэж дутуу бичсэн зэрэг алдаа нь оноо хасах үндэслэл бий болгосон байхад үүнийг комисс харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэгчээс илүү оноо өгсөн нь илт хууль бус байна.

Зоонозын өвчин судлалын төв нь онцгой дэглэмтэй байгууллага гэж Үндэсний төвийн дарга нь удаа дараа албан тоот явуулж, уг байгууллагын даргаар тухайн чиглэлээр илүү мэргэшсэн хүнийг томилохыг санал болгосон боловч харамсалтай нь томилох эрх бүхий этгээд мэргэжлийн байгууллагын саналыг хүлээж авалгүйгээр урьдчилан үгсэн тохирч ажлын байрны тодорхойлолтоос авхуулаад гуравдагч этгээдэд тааруулж, захиалга хүлээж авсан байгууллага нь тавигдах шаардлагыг харгалзахгүйгээр шалгалт авсан.  Төрийн албан хаагчид мэргэшсэн, туршлагатай байх гэсэн шаардлагыг тавьдаг ба мэргэшсэн байх гэдгийг тухайн чиглэлээр буюу зоонозын өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн байхыг ойлгох ёстой. Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч сая зоонозын өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн ганцхан хүн бол А.Т эмч байгаа гэж хэлж байна. Гэтэл ажил олгогчоос өрсөлдөгч бий болгох зорилгоор эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх гэж ажлын байрны тодорхойлолтод тусгасан байх гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн салбарт 19 жил, удирдах албан тушаалтнаар 18 жил ажилласан, 11 эрдэм шинжилгээний ажил бичсэн, энэ мэргэжлээрээ маш олон гэрчилгээ, сертификат авсан байгаа. Гэтэл А.Тийн хувьд “Шипагер” өрхийн эрүүл мэндийн төвд 7 жил ажилласан ба энэ хугацаанд өрхийн эрүүл мэндийн чиглэлээр сургалтад суусан. 30 удаа сургалтад суусан, 50 удаа сургалтад суусан гэдгээр мэргэшсэн байдлыг тогтоохгүй, аль талаараа илүү мэргэшсэн байдлыг Сонгон шалгаруулах комиссын гишүүд харгалзан үзэх ёстой байсан.Гэвч олон удаа сургалтад суусан, сургагч багш болсон гэдгээр нь давуу эрх олгож 8.3 оноо өгсөн, гуравдагч этгээд нь энэхүү нарийн мэргэжлийн ажлыг хийх тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэж байна. Тэгэхээр комисс нь туршлагад аргагүйн эрхэнд адилхан 10 оноо өгсөн ба А.Тэд 15 оноо өгөх боломж байсан гэж үзэж байна. Сургагч багш гэж 8 оноо авах, тарваган тахлын сургалтад сууснаар 5 оноо өгөх нь үндэслэлгүй, мэргэжлийн байгууллагад хэдэн жил ажилласан, үүний улмаас ямар үр дүнд хүрч ямар диплом, гэрчилгээ авсан бэ гэдгийг анхаарах ёстой байсан. Ингэснээр Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журамд заасан мэргэшсэн байдалд арга зүйн дагуу 10 хүртэл оноо өгнө гэснийг зөрчсөн гэж ойлгож байна. Ер нь журмын дагуу үндэслэл бүхий үнэлгээ өгөх ёстой байсан.

Бичгийн шалгалтын хувьд нэгэнд нь илт үндэслэлгүйгээр өндөр оноо тавьсан байдал нь тодорхой харагдаж байгаа. Үүнийг хариуцагч талаас архив, албан хэрэг хөтлөлтийн  стандартыг баримталсан байдлыг хэмжиж үзсэн гэж зөвтгөж байна. Боловсруулсан тушаалын стандартаас доторх агуулгыг илүү анхаарч үзээд найруулга зүй, үг, үсгийн алдааг хянах нь ач холбогдолтой гэж миний бие үзэж байна.

Төсөл, хөтөлбөр бэлтгэсэн байдлын хувьд нэхэмжлэгч А.Тийн бэлтгэсэн төсөл, хөтөлбөрийн доторх агуулгыг харахад 5 зорилго тавьсан ба үүний дотор 23 ажлыг хийхээр төлөвлөсөн байдаг. Харин гуравдагч этгээд А.Т нь 3 зорилт дэвшүүлсэн ба үүнийг тайлбарлахдаа тодорхой биш, ерөнхий байдлаар хэлсэн байна. Төсөл, хөтөлбөрийг А.Т нь А.Тээс илүү сайн танилцуулсан гэж хариуцагч тал маргах боловч тэмдэглэлээс харахад эсрэг зөрүүтэй зүйл анзаарагдаж байна. Гуравдагч этгээд төсөл, хөтөлбөрийг өнгөтөөр хэвлэсэн, графикаар харуулсан учраас илүү оноо өгсөн гэх боловч доторх агуулга нь ямар байдалтай байсан, дэвшүүлсэн зорилго нь байгууллагыг хөгжүүлэхэд хэр ач холбогдол өгч байгаа гэдгийг анхаарч үзээгүй байна. Тийм учраас хэт нэг талыг барьж А.Тд илүү оноо өгч, заавар, журмыг зөрчиж дүгнэлт хийсэн гэж харж байна. Үүний улмаас Сонгон шалгаруулах комиссын тогтоол буруу гарсан, Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тогтоол буруу гарсан, эцэст аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал буруу гарсан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т зааснаар захиргааны актуудыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. Эцэст нь нэмж хэлэхэд, үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Ингэхдээ маргаан бүхий актуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, сонгон шалгаруулалтын маргаагүй хэсгийг хэвээр орхиж, нэхэмжлэгчийн маргаж байгаа хэсэгт дахин үнэлгээ хийж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 4 дэх хэсэгт зааснаар шалгалтын комисс үнэлгээ гаргах учиртай. Тэгэхээр боловсролын үнэлгээг уг зааврын 4.7-д зааснаар боловсролын дипломын голч дүнгээр 2.0-4.0 хүртэл оноо гэж аравтын нарийвчлалаар тооцохоор заасан байгаа. Сонгон шалгаруулах комисс нь А.Тийн дипломын голч дүнг 3.1 гэж тавьсан мөртөө А.Тийн голч дүнг 2.09 гээд зууны нарийвчлалаар тогтоосон нь зааврын холбогдох заалтыг зөрчсөнийг нотолж байна. Туршлагын хэсэгт нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд 10  гэсэн адилхан оноо тавьсныг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрч байгаа ба нэхэмжлэгч тухайн салбарт буюу сонгон шалгаруулалт зарлагдсан байгууллагад лабораториос эхлээд тасгийн эрхлэгч хүртэл 19  жил тасралтгүй ажилласан.  Гэтэл түүний өрсөлдөгч буюу гуравдагч этгээд А.Тийн өрхийн эрүүл мэндийн төвд 7 жил ажилласан туршлагатай зэрэгцүүлэн үзэж адилхан оноо тавьсан нь шударга ёс, бодит байдалд нийцэхгүй байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 271 дүгээр тушаалын хавсралтын 2.2-т зааснаар тус байгууллагын дарга нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх гэсэн шалгуур тавьсан байна. Гуравдагч этгээдийн хувьд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцаж байсан болохоос нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн талаарх баримт хэрэг байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн хувьд гоц халдвартын чиглэлээр болон талбарын тархвар судлалын чиглэлээр тус тус мэргэшсэн сертификаттай. Үүнийг Сонгон шалгаруулалтын комиссын гишүүд анхаарч үзээгүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшээгүй гуравдагч этгээдэд илүү оноо өгсөн нь үндэслэлгүй,бодит байдалд нийцээгүй,  хууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан байна.Комиссын тайлбарлаж байгаагаар гуравдагч этгээд сургагч багшийн сертификаттай байсан тул энэ байдлаараа нэхэмжлэгчээс илүү гэж үзсэн гэх боловч энэ нь өрхийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж авсан сертификат болохоос нийгмийн эрүүл мэндэд хамааралгүй тул үүнийг давуу байдал гэж үзэх боломжгүй байна.

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн санал дэвшүүлж байна гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шүүхэд ирүүлсэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ажлын байр болох аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад хоёр хүн өрсөлдсөн. Уг шалгалтыг төрийн албаны салбар зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг 3 хэсэгт хуваагдан авсан юм. Эхний шалгалтад онлайнаар сорилын, компьютерын шалгалт,дараа нь туршлага болон мэргэшсэн байдлыг нь үнэлэх шалгалтыг ажлын хэсгийн бүх гишүүд өөр өөрсдийн үнэлгээг өгч дүгнэн, дараагийн ажлын хэсэг бичгийн болон ярилцлагын шалгалтыг авч, бүх шалгалтын дүнг нэгтгэж гаргахад А.Тийн нийлбэр оноо А.Тээс доогуур үнэлгээгээр гарсан тул 1 дүгээр байранд орсон А.Тийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэн дэвшүүлсэн болно.

Нэхэмжлэгчээс Төрийн албаны салбар зөвлөлөөс байгуулагдсан Сонгон шалгаруулах комиссын гаргасан шалгалтын дүн шударга ёс, хууль, журамд нийцэхгүй гэж үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэл гаргаж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын  хавсралтаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам,  үнэлгээ, дүгнэлт гаргах зааврыг баталсан ба Сонгон шалгаруулах комисс тухайн журмын ямар зүйл, заалтыг зөрчиж дүн гаргасан талаар нэхэмжлэгч тодорхой тайлбарлаж чадахгүй байна, ерөнхий байдлаар шударга ёс алдагдсан гэж тайлбарлаж байна. Журмаараа оноо өгөх дээд, доод түвшинг тогтоож өгсөн байх ба уг журмаар зохицуулсан дээд, доод оноог комиссын гишүүд баримталж ажилласан. Журамд заасан дээд хэмжээнээс илүү оноо өгсөн байвал Сонгон шалгаруулах комисс журам зөрчсөн, шударга ёсыг алдагдуулсан гэж үзэхээр байсан. Нэхэмжлэгчийн зүгээс би төсөл, хөтөлбөрөө дэлгэцээр танилцуулах байсан боловч танилцуулах боломж олгоогүй гэж маргаж байгаа боловч өрсөлдөж байгаа иргэн дэлгэцээр танилцуулаагүй байгаа. Ингэж тэгш эрхийн зарчим зохих ёсоор хэрэгжиж байгаа юм. А.Тэд төсөл, хөтөлбөрийг нь дэлгэцээр танилцуулах боломж олгоогүй байхад А.Т дэлгэцээр танилцуулсан байвал шударга ёс алдагдсан гэж үзнэ. Бичгийн шалгалтад ямар нэгэн алдаа гаргаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Сонгон шалгаруулах комиссоос тушаалын төсөл боловсруулах даалгавар өгсөн байна. Нэхэмжлэгч өөрөө анзаарахгүй байж магадгүй гэхдээ түүний гаргасан зарим алдааг нэрлэж хэлье. Нэхэмжлэгчийн боловсруулсан тушаалын төслийн дээд хэсэгт “2018 оны 05  сар 04 өдөр” гэж бичсэн байна. 2018 оны гэж бичсэн бол 05 дугаар сарын гэж бичих ёстой байсан. Тушаалын дугаар тавих хэсэгт дугаар тавиагүй, “нягтлан бодогч” гэж бичсэн мөртөө, “байгууллагын нягтлан бодогч” гэж бичээгүй, “хавсралтаар” гэх байсныг “хавсралт ёсоор” гэж найруулга зүйн алдаа гаргасан байгаа. Алдаа гаргасан гэж яривал дээрх байдлаар өрсөлдөгч нарын аль алинд ч гэсэн алдаа байгаа. Харин сонгон шалгаруулах комиссын гишүүд тус тусдаа оноо өгдөг ба тэдгээрийн оноог нэгтгэхэд ийм дүн гарсан гэдгийг хэлмээр байна. Мөн нэхэмжлэгчээс төгсөлтийн шалгалтын оноог нэмж тооцоод миний голч дүн 3.12 байх ёстой гэж маргаж байна. Төгсөлтийн шалгалтын оноог голч дүн тооцоход оролцуулахгүй гэдгийг нэхэмжлэгч ойлгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Т нь сонгон шалгаруулах комисс шалгалтын материалыг дахин хянаж, хууль эрх зүйн актад үндэслэсэн, бодит байдалд нийцүүлэн, үнэн зөв шударга үнэлгээ өгч, дахин дүгнэлт гаргахыг хүсжээ. Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл байна”,  34.13-т “Зөвлөл нь орон тооны болон орон тооны бус салбар зөвлөл, ажлын албатай байна” гэж заагаад  34.2-т “Зөвлөл нь хараат бус бие даасан байгууллага” гэж тодорхойлсон. Иймд салбар зөвлөлийн үйл ажиллагаа хараат бус байх ёстой бөгөөд комиссын гишүүдийн өгсөн үнэлгээг дахин хянах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл дахин үнэлгээ хийлгэх нь салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, хараат бус байдалд халдсан үйлдэл болох юм.

Төрийн албаны салбар зөвлөлөөс байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс шалгалтыг хууль, журмын дагуу зохион байгуулж үндэслэл бүхий дүн гаргасан гэж үзээд нэр дэвшүүлэх тогтоол гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байгаа гэв.

Хариуцагч Сонгон шалгаруулах комиссын шүүхэд ирүүлсэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нуржол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Т нь Сонгон шалгаруулах комиссын  гишүүдийн  үнэлгээтэй  маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны нэг ажлын байрны  сонгон шалгаруулалтыг  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу зохион явуулсан.

Энэхүү шалгалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын захиалгаар  “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу комисс  нь Ерөнхий шаардлага /боловсрол, туршлага, мэргэшсэн байдал/, Удирдах ур чадвар /сорил, бичгийн болон мэдээллийн технологи/, Ярилцлага  /хөтөлбөр, төсөл болон өргөдөл ирүүлсэн байдал, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, өргөдлөө танилцуулах/ гэсэн ерөнхий 3, нийт 9 төрлөөр тус тусад нь ажлын хэсэг байгуулж үнэлгээ  өгсөн. Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь холбогдох хууль, журамд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хараат бусаар, хуульд заасан шаардлага,  үнэлгээ өгөх журмын хүрээнд дотоод итгэл үнэмшлээр тус тусдаа үнэлгээ өгч, хамгийн сүүлд нь нэгтгэж, нэг үнэлгээ гарч, түүнийг танилцуулсан юм. Мөн түүнчлэн шалгалтын явцыг Төрийн албаны төв зөвлөл хоёр талаас хяналтын камераар хянасан, хөндлөнгийн ажиглагчаар иргэн Алтанцэцэгийг байлцуулсан, хаалганы гадна дэлгэц байршуулсан, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба тухай бүр зөвлөгөө өгч  ажилласан зэргээс үзэхэд бид шалгалт шударга, хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Сонгон шалгаруулалтын комиссын гишүүд тус бүр дараах тайлбарыг өгч байна.

  1. Комиссын дарга:  Шүүхийн Тамгын газрын дарга  Б.Ерханат:

Миний бие тухайн сонгон шалгаруулалтын комиссын даргаар томилогдон ажилласан болно. Ерөнхий шаардлагын үнэлгээний хувьд комиссын гишүүд тус тусдаа оноо өгөөгүй, ярилцаж байгаад нэг оноо өгсөн. Боловсролын түвшингийн хувьд диплом дээр байгаа голч оноог шууд тавьсан. А.Тийн диплом дээр голч оноо тавигдсан байсан ба А.Тийн дипломд голч оноо байхгүй байсан тул голч оноо тооцох аргачлалын дагуу тооцож оноог тавьсан. Туршлагын хувьд маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хоёулаа хангасан учраас тус бүрд нь 10 оноо өгсөн. Мэргэшсэн байдлын хувьд А.Тд илүү оноо өгсөн ба илүү оноо өгсөн үндэслэл нь А.Т нь эрүүл мэндийн чиглэлийн төрөл бүрийн сургалтад хамрагдсан байсан. Харин А.Т нь зөвхөн тарваган тахал өвчний сургалтуудад ихэвчлэн хамрагдсан байсан. Ярилцлагын шалгалт, өргөдөл, төсөл хөтөлбөр бэлтгэсэн байдалд үнэлгээ өгөх ажлын хэсгийг би ахалсан ба Ө.Хуралай, М.Нуржол нар гишүүнээр орж ажилласан. Энэ шалгалтын хувьд гишүүн тус бүр оноо өгч, дараа нь нэмээд дунджийг нь гаргасан. Ярилцлагын хувьд миний бие А.Тд 0,5 оноо илүү өгсөн. Учир нь А.Т нь удирдах албан тушаалыг хашиж байсан хүний хувьд аливаа асуудлыг тайлбарлаж, ойлгуулах тал дээр илүү байсан. Төсөл, хөтөлбөр бэлтгэсэн байдлын үнэлгээний хувьд А.Тд мөн адил 0,5 оноо илүү өгсөн. Төсөл, хөтөлбөр бэлтгэсэн байдлын хувьд А.Тийн төсөл, хөтөлбөрөө боловсруулсан байдал, мөн бичиг баримт хавтаслаж ирүүлсэн байдал нь эмх цэгцтэй, мөн график ашигласан зэргээр А.Тээс арай илүү байсан юм. Өргөдөл бэлтгэж ирүүлсэн байдлын хувьд А.Тийн бичсэн өргөдөл нь уншихад гаргац муутай, тод биш байсан тул арай бага оноо өгсөн.

  1. Комиссын гишүүн:Төрийн аудитын газрын дарга М.Хуанган:

Миний бие сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан.Зоонозын өвчин судлалын төвийн даргын орон тоонд 2 хүн өрсөлдсөн.

Боловсролын түвшингийн хувьд диплом дээр байгаа голч оноо тавигдсан ба дипломд нь голч оноо тавигдаагүй тохиолдолд голч оноо тооцох аргачлалын дагуу тооцож оноог тавьсан. Туршлагын хувьд А.Т, А.Т хоёр хоёулаа тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзсэн. Гэхдээ А.Т нь мэргэжлээрээ олон жил ажилласан, А.Тийн хувьд удирдах албан тушаалыг олон жил хийсэн гэсэн тус тусын давуу талтай байсан учраас адилхан 10 оноо өгсөн. Мэргэшсэн байдлын хувьд мөн адил хоёр өрсөлдөгч хоёулаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байсан ба А.Т нь сургагч багшийн сургалтад хамрагдсан сертификаттай байсан учраас арай илүү оноо өгсөн.

Бичгийн шалгалтад үнэлгээ өгөх ажлын хэсгийг би ахалж, гишүүнээр М.Нуржол, Х.Ербол нар оролцсон ба гишүүд тус тусдаа оноо өгч, дараа нь оноогоо нийлүүлж дунджийг нь гаргаад үнэлгээг өгсөн. Тухайн бичгийн шалгалтын хувьд тушаал боловсруулах тухай даалгавар ирсэн, оролцогч нар тодорхой хугацаанд даалгаврыг биелүүлсэн. Үүний дараа Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тушаалын нийтлэг загвартай оролцогч нарын боловсруулсан тушаалыг харьцуулан үзээд найруулга, хуулийг баримталсан байдал, тушаалын үндэслэх хэсгийн агуулга зэргийг харгалзан үзээд А.Тд илүү оноо өгсөн. 

3.Комиссын гишүүн: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ербол:

Боловсролын түвшингийн хувьд диплом дээрх голч оноог тавьсан. Дипломд голч оноо тавигдаагүй тохиолдолд голч оноо тооцох аргачлалын дагуу тооцож гаргасан. Туршлагын хувьд тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хоёулаа хангаж байгаа учраас адилхан 10 гэсэн оноо өгсөн юм. Мэргэшсэн байдлын хувьд мөн адил тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу А.Т, А.Т нарын ирүүлсэн материалыг харж байгаад үнэлгээ өгсөн. Мэргэшсэн байдлын хувьд А.Тд илүү оноо өгсөн учир нь тухайн хүн хоёр удаагийн сургагч багшийн сургалтад хамрагдсан сертификаттай байсан. Бичгийн шалгалтын хувьд оролцогчдын бичгийн шалгалтын материалыг дээрээс онлайнаар ирсэн бичгийн шалгалтын хариу материалтай харьцуулан үзээд үнэлгээ өгсөн.

4. Комиссын гишүүн: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай:

 Боловсролын түвшингийн хувьд диплом дээр байгаа голч оноог тавьсан.А.Тийн диплом дээр голч оноо тавигдсан байсан ба А.Тийн дипломд голч оноо байхгүй байсан тул голч оноо тооцох аргачлалын дагуу тооцож оноог тавьсан. Туршлагын хувьд маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хоёулаа хангасан учраас тус бүрд нь 10 оноо өгсөн. Мэргэшсэн байдлын хувьд А.Тд илүү оноо өгсөн ба илүү оноо өгсөн үндэслэл нь А.Т нь эрүүл мэндийн чиглэлийн төрөл бүрийн сургалтад хамрагдсан байсан. Харин А.Т нь зөвхөн тарваган тахал өвчний сургалтуудад ихэвчлэн хамрагдсан байсан.

Төсөл, хөтөлбөр бэлтгэсэн байдлын хувьд А.Тийн төсөл, хөтөлбөрөө боловсруулсан байдал, мөн бичиг баримт хавтаслаж ирүүлсэн байдал нь эмх цэгцтэй, мөн график ашигласан зэргээр А.Тээс арай илүү байсан юм. Өргөдөл бэлтгэж ирүүлсэн байдлын хувьд А.Тийн бичсэн өргөдөл нь уншихад гаргац муутай, ойлгомжгүй байсан тулбага оноо өгсөн. Шалгалтад оролцогч нар бичсэн зүйлээ проекторт гаргаж тайлбарлах талаар шаардлага тавигдаагүй тул шаардлагагүй гэж үзсэн.

5. Комиссын гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ажилтай  М.Нуржол:

Миний бие тухайн сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргаар ажилласан. Боловсролын түвшин гэдэгт дипломын голч оноо шууд тавигддаг. Боловсролын түвшний хувьд нийт 10 цуглуулах ёстойгоос дипломын голч дүн нь 2-4 хүртэлх голч дүнг шууд тавиад бусад оноог боловсролын болон эрдмийн зэрэг хамгаалснаар нэмж тавигдана. А.Тийн дипломд голч дүн нь 2.09 гэж бичигдсэн болохоор уг дүнг шууд тавьсан байгаа. Нэхэмжлэгч А.Тийн дипломд голч оноо нь байхгүй байсан ба диплом дахь үнэлгээнүүдийг томьёонд оруулж байгаад тооцоход 3,1 гэсэн дүн гарсан юм. А.Тэд онц дүнтэй 15 хичээл, сайн дүнтэй 20 хичээл, дунд дүнтэй 10 хичээл байсан.  Судалсан хичээлүүдийг зууны нарийвчлалаар тооцоход 3.11, аравны нарийвчлалаар тооцоход 3.1 гэсэн голч дүнтэй байсан. Харин нэхэмжлэгч нь төгсөлтийн шалгалтыг голч дүн бодоход нэмж тооцсон юм шиг байна.

Туршлагын хувьд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын "үнэлгээ, дүгнэлт гаргах заавар"-ын  4.5-д заасан арга зүйн дагуу үнэлгээ өгсөн. Аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчийн судлалын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг  А.Т, А.Т хоёулаа хангаж байсан, хоёулаа гүйцэтгэх болон удирдах албан тушаал хашиж байсан, хоёулаа эрүүл мэндийн салбарт 5-аас дээш жил ажиллаж байсан учраас ижилхэн 10 оноо өгсөн. 10, 20, 30 жил ажилласан хүнд тэдэн оноо өг гэж интервал зааж тодорхойлж өгсөн журам байдаггүй учраас тэгж дүгнэсэн.

Мэргэшсэн байдлын хувьд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын "үнэлгээ , дүгнэлт гаргах заавар"-ын хавсралтын 4.8-д заасан арга зүйн дагуу үнэлгээ өгсөн. Үүнд мэргэшсэн байдлыг үнэлэхдээ их, дээд сургууль төгссөнөөс хойших хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан тухай гэрчилгээ, дипломоос гадна ажил байдлын тодорхойлолт,төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээтэй танилцаж болно гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтод эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх гэсэн шаардлага тавигдсан. Хоёулаа эрүүл мэндийн чиглэлийн маш олон сургалтад хамрагдсан ба үүнийг нотлох гэрчилгээ, сертификатууд нь байсан. А.Тд илүү оноо өгсөн учир нь А.Т сургагч багшийн сургалтад хамрагдсан байсан ба үүний дагуу тодорхой хэмжээний хичээл зааж байсан.  Мөн олон улсын төсөл хөтөлбөрт төсөл бичиж хамрагдаж, зорилтот бүлэгтэй тулж ажиллан, халдварт өвчнийг тодорхой хэмжээгээр бууруулж ажилласан талаар тодорхой дурдсан байсан Ингээд ерөнхий шаардлагын үнэлгээг комисс бүгдээрээ сууж байгаад дээрх аргачлалын дагуу үнэлэхэд А.Т 18.1 оноо, А.Т 20.09 оноо авсан байгаа.

Бичгийн ур чадварын шалгалтын талаар: Үнэлгээг үндэслэл хэсэг болон бусад гэсэн 2 хувааж үнэлсэн. Оролцогч нарын тодорхой хугацаанд даалгаврыг биелүүлсэн байдлыг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тушаалын нийтлэг загвартай харьцуулан үзээд найруулга, хуулийг баримталсан байдал, тушаалын үндэслэх хэсгийн агуулга зэргийг харгалзан үзээд оноо өгсөн байгаа. Алдаануудыг Төрийн албаны салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах ярьсан ба үүнтэй санал нэг байна. Ингээд 3 хүний дунджаар А.Т 5.3, А.Т 8.3 оноо авсан байна.

Хөтөлбөр, төсөл бэлдсэн байдлын талаар: Нийтдээ 5 хүртэл оноо өгөх ёстой ба ярилцлагын шалгалт, өргөдөл, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдалд үнэлгээ өгөх ажлын хэсгийн ахлагчаар Б.Ерханат, гишүүнээр Ө.Хуралай, М.Нуржол би ажилласан байгаа. Дээрх шалгалтын хувьд гишүүд тус тусдаа үнэлгээ өгч, нэмж дунджийг гаргаж, оноог нь тавьсан. А.Т 4.5, А.Т 5 оноо авсан байна. А.Тийн төсөл, хөтөлбөр бэлтгэж ирүүлсэн байдал А.Тээс тааруу байсан.

Өргөдөл ирүүлсэн байдлын талаар: Энэ хэсэгт мөн 5 хүртэл оноо өгөх ёстой ба гишүүдийн онооны дунджаар А.Т 4.83, А.Т 5 оноо авсан байна.

 Бэлтгэж ирүүлсэн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулан 15 хүртэл оноо авах ёстой. Үүнд А.Тийн хувьд өөрийнхөө бичиж ирсэн төсөл хөтөлбөрөө хамгаалж, тайлбарлаж байгаа байдал нь А.Тээс хамаагүй илүү байсан учраас илүү оноо өгсөн юм. Харин А.Т нь бэлтгэж ирсэн материалаа харж уншсан байдалтайгаар тайлбарласан юм. Өмнөх өдөр зааварчилгаа өгөхдөө бичсэн зүйлээ проекторт гарга гэсэн зааварчилгаа өгөөгүй, журамд ч байхгүй тул шууд хамгаалуулсан болно. Нэхэмжлэгч А.Т  төсөл, хөтөлбөр танилцуулахдаа ерөнхийдөө тухайн байгууллагын түүхийг яриад байсан ба энэ нь аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс ч гэсэн тодорхой харагдаж байгаа.  Ингээд ярилцлагын шалгалтаас А.Т 21.27, А.Т 22.5 оноо авсан байна. Харин нэхэмжлэгчийн хэлж байгаа Сонгон шалгаруулалтын комисс ямар нэгэн нөлөөлөлд автсан гэх тайлбарт санал нийлэхгүй байгаа. Бид нар шалгалт авч байгаа өрөөнд өглөө ирснээс хойш орой хүртэл гараагүй, хэн нэгний зүй бус нөлөөлөлд автсан зүйл байхгүй болно. Нэхэмжлэгч А.Тэд өрсөлдөгчийн шалгалтын материалыг үзүүлэхгүй байсан нь үнэн. Учир нь  өрсөлдөгчийн шалгалтын материалыг нөгөө өрсөлдөгчид үзүүлж хянуулна гэсэн журам байхгүй байгаа. Иймд сонгон шалгаруулалтын комисс нь холбогдох хууль, журмын  дагуу шалгалтыг зохион байгуулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын даргын шүүхэд ирүүлсэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нуржайнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Зоонозын өвчин судлалын төвийн даргыг ажилд томилж ,чөлөөлдөг.

Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь тус газрын захиалгын дагуу Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажлын байранд“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалт явуулан, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд А.Тийн нэрийг дэвшүүлсний дагуу Эрүүл мэндийн газрын даргын эрх хэмжээний хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар А.Тийг ажилд томилох тухай шийдвэр гарсан.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох боломжгүй байна  гэв.

Гуравдагч этгээд А.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Т Сонгон шалгаруулах комиссын шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд бус комиссын гишүүдийн үнэлгээ өгсөн хэсэгт маргаж байгаа юм байна. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “шалгалт шударга бус явагдсан, шалгалтын комисс хэт нэг талыг барьсан” гэж тайлбарлажээ.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалт явуулсан. Миний бие Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагуудыг бүрэн хангаж байсан учраас холбогдох материалуудаа бүрдүүлж зохих газарт нь өгч, улмаар шалгалт өгч, эхний байранд орж тэнцсэнээр маргаан бүхий актын дагуу томилогдон ажиллаж байна.Аймаг болгоноос нэг л хүн хамрагдах Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулиас явуулсан сургалтад би аймгийг төлөөлөн оролцож бэлтгэгдэн сургагч багшийн сертификат авч, аймгийн хэмжээнд томоохон сургалт зохион байгуулж байсан. Орон нутгийн төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран санхүүжилт босгож бодит ажил санаачилж, халдварт шар өвчнийг 48 хувиар бууруулж чадсан. Миний томоохон ажил зохион байгуулсныг маань Сонгон шалгаруулах комисс үнэлсэнд талархаж байна. Нэхэмжлэгч тухайн байгууллагад 19-20 жил ажилласан гэж ажилласан жилээ их ярьж байгаа. Гэхдээ тухайн байгууллагад 19 жил ажиллахад санаачлан хэрэгжүүлсэн ажил байгаагүй, үзүүлэх сургалтын үед Эрүүл мэндийн яамнаас манай Үндэсний төвийн захирал Цогбадрах ирэх үедээ манай байгууллагын лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, А.Тийн ажил байдалтай танилцаж ёстой сэтгэлгүй, ажилдаа хайхрамжгүй ханддаг юм байна гэсэн дүгнэлтийг өгөөд явсан.  Бичгийн шалгалтаас гаргасан миний алдааг хэлсэн ба би алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Авах ёстой байсан 10 онооноос 8.3 оноог авсан. Гэтэл нэхэмжлэгч өөрийгөө ямар нэгэн алдаа гаргаагүй гэж маргаж байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах сая нэхэмжлэгчийн гаргасан алдааг хэлж өгсөн.  Тийм учраас нэхэмжлэгчийн шударга бус, үндэслэлгүй оноо тавьсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Бид хоёрын бэлтгэж ирүүлсэн төсөл, хөтөлбөртэй комисс урьдчилсан байдлаар танилцсан бөгөөд өрсөлдөгчийн төсөл, хөтөлбөр нь маш их бүдэг байсан. Дээрээс нь байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр гэдгийг ерөнхийдөө ойлгоогүй, байгууллагын түүхийг бичсэн байсан. Төсөл гэдэг нь тодорхой зорилготой, уг зорилгоо хэрэгжүүлж үр дүн гардаг ажил төлөвлөсөн бичиг баримт болохоос биш байгууллагын түүхийг бичсэн төсөл, хөтөлбөрийг байгууллагыг хөгжүүлэхээр зорилт тавсан бичиг баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Байгууллагын логог асуудал болгон гаргаж ирсэн боловч шалгалтад байгууллагын логоны талаар ямар нэгэн шаардлага тавиагүй, түүнд оноо өгөөгүй, хасаагүй ба би төсөл, хөтөлбөрийн нүүр хэсэгт байрлуулсан логог хэвлэлийн алдаа гэж өмнөх шүүх хуралдаанд хэлсэн болно.  Шалгалт зохион байгуулах комиссоос ямар нэгэн байдлаар хэн нэгний огноог үндэслэлгүйгээр бууруулах, хасах эсхүл нэмэх зэрэг хууль бус асуудал гаргаагүй бөгөөд гагцхүү  “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын  дагуу шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулсан байсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч анх 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байдаг. Ингэхдээ шалгалтын комиссын нэгдсэн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгах, томилгоотой холбоотой эрхийн актуудыг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргаад уг шаардлагыг 5-6 үндэслэлээр тайлбарлаж байна.

Тодруулбал ажлын байрны тодорхойлолт анхнаасаа буруу боловсруулагдсан, Сонгон шалгаруулах  комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хүнийг оролцуулахгүйгээр мэргэжлийн бус, мэдлэг нь дутмаг хүмүүсийг оруулсан, Төрийн албаны төв зөвлөлөөс оролцож байгаа Цэдэндамба гэдэг хүний саналыг харгалзсан эсэх нь эргэлзээтэй байна, төсөл, хөтөлбөрт байгаа алдаа дутагдлыг харгалзан үзээгүй, Эрүүл мэндийн яам болон Үндэсний төвөөс ирүүлсэн чиглэлийг харгалзан үзээгүй гэдэг байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцэж байна. Үүнд холбогдуулан өмгөөлөгчийн хувьд дараах дүгнэлтийг хэлмээр байна.

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоог нөхөх  захиалгыг аймгийн Эрүүл мэндийн газраас Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд  хүргүүлсэн нь хэргийн 87 дугаар хуудаст авагдсан баримтаар нотлогдож байна. Уг захиалга хүргүүлсэн албан бичигт маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтыг хавсаргаж өгсөн байх бөгөөд хуульд зааснаар ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогч өөрөө баталдаг. Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтын “тавигдах шаардлага”-д мэргэшлийн хувьд эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх, туршлагын хувьд эрүүл мэндийн салбарт аливаа түвшний удирдах албан тушаалтан хийж байсан гэсэн шаардлага тавигдсан байна. Энэхүү ажлын байрны тодорхойлолтод хэн ч маргаагүй, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Гуравдагч этгээд А.Тийн хувьд маш олон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байсан. Үүний зарим мэргэжил дээшлүүлсэн, мэргэшсэн талаарх баримтуудыг авч үзвэл сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан ба гуравдагч этгээдийн энэ байдлыг давуу тал болгож үзсэн гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Түүнээс биш нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль аль нь мэргэжлээрээ маш олон сургалтад хамрагдсан, тухайн салбарт ажилласан гэж хэлж байгаа.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн бичилтээс үзэхэд  эдгээр өрсөлдөгч нарын аль аль нь төрийн болон хувийн хэвшил, бусад аж ахуйн нэгжид 5-аас дээш жил ажилласан, маргаан бүхий ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. 7 жил ажилласан уу, 19 жил ажилласан уу, 30 жил ажилласан уу гэдэг нь туршлагын үнэлгээнд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн албан бичигт дурдагдсан үндэслэлээс үзэхэд бэлтгэж ирүүлсэн төсөл, хөтөлбөрийг дэлгэцээр тавих гэсэн боловч тийм боломжоор хангаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс төсөл, хөтөлбөрийг заавал дэлгэцээр тайлбарлах ёстой байсан гэж үзэж байвал энэ талаар үндэслэлээ хууль, журмын дагуу нотлох баримтын хүрээнд тайлбарлах ёстой. “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу үнэлгээ хийгдэх ёстой юм. Маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад дээрх журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч А.Т нь Сонгон шалгаруулах комисст мэдлэг дутмаг хүмүүс оролцсон гэж үзэж байгаа бол энэ талаар нотлох баримтыг гаргаж ирээд дээрх журамд заасан үндэслэлээр тайлбарлах ёстой гэж харж байна.

“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7 дах хэсэгт сонгон шалгаруулалтын дүн гаргах ажиллагааг, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 4 дэх хэсэгт шалгалтын үнэлгээний талаар тус тус зохицуулсан байна. Хэрэгт авагдсан шалгалтын нэгдсэн үнэлгээнд шалгуулагч нарт өгөх онооны дээд хэмжээг заагаад өгсөн ба Сонгон шалгаруулах комиссын гишүүдийн аль аль нь эндээс давсан дүн тавьж хууль, журам зөрчсөн үйлдэл гаргасан нь харагдахгүй байгаа. Харин нэхэмжлэгчийн хувьд ерөнхий үнэлгээний “боловсрол” гэсэн хэсэгт өгсөн үнэлгээнд маргаж байна. Дээрх зааврын 4.7 дэх хэсэгт “Дээд боловсролын дипломын голч дүнгээр 2.0-4.0 хүртэл оноо, боловсролын болон эрдмийн зэрэгт 2, 4, 6 гэсэн оноог өмнөх голч дүнгийн оноонд нэмж тооцно” гэж заасан ба зууны нарийвчлал гэж энэ дээр байхгүй байгаа. Гэтэл зууны нарийвчлал гэдгийг нэхэмжлэгч хаанаас гаргаж ирээд тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн мэргэжлийн дипломын хавсралтаас үзэхэд, “А” үнэлгээ 15, “В” үнэлгээ 22, “С” үнэлгээ 10, нийлбэр дүнгээр 47, 15-ыг 4-өөр үржүүлэхэд 60, 22-ыг 3-аар үржүүлэхэд 66, 10-ыг 2-оор үржүүлэхэд 20, нийт дүн нь 146 гарч байгаа ба 146-д 47-г хуваахад, 3.106 гарч байна. Үүнийг хураахдаа 3.11, эсхүл 3.1 гэж ярьдаг. Ингээд 3.1 гэж үнэлгээний хуудаст тавигдсан нь үндэслэлтэй гэж харж байна.

Бичгийн шалгалтын хувьд, А.Тд 8.3, А.Тэд 5.3 оноо өгсөн. Төрийн албаны зөвлөлөөс 6 үзүүлэлтээр бичгийн шалгалтыг үнэлэхээр чиглэл ирүүлсэн байдаг. Тушаал боловсруулах үед оролцогч нарын аль аль нь алдаа гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гуравдагч этгээдийн хувьд үсгийн алдаа гаргасан нь үнэн, үүнийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн гаргасан алдааг бас хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгчийг тушаал боловсруулахдаа стандартыг баримтлаагүй байгаа нь оноо хасах үндэслэл болсон гэж тайлбарлаж байна. Тийм учраас Сонгон шалгаруулах комисс нь аль аль талын алдааг харгалзан үзээд зохих оноо өгсөн гэж би хувьдаа дүгнэж байна.

Хамгийн сүүлд байгууллагыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг танилцуулах шалгалт авагдсан. Энэ дээр ч гэсэн хоёр оролцогч адилхан оноо авсан гэж харж байна. Уг шалгалтын талаар Сонгон шалгаруулах комиссын гишүүн М.Нуржол тайлбарлахдаа оролцогч нарын илтгэх чадвар, манлайлах ур чадвар, хандлага зэргийг авч үзэж дүгнэсэн гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тийм оноо авах ёстой байсан гэж тодорхой дүнг үндэслэн маргаагүй  тул уг шалгалтын дүнг ямар хэлбэрээр зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой бус болж байна. Хариуцагч М.Нуржолын нэхэмжлэгч уншсан байдалтай төсөл, хөтөлбөрийг танилцуулсан, ингэхдээ байгууллагын түүхийг яриад байсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч төсөл, хөтөлбөрийг хангалттай танилцуулж чадаагүй байсан гэж үзэхээр байна.

Эдгээрээс дүгнэж яривал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудал шийдэгдэх ёстой. Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолын Зоонозын өвчин судлалын даргын сул орон тоонд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан мөртөө нэгдсэн үнэлгээний сорилтын шалгалт, мэдээллийн технологийн ур чадвар, өргөдөл ирүүлсэн хэсэг дээр маргахгүй байгаа гэж тайлбарлаж байна. Тэгвэл тогтоолыг яаж хүчингүй болгох юм вэ, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө буруу байна, энэхүү шаардлагаар тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж харж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж чадаагүй, түүний өмгөөлөгч нар ч гэсэн хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байгаа. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэх тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А.Тийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар томилсон тушаал гаргасан. Сонгон шалгаруулах комиссоос гаргасан нэгдсэн үнэлгээ хүчингүй болсноор үүнийг улбаалан гарсан дараагийн эрхийн актууд хүчингүй болох  ёстой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж байна. Гэхдээ нэгдсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэхгүй байгаа учраас эрх зүйн актууд хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар  баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын  2.1-т “Удирдах албан тушаалд томилогдох  ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт  Салбар зөвлөлд ...ирүүлнэ”,  2.2-т “Удирдах албан тушаалд томилогдох  ажилтны ажлын байрны тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байх бөгөөд тухайн албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг,хүлээх хариуцлага болон дор дурдсан шалгуурыг хангасан байдлыг тусгасан байна: тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролын  түвшин, мэргэжил, ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар”, 3.1-т “Салбар зөвлөл... сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй  хоногийн өмнө тухайн албан тушаалын сул орон тоог хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ”, 3.2-т “Мэдээлэлд ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал  .. заана” гэж тус тус зохицуулжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын  харьяа Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Алтынай нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнөөр уг  сул орон тоог сонгон шалгаруулах журмаар нөхөх тухай захиалгыг  Эрүүл мэндийн газрын даргаас Төрийн албаны зөвлөлийн  тус аймаг дахь салбар зөвлөлд  2018 оны 01 дүгээр сарын 24-ний  өдөр ирүүлсэн. Үүний  дагуу аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр  уг сул орон тоо болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын таван сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  эдгээр албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан байна. Улмаар дээрх журмын 4.1-д  зааснаар аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 31 дүгээр тогтоолоор уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, нэхэмжлэгч А.Т, гуравдагч этгээд А.Т нар нь  холбогдох баримт бичгийг бүрдүүлснээр 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан  аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад  орсон болох нь тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргахгүй байна.

“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 6.1-д зааснаар сонгон шалгаруулалтыг боловсролын түвшин, туршлага, мэргэшсэн байдал, сорилын шалгалт, бичгийн шалгалт, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал, өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдөл ирүүлсэн байдал, ярилцлагын шалгалт гэсэн хэлбэрээр зохион байгуулахаар, 6.2-т зааснаар комисс нь  уг 9 төрлийн  шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу үнэлж, 4.4 дэх хэсгийн 3-т зааснаар сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэж, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт гаргахаар тус тус зохицуулжээ.

Энэхүү журмын дагуу  Сонгон шалгаруулах комиссоос 9 төрлийн шалгаруулалт зохион байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалтын тайлан, дүнг гаргасан байх ба үүний 7 дугаар хавсралт болох “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”–ний хуудаст[2]  тусгаснаар нэхэмжлэгч А.Т нь боловсролын түвшин- 3.1 оноо, туршлага -10 оноо, мэргэшсэн байдал -5 оноо, сорилын шалгалт -15.5 оноо, бичгийн шалгалт -5.3 оноо, мэдээллийн технологийн ур чадвар -9 оноо,  хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал-4.5 оноо, өргөдөл ирүүлсэн байдал -4.83 оноо, ярилцлагын шалгалт -11.93 оноо, нийт 69.17  оноо авсан,  гуравдагч этгээд А.Т нь боловсролын түвшин- 2.09 оноо, туршлага -10 оноо, мэргэшсэн байдал -8 оноо, сорилын шалгалт -16.5 оноо, бичгийн шалгалт -8.3 оноо, мэдээллийн технологийн ур чадвар -3 оноо,   хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал -5 оноо, өргөдөл ирүүлсэн байдал -5 оноо, ярилцлагын шалгалт -12.50 оноо, нийт 70.39 оноо авсан байна.

Улмаар Сонгон шалгаруулах комиссоос 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” 01 дүгээр тогтоол[3] гаргасан, тогтоолын 1 дэх заалтаар сонгон шалгаруулалтад  тэнцсэн иргэдийг онооны дарааллаар байр эзлүүлэн жагсааж хавсралтаар нэрсийг нь баталжээ. Уг хавсралтад зааснаар А.Т 70.39 оноогоор 1 дүгээр байр, А.Т 69.17 оноогоор 2 дугаар байранд орсон, тогтоолын 2 дахь заалтаар өрсөлдсөн албан тушаалын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан А.Тийг Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн байх ба мөн энэ талаар  Д/06 дугаартай  дүгнэлт[4] гаргасан байна.

 Энэхүү тогтоол, дүгнэлтийг үндэслэн дээрх журмын 8.1.3-т зааснаар Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор[5] А.Тийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий  этгээдэд хүргүүлснээр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга журмын 8.2-т зааснаар    2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар[6]  түүнийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар томилсон  байна. 

Нэхэмжлэгч А.Т нь Сонгон  шалгаруулах комиссын гаргасан сонгон шалгаруулалтын дүнг зөвшөөрөхгүй, тодруулбал сорилын, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн болон өргөдөл ирүүлсэн байдлын шалгалтад өгсөн үнэлгээнээс бусад шалгалтын үнэлгээг хууль бус гэж маргаж, сонгон шалгаруулалтын дүн болон түүнийг үндэслэн гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, үүнтэй холбогдуулан шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба  шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагын дараах  үндэслэлээр зарим хэсгийг  хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг.Сонгон шалгаруулах комиссын гаргасан сонгон шалгаруулалтын дүнгийн  А.Т, А.Т нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтад өгсөн үнэлгээний хэсгийг  хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь  хуульд өөрөөр заагаагүй бол  тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан.

Аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны  захиалгыг тус газрын даргаас  аймаг дахь Салбар зөвлөлд ажлын байрны тодорхойлолтын хамт  хүргүүлсэн байх ба уг ажлын байрны тодорхойлолт[7] болон тухайн сул орон тооны талаар Төрийн  албаны зөвлөлөөс нийтэд мэдээлсэн мэдээлэлд[8]   мэргэшлийн хувьд  эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх гэсэн шаардлага тавигдсан байна.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 271 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Зоонозын өвчин судлалын төвийн дүрэм”-ийн 1.1-т “Зоонозын өвчин судлалын төв нь аймаг, нийслэлийн хэмжээнд байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний чиглэлээр  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх,  бусад холбогдох мэргэжлийн байгууллагатай  хамтран ажиллах чиг үүрэг бүхий  эрүүл мэндийн байгууллага” гэж заасан ба  2.2-т зааснаар  төвийн дарга нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байхаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[9] гуравдагч этгээд А.Т нь  эрүүл мэндийн чиглэлийн сургалтууд, үүний дотор 2015 онд “Анхан шатны тусламж үйлчилгээний багцад үзүүлэх эмнэл зүйн удирдамж”-ийн сургагч багш бэлтгэх сургалт, 2014 онд ”Хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох-Орон нутгийн сургагч багш”-ийн сургалтад хамрагдсан, гуравдагч этгээд  А.Т нь эрүүл мэндийн чиглэлийн сургалтууд, үүний дотор байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний чиглэлээр сургалтад хамрагдаж, 2014 онд “Талбарын тархвар судлал” сургалтын хөтөлбөрийг дүүргэснээр төрөлжсөн нарийн мэргэшлийн гэрчилгээ, 2012 онд  “Биоаюулгүй байдал: Тархвар судлал болон нян судлалын гоц аюулт өвчин. Халдварт  нянтай аюулгүй ажиллагаа”–ны эмчийн мэргэжил дээшлүүлэх курсыг төгссөн, 1999 онд “Тарваган тахлыг эсэргүүцэх байгууллага болон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын гоц аюулт халдварт өвчний эмч”-ийн  мэргэшүүлэх сургалтад хамрагдаж гоц аюулт халдварт өвчний чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх авсан  болох нь тус тус тогтоогдож байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч А.Т  болон гуравдагч этгээд А.Т нар нь эрүүл мэндийн чиглэлээр олон сургалтад хамрагдсан, өөрөөр хэлбэл тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшлийн хувьд тавигдах шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь мэргэшлийн шаардлагыг А.Т, А.Т нар нь хангаж байгаа  болохыг хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн болно.

Мөн Сонгон шалгаруулах комисс нь туршлагын шалгалтад өгсөн үнэлгээний талаар “аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын  ажлын байрны тодорхойлолтод заасан “эрүүл мэндийн салбарт аливаа түвшний удирдах ажил хийж байсан, эрүүл мэндийн салбарт 5-аас дээш жил ажилласан байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд  хоёулаа хангаж байгаа тул   10 оноо өгсөн, А.Т  8 жил, А.Т 18 жил ажилласан байгаа  боловч энэ нь илүү оноо өгөх үндэслэл болохгүй” гэж тайлбарласан.

Гэтэл Зоонозын өвчин судлалын төвийн дүрэмд заасан “төвийн дарга нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх” гэсэн шаардлага маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй  хэдий ч нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангасан байдлыг харгалзан үнэлээгүй мөртөө сургагч багшийн сургалтад хамрагдсан гэсэн үндэслэлээр буюу ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй зүйлийг үндэслэж гуравдагч этгээдэд илүү оноо өгсөн, мөн туршлага болон мэргэшсэн байдлын  шаардлагыг  хоёр оролцогчийн аль аль нь хангасан гэж үзсэн боловч дээрх байдлаар ялгаатай үнэлсэн нь үндэслэлгүй, бодит байдалд тохироогүй,  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай нийцэхгүй  байна гэж үзлээ.  

2. Төрийн албаны зөвлөлийн мэргэшлийн шалгалтын төв комиссоос “Үр дүнгийн  гэрээний мөнгөн урамшуулал олгох тухай”  тушаалын төсөл боловсруулах  сэдвээр бичгийн ур чадварын шалгалт авахаар баталж, мөн шалгалтын ажлыг гүйцэтгэсэн байдлыг сэдвийн агуулгыг хэрхэн тодорхойлж шийдвэрийн төсөлд тусгасан байдал, шийдвэрийн төслийн хэлбэрийн бүрдүүлбэр, зөв бичгийн дүрэм, найруулга зүй, холбогдох хууль тогтоомжоос иш татсан байдал, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хэрэгжүүлсэн байдал гэсэн 6  төрлийн шаардлага, шалгуурыг харгалзан дүгнэхээр тогтоож, уг тушаалын төслийг ирүүлсэн[10]   байна.

Хариуцагч Сонгон шалгаруулах комиссоос “бичгийн шалгалтын хувьд мэргэшлийн шалгалтын төв комиссоос ирүүлсэн шалгуурыг харгалзан үзээд гуравдагч этгээд А.Тд илүү оноо өгсөн” гэсэн тайлбар ирүүлсэн боловч гуравдагч этгээд А.Тийн бичгийн шалгалтын ажлын гүйцэтгэл нь  аль шалгуураар хэрхэн илүү байсан, ямар үндэслэлээр илүү оноо өгснөө тодорхой тайлбарлаагүй, харин шүүх хуралдаанд Сонгон шалгаруулах комиссын гишүүн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс   “А.Тийн бичсэн тушаал нь хэмжээний хувьд архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангаагүй” гэсэн  тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.Т болон гуравдагч этгээд А.Т нарын бичгийн шалгалтын материалаас[11] үзэхэд шийдвэрийн төслийн хэлбэрийн бүрдүүлбэрийн хувьд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн  бичсэн тушаал нь ижил төстэй, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хэрэгжүүлсэн байдлын хувьд аль аль нь Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”–ын 2.2.4-т заасан бичвэрийн талбайн хэмжээний шаардлагыг хангаагүй байна. Сэдвийн агуулгыг хэрхэн тодорхойлж шийдвэрийн төсөлд тусгасан байдлын хувьд нэхэмжлэгч болон  гуравдагч этгээдийн тушаал нь  ижил төстэй боловч  Мэргэшлийн шалгалтын төв комиссоос ирүүлсэн тушаалын төсөлтэй харьцуулж үзэхэд сэдвийн  агуулгыг бүрэн дүүрэн тусгаагүй байх ба найруулга зүйн хувьд хоёулаа алдаатай бичсэн гэх хэргийн оролцогчдын тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Харин холбогдох хууль тогтоомжоос иш татсан байдлын хувьд гуравдагч этгээд хууль тогтоомжийг хэрэглэх дарааллыг зөрчсөн, мөн “Зоонозын өвчин судлалын төсвийн үр дүнгийн урамшуулал олгох журам” гэж байхгүй журмыг үндэслэл болгосон, зөв бичгийн дүрмийн хувьд гуравдагч этгээд  алдаа гаргасан болох нь тогтоогдож байгаа ба гуравдагч этгээд уг алдаагаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.  Гэтэл хоёр оролцогчийн  бичгийн шалгалтыг гүйцэтгэсэн байдал дээрх байдалтай байхад гуравдагч этгээд А.Тд 8,3 оноо буюу “сайн” гэсэн үнэлгээ өгсөн мөртөө  нэхэмжлэгч А.Тэд 5,3 оноо буюу “хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтад өгсөн Сонгон шалгаруулах комиссын үнэлгээ нь үндэслэлгүй,бодит байдалд нийцээгүй, шударга ёс, тэгш байдал, иргэд хуульд заасан болзол, журмын дагуу  төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн төрийн албан тушаал эрхлэхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх  тул  Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн  үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний  А.Т, А.Т нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн А.Т, А.Т нарын мэргэшсэн байдлын онооны хэсэг, “Удирдах ур чадвар”  гэсэн хэсгийн А.Т, А.Т нарын бичгийн  шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2 дах заалтын “70,39 оноотой тэнцсэн А.Тийг аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн  даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн” хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлтийг  тус тус  хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр. Сонгон шалгаруулах комиссын гаргасан сонгон шалгаруулалтын дүнгийн  А.Т, А.Т нарын туршлага, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал, ярилцлагын шалгалт,  А.Тийн боловсролын түвшинд өгсөн үнэлгээний хэсгийг  тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Гуравдагч этгээд А.Тийн боловсролын түвшинд зууны нарийвчлалтай оноо өгсөн мөртөө миний боловсролын дипломын голч дүн 3,12 байхад аравны нарийвчлалаар тооцож 3,1 гэсэн оноо өгсөн гэж нэхэмжлэгчээс маргаж, өөрийн боловсролын түвшинд өгсөн үнэлгээ буюу дүнг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[12] гуравдагч этгээд А.Тийн бакалаврын дипломд сургалтын голч дүн 2,09 гэж тусгагдсан, харин нэхэмжлэгч А.Тийн бакалаврын дипломд сургалтын голч дүн тусгагдаагүй болох нь тогтоогдсон ба голч дүн тооцох аргачлалын дагуу А.Тийн  бакалаврын дипломын сургалтын дүнг  тооцоход төгсөлтийн шалгалтын дүнг оруулбал 3.12, оруулахгүй  бол 3.10   гэсэн голч дүн гарч байна.

 “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”–ын 4.6,4.7-д тус тус зааснаар боловсролын түвшинд бакалаврын болон түүнтэй адилтгах боловсролын дипломын голч дүнгээр 2.0-4.0  хүртэл оноо өгч үнэлэхээр зохицуулсан байх тул Сонгон шалгаруулах комиссын нэхэмжлэгч А.Тийн боловсролын түвшинд 3.1 оноо буюу аравны нарийвчлалтай оноо өгсөн нь үндэслэлтэй бөгөөд дээрх заавартай нийцсэн байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс  аймгийн Зоонозын өвчин судлалын төвд лабораторийн тасгийн эрхлэгч, их эмч, зоонозын болон халдварт өвчний лаборатори, тархвар судлалын чиглэлээр  салбартаа тасралтгүй 19 дэх жилдээ  ажиллаж байгаа туршлагыг минь  өрсөлдөгчийн  өрхийн эмнэлэгт 8 жил ажилласан туршлагатай зэрэгцүүлж адил оноо өгсөн, бидэнд ялгавартай оноо өгөх  байсан гэж маргасан байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас тус аймаг дахь Салбар зөвлөлд захиалгын хамт хүргүүлсэн Зоонозын өвчин судлалын төвийн даргын  ажлын байрны тодорхойлолтод  туршлагын хувьд “эрүүл мэндийн салбарт аливаа түвшний удирдах ажил хийж байсан, эрүүл мэндийн салбарт 5-аас дээш жил ажилласан байх” гэсэн шаардлагыг заажээ.

Энэхүү шаардлагыг нэхэмжлэгч А.Т, гуравдагч этгээд А.Т нар хангаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[13] тогтоогдсон, нэхэмжлэгч тухайн салбарт 19 жил ажилласнаараа  ажлын байрны тодорхойлолтод заасан туршлагын шаардлагыг илүү хангаж байна гэж дүгнэх боломжгүй тул Сонгон шалгаруулах комиссоос томилох эрх бүхий этгээдээс тогтоосон шаардлагыг хангаж байна гэж үзээд  нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд 10 оноо өгч үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.

3. Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, өргөдлөө танилцуулахаар бэлдсэн илтгэлийг дэлгэцээр танилцуулах боломж олгоогүй нь ярилцлагын шалгалтад бага оноо өгөх үндэслэл болсон, мөн төсөл, хөтөлбөрийг бэлтгэхдээ 23 зорилт тавьж хэрэгжүүлэхээр тусгасан, гуравдагч этгээдийн хувьд 3 төрлийн үндэслэлийг хэрэгжүүлэхээр тусгасан зэрэг агуулгын хувьд ялгаатай байгаа боловч гуравдагч этгээдэд илт давуу байдал олгож түүнд 5 оноо, надад 4.5 оноо өгсөн нь шударга бус болсон гэж нэхэмжлэгчээс маргасан.

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн  даргын сул орон тоог нийтэд мэдээлсэн мэдээллийн[14] “Гурав.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний бүрдүүлэх материал” гэсэн хэсэгт “сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /битүүмжилсэн байна/”-ийг ирүүлэхээр, “Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа” гэсэн хэсэгт ярилцлагын шалгалтыг хөтөлбөр, төслийн танилцуулга хийх хэлбэрээр авахаар тус тус заажээ. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг битүүмжилсэн байдлаар бичгийн хэлбэрээр ирүүлэхээр заасан, мөн ярилцлагын шалгалтын хувьд өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн чадавхийн талаарх тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл болон байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн танилцуулгыг презентаци хэлбэрээр бэлдэж, дэлгэцээр харуулан тайлбарлах  шаардлага тавигдаагүй байна.

Ярилцлагын шалгалтад гуравдагч этгээд А.Т нь эхэлж ороод өргөдөл болон хөтөлбөр, төслийн танилцуулгаа хийсэн, үүний дараа нэхэмжлэгч А.Т орж танилцуулгаа дэлгэцээр харуулан хийх талаар  санал гаргасан  нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[15] тогтоогдож байна. Гэхдээ дээр дурдсанчлан танилцуулгыг дэлгэцээр харуулан хийх шаардлага тавигдаагүй байгаагаас гадна эхний оролцогч А.Т нь танилцуулгаа шууд ярьж тайлбарласан байхад дараагийн оролцогчид дэлгэц ашиглан танилцуулах боломж олгох нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймээс өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн чадавхийн талаарх тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл болон хөтөлбөр, төслийн танилцуулгыг  хийхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд  хугацаа болон хэлбэрийн хувьд  адил боломж олгосон байх тул  “дэлгэцээр танилцуулах боломж олгоогүй тул бага оноо авсан”  гэх  нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.

Хөтөлбөр, төсөл бэлтгэсэн  байдлын хувьд нэхэмжлэгчид 4.5 оноо, гуравдагч этгээдэд 5 оноо өгсөн байх ба Сонгон шалгаруулах комиссоос  гуравдагч этгээдийн төсөл, хөтөлбөрөө боловсруулсан, хавтаслаж ирүүлсэн байдал нь эмх цэгцтэй байсан гэсэн үндэслэлээр 0.5 оноо илүү өгснийг бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон[16], нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдалд  үнэлгээ өгөхдөө адил тэгш хандаагүй,  гуравдагч этгээдэд илт давуу байдал олгосон гэх  үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд Сонгон шалгаруулах комиссын сонгон шалгаруулалтын дүнгийн А.Т, А.Т нарын туршлага, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулга, А.Тийн боловсролын түвшинд өгсөн үнэлгээний хэсгийг  хууль бус гэж үзэх  үндэслэлгүй байх тул  Сонгон шалгаруулах комиссын  2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт  “Төрийн  үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний А.Тийн боловсролын түвшингийн онооны хэсэг,  А.Т, А.Т нарын туршлага, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулгын онооны  хэсгийг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн А.Тийн  боловсролын түвшингийн онооны хэсэг, А.Т, А.Т нарын туршлагын онооны хэсэг, “Ярилцлага” гэсэн А.Т, А.Т нарын хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулгын онооны хэсгийг тус тус  хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгон шалгаруулах комиссын сонгон шалгаруулалтын дүнгийн нэхэмжлэгч А.Т, гуравдагч этгээд А.Т нарын мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтад өгсөн үнэлгээний хэсэг болон нийт онооны хэсгийг хүчингүй болгосон тул сонгон шалгаруулалтын дүнгийн талаарх  Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  01 дүгээр тогтоол, Д/06 дугаар дүгнэлтийг үндэслэн гаргасан аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Нэр дэвшүүлсэн тухай” 01 дүгээр тогтоол, уг тогтоолыг  үндэслэж гарсан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар “А.Тийг ажилд томилсон тухай”  тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Мөн нэхэмжлэгч А.Т нь сорилын шалгалт,  мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт,  өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдөл ирүүлсэн байдлын шалгалтын үнэлгээний талаар маргаагүй, боловсролын түвшин, туршлага, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулгын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн, харин А.Т болон А.Тийн мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтад өгсөн оноо буюу үнэлгээг, улмаар нийт оноог хүчингүй болгосон тул А.Т, А.Т нарын  эдгээр шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст, Сонгон шалгаруулах комиссын шийдвэр, дүгнэлтэд үндэслэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд,Салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн  Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны томилгооны талаар тушаал гаргахыг  Эрүүл мэндийн газрын даргад тус тус даалгах  үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн  үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний  А.Т, А.Т нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  01 дүгээр “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний  албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн А.Тийн 20.09, А.Тийн 18,1 онооны мэргэшсэн байдлын онооны хэсэг, “Удирдах ур чадвар”  гэсэн хэсгийн А.Тийн 27.8 , А.Тийн 29.8  онооны бичгийн  шалгалтын онооны хэсэг, А.Т, А.Т нарын нийт онооны хэсэг,2 дах заалтын “70,39 оноотой тэнцсэн А.Тийг аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн  даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн” хэсэг,  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлт,

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоол,

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг тус тус  хүчингүй  тус тус хүчингүй болгож,

А.Т, А.Т нарын  шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахыг Сонгон шалгаруулах комисст, Сонгон шалгаруулах комиссын шийдвэр, дүгнэлтэд үндэслэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд, Салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн  Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тооны томилгооны талаар тушаал гаргахыг  Эрүүл мэндийн газрын даргад тус тус даалгаж,

Нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох

Сонгон шалгаруулах комиссын   2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт  “Төрийн  үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний А.Тийн боловсролын түвшингийн онооны хэсэг,  А.Т, А.Т нарын туршлага, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр,төслийн танилцуулгын онооны  хэсгийг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн А.Тийн 18.1 онооны боловсролын түвшин, туршлагын онооны хэсэг, А.Тийн 20.09 онооны туршлагын онооны хэсэг, ”Ярилцлага” гэсэн хэсгийн А.Тийн 21.27 онооны  хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн танилцуулгын онооны хэсэг, А.Тийн 22.5 онооны хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдлын болон өргөдөл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн танилцуулгын онооны хэсгийг тус тус хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЕРКЕШ

 


[1]Хэргийн 86-96,98,99-183-р хуудас

[2]Хэргийн 233-р хуудас

[3]Хэргийн 185-186-р хуудас

[4]Хэргийн 127-128-р хуудас/2 дугаар хавтас/

[5]Хэргийн 6-р хуудас

[6]Хэргийн 72-р хуудас /2 дугаар хавтас/

[7]Хэргийн 89-91-р хуудас

[8]Хэргийн 92-96-р хуудас

[9]Хэргийн 117-131,154-166-р хуудас

[10]Хэргийн 8-10-р хуудас/2 дугаар хавтас/

[11]Хэргийн 236-р хуудас

[12]Хэргийн 113-114,152-153-р хуудас

[13]Хэргийн 7-10,105-110,145-150-р хуудас

[14]Хэргийн 92-94-р хуудас

[15]Хэргийн 40-46-р хуудас /2 дугаар хавтас/

[16] Хэргийн 132-141-р хуудас