Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00612

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/003284 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б, Б.Г нарын хариуцагч Л С Л ХХК, АТҮТ ТӨААТҮГ-т тус тус холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 90-90 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.Бын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ланд стар ложистик ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр, хариуцагч Ланд стар ложистик ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: А.Бын өмч болох 90-90 УНБ улсын дугаартай, Мерседес Бенз Эс-350 маркийн автомашиныг 2017 оны 12 сарын 27-ны өдрийн В/251 дугаартай Л С Л ХХК-ийн албан бичгээр уг компанийн өмчлөлд бүртгэсэн. Тус компани нь тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг фидуцийн гэрээ байгуулах нэрээр аваад буцаан өгөөгүй. Дээр дурдсан албан бичигт зээлийн гэрээний дагуу тус компанийн өмчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг АТҮТд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нарын хэн аль нь уг компанитай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй юм.

Иймд Л С Л ХХК болон С.Чинбат нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан 90-90 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн Л С Л ХХК болон А.Б нарын хооронд байгуулсан аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 90-90 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг А.Бын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг АТҮТ ТӨААТҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л С Л ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ямар шаардлагыг хэнд холбогдуулан гаргаж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байх бөгөөд хэдэн шаардлагыг шүүхэд гаргасан нь мөн тодорхойгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 181/ШЗ2019/05197 дугаар захирамжаар А.Б, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу аливаа хэлцэл хоёр этгээдийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн байх шаардлагатай. А.Бын хүсэл зоригийн үндсэн дээр Л С Л ХХК болон иргэн С.Чинбат нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт түүний эзэмшлийн автомашиныг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасны дагуу АТҮТ өмчлөх эрхийг хууль ёсны дагуу тус компанид шилжүүлсэн. 2012 онд батлагдсан Авто тээврийн хэрэгсэл шилжүүлэх, бүртгэх журамд өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж, бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасны дагуу уг маягтад А.Б өөрийн биеэр ирж гарын үсэг зурснаар шилжүүлэг хийгдсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч АТҮТ ТӨААТҮГ хариу тайлбартаа: Тээврийн хэрэгслийн өмчлөгч шилжүүлсэн бүртгэл хуульд заасан журмын дагуу хийгдсэн. Уг маргааны хүрээнд шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байгаа. Нэхэмжлэгч А.Б нь 90-90 УНБ улсын дугаартай автомашиныг эзэмшин ашигласаар байх тул тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжсэнийг мэдээгүй байх үндэслэлгүй болно. А.Бын тухайд өөрийн биеэр ирж, дээрх бүртгэлд гарын үсэг зурж баталгаажуулан тээврийн хэрэгслээ шилжүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Л С Л ХХК болон А.Б нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг шилжүүлсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 90-90 УНБ улсын дугаартай Мерседес бенз S-350 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг А.Б /рд:ЧО72062973/-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг АТҮТ ТӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Гүнсмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л С Л ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бт буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л С Л ХХК давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт ...хариуцагч Л С Л ХХК ямар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашины өмчлөгч А.Бын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй... гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/03021 дугаар шийдвэр /хх 57/ болон тээврийн хэрэгслийн маягт /хх 11/, Л С Л ХХК-ийн АТҮТд гаргасан албан бичиг /хх 4/ зэргээр нэхэмжлэгч А.Б нь өөрийн автомашиныг Л С Л ХХК болон иргэн С.Чинбат нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хүсэл зоригийн үндсэн дээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт биечлэн очиж шилжүүлсэн болох нь нотлогдоно.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3 дахь хэсэгт заасны дагуу Л С Л ХХК болон иргэн С.Чинбат нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 90-90 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн Л С Л ХХК болон иргэн А.Б нарын хооронд байгуулагдсан хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл гэж үзнэ. А.Бын хувьд автомашиныг өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа, Л С Л ХХК-ийн эзэмшилд шилжүүлээгүй тул автомашин буюу хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлээгүй гэж үзэх ба хуульд зааснаар бодит үйлдлээр буюу тусгайлсан журмын дагуу нэр шилжсэн болохоос Л С Л ХХК нь захиран зарцуулах боломжгүй тул нэхэмжлэгчийн өмчлөх эрх хөндөгдсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэнэ.

Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу болон дүрс бичлэгийг буулгасан CD хүргүүлж байгаа бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй холбоотойгоор гаргаж буй гомдлын үндэслэл гэж үзэж байна. СD-нд авагдсан бичлэгт ... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Л С Л компанийн нэр дээр бүртгэлтэй 90-90 УНБ улсын дугаартай Мерседес Бенз Эс-350 маркийн автомашиныг А.Бын нэр рүү шилжүүлж, шилжүүлэн бүртгэхийг АТҮТд даалгаж байна..., ...Энэ нь 492.1.1-т заасан талуудын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг дуусгавар болсон нөхцөл байдал байна үндэслэлгүйгээр бичиг баримтыг машины эзэмшил Ланд стар дээр яваад гэж үзээд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна... гэж шүүгч хэлсэн нь бичигдсэн байгаа. Ийнхүү шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн болно.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч А.Б, Б.Г нар нь хариуцагч Л С Л ХХК-д холбогдуулан 90-90 УНБ улсын дугаартай Мерседес Бенз Эс-350 маркийн автомашин, 00-80 УБЕ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн автомашин тус бүрийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тэдгээрийг нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэхийг АТҮТ ТӨААТҮГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 1/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Г нь 00-80 УБЕ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн автомашинд холбогдох шаардлагаас татгалзсан /хх 86/, улмаар нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хариуцагч АТҮТ ТӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар тодорхойлж, хариуцагч Л С Л ХХК нарт тус тус холбогдуулан 90-90 УНБ улсын дугаартай Мерседес Бенз Эс-350 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг А.Бын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 29-30, 130, 131, 144-145/

 

Хэрэгт авагдсан Л С Л ХХК-ийн албан бичиг /хх 4/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх 11/, өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 15/, зээлийн гэрээ /хх 52/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/03021 дугаар шийдвэр /хх 56-59/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 137 дугаар магадлал /хх 53-55/ зэрэг бичгийн нотлох баримтаар иргэн С.Чинбат нь Л С Л ХХК-аас 160,000,000 төгрөг зээлэн авсан, иргэн А.Б 90-90 УНБ улсын дугаартай Мерседес Бенз Эс-350 маркийн тээврийн хэрэгслийг Л С Л ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөх тухай маягтад гарын үсэг зурсан, Ланд стар ложистик ХХК-ийн зүгээс АТҮТ ТӨААТҮГ-т хүсэлт гаргасан, улмаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээ Ланд стар ложистик ХХК-ийн нэр дээр шилжсэн үйл баримт тус тус тогтоогдож байх ба эдгээр үйл баримт 2017 оны 12 сарын 27-ны өдөр болсон байна.

 

Дээрх баримтууд, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч А.Б болон хариуцагч Л С Л ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүхийн дээрх хэлцлийг хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар фидуцийн гэрээг бичгээр хийхээр зохицуулсан. Гэтэл хэлцэл хийгч талууд ийнхүү ямар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхийг харилцан тохиролцсон, талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлсон, үүрэг зөрчигдсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг тусгасан бичгийн баримт буюу фидуцийн гэрээг бичгээр үйлдээгүй байна.

 

Иймд зохигчдыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасны дагуу бичгээр хэлцэл хийсэн гэж үзэхгүй тул тэдгээрийн хооронд хийгдсэн тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус, улмаар 56.5 дахь хэсэгт заасны дагуу талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүргийг хүлээнэ.

 

Дээрх хэлцлийн дагуу Л С Л ХХК-ийн зүгээс А.Бт шилжүүлсэн зүйл үгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зохицуулалт нэхэмжлэгч А.Бт үүрэг үүсгэхгүй, харин А.Бын зүгээс 90-90 УНБ улсын дугаартай Мерседес Бенз ЭС-350 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Л С Л ХХК-д шилжүүлсэн учир хариуцагч Ланд стар ложистик ХХК нь уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг А.Бт буцаан шилжүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч АТҮТ ТӨААТҮГ нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийхдээ шилжүүлснийг нотлох бусад баримт буюу шилжүүлэх үндэслэл болсон гэрээ, хэлцэл /худалдах, худалдан авах, бэлэглэх, фидуци г.м/ байгаа эсэхийг хүсэлт гаргагч нараас лавлах, шаардан гаргуулах ажиллагааг хийгээгүй нь тухайн үед мөрдөгдөж байсан Зам тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 3.3.1-д заасан зохицуулалтад нийцээгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин тогтоох хэсгийн 1 дэх заалтад талуудын маргаанд хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг нэмж үүнтэй холбогдуулан найруулгын өөрчлөлт оруулан, хариуцагч Л С Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Давж заалдах гомдолд хавсаргасан CD бичлэгийн тухайд, шүүгч шийдвэрийнхээ үндэслэл болгосон хуулийн зүйл, заалтыг танилцуулснаас өөрөөр шийдвэрт бичсэн болох нь тогтоогдож байх боловч энэхүү зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул уг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/003284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар А.Баас 90-90 УНБ улсын дугаартай Мерседес Бенз Эс-350 маркийн тээврийн хэрэгслийг Л С Л ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар дээрх тээврийн хэрэгслийг А.Бын өмчлөлд буцаан шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч А.Бт гаргаж өгөхийг хариуцагч Л С Л ХХК-д, 9090 УНБ улсын дугаартай Мерседес Бенз Эс-350 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Бын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг хариуцагч АТҮТ ТӨҮГ-т тус тус даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Л С Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л С Л ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР