Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00642

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00289 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.О-гийн хариуцагч “Сан-Эрчим” ХХК-д холбогдуулан гаргасан 1,000 ширхэг тулаас төмрийн үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэшигсүрэнжав, түүний өмгөөлөгч Р.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2015 оны 05 сарын 25-ны өдөр 15/2501 дугаартай, “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “Сан-Эрчим” ХХК нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.О-гийн үйлчилгээтэй 60 айлын орон сууцны барилгын ажлын каркас угсралтын ажлын 1-8 давхрыг хийж гүйцэтгэсэн. Ажлын үр дүнг 2019 оны 07 сарын 05-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу хүлээн авсан. “Сан-Эрчим” ХХК нэхэмжлэгчээс 1,000 ширхэг барилгын тулаас төмөр авч дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус тулаас төмрийг гүйцэтгэгч байгууллагын инженер Ц.Дэшигсүрэнжав, даамал н.Давааням, захиалагч талыг төлөөлөх туслах ажилтан н.Жавхлан нар тоолж хүлээлцсэн. Бидний хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.В-д барилга угсралтын ажилд хэрэглэсэн материал тоног төхөөрөмжийг гүйцэтгэгчид шилжүүлж зохих үнэлгээгээр гэрээний үнийн дүнгээс хасна гэж тохиролцсон.  Гэвч “Сан-Эрчим” ХХК нь өнөөдрийг хүртэл уг барилгын ажилд ашигласан нэхэмжлэгчийн 1,000 ширхэг барилгын тулаас төмрийг өмчлөгчид шилжүүлэхгүй байгаа тул 1 бүрийн үнийг 20,000 төгрөгөөр тооцон, нийт 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 459 дугаар шийдвэрээр “Сан-Эрчим” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Т.О-д холбогдох хэрэгт 2 тал харилцан эвлэрсэн тул ямар нэгэн байдлаар давж заалдах эрхгүй гэж заасан байна. Шүүх хуралдааны явцад энэ тулаас төмрийн асуудал яригдаж, “Сан-Эрчим” ХХК нь 27,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, шүүх эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар хариуцагч “Сан-Эрчим” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь 1,000 ширхэг тулаас төмрийг БНХАУ-аас импортлон оруулж ирсэн гэж мэдүүлдэг. Шүүхийн зүгээс холбогдох гаалийн бүрдүүлэлт, баримтыг, мөн “Майнд бридж” ХХК, “Мөнх арвижих” ХХК-уудаас тулаас төмөр /сапуд/-ийн үнийг баримталсан үнэлгээний эх сурвалж болсон баримтыг гаргуулахаар захирамжилсан. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс “гаалийн бүрдүүлэлтэд сапуд гэж тусгагдаагүй, учир нь кг жингээр тооцон, татвар хураамжаа төлж оруулж ирсэн” гэх үндэслэлгүй тайлбарыг гаргаж нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн өмчлөлд 1,000 ширхэг тулаас төмөр анхнаасаа байсан эсэх нь гаалийн бүрдүүлэлт болон бусад баримтаар нотлогдохгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан гэрч О.Жавхлан, Ж.Цогмандах, Ш.Бурмаа нарын мэдүүлгийг буруу үнэлсэн. О.Жавхлангийн 2020 оны 06 сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг, 2021 оны 01 сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Гэрч Ж.Цогмандахын гэрчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг гэрчилсэн зүйл огт байхгүй. Гэрч Ш.Бурмаагийн мэдүүлэг түүний салсан нөхөр өмнө нь “Сан-Эрчим” ХХК -ийн даамлаар ажиллаж байсан н.Даваанямын тайлбараас зөрүүтэй байдаг. Түүнчлэн эд хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ёстой бөгөөд 2015 оны эд хөрөнгийг 2021 оны эд хөрөнгийн ханштай харьцуулах замаар үнэлгээ тогтоосон нь хуульд нийцэхгүй. “Хэв хашмал” ХХК-аас ирүүлсэн үнийн саналтай баримтын тухайд уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс өгсөн баримт биш. Хариуцагч талаас тулаас төмрийн үнэлгээг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасаар байтал шүүх “хариуцагч тулаас төмрийг аваагүй гэж маргадаг боловч нэг тулаас төмрийн үнэ 20,000 төгрөг гэдэгтэй маргадаггүй болно” хэмээн буруу дүгнэсэн байдаг.  Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж чадаагүйн улмаас бидний аваагүй зүйлийг авсан мэтээр дүгнэн, 20,000,000 төгрөгийн өрөнд оруулж, шударга ёсонд үл нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна. ­

 

Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч “Сан-Эрчим” ХХК-д холбогдуулан барилгын ажилд авч ашигласан 1,000 ширхэг тулаас төмөр /сапуд/-ийг буцаан өгөөгүй тул түүний үнэ болох 20,000,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч талууд энэ асуудлаар өмнө нь шүүхэд маргасан ба нэхэмжлэгч нь тулаас төмрийн үнийг хамааруулан 27,280,000 төгрөгийн шаардлагаас татгалзсанаар зохигчид эвлэрсэн гэх үндэслэл зааж  маргажээ. /хх1-2, 33/

 

Талуудын 2015 оны 05 сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Сан-Эрчим” ХХК нь иргэн Т.О-гийн захиалгаар барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн, улмаар ажил гүйцэтгэгч “С.Э” ХХК захиалагч Т.О-гээс ажлын хөлс 37,280,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан боловч 27,280,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 10,000,000 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрсэн үйл баримт хэрэгт авагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /хх 10-13/, фото зургийн хуулбар /хх 5-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00459 дугаар захирамж /хх 30-32/, холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл /хх 28-29/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдожээ.

 

Харин ажил гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагчаас 1,000 ширхэг тулаас төмөр авч ашигласан эсэх, ашигласан бол буцаан өгсөн эсэх, тулаас төмрийг нийт 20,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээний харилцаа үүссэн буюу ажил гүйцэтгэх гэрээнээс гадна түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэх, ажил гүйцэтгэх явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн тулаас төмрийг авч ашигласан эсэх, түүнийг буцаан өгөх үүрэгтэй эсэх талаар зохигчид маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргийг хэргийн оролцогч хүлээдэг.

 

Анхан шатны шүүх талуудын бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан буюу бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...Мөн уг 1,000 ширхэг тулаас төмрийн үнэд дээрх шүүх хуралдааны үеэр “Сан-Эрчим” ХХК 27,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан болно...” /хх 33/, “...Мөн тэр хурал дээр энэ тулаас төмрийн асуудал яригдаж, манайх 27,000,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ асуудлыг эвлэрлийн хүрээнд шийдвэрлэсэн...” /хх 42/ гэсэн удаа дараагийн тайлбараас үзэхэд хариуцагч “Сан-Эрчим” ХХК нь нэхэмжлэгчээс 1,000 ширхэг тулаас төмөр авч ашигласан боловч буцааж өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагч талын дээрх тайлбар нь “нэхэмжлэгчээс авч ашигласан 1,000 ширхэг тулаас төмрийг буцааж өгөөгүй учир түүний үнэ гэж 27,000,000 төгрөгийг ажлын хөлснөөс суутган тооцож, үлдэх дүнгээр эвлэрсэн” агуулгыг илэрхийлжээ.

 

Иймд тулаас төмөр авч ашигласан эсэх талаарх гэрч О. Жавхлан, Ж.Цогмандах нарын шүүхэд өгсөн мэдүүлэг ач холбогдолгүй, энэ талаарх давж заалдах гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан тайлбаруудын агуулга /хх 33, 42/ өөр хоорондоо зөрчилтэй, өмнөх тайлбараа үгүйсгэсэн /хх 55, 121/ байх боловч тухайн үед хариуцагч байгууллагад инженерээр ажиллаж байсан, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Ц.Дэшигсүрэнжавын анх гаргаж байсан тайлбарыг /хх 33, 42/ илүү үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

“Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн В.-д заасан “...барилга угсралтын ажилд хэрэглэгдсэн зарим материал тоног төхөөрөмж гүйцэтгэгчид шилжүүлж зохих үнэлгээгээр гэрээний үнийн дүнгээс хасна” гэсэн зохицуулалтыг /хх 10/ өмнө нь зохигчдын маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбартай /хх 30-32/ харьцуулан үзвэл “Сан-Эрчим” ХХК-ийн өмнө нь татгалзсан 27,280,000 төгрөгийг Т.О-гийн одоогийн нэхэмжилж буй тулаас төмрийн үнэ гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал тулаас төмрийн үнийг нэхэмжлэгчээс авах ёстой ажлын хөлснөөсөө суутган тооцсон буюу Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан шаардлага бүхий үүргийг хооронд нь тооцсоноор үүрэг дуусгавар болжээ.

 

Нэгэнт үүрэг дуусгавар болсон байх тул хэргийн 115, 116, 138, 141 дэх талд авагдсан тулаас төмрийн үнийн талаарх баримтууд ач холбогдолгүй, тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Т.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00289 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Сан-Эрчим” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Сан-Эрчим” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 03 сарын 03-ны өдөр төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА

                                             

ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР