Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0686

 

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар221/МА2017/0686

Улаанбаатар хот

    Э.У-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч Э.У, түүний өмгөөлөгч Ц.Эн, гуравдагч этгээд Ж.Г, түүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0548 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.У-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0548 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.У-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г-д олгосон 390 м.кв газраас Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 14-р байрны зүүн талд байрлах гараашийн доорх 20 м.кв газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-р байрны зүүн талд байрлах өв залгамжлалаар авсан 20 м.кв талбай бүхий газрыг Э.У-ын нэр дээр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.У-ын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г-д олгосон 390 м.кв газраас дугуй засварын газар байрлах 20 м.кв газрыг давхардуулан олгосон хэсгийг болон орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн 18-р хороo 13-р хороолол, 14-р байрны зүүн талд байрлах 20 м.кв газрыг өв залгамжлалаar эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталжээ.

Гуравдагч этгээд Ж.Г давж заалдах гомдолдоо: “ …хавтас хэрэгт авагдсан эрүүл мэндийн байдлын бичиг баримт хуулийн шаардлага хангаагүй, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн ярьсан зүйлүүд зөрүүтэй, мөн зөвхөн нэхэмжлэгч талын өөрийнх нь мэдүүлснээр нэг талыг баримтлан тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн түүнчлэн газар хүссэн өргөдөл, тухайн өргөдлийг шийдвэрлэсэн Засаг даргын захирамж 2006 онд гарч 2008 онд гэрээ хийсэн байх тул 2008 оноос хойш 5 жилийн хугацааг тоолж улсаас зөвшөөрөлгүй 2 жил газар эзэмших эрхийг нь шүүх олгож өгч байгаад гомдолтой байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх иргэн Н.Энхбаярын 40 м.кв газар бүхий гараашийг хэзээ хэдээр худалдаж авсан талаар хариуцагч, гуравдагч этгээд маргадаггүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс мэдээж нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж 20 м.кв талбайн гэрчилгээг гаргуулсан өөрөөр хэлбэл инженерийн шугам сүлжээ бүхий газрыг газрын тухай хуулиар Нийслэлийн Засаг дарга олгох ёстой байтал дүүргийн Засаг даргын захирамжтай талаараа шүүх хуралдаан дээр удаа дараа хэлж тайлбарлаж байсан.

Шүүх гуравдагч этгээдэд газар олгохдоо гараашийг эзэмшиж буй этгээдэд урьдчилан мэдэгдэж, газар дээр очиж үзлэг хийгээгүй байна гэж нэг талыг барьж шийдвэрлэсэн нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  

өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Э.У давж заалдах гомдолдоо: “ … Нэхэмжлэгч Э.У миний аав Н.Э-ын газар эзэмших эрх 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон байна. Талуудын байгуулсан гэрээний 5.5 дахь заалт гэрээний загвар заалт гэжээ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.1-д заасны дагуу Дүүргийн Засаг даргаас олгосон эрхийн дагуу дүүргийн Газрын алба нь газар эзэмших гэрээний 5.5 дахь заалт болох Талуудаас гэрээг цуцлах санал гаргаагүй бол 1 жилийн хугацаагаар сунгагдахаар тохиролцож гэрээ байгуулсан.

Шүүхээс хоёр тал харилцан тохиролцож байгуулсан гэрээг гэрээний загвар заалт гэж 1 жилийн хугацааг хасч тооцож буй нь.хууль зүйн үндэслэлгүй юм.Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан нийтлэг бүрэн эрхээр гэрээний хугацааг тогтоох эрх олгоогүй тухайн хуульд хугацааг тухайлан зааж өгсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар энэ хуулийн 15-60 жилийн хугацаанд гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр Н.Энхбаяр нь газар эзэмших эрхтэй. Газрын тухай хуулиар газар эзэмших анхны хугацааг 15 жил гэж тогтоож өгсөн. Н.Энхбаяр нь газар эзэмших эрхийн үндэслэл болсон газар эзэмших гэрээг 2008 оны 03 дугаар сарын 11-нд байгуулж эзэмшиж ирсэн. Миний аав Н.Энхбаяр Газрын тухай хуулийн 37дугаар зүйлийн 37 1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт гаргаагүй гэж үзэх боломжгүй. Учир нь Газар эзэмших эрхийн хугацаа 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд өвчний улмаас хугацаа сунгах хүсэлтээ гаргаж чадаагүй юм. Аав минь 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэнэт тархинд нь цус харвалтын улмаас орчиндоо харьцаж чадахгүй болж эрүүл мэндийн байдал муу байсаар 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Э.У би 2015 оны 10 дугаар сарын 30-нд өв залгамжлах эрхээ нээлгэж газар дээрх дугуй засварыг өнөөдөр хүртэл ажиллуулж байна. Дүүргийн газрын албанаас 2017 он хүртэл газрын төлбөрөө авсаар байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Ж.Г-д газар эзэмшүүлснээс болж Э.У-т хугацааг сунгасан гэрээ, гэрчилгээ бичгийн хэлбэрээр гаргах боломжгүй талаар гэрч мэдүүлсэн. Дээрх байдлаас үзвэл Баянзүрх дүүргийн 18-р хороо 13 дугаар хороолол 14-р байрны зүүн талд байрлах өв залгамжлалаар авсан 20 м.кв талбай бүхий газрын Э.У-ын нэр дээр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.У-ын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Миний бие Баянзүрх дүүргийн 18-р хороо 13 дугаар хороолол 14-р байрны 16 тоотод оршин суугч бөгөөд өөрийнх нь амьдардаг өрөө нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ маргаж буй газар луу хардаг.

Гэнэтийн осол, галын аюул тохиолдвол гарааш байрны суурь хооронд байрлах зайгаар онцгой байдал, түргэн тусламж нь тусламжаа үзүүлдэг. Тухайн хэсэг рүү зөвхөн тэр хэсгээр орох боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг зөрчиж Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, бусдын эзэмшилтэй давхцуулан төрийн байгууллага болон Ж.Г нар эзэмшихээр болж 2012 оны А/119 дүгээр захирамж гарсан байдаг.

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 548 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г-д олгосон 390м2 газраас Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14-р байрны зүүн талд байрлах өв залгамжлалаар авсан 20 м.кв талбай бүхий газрыг Э.У-ын нэр дээр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.У-ын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г-д олгосон хэсгийг болон орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны зүүн талд 20 м.кв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй тул түүний нэр дээр газар эзэмших эрхийг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын А/119 дүгээр захирамжаар Ж.Г-д олгосон 390 мкв газраас дугуй засварын газар байрлах нийт 40 м.кв газрыг давхардуулан олгосон болон орон сууцны хооронд байрлах галын орц, гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгч Э.У-ын аав Н.Э нь Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/863 дугаар албан бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу баригдсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны зүүн талд 30 автомашины тоосгон гараашаас 2 гараашийг худалдан авч, нэг гараашийн доорх 20 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 125 дугаар захирамжаар газар эзэмших хугацаа сунгасны дагуу 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ, 000000 дугаар гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 15-нд нас барж, хүү Э.У нь уг газар эзэмших эрхийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авчээ.

Харин нөгөө гарааш байрлаж байгаа 20 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч 1996 оноос хойш худалдан авсан гараашийн барилгаа ашиглаж, дугуй засварын газар ажиллуулсаар байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд зэргээр тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ж.Г-д 390 м.кв газар эзэмшүүлэхдээ 1996 онд баригдсан тухайн гараашууд байрлаж байгаа газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Гуравдагч этгээд Ж.Г 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтдээ “... Хавдар судлалын баруун урд үзүүрт өмнө нь котейнер, төмөр гарааш байрлаж байгаад “Хашаа” арга хэмжээний үед чөлөөлөгдсөн газар дээр үйлчилгээний барилга барих хүсэлтэй байгаа тул газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж дурдсан байх боловч уг гараашууд өнөөдрийг хүртэл тухайн газар дээр байрлаж байгаагаас үзэхэд тухайн үед газар нь чөлөөлөгдөөгүй байжээ.

Мөн тухайн газрын эзэмшигч Н.Энхбаярын газар эзэмших эрхийн гэрээнд заасан 5 жилийн хугацаа 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусахаас өмнө давхцуулан Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчиж Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 дүгээр захирамжаар Ж.Г-д эзэмшүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй учир Н.Энхбаярын газар эзэмших эрх нь дуусгавар болсон, улсаас зөвшөөрөлгүй 2 жил газар эзэмших эрхийг шүүхээс тогтоосонд гомдолтой” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн боловч нөгөө гарааш байрлаж байгаа 20 м.кв газрын тухайд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсний дагуу барилга барихдаа Барилгын болон Хот байгуулалтын тухай хуулиудад заасанд нийцүүлэн барих ёстой тул А/119 дүгээр захирамжийг галын аюулгүй байдлын холбогдох журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хэдийгээр нэхэмжлэгч тухайн гараашийн доорх газрын эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй боловч дээр дурдсанаар анхнаасаа төрийн захиргааны эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй баригдаж, оршин суугч Н.Энхбаярын худалдан авсан хөрөнгө тухайн газар дээр байрлаж байхад газрыг чөлөөлөхгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ж.Г-д олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг мөн адил зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн уг гараашийн барилгын талаар бусад этгээд өнөөдрийг хүртэл маргаагүй, нэхэмжлэгч нь уг 2 гараашид аавынхаа явуулж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэн дугуй засварын газар ажиллуулан ашигласаар байгаагаас үзвэл Н.Э-ыг худалдаж авсныг үгүйсгэхгүйгээс гадна энэ нь Ж.Г-д Газрын тухай хуулийг зөрчиж бусдын тоосгон гарааш байрлаж байгаа газрыг давхцуулан газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх  үндэслэл болохгүй. 

Шүүхийн шийдвэрт дурдсан хотын өнгө үзэмж, галын аюулгүй байдлын асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх эрх нь эрх бүхий этгээдэд байгаа боловч гагцхүү 1996 оноос хойш захиргааны байгууллагын зөвшөөрлөөр баригдсан бусдын тоосгон гарааш байрладаг, үйлчилгээ явуулж байгаа газрыг уг гараашийн өмчлөгчтэй тохиролцох, зохих журмын дагуу хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр шууд бусдад давхцуулан эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлгүй. Уг хууль бус шийдвэрийн улмаас тухайн хөрөнгө эзэмшигч, өмлөгчийн эрх зөрчигдсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин хэрэгт авагдсан Өвлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх бөгөөд  нэхэмжлэлийн “... газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байхад уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах үр дагаварт хүргэсэн нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан нь буруу байх тул зөвтгөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0548 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2-д заасныг баримтлан Э.У-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн Ж.Г-д 390 м.кв эзэмшүүлснээс Э.У-ын /эцэг Н.Э агсан/ гарааш байрлаж байгаа 40 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өв залгамжлан авсан 20 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн баталгаажуулах, нөгөө 20 м.кв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Э.У-ын гаргасан “ газрыг өв залгамжлах эрхтэйг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч Э.Уаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гарган буцаан олгож, гуравдагч этгээд Ж.Г-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ