Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00715

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/00646 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б-ийн хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ж.Б- нь 2019 оны 01 сарын 25-ны өдөр Д.Б-тай зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй 4,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг хэсэгчлэн өдөр бүр 75,000 төгрөгөөр нийт 60 хоногийн хугацаанд зээлдүүлэгчийн дансанд шилжүүлж байхаар харилцан тохиролцсон. Улмаар 2019 оны 02 сарын 19-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй харилцан тохиролцож түүний данс руу шилжүүлсэн байдаг.

Д.Б- нь 2019 оны 01 сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 сарын 19-ний өдөр буюу 2 дахь зээлийн гэрээ байгуулах өдөр хүртэл нэхэмжлэгчийн данс руу нийт 22 удаагийн шилжүүлгээр 1,532,000 төгрөг шилжүүлсэн. Харин гэрээ байгуулж, нотариатаар батлуулахгүйгээр надаас 2019 оны 03 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 20-ны өдөр 30,000 төгрөг, 2019 оны 05 сарын 30-ны өдөр 3,030,000 төгрөг, 2019 оны 06 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 02-ны өдөр 5,600,000 төгрөг, 2019 оны 07 сарын 15-ны өдөр 17,000 төгрөг, 2019 оны 09 сарын 03-ны өдөр 10,000 төгрөг, нийт 14,687,000 төгрөгийг зээлж авсан.

2019 оны 02 сарын 19-ний өдөр 2 дахь зээлийн гэрээ байгуулснаас хойш Д.Б- нэхэмжлэгчийн данс руу 120 удаагийн шилжүүлгээр нийт 22,610,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 01 сарын 25-ны өдөр, 2019 оны 02 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11,000,000 төгрөг, хүү 2,030,000 төгрөг, нийт 13,030,000 төгрөгийг зээлдэгч Д.Б- нь төлсөн болно.

Иймд зээлдэгч Д.Б-гаас нийт 27,717,000 төгрөг авахаас түүний төлсөн 24,142,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,575,000 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талууд 2 удаа зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй авснаас үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгасан байдаг. Мөн 2019 оны 03 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 30-ны өдөр 3,030,000 төгрөг, 2019 оны 06 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 9,030,000 төгрөг авсан боловч эргүүлэн төлж дуусгасан, нэхэмжлэгч 3,575,000 төгрөг гаргуулахаар шаардахдаа юуг үндэслэж ийм мөнгө гаргуулах гээд байгаа нь тодорхой бус байна. Сая нэхэмжлэгч нь 675,000 төгрөг авсан, хослол 300,000 төгрөгөөр тооцож авсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж өгсөн мөнгөө тооцоход 780,000 төгрөг дутуу байгааг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3-д зааснаар хариуцагч Д.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 1,377,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-т олгож, үлдэх 1,523,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 1,377,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 36,982 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны талуудын тайлбар мэдүүлгийг бүрэн гүйцэт үнэлэхгүйгээр депозит дансны хуулганы орлого, зарлагыг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбараа бичгээр шүүхэд өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх энэ энэ үүргийг биелүүлэх талаар ямар нэг бодитой арга хэмжээ аваагүй болно. Шүүх хуульд заасан журмын дагуу хариуцагчийг хариу тайлбараа өгөхийг шаардаагүй нь тодорхой байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ж.Б- нь хариуцагч Д.Б-тай 2019 оны 01 сарын 25-ны өдөр зээлийн гэрээний байгуулж 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 4,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, улмаар 2019 оны 02 сарын 19-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаар мэдүүлсэн. Энэ үйл баримтад хариуцагч тал маргадаггүй, нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн депозит дансны хуулгаар нотлогддог. Мөн нэхэмжлэгч тал нь дээрх 2 зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Б-гаас нийт 13,030,000 төгрөгийг бүрэн гүйцэт авсан гэж мэдүүлдэг. Энэ үйл баримтыг нотлохын тулд шүүхэд дээрх 2 зээлийн гэрээг нотлох баримтаар өгч үнэлүүлсэн билээ.

Харин 2 зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Д.Б- нь гэрээ байгуулж, нотариатаар батлуулахгүйгээр нэхэмжлэгч Ж.Б-ээс дансаар нийт 14,687,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэ 14,687,000 төгрөгөөс төлөөгүй 3,575,000 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр хариуцагч Д.Б-гаас 2 удаагийн зээлийн гэрээний дагуу хүү, үндсэн төлбөр нийт 13,030,000 төгрөг, болон хүүгүй зээлсэн 14,687,000 төгрөг, нийт 27,717,000 төгрөг авах ёстой байснаас хариуцагч Д.Б-гийн нийт төлсөн 24,142,000 төгрөгийг хасаад үлдэх 3,575,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан билээ.

Гэвч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ж.Б-ийн 5057612161 тоот дансанд 22,340,000 төгрөгийн орлого орж, 23,170,000 төгрөгийн зарлага гарж, орлого зарлагын зөрүү 1,377,000 төгрөг байна гэж тусгажээ. Үүнээс харахад 2019 оны 01 сарын 25-ны өдөр хариуцагч Д.Б-тай зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдлыг харгалзаж үзэхгүйгээр зөвхөн орлого, зарлагыг нь депозит дансны хуулганаас хараад дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, мэдүүлгийг харгалзаагүй байна гэж үзэж байна. Хариуцагч Д.Б- нь анх 4,000,000 төгрөгийг Ж.Б-ээс зээлж аваад гэрээний үүргээ бодитойгоор биелүүлж, зээлийн эргэн төлөлтөө дансаар шилжүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Мөн хариуцагч нь 4,000,000 төгрөгийг авсан талаар огт маргадаггүй билээ. Мөн хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан гар бичмэл баримтад 675,000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгч Ж.Б- хүлээн авсан талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. Тэгэхээр анх хариуцагч Д.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт шаардсан 3,575,000 төгрөгөөс 675,000 төгрөгийг хасаад үлдэх 2,900,000 төгрөгийг хариуцагч Д.Б-гаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Учир нь 2,900,000 төгрөгт ямар нэгэн хүү, алданги тооцогдоогүй, зөвхөн зээлсэн мөнгөнийхөө үлдэгдлийг л гаргуулахаар нэхэмжилсэн билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Б-гаас 2,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-т олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад үнийн дүнгээ 675,000 төгрөгөөр багасгаж 2,900,000 төгрөг гаргуулна гэжээ. Хариуцагч тал уг шаардлагаас 780,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 59-61/

 

Хэрэгт авагдсан 2019 оны 01 сарын 25-ны өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээ /хх 4/, 2019 оны 02 сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ /хх 5-6/, Хаан банк ХХК дахь Ж.Б-ийн эзэмшлийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7-40/ зэрэг бичгийн нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Тодруулбал, талууд 4,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээнүүдийг бичгээр, харин 5,000,000 төгрөг, 30,000 төгрөг, 3,030,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 5,600,000 төгрөг, 17,000 төгрөг, 10,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг тус тус амаар байгуулжээ.

 

Нэг. Бичгээр хийгдсэн зээлийн гэрээний тухайд.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч бичгийн хэлцэлд тусгагдсан хүүгийн талаарх тохиролцоо нэхэмжлэлд дурдсанаас өөр агуулгатай байгааг анхаарч зөв тайлбарлаагүй, мөн зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээний хугацаанд бүрэн ашиглах боломжгүй нөхцөлийг гэрээнд тусгасан байгаад эрх зүйн дүгнэлт өгөөгүй алдаа гаргажээ. Тодруулбал:

 

а/. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон 2019 оны 02 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр нэг сарын хүүг 7 хувиар харилцан тохиролцсон хэмээн тайлбарлаж, нэг сарын хүүг 7 хувиар тооцон нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлдог. Гэтэл дээрх гэрээнүүдэд зээлийн хүүгийн талаар ... 2 /хоёр/ сарын хугацаатай 7%-ийн хүүтэй... гэж, ...Гэрээний хугацаа: ... 3 /гурав/ сарын..., ...Зээлийн хүү: 7 хувийн хүүтэй... гэж тус тус тусгасныг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал нэг сард 7% биш харин хоёр сард 7%, гурван сард 7% гэж ойлгогдож байна.

 

б/. Мөн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 7 дугаар зүйл, 2019 оны 02 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш өдөр бүр төлөх агуулгатай нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх зохицуулалтад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээг 2 сарын болон 3 сарын хугацаатай тус тус байгуулсан байтал зээлийн төлбөрийг зээл авсны маргааш өдрөөс өдөр бүр хэсэгчлэн төлөх үүргийг зээлдэгчид хүлээлгэсэн, хариуцагч Д.Б- зээлийн төлбөрийг ийнхүү гүйцэтгэсэн тул зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд ашиглах боломжийг олгоогүй гэж үзнэ. Учир нь хүү гэдэг нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Ж.Б- нь бичгээр хийгдсэн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн болон 2020 оны 02 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас хүү шаардах эрхгүй. Зээлдэгч нь ашиглаагүй зээлд хүү төлөх үүрэггүй.

 

Хоёр. Амаар хийгдсэн зээлийн гэрээний тухайд.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд ийнхүү хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхээр, уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Ж.Б- нь амаар тохиролцсон зээлийн гэрээнүүдийг үндэслэн хариуцагчаас хүү шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Гурав. Бичгээр болон амаар хийгдсэн зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн нийт үүргийг тодорхойлон дүгнэсэн тухайд.

 

Амаар болон бичгээр байгуулсан зээлийн гэрээний аль алины дагуу нэхэмжлэгч нь хүү тооцох, шаардах эрхгүй тул зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг л буцаан төлөх үүргийг хүлээнэ.

 

Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу Д.Б- нь нийт 25,687,000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авснаас нийт 24,142,000 төгрөгийг дансаар, 675,000 төгрөгийг эд зүйлээр харилцан тохиролцож зээлдүүлэгчид буцаан төлсөн нь Хаан банк ХХК дахь 5057612161 тоот депозит дансны хуулга /хх 7-40/, зохигчийн тайлбараар /хх 59-арын нүүр, 60-арын нүүр/ тус тус тогтоогдсон. Дээрх тооцооллоос үзвэл 870,000 төгрөгийг төлөх үүрэг үлдээхээр байна.

 

Гэвч хариуцагчаас 1,377,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрийг үнийн дүнгийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой. Тодруулбал, анхан шатны шүүх хүүгийн хэмжээг зээлдэгчид илт хохиролтой хэмээн үзэж зээлийн хүүг багасгаагүй атлаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг тогтоох хэсэгт удиртгал болгосныг хасч, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг нэмж өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 184/ШШ2021/00646 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...282.2... гэснийг хасч, ...282 дугаар зүйлийн... гэсний дараа ...282.1... гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ээс давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 03 сарын 29-ний өдөр төлсөн 39,318 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР