Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00708

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00708

 

АГ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00548 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АГ ХХК-ийн хариуцагч С.Б-, Д.Н- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 747 561.14 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр АГ ХХК-тай байгуулсан ЗГ190376 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ-гээр 14 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн талуудын хооронд ИГ190376 тоот барьцааны гэрээг байгуулж, Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн 13 дугаар гудамж, 230 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023392 дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204005894 дугаартай, 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрхийг барьцаалсан. Зээлдэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах өдрийг хүртэл зээл хүүгийн төлбөрт нийт 2 574 000 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул С.Б-ээс үндсэн зээл 13 052 580 төгрөг, зээл хүү 8 692 915.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 065.26 төгрөг, нийт 21 747 561.14 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б-, Д.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

С.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хувийн шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа миний бие болон хариуцагч С.Б- нар нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай тул биднийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б-ээс 21 747 561.14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АГ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б- нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн, 13 дугаар гудамж, 230 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023392 дугаартай, 000271852 тоот гэрчилгээний дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн, 13 дугаар гудамж, 230 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204005894 дугаартай, 000127979 тоот гэрчилгээний дугаартай, 18646312557720 нэгж талбарын дугаартай 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 275 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Б-ээс 302 075 төгрөг, Д.Н-гээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч АГ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Д.Н-гиийн хувьд өмнө нь С.Б- удаа дараа зээл авч төлдөг байсан.тул хашаа байшинг барьцаалсан зээлийг төлж байгаа гэдэгт итгэж байсан. Энэ хашаа байшинг Д.Н- нь өөрийн хөдөлмөрөөр бий болгосон тул барьцаанд алдахад хүндрэлтэй байна. Шүүхийн шийдвэрт барьцаагаар үүргийг хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв барьцаагаар үүрэг хангагдах нөхцөл үүсвэл зээлийн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний хугацааны хүү нь 5 880 000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сард иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд хүүд 8 692 915 төгрөг нэхэмжилсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон хүүг төлөх боломжгүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон хүү болох 2 812 915 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч АГ ХХК нь хариуцагч С.Б-, Д.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 747 561.14 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

АГ ХХК нь С.Б-тэй байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ190376 дугаар Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ-гээр 14 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх7-8/

 

Талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн тул гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй талаас зөрчлийг арилгахыг шаардах, гэрээгээр тохиролцсон бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нөгөө талд үүснэ.

 

Зээлийн төлбөрийн тооцооллоос үзвэл АГ ХХК-иас гэрээний дагуу 14 000 000 төгрөг шилжүүлснийг зээлдэгч С.Б- хүлээн авч ашиглан 2 574 000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн боловч 2020 оны 5 дугаар сараас хойш гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх ба зээлдэгч зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг үгүйсгээгүй байна. /хх16/

 

Иймд зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Гэрээний 2.2-т зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-д заасан хувийн хүүг хавсралт 1-д заасан графикийн дагуу төлнө гэж, гэрээний 3.1.1-д гэрээнд заасан хугацаандаа зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй бол зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус заасан байх бөгөөд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч С.Б-ээс үндсэн зээл 13 052 580 төгрөг, зээлийн хүү 8 692 915.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 065.26 төгрөг, нийт 21 747 561.14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АГ ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцэх бөгөөд зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн ИГ190376 дугаартай Барьцааны гэрээ-гээр Д.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн, 13 дугаар гудамжны 230 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023392 дугаартай, 54 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн, 13 дугаар гудамж, 230 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204005894 дугаартай, 18646312557720 нэгж талбарын дугаартай 451 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг тус тус барьцаалжээ. /хх10-14/

 

Талууд гэрээний нөхцлийг харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдсан уг гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газар өмчлөх эрхийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ