Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00710

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00710

 

Б.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00448 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч ЭМДҮЗАА-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ЭМДҮЗАА-нд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар тус албаны эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтнээр томилогдсон. Ажил томилогдсон цагаасаа хойш байгууллагын зорилт, чиглэлийн дагуу хариуцсан үүрэгт ажлаа үр бүтээлтэй, сайн гүйцэтгэж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлын албаны дарга Л.Н- Б/02 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Уг тушаалд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргасан гэж дурдсан. Миний бие ямар тушаалаар сахилгын шийтгэл хүлээснээ мэдэхгүй байна. Ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулсан талаар надад мэдэгдээгүй, танилцуулаагүй болно. Мөн тушаалд шалтгаангүйгээр ажил тасалсан гэж дурдсан. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад анхны коронавирусаар халдварласан иргэн бүртгэгдсэнтэй холбоотой УОК-аас гаргасан чиглэлийн дагуу ажил үүргийн тусгай горимд шилжиж, дуудсан цагт ажил дээр ирж ажиллах үүргийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Д-, ажлын албаны дарга Л.Н-д үүрэг болгосноор ажилтан, албан хаагчдад амаар давхар үүрэг болгосон. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дэд дарга Д.Д-ийн дуудсанаар ажлын байранд очиж ажилласан. Ингээд дахин дуудсан цагт нь ирэхээр үүрэг авч явсан болно. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажил дээр очиход ажлын албаны нэг ч ажилтан 10:00 цаг гэхэд ажил дээрээ ирээгүй байсан. Улмаар дарга Л.Н- 11:00 цагийн үед ирж, намайг өрөөндөө дуудаж оруулж ирээд албан хаагчид ажилдаа ирээгүй нь хамаагүй. Чи яагаад ажилдаа ирдэггүй юм бэ гэхэд нэг ч хүн ирээгүй байна. Таны болон дэд дарга дуудсан үед ирээрэй гэсэн заавар, чиглэлийн дагуу ирлээ гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр надад ажлаас халсан тушаал гардуулж өгсөн. Иймд ажил тасалсан гэх шалтгаан үндэслэлгүй болно. Мөн удирдах ажилтныг зүй бусаар, хэл амаар удаа дараа доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журам ноцтой зөрчсөн гэх бөгөөд удирдах албан тушаалтантай маргаж байгаагүй, хэл амаар доромжилж үзээгүй. Мөн уг тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй гэжээ. Монгол улсын их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны зүгээс Монгол Улсын Засгийн газарт 10 чиглэлийн үүргийг өгсөн. Үүргийн 6 дугаарт Нийгмийн даатгалын болон ЭМДҮЗАА-ны удирдах албан тушаалтан болон ажилтны цалин хөлсийг төрийн захиргааны албан тушаалын АА ангилал, зэрэглэлтэй дүйцүүлэн олгож байгаа нь Төрийн албаны тухай хууль болон Улсын их хурлын 2019 оны Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай 18 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 25, 275 дугаар тогтоолтой нийцэхгүй байна. Иймд дээрх Үндэсний зөвлөлүүдийн ажлын албаны ажилтны ангилал зэрэглэлийг төрийн захиргааны албан тушаалын ТЗ ангилал, зэрэгт хамруулах эсэх, цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр олгох, эсхүл төрийн захиргааны албан хаагчтай дүйцүүлэн олгох эсэх тухай асуудлыг холбогдох хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт хийх замаар шийдвэрлэх гэж үүрэг болгосон. Ийм нөхцөл байдлуудын улмаас өнөөдрийг хүртэл ажлын албаны албан тушаалтнуудын ангилал, зэрэглэл тодорхойгүй байгаа болно. Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, намайг ажлаас халсан шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн захирамжаар миний нэхэмжлэлийг маргаан бүхий асуудлаар гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гомдол гаргаж, гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Улмаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/1327 дугаартай албан хариуд ЭМДҮЗАА-ны удирдах, гүйцэтгэх албаны тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төрийн захиргааны албан тушаалтан болон Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолд заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд тус тус хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, би өөрөө болоод намайг төрийн жинхэнэ албанд төрийн албаны шалгалт өгөхгүйгээр ажиллаж байгаа гэж ажлаас халсан ажлын албаны дарга Л.Н- бид хоёр аль аль нь төрийн албан хаагчийн ангилалд ордоггүй болохыг Төрийн албаны зөвлөл тодорхойлсон байна. Иймд дээр дурдсан үйл баримт, нөхцөл байдлуудыг үндэслэн Б.Б- намайг ЭМДҮЗАА-ны эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Ажлаас халсан гол шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан, ажлаа 2 удаа тасалсан учраас хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж үзсэн. Нэхэмжлэгчийн хувьд сахилгын шийтгэл 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр авч байгаагүй бөгөөд шүүхэд хандаад тушаалыг мэдсэн, танилцаагүй гэж хэлж болно. Харин ажлаас тасалсан гэх тухайд угаасаа 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдэж, улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 12 дугаартай тэмдэглэл 06 тоот шийдвэрээр ажилчдын цагийн горимыг өөрчлөлт оруулсантай холбоотойгоор удирдлагын зүгээс ир гэсэн өдөрт нь ирж ажиллаж байсан ба 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, 3 дугаар сарын 20-ны өдрүүдэд ажил тасалсан нь үндэслэлгүй. 3 дугаар сард ирж ажилласан хоног цөөн байгаа бусад өдөр нь ирсэн гэж бүртгэчихээд зөвхөн 19, 20-ны өдөр ирээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд 2-оос дээш удаа ажил тасалсан гэдэгт 2 орохгүй 3,4... гээд орох юм. Иймээс нэхэмжлэлийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинд 9 302 110 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЭМДҮЗАА-ны эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтэн Б.Б- нь Ажлын албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Тус тушаалыг ажлын албанаас тушаал гарсан өдөр Б.Б-од гардуулсан. Нэхэмжлэгч Б.Б- нь тус албаны эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтны үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй, удирдлагатай зүй бусаар харьцах, шалтгаангүйгээр ажил таслах, ажлын албаны бусад мэргэжилтэнтэй зүй бусаар харьцах зэрэг зөрчил дутагдал гаргаж байсан зөрчилд нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЭМДҮЗАА-ны даргын Б/09 дугаар тушаалаар ЭМДҮЗАА-ны хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Ажлын албаны даргаас сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-од танилцуулж байсан. Б.Б- нь уг тушаалтай холбогдуулан тушаалыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд ямар нэг гомдол гаргаагүй. Б.Б-ын хувьд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргаж, шалтгаангүйгээр ажил таслах, шаардлага тавьсан удирдах ажилтныг зүй бусаар, хэл амаар удаа дараа доромжлох, ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчих зэрэг үйлдлийг давтан гаргасан тул Ажлын албаны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас халсан. Нэхэмжлэгч Б.Б- нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халагдсан гомдол болох ЭМДҮЗАА-ны даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээ ажлаас халагдсан шийдвэрээ хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хамт олонтойгоо зүй бус харьцдаг, удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэх асуудлаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нийт ажилчдын хуралдаанаар нэхэмжлэгчид сахилгын сануулах шийтгэл ногдуулж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тушаал гарч, нэхэмжлэгчид танилцуулсан. 2019 оны 2 удаагийн цалингийн урамшуулалд энэ хүн багтаагүй, бусад нь багтсан. Сахилгын шийтгэлтэй хүнд урамшуулал олгодоггүй. Мөн 2020 оны 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ажил тасалсан ба тухайн үед тодруулахад тайлбар өгөөгүй учраас тасалсан гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан тул ноцтой зөрчилд тооцогдоно. Тушаалын үндэслэл нь сахилгын зөрчил давтан гаргасан, 2 удаа ажил тасалсан асуудал бөгөөд хуульд заасан нэг сарын хугацааг өнгөрөөсөн байгааг шүүх анхаарах хэрэгтэй. Тухайн үед байгууллага цөөхөн ажилтантай тул хэвийн горимоор ажиллаж байсан. Удирдлагаас ирэх, ирэхгүй өдрүүд гэж заадаггүй байсан. Тушаал үндэслэлтэй гарсан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ыг ЭМДҮЗАА-ны эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 8 440 950 төгрөгийг хариуцагч ЭМДҮЗАА-наас гаргуулан Б.Б-од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ЭМДҮЗАА-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЭМДҮЗАА-наас улсын тэмдэгтийн хураамжид 150 005 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Үүний улмаас хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байдаг.

Нэхэмжлэгч Б.Б- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдлоо гаргаж, мөн өдөр шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, тус шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 183/ЕШ2020/03047 дугаартай захирамжаар, хариуцагч ЭМДҮЗАА-нд холбогдох нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлүүлэх шүүгч, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Г-г томилж, албажуулсан. Тус шүүхийн шүүгч Н.Г-гийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 183/Ш32020/10722 дугаартай захирамжаар Б.Б-ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, мөн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/Ш32020/11831 дугаартай захирамжаар, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЭМДҮЗАА-нд холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан. Уг иргэний хэрэг дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/Ш32020/13745 дугаартай захирамжаар тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар томилогдсон шүүгч, шүүх хуралдаан даргалагч Н.Г нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/Ш32020/13745 дугаартай захирамжийн биелэлт хангагдсан тул иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн. 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр эхлэн тус иргэний хэргийг хууль бус бүрэлдэхүүн буюу шүүгчээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар хэргийг хянан шийдвэрлэж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Г- нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б.Б-ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд тус хэрэг ямар үндэслэл, шалтгаанаас тус шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэгт хуваарилагдах болсон, хэрэг хуваарилалт хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгдсэн эсэх талаарх шүүхийн эрх зүйн актыг хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаанд болон хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг гардан авах хүртэлх хугацаанд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэн алин танилцаагүй болно. Хэргийн болон шүүх хуралдааны оролцогч болох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу хэргээ шийдвэрлүүлэхийг шүүхээс шаардаж байсан болно. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хууль бус бүрэлдэхүүн шүүх хуралдааныг даргалж, хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан даргалагч, шүүгчийг томилсон тухай төрийн албан ёсны хэвлэл хуудастай, шүүхийн эрх зүйн акт болох тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол болон тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж тухайн хэрэгт авагдаагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болно. Учир нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүхийн баримтууд, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримт, мөн хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой баримт юм. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхээс хийгдсэн ажиллагааны талаарх баримтыг судлахад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөн талаарх шүүхийн эрх зүйн баримтууд судлагдаагүй бөгөөд хэрэгт авагдсан бүх баримт хуудас тус бүрээр судлагдсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад заасны дагуу энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дахь заалтад заасны дагуу хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлүүд хамаарч байна. Нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан. Гомдол гаргагч нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлаасаа халагдаж мөн өдөр ажлаас халагдсан тушаалаа ажил олгогчоос хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, ажлаас халагдсан тухай тушаалаа хүлээн авснаас хойш нийт 97 хоног буюу 3 сар гаруй хугацааны дараа шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь өмнө захиргааны хэргийн шүүх болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байсан тохиолдолд бий. Хуулиа мэдэхгүйгээр захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан улмаар захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан гэтэл энэхүү маргаан нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж хөдөлмөрийн маргаан гэдгийг мэдсэнээр иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан гэж мэдүүлдэг. Эдгээрээс үзэхэд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан хугацааг хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргасан гэж үзэхгүй. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт ойлгомжгүй болсон.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо хавтас хэргийн 52-55 дугаар талд авагдсан 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасан гэрээний зүйл, хэсэгт эрх зүйн дүгнэлт хийж үндэслэл дэвшүүлсэн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дүгнэлт хийх үүрэгтэй. Анхан шатны шүүхийн дүгнэлт хийсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй. Хэдий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа боловч хэргийн оролцогч нь хуулийн этгээд, байгууллага байгаа тохиолдолд өөрийн гаргасан эрх зүйн баримт бичигт дээр байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж шүүхэд баримтаар гаргаж өгч болохгүй. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын зүйлд дүгнэлт өгч, гэрээний үгийн шууд утгыг тайлбарлаж шийдвэрийн үндэслэл болгож буй нь үндэслэлгүй ойлгомжгүй болж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч ЭМДҮЗ /цаашид ЭМДҮЗ гэх/ ажлын албанд холбогдуулан эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

ЭМДҮЗ-ийн ажлын албаны эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтэн Б.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хариуцагч гэрээг дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлан, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд баримтаар гаргасан байна. /хх52-55/

 

Хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргасан дээрх бичгийн баримт нь байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Хэргийн оролцогчоос хуулийн шаардлага хангаагүй баримтыг шүүхэд гаргасан бол шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байхад уг эрхээ хэрэгжүүлэлгүйгээр хуулийн шаардлага хангахгүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Иймд хуулиар тогтоосон шаардлагад нийцэхгүй, нотлох чадваргүй баримтад үндэслэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлж, зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 150 005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ